Д.БОЛОРМАА

Манай орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Мал бэлчээрлэх боломжгүй болсон аймгуудад Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ахлагчтай албан хаагчид ажиллаж буй юм. Тэд өвөлжилт хүндэрсэн сумдын малчидтай уулзаж зуд турхан тохиолдвол даван туулах арга ухааны талаар ярилцаж байгаа гэнэ. М.Энх-Амар даргатай ярилцсанаа хүргэе.
-Танаар ахлуулсан онцгой байдлын албаныхан өнөөдөр /өчигдөр/ хэд дэх аймагтаа ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн тушаалаар ажлын хэсгийнхэн өвөлжилт хүндэрч болзошгүй 11 аймагт ажиллаж байна. Одоогоор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллажээ. Эдгээр аймгаас өвөлжилт хамгийн их хүндэрсэн аймаг нь Өвөрхангай. Тэр дундаа тус аймгийн Хархорин, Хужирт, Бүрд, Есөнзүйл сумдад зуд болсон байна гэхэд хилсдэхгүй. Баруун аймаг руу явдаг автозам дайран өнгөрдөг учраас даваа гүвээ хаагдаж тээвэрчид хөдөө хээр саатах үзэгдэл олон байна. Гэхдээ аймгийн удирдлагууд болоод Зам тээврийн яамнаас түрээсийн машин хөлсөлж хаагдсан давааг нээж байгаа учраас асуудал хурцдах хэмжээнд очихгүй байгаа нь талархууштай. Тэд өдөр, шөнөгүй 3-4 метр цасыг нурааж цэвэрлэж байна. Өнөөдөр /өчигдөр/ аймгийн Засаг дарга Ж.Тогтохсүрэн “Нөхцөл байдал хүндрэх аюул ойрхон байна. Мал бэлчээрээр өвс тэжээл олж идэх боломжгүй боллоо. Иймээс цэргийн ангиудаас туулах чадвартай машиныг нь аваад цас цэвэрлэхэд ашиглах шаардлага тулгарлаа” гэж хэлнэ лээ. Яахын аргагүй Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч байна. Биднийг ажилласан хугацаанд мал нь бэлчээрлэх нутаггүй болж, даваа гүвээ нь цасанд боогдох явдал байсныг нуугаад яах вэ.
-Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрсэн гэсэн. Орон нутагт нь ажилласан та бүхэн хамгийн бодитой мэдээлэл өгөх байх?
-Улсын онцгой комиссоос цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж “Амаржих эхчүүдийг сумын төвд яаралтай тат” гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт өвөлжилт хүндэрсний улмаас нэгэн амаржих эх амиа алдсан байна. Тухайн эхийнх сумын төвөөс ердөө таван километрын зайтай байсан. Гэвч хунгарлан орсон цасыг туулах боломж олдоогүйгээс амиа алдсан гэх мэдээллийг орон нутгийнхан өгч байна. Эрдэнэцогтоос гадна Баян-Овоо, Галуут суманд нөхцөл байдал хүндэрчээ.
-Хунгар газраар цасны зузаан маш их байна гэсэн үг үү?
-Өвөрхангай, Баянхонгор гэлтгүй бидний ажиллаж байгаа аймгуудад цас маш их оржээ. Тал хээр газраа 50-80, хунгар газраа 100-180 сантиметр зузаан байна.
-Тэгвэл Говь-Алтайд өвөлжилт хэр байна. Есөнбулаг суманд хүндхэн байгаа гэх юм?
-Ний нуугүй хэлэхэд, Говь-Алтай аймагт хариуцлагагүйн зуд нүүрлэжээ. Аймгийн Засаг дарга болоод орлогч дарга гэж байхгүй. Хэн нь аймгийн онцгой комиссыг удирдаж, өвөлжилтийн талаар санаа зовниж байгаа нь мэдэгдсэнгүй. Энэ утгаар аймгийн онцгой комиссыг хуралдуулж чадаагүй. Өвөлжилт хүндэрсэн Есөнбулаг сумын Рашаант багийн Засаг дарга гүйж ирснээс өөр хэн ч ирсэнгүй. Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр нэг сая 866 мянган толгой мал тоологдож 83 багийн 7504 малчин өрхөд өвөлжиж байна.
-Хэрэв байгалийн захирагдашгүй араншингаар зуд турхан тохиолдвол хэн хариуцлага хүлээх болж байна?
-Хариуцлага хүлээх үүрэг Засаг даргад нь бий. Аль намын хэн гэдэг хүн Засаг дарга байх нь хамаагүй. Зөвхөн ард иргэдээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах, үүсч болзошгүй аюулаас хамаалах үүрэгтэй. Говь-Алтай аймгийн тухайд орон нутгийн удирдлагууд гэхээс илүү малчид өөрсдөө арга хэмжээ авч байгаа юм билээ. Тухайлбал, Есөнбулаг сумын Рашаант багийн нэгэн малчин 350 малтай байж. Тэгсэн цаг агаар муудах тэр үед өнөөх малчин 150 малаа нядалж зараад үлдсэн малаа тэжээх өвс тэжээл болгож амжсан байна. Энэ бол зөв алхам. Гэхдээ өвөлжилт хүндэрлээ гээд 2009 оны зудтай харьцуулж санаа зовох хэрэггүй. Тэр үеийг бодвол орон нутгийн удирдлагууд төдийгүй малчид өөрсдөө бэлтгэлээ сайн базаасан учраас өвөлжилтийг давах чадамжтай байна. Манай ажлын хэсгийн хувьд бага ангийн сурагчид удаан хугацаанд амарч байгаа учраас хөдөлмөрийн хүчирхийлэлд орох вий гэсэн болгоомжлолыг аймгийн онцгой байдлын албаныханд өгч байгаа. Энэ нь хүүхдүүдийг малд явуулаад хөлдөөх вий гэж. Мөн цагдаагийнханд техникийн бүрэн бус машиныг тээвэрт гаргахгүй байхыг хатуу сануулж байна. Бидний өнгөрсөн хугацаанд ажилласан аймгуудаас хамгийн тайван байгаа нь Ховд, Баян-Өлгий аймгийн зарим сум юм. Ялангуяа, Ховд аймагт цас багатай намар шиг дулаахан байна. Яах вэ, урд гурван сум нь хүйтэн байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ одоохондоо гайгүй боловч цаашдаа хүндрэх төлөвтэй аймгийн нэг мөн. Тус аймгийнхан манай онцгой комиссынхонд нэгэн санал тавьж байна лээ. Ярантын боомтын замыг улсын чанартай болгох тухай. Энэ саналыг нь манайхан Засгийн газарт уламжлах болно. Мөн Ховдын Зэрэг сумын иргэдэд Засгийн газрын шийдвэрээр гэр олголоо. Яагаад олгов гэхээр Зэрэг суманд маш их хүчтэй шуурга байнга давтагддаг юм байна. 30 метр секундын хурдтай шуурга шуурах нь бий. Уг нь 18 мерт секунд хүрч шуурвал гамшгийн хэмжээнд тооцдог юм. Тэгвэл Зэрэг суманд үүнээс илүү хүчтай шуурга шуурдаг учраас нутгийн иргэд орон гэрээ алдах нь байдаг юм байна. Энэ утгаараа хэсэг иргэнд тусаллаа. Түүнчлэн сумдын зудын гамшгийн үеийн төлөвлөгөөг тодотгож, зуд тохиолдсон үед сумдын онцгой комисс, орон тооны бус онцгой байдлын штаб бие даан ажиллах нөхцөл бүрдүүллээ. Гамшиг, зудын үед ажиллах холбоо зарлан мэдээллийг тодотгож сум баг иргэдэд зарлан мэдээлэл хүргэх схемийг бий болгон үүрэн телефоны операторууд, холбооны газар, цаг уурын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа Алтай, Үенч, Булган сумдад гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч томилон ажиллуулж газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч цаашид ажиллах арга зүйн зөвлөмж гаргасан. Улсын нөөцийн салбарын Булган сум дахь тэжээлийн нөөцийн цэгээс Булган сум 14 тн өвс, 20 тн тэжээл, Алтай сум 21 тн өвс, 9.2 тн тэжээл, Үенч сум 81 тн өвс, 26.7 тн тэжээлийг ард иргэдэд олгожээ. Зудад өртөж болзошгүй айл өрх, иргэдэд эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үзүүлэх ажлын хэсгүүдийг томилон ажилуулах нөхцөл боломжийг хангаж зам даваа хаагдсан үед дайчлах машин техник, хүч хэрэгсэлийг бэлтгэлээ. Харин одоо /өчигдөр/ Увс аймаг руу хөдөлж байна даа.
-Таныг орон нутагт ажиллаж байхад малын хорогдол хэр байна?
-Малын хорогдол харьцангуй гайгүй байна. Малчид өөрсдөө бэлтгэлээ сайн хийсэн учраас тэр. Гэхдээ Өвөрхангай аймагт мал хорогдох тал ажиглагдаж байна.
-Аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаасан байна. Улсын нөөцөөс өвс зараач гэж хүссэн нь дуусч байгаагийн шинж үү?
-2009 онтой харьцуулахад аймгууд бэлтгэлээ сайн базаасан байна. 2009 онд бол “Манай аймаг өвс тэжээлээ 80-90 хувьтай бэлтгэсэн”гэж худал мэдээлдэг байсан. Харин одоо бол үгүй шүү. Яах вэ, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийнхан хөнгөлттэй үнээр тэжээл өгөхийг хүсч байна.
-Улсын нөөцөд хэдий хэмжээний өвс тэжээл байгаа юм?
-Хангалттай.
-Хангалттай гэдгээ тоон үзүүлэлтээр илэрхийлээч?
-Тоо хэлж болохгүй. Улсын нууцад хамаарна.
-Малчдад хямдралтай үнээр зарна гэж байна. Дундаж үнэ нь хэд вэ?
-Ажлын хэсгийн тооцоогоо хийсний дараа хэлэх хэрэгтэй болов уу. Ер нь дунджаар 11 мянган төгрөгийн шуудай тэжээлийг 6000 төгрөгөөр зарж таарах байх. Гэхдээ Засгийн газраас шийднэ. Бидний хувьд газар дээрээс нь бодит мэдээллийг хүргэх үүрэгтэй.
-Таны бодлоор зуд нүүрлэх аюул тулгарсан байна уу эсвэл зуд нүүрлэчихээд байна уу?
-Зарим газраар 100 хувь зуд нүүрлэжээ. Ялангуяа, Өвөрхангай аймагт өвөлжилт маш хүнд байна.
-Ажлын хэсгийнхэн аль, аль аймагт ажиллахаар товлосон юм?
- Увсаас гадна Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ аймагт ажиллана. Зүүн аймагт өвөлжилт харьцангуй гайгүй байгаа учраас эхний ээлжинд өвөлжилт хүндхэн байгаа 11 аймагт ажиллах юм. Энэ дашрамд хэлэхэд, амаржих хугацаа нь дөхсөн эхчүүд сумын төвд байх хэрэгтэй. Дээрээс нь эцэг, эхчүүд 0-5 насны хүүхдүүд болон өндөр настай иргэдэд анхаарал хандуулах, текникийн бүрэн бүтэн байдлаа хангасны дараа тээвэрт гарахыг хүсч байна.