Б.ЗАЯА

Ирээдүйн хөгжлийг тодорхойлох авьяаслаг, шилдэг хүүхэд багачууд манай орны өнцөг булан бүрт бий. Улиран буй жилдээ сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний газраас нэрлэлээ. 1991 оноос жил бүр уламжлал болгон зохиож ирсэн “Оны шилдэг хүүхэд”-ээр 300 гаруй хүүхэд тодорчээ.
Харин энэ онд 200 гаруй хүүхэд өрсөлдөж, сурлага, урлаг, танин мэдэхүй, спорт, хүүхдийн оролцоо, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинацийн 21 эзнийг тодруулжээ. Тэдэнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өчигдөр медаль гардуулан, хүндэтгэлийн зоогонд урьсан юм. Шалгаруулалтад тив дэлхийн аварга, авьяаслаг шилдэг сурагчид энэ тэнцүүхэн өрсөлдсөнийг зохион байгуулагчид хэлж байна. Хүүхдийн зөв төлөвшил, амжилтын эхлэл нь гэр бүл байдгийг Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа онцлов. Тэрээр “Шилдэг хүүхэд эцэг, эхийн хөдөлмөрийн үр ачаар бий болдог. Монголын олон зуун мянган хүүхдийн хөгжлийн түүчээ бол эдгээр 21 хүүхэд юм. Шинэчлэлийн Засгийн газрынхан “Зөв хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын чуулган зохион байгуулсан. Хүүхдийн хөгжлийн төлөө бид гэр бүлтэй нь тулж ажиллах ёстой гэсэн нэгдсэн саналд хүрсэн” гэв.
“ХОЁР ХҮҮХДИЙГ УСНААС АВАРСАН ХЭНТИЙН БААТАР ХҮҮ”
Аймаг, нийслэлийн шилдэг сурагчдын спорт, биеийн тамирын төрөлд олон улсын спортын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан найман хүүхэд шалгарчээ. Сүүлийн үед хүүхэд багачууд олон улсын спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгах болсон нь энэ төрлийн номинаци өрсөлдөөнтэй байсныг илтгэнэ. Тухайлбал, Орчлон сургуулийн 4-Б ангийн сурагч Э.Баасансүрэн Румын улсад зохиогдсон дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээний алт, Вьетнам улсад болсон зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж байжээ. Мөн Хэнтий аймгийн 13 настай Э.Цэндцэсэм Ардын хувьсгалын 90, 91 жилийн ойн баяр наадмын их сурын харваанд дараалан түрүүлж байж. Тэрээр Монгол Улсын өсөх идэр хошой мэргэн цол хүртсэн аж. Харин хүмүүнлэг сайн үйлстэнээр голоос хоёр хүүхэд аварсан Хэнтий аймгийн Т.Ишжамц гэх хүү тодорчээ. Т.Ишжамц хүү Хэрлэн голын эрэг дээр тоглож байгаад усанд живж буй тав, зургаан насны хоёр хүүхдийг зориг гарган аварсан аж. Тэрээр уг үйлсээ эх орныхоо төлөө хийх иргэн хүний үүрэг хэмээн тайлбарлаж байна. Хүүхдийн оролцоо, өөрөө удирдлагын байгууллагын номинациас онцлоход өөрийн нутагтаа олон мянган хүүхдийн дуу хоолойг нэгтгэн шийдвэр гаргагч хүмүүст хүргэж чадсанаар хүүхдийн ордон барих шийдвэрийг гаргуулж чадсан Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар цогцолбор сургуулийн сурагч Б.Буянхүү шилдэг хүүхдээр шалгарчээ. Энэ оны шилдэг 21 хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай зоог барьсны дараа Ерөнхий сайдаас батламжаа гардсан юм.
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗАВ
Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө Ерөнхий сайдаас хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Шилдэг хүүхдүүдэд батламж гардуулан баяр хүргэсний дараа Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүүхэд насандаа авъяас билэг, оюун ухаан, хичээл зүтгэлээрээ үеийнхнээ манлайлсан та бүхнээрээ бахархаж байна. Бидний маргааш болсон өсвөр залуу үеийнхэн маань ямар олон сайхан үйлс бүтээснийг харж, чаддаг зүйлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд манлайлж чадсанд нь баярлаж байна. Мөн хүмүүнлэг, энэрэнгүй үйлсээрээ үлгэр жишээ үзүүлсэн гурван ч хүүхэд энэ жил шилдэгт шалгаран орсон нь зөв монгол хүүхдүүд өсөн гарч ирж байгааг харуулж байна. Үүнд маш баяртай байна” гэлээ.
Шилдгээр шалгаран холоос зорьж ирсэн Увс аймгийн Улаангом сумын сурагч Б.Буянхүү шагнал гардсан үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн “Өсвөр залуу үеийнхэн биднийг байнга дэмжиж, халамжлан анхаарч ирсэн Засгийн газартаа, Монголынхоо 1,1 сая хүүхдийг төлөөлөн баярлалаа гэж хэлье” гэсэн бол шилдгүүдийн хамгийн бяцхан нь болох найман настай Ц.Мөнхжин хүү Засгийн газрын тэргүүнд зурсан зургаа дурсгал болгон бэлэглэлээ. Түүний бэлэглэсэн “Өвөөгийн гадаа” хэмээх зураг нь олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн бие даасан тоглолтоо нийтэд толилуулж амжсан авъяаслаг охин П.Индра хийл хөгжмийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Эдгээр шилдэг хүүхдүүдийн хүсэл бүхэн биелж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөв.