Д.ЦЭРЭННАДМИД, Д.ЖАВХЛАН
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өнгөрсөн ням гаригт боллоо. Оны тамирчдын шилдгүүдийг уламжлал ёсоор спортын сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулж шалгаруулсан юм. Уг санал асуулгад 73 сэтгүүлч оролцсон аж. “Бөртэ чоно-2012” наадмын ёслолын хүндтэй суудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, Олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн баатар дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч гавьяат эмч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Д.Дорлигжав, ОУОХ-ны хүндэт гишүүн О.Магван нарын хүндтэй хүмүүс суусан байлаа. Улиран одож буй оныхоо амжилт бүтээлийг дүгнэх энэхүү ёслолд спортын үе үеийн төлөөлөл ирсэн байв. “Бөртэ чоно-2012” наадам нь олимп болсон жилийнх гэдгээрээ онцлог байсан юм. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Бөртэ чоно” наадмын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монголын спортын түүх зузаарсны нэг нь 2012 он байлаа. Манай тамирчид “Лондон-2012” олимпод 35 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож таван медальтай ирсэн. Бээжингийн олимпийн аварга Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань мөнгөн медаль авч олимпийн хос медальтан болсон нь бахдам амжилт юм. Бас Дэлхийн аварга С.Батцэцэг олимпийн медаль авчирч Монголын чөлөөт бөхийнхөн 32 жилийн дараа олимпийн медальтан төрүүлсэн нь бас онцгой үйл явдал гэж үзэж байна” гэлээ. Ингээд шилдгийн шилдэг олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбоо, олимпийн зүтгэлтэн, шилдэг дасгалжуулагч гээд шилдгүүдэд шагнал гардуулах ёслол эхэлсэн юм. Уулын спортын тамирчин Л.Баярсайхан, байт харвааны Б.Урантунгалаг, чөлөөт бөхийн Т.Мөнхтуяа, шатрын Б.Гүндаваа үндэсний бөхийн П.Бүрэнтөгс, чөлөөт бөхийн С.Батцэцэг, жүдоч С.Ням-Очир, боксын У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын арван тамирчин шилдэг тамирчин өргөмжлөлийн хүртлээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр шилдгийн шилдгээр шалгарч “Бөртэ чоно-2012” шагналын эзэн болов.

“БӨРТЭ ЧОНО-2012” НААДМЫН ШИЛДГҮҮД:
Шилдэг дасгалжуулагч
3 - Одвогийн Балжинням, жүдо 77 оноо
2 - Зэвэгийн Дүвчин, чөлөөт бөх 96 оноо
1 - Дашзэвэгийн Ганзориг, бокс 102 оноо
Шилдэг баг
Азийн элсний спортын наадмын хүрэл медальт Сагсан бөмбөгийн эрэгтэй баг
Шилдэг тамирчин
10 – Л.Баярсайхан, уулын спорт 76 оноо
9 – Б.Урантунгалаг, байт харваа 78 оноо
8 – Т.Мөнхтуяа, чөлөөт бөх 82 оноо
7 – Б.Гүндаваа, шатар 119 оноо
6 – П.Бүрэнтөгс, үндэсний бөх 207 оноо
5 – С.Батцэцэг, чөлөөт бөх 480 оноо
4 – С.Ням-Очир, жүдо 496 оноо
3 – У.Мөнх-Эрдэнэ, бокс 543 оноо
2 – Н.Төгсцогт, бокс 643 оноо
1 – Н.Түвшинбаяр, жүдо 712 оноо
Шилдгийн шилдэг олимпийн танхим: Төв аймгийн Зуунмод сумын Л.Эрдэнэцэцэг захиралтай “Хүмүүн” цогцолборын Олимпийн танхим
Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн”Афин” олимпийн зөвлөл
Шилдэг спорт холбоод: Монголын уулын спортын холбоо,Монголын гимнастикийн холбоо
Шилдгийн шилдэг спорт холбоод: Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг олимпийн зүтгэлтэн: “ХасуМегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш Шилдэгшүүгч: МЧБХ-ны шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр
Шилдэгдасгалжуулагч: О.Балжинням/жүдо/, З.Дүвчин /чөлөөтбөх/
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д.Ганзориг/бокс/
“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг дасгалжуулагч Д.Ганзориг:
-Манай боксын хамт олон зорилго сэтгэлээрээ нэгдэн 2012 оны олимпийн рингнээс мөнгө, хүрэл медаль авч чадсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ тэмцээнээс анхны тивийн аварга төрж Монголын боксын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан. Ирэх онд гаргасан амжилтаа давтаж тив дэлхийн тэмцээнээс медалийн арвин ургац хураах болно. Монголын тамирчиддаа болон нийт ширэн бээлийтнүүддээ амжилт хүсч Рио де Жанейрод олуулаа уулзахын ерөөлийг дэвшүүлье.
Уулын спортын мастер “Бөртэ чоно-2012” наадмын шилдэг тамирчин Л.Баярсайхан:
-2012 онд дэлхийн дээвэр Эверестийн оройд Монголын “Хөх тэнгэр” баг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Мөн дэлхийн алдартай 11 ууланд нэг жилийн дотор амжилттай авирсныг үнэлэн манай холбоог шилдгийн шилдэг спорт холбоогоор шагнасанд баяртай байна. Энэхүү шагналын цаана их амжилтын гараа бий. Тиймээс хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөрт тэмүүлэх болно.
“Бөртэ чоно-2012” наадмын шилдэг тамирчин, гавьяат тамирчин С.Батцэцэг:
-“Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчны шагналыг хоёр дахь удаагаа авч байна. Ирж буй 2013 онд олон тэмцээн биднийг хүлээж байгаа. Жишээлбэл, нэгдүгээр сард чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга, мөн ОХУ-д Иван Яригины нэрэмжит “А” зэрэглэлийн тэмцээн болно. Энэ тэмцээнээс их зүйл шалтгаалах учир эртнээс бэлдэж байна. 2012 он миний спортоор хичээллэсэн он жилүүдээс хамгийн оргил нь байлаа. Ирж буй 2013 онд манай тамирчид үүнээс дутахааргүй амжилт гаргаж Монголын тамирчдыг тив дэлхийн дэвжээ ивээх болтугай гэж ерөөе.
“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг шагналын эзэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр:
-2012 он олимпийн гэдэг утгаараа хариуцлагатай жил байсан. Бээжингийн олимпод гаргасан амжилтаа бататгахын тулд өнгөрсөн дөрвөн жилд их хичээсэн. Лондоны дэвжээнд аз хийморь ивээж олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ мөнгөн медаль олон хүний сэтгэлийн хүчээр надад ирсэн. Намайг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар өргөмжилсөнд спортын сэтгүүлчиддээ баярлаж байна. Энэ дашрамд Монголын нийт ард түмэндээ шинэ оны мэндийг хүргэж ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.