Б.ОНОН

АН шиг олон фракцтай нам Монголд лав үгүй. Тэд үүнийгээ ардчилал хэмээдэг. Фракц хоорондын дайн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх үеэс эхэлж байв. Дараа нь сонгуульд олон суудал авч засаг байгуулах үе, байгуулсны дараа яам, агентлагийн дарга, сайдаас эхлээд албан тушаал хуваахдаа фракц тус бүрийн сонирхлыг харгалзсан гэдэг. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шинэ төрлийн дажин энэ намын фракцууд дунд эхэлж буй бололтой.
Эв найртайхан шиг УИХ-ын сонгуульд оролцож, улмаар засгаа томилсон АН-ын нөлөө бүхий хоёр эрхэм болох Ерөнхий сайд, намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хоорондоо толхилцож эхэллээ. Энэ нь хоёр хоногийн өмнө халагдах өргөдлөө гэнэт өгсөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүүгийн үйлдлээр илрэв.
Ц.Баатархүүг Ерөнхийлөгчийн хүн гэдэг. Тэр утгаараа аль нэг фракц түшиж гүйгээд байдаггүй энэ залуу буурал Баатарын орлогчоор томилогдсон аж. Ц.Баатархүүгийн ажлаа өгөх шийдвэр гэнэтийнх биш гэнэ. Аль эрт, өнгөрсөн оны сүүлчээс яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ албан тушаалд хүнээ тавихаар Ц.Баатархүүг шахаж эхэлсэн аж. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт намаа ялагдуулсан тул... гэсэн шалтгаанаар түүнийг буулгахдаа фракцийнхаа нутгийн дүү Ц.Буяндалайг оронд нь томилохоо аль эрт ярьчихаад байсан гэнэ.
Н.Алтанхуягийн энэ шахааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эс анзаарсан дүр үзүүлсээр эцсийг нь үзсэн нь энэ. Э.Бат-Үүлд ингэх шалтгаан бий. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлөн нэр дэвших сонирхолтой эрхмүүдийн нэг.Үүнийгээ ч нуухгүй байгаа. Тэрээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нам дотроо өрсөлдөнө гэсэн үг.
Тиймээс нийслэл дэх Ц.Элбэгдоржийн хүнийг дээрх хоёр эрхэм хамжиж байгаад татаад буулгачихсан гэсэн үг.
Чухамдаа Ц.Баатархүүгийн хувьд буурал Баатарын бусад Орлогчийг бодвол хамгийн “хөдөлгөөнтэй” нь. Тэрээр олон нийтээс чамгүй сайн үнэлгээг авч Э.Бат-Үүлийн багийн бас нэгэн “өнгө” болж байв. Хэдийгээр “... өөрийн хүсэлтээр...”, “цаашдаа өөр ажилд хүчин зүтгэнэ...” гэж өөрөө мэдэгдэж буй ч асуудлын цаад учир нь энэ.
Ер нь АН-ын хувьд залуучуудаасаа баахан жийрхдэг нь ажиглагдах болсон. Өнөөгийн лидерүүд нь өсч яваа залуу улстөрчдөө дээш нь гаргахгүйг хичээх болсон нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш аж. Намынхаа гишүүдийн булхайг дэлгэж байсан Өвөрхангайн АН-ын дарга асан Т.Хасбаатарыг хааш нь ч юм “алга” болгочихсон. Бас ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорыг Дундговьд сүрхий өндөр рейтингтэй явж байхад УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь “Мон Уран”-ий Б.Наранхүүд авч өгөөд өөрийг нь хаячихсан байх жишээтэй. Энэ мэтийн олон жишээг дурдаж болох юм.
Яг үнэндээ АН-ын лидерүүдийн айдсыг гөлгөрдүү, үгээр нь голдуу явдаг залуус нь дарж өгдөг. Тиймээс одоогийн эрх баригчид өрсөлдөгч намаасаа ч, өөрийнхөө залуусаас ч эмээлгүй, зөвхөн фракц хоорондоо дайтах болсон аж. Уг нь АН ганцхан Н.Алтанхуягийн, Ц.Элбэгдоржийн, Э.Бат-Үүлийнх бус. Залгамжаа бэлтгэн, төрийн ажил хийгээд улстөрд сургаж авах нь АН-ын оршин тогтнох үндэс болох учиртай.
Харин дээрх эрхмүүд үүнийг хүсэхгүй байгаа бололтой. Өнөөдрийн гурван лидерийнх нь дунд үүсээд байгаа ан цав явсаар, олон намын нэгдэл болох АН-ыг хэдэн ч хэсэг салгаж болох магадлалтай. Хагарал, бутралын өмнө ан цав үүсдэг ажгуу.