Б.СОЛОНГО

 

Байранд орох мө­рөө­дөл болсон гэнэ. Тэгвэл бараг мөрөөдөл ч хайран санагдах болж. Хотын төвд ганган хороололд талбай томтой хоёр өрөө байр авахад л 200 сая төгрөг төлөх хэрэгтэй болчихож. Сарын дундаж цалин нь 200 мянган төгрөгт ч хү­рэхгүй байгаа борчууд орон сууц гэдгийг тэн­гэрийн харш мэтээр төсөөлөх л үлдсэн мэт. Зургаан жилийн өмнө метр квадрат нь 500 мян­ган төгрөгийн ханштай байсан байрны үнэ өнөө­дөр ингэж дээшээ цойлно гэдгийг тухайн үед мэдэх минь ч яалаа. Гэрлийн хурдаар үнэ нь нэмэгдэж байгаа орон сууцнуудыг худалдан авагч илт багас­сан судалгаа байдаг. Арга ч үгүй биз. Хэдхэн жилийн өмнө 30 метр квадрат талбайтай нэг өрөө байрыг 20 сая арай хүрэхгүй төг­рөгөөр худалдаад авчихаж болдог байсан бол өнөөдөр доод тал нь 50 сая төг­рөгөөр дөрвөн ханын дундах хананаас нь ус гоождог, халаалттай жи­жигхэн талбайг худалдаж авах болчихоод байна. 2007 онд байрны үнэ дунджаар 750 ам.доллар байсан. Ту­хайн үеийн ам.долларын ханшаар бодож үзэхэд 800-900 мянган төгрөг гэ­сэн үг. Харин таван жи­лийн дараа буюу өнөөдөр хамгийн үнэтэй орон сууц­ны метр квадрат нь 9000 ам.доллар. Гадныхан ма­най энэ ханшийг сон­со­хоороо нүд нь орой дээрээ гардаг гэлцдэг юм билээ. Арга ч үгүй биз. Өртөг өндөр гэгддэг АНУ, Япон, Солонгост ч орон сууцны үнэ ийм өндөр байдаггүй.

 

МЕТР КВАДРАТЫН ДУНДАЖ ХАНШИЙГ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦ

 

Өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард гаргасан үнийн судалгааг ашиглан энэхүү мэдээллийг бэлт­гэсэн юм. Шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй байх нь гарцаагүй. Гэхдээ боломжийн байршилд байртай больё гэвэл метр квадрат тутамд нь дунд­жаар хоёр сая төгрөг хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байна. Тухайл­бал, Чингэлтэй дүүрэгт байрны ханш метр квад­рат нь 1.8-2.0 сая төгрөгийн хооронд байна. СУИС, Бөмбөгөр, Тэнгис кино театр орчмоор гэсэн үг. 50 метр квадраттай хоёр өрөө жижгэвтэр байр авах бол 100 сая төгрөг зайлшгүй хэрэгтэй. Тээв­рийн товчоо, Гурван гал эмнэлэг, Эх нялхас орч­моор буюу Баянгол дүүр­гийн шинэ орон сууцнууд 1.6-1.8 сая төгрөгийн ханш­тай байна. Харин Сонгинохайрхан, Баян­зүрх дүүргийн захын хо­рооллын шинэ орон суу­цыг метр квадратыг нь 1.2-1.6 сая төгрөгөөр авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Толгойт, Амгалан, Ботаник, Цэргийн хотхон гэх мэт хотын зах гэсэн үг. Харин Ургах наран хо­роолол гэх мэт хотоос 40-50 км-ийн зайд байдаг орон сууцны үнэ 1.2 сая дотор багтаж байна.

 

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙРАНД ОРОХОД ТЭРБУМ ТӨГРӨГ

Монголд тансаг, дээд зэрэглэлийн хэрэглээтэй хүмүүст зориулсан бизнес, үйлчилгээ бусад орныхоос харьцангуй хурдан, сайн хөгжиж байгаа бололтой. Баячуудад зориулсан элит орон сууцнуудын дундаж үнэ метр квадрат нь 3.0-8.0 сая төгрөг байна. 100 метр квадрат байр ху­далдан авахад тэд 300-800 сая төгрөгийг төлж байна. Харин өглөө бүр нойрноос сэрэхдээ Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаа харж байхыг хүссэн бүр дээд давхаргынханд Blue Sky цамхагт 9000 ам.дол­лараар байр авахыг санал болгож байна. Бодоод үзэхэд 100 метр квадрат талбайтай гурван өрөө нь тэрбум төгрөг даваад явчих бололтой. Энэ бол өнөөдөр манайдаа хамгийн өндөр үнэ. Гэхдээ үүнээс нэг их дутахгүй орон сууцнууд байна аа. Юнескогийн гудамж, Солонгос элчин­гийн урд хавиар байр со­нирхвол метр квадрат нь хоёр сая 500 мянга, хоёр сая 700 мянга, дөрвөн сая төгрөг, найман сая төгрөг гэх мэт сонголтууд байна. Эсвэл Хан-Уул дүүрэгт Соёмбот уулынхаа энгэрт амьдарья гэвэл 300 сая төгрөгөөр 100 метр квад­ратыг сонгож болно. Мар­шалын гүүр, Дүнжингарав худалдааны төв, Баян­монгол хорооллын ой­ролцоо гэхээр л үнэ нь хоёр сая илүүг давж, гурав, дөрвөн сая төгрөг болж байна. Ямар боловч сарын цалингаараа хоолоо зал­гуулдаг дундаж давхар­гынхан байрны тухай мөрөөдөх ч эрхгүй болжээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн орлоготой өрх энэ мөнгөнийхөө тал ху­вийг байр авахаар хадгал­лаа гэж бодьё. Тэдний хувьд 50 метр квадрат жижигхэн хоёр өрөө байрыг 100 сая төгрөгөөр худалдан авахын тулд мөн­гөө цуглуулахад дор хаяж 34 жилийн дараа байртай болно гэсэн үг. Харин 100 сая төгрөгөө өнөөгийн манай банкуу­дын жишиг болсон жи­лийн 20 хувийн хүүтэйгээр зээлвэл, сард хоёр сая төгрөгийг зээлэндээ төл­нө. Ийм л сонголт байртай болохыг хүссэн иргэдэд үлдээд байна.