Ч.ЗОТОЛ

 

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооныхон өчигдөр хэвлэлийн хурал зарлаж,  намын даргынхаа  биеийн байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Даваанямтай ярилцлаа.

 

-Нэгдсэн II эмнэлэгт эмч­лүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хо­рих 401 дүгээр анги руу  хууль бусаар шилжүүлс­нээр эрүүл мэндэд нь аюул учирсныг хэвлэлүүд мэ­дээл­сэн. Биеийнх нь бай­дал ямар байгаа вэ, танай намынхан очиж уулзсан уу?

-Биеийнх нь байдал хүнд байгаа. Н.Энхбаяр дарга хуурай өлсгөлөн­гийн дараах бодисын со­лил­цооны архаг хямралын хам шинж, тар­хины хү­чил­төрөгч дутлын уналт  таталт, захын олон мэд­рэлүүдийн эмгэгшил ба­руун тахилзуурын мэд­рүүлийн саажилт зэрэг олон хам шинжийн өвч­ний оноштой эмчлэгдэж байсан.

Эмч нарын зүгээс түүний биеийн байдлын тухай Төрийн тусгай хам­гаалалтын газар, ШШГЕГ-т мэдэгдэж, зайлш­гүй эмчилгээ шаард­­лагатай гэсэн хүсэлтүүдийг илгээсэн байдаг.  Гэтэл түүнийг  нь харгалзаж үзэлгүйгээр шүүхийн тогтоолыг аваа­чиж уншиж танил­цуу­лангуутаа хүч хэрэглэж хорих анги руу зөөсөн.  Тухайн үед хүнд өвчтэй, байнгын дусал залгаастай байгаа хүн рүү нүүрэндээ баг өмссөн арав гаруй хүн  орж, байшин бүрийн өнцөгт цагдаа зогсчихсон, цаана нь олон тооны цагдааг   бэлэн байдалд хүчлэн хамгаалалтад гаргасан  байсан. Ингээд бие нь  муу  байгаа хүний оймсыг ч өмсүүлэлгүй гутлыг нь холхиндог уг­лаж, хувцсыг нь ч товчлолгүй нуруу, гэдэс нь ил гарсан байдалтай эм­нэл­гээс  авч гарч машинд суулгасан. Тэр хүний  га­даа хүйтэнд хатгаа тусах, өвчин нь хүндрэх бол­зошгүй байдлыг харгалзаж үзсэнгүй. Хорих руу авч явах бодлого байснаас биш тэр хүний өвчнийг  хүндрэх вий, эрүүл мэнд нь аюулгүй байдалд орох вий гэсэн  хүнлэг энэ­рэнгүй  байдал гаргасан­гүй. Үүнд манай намын­хан,  жирийн гишүүд,  дэмжигчид ихээхэн  эмзэглэж байгаа. Тэр үйл явдлыг телевизээр харсан хүмүүс  мөн эмзэглэж бидэн рүү ярьж, санал бодлоо бичгээр ирүүлж байна. Хэн байх нь хамаагүй  тэр хүний , эрүүл мэнд муу байхад яаж хүйтэн цэвдэг хандаж чадаж байна вэ гэж олон нийт бухимдаж байна.

-Одоо хорих 401 дүгээр ангид  эмчилгээ үргэлжилж  байгаа юу?

-Үгүй. Тэдний зүгээс нэгдсэн II эмнэлэг рүү эмчилгээ хий гэж хандсан гэсэн. Эмч нар нь  “Бид тэр хүнийг эмчилж байсан. Гэтэл эмчлүүлж байсан хүний эмчилгээг тасалж авч явснаараа та бүхэн эрүүл мэндийг нь хариуцах ёстой” гэсэн хариу өгсөн гэсэн.  Сүүлийн үед Н.Энхбаяр даргын биеийн байдал суларч, жин буурч байгаад бид сэтгэл зовж байгаа.

-Өлсгөлөн зарлана гэсэн мэдээлэл дуулдсан нь бодитой юу?

-Өөрөө тийм хүсэлтэй байгаа юм билээ. Би ямар ч хэрэг хийгээгүй. Тийм байтал  намайг  хэлмэг­дүүлж байна. Тэгэхээр би амь насаараа дэнчин тавьж, өөрийгөө буруугүй гэдгийг нотолно  гэсэн. Манай намын гишүүд  түүнийг нь зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, би­еийнх нь байдал дийлэхгүй. Хоёрдугаарт, та зөвхөн Н.Энхбаяр гэдэг хувь хүн биш, 80 мянган гишүүнтэй улс төрийн том намын дарга. Иймд та энэ 80 мянган хүний зөвшөөрөлгүй өлсгөлөн зарлаж болохгүй гэсэн даалгаврыг жирийн гишүүдийн зүгээс өгсөн. Гишүүдийн захиас даалгаварт Н.Энхбаяр дарга хүндэтгэлтэй хандаж, өнөө хүртэл өлсгөлөн зарлаагүй байна.

-Өлсгөлөн зарлавал биеийнх нь байдал дийлэхгүй байх?

-Биеийнх нь байдал хүнд байгаа. Өнгөрсөн хавар өлсгөлөн зарласнаас хойш биеийнх нь эд эсийн хэмжээнд хүрч муудсан. Одоо өлсгөлөн зарлах юм бол яаж дийлэх вэ. Анхны өлсгөлөнгөөс хойш махан хоол идэж чадахаа байсан. зөвхөн шингэн, дуслаар амь зогоож, усан шөлөөр хооллож байна. Махан хоол идэх дуршил  алга болсон. Энэ нь эсийн болон уургийн задралаас үүдэлтэйг эмч нар хэлж байгаа. Ийм учраас бие нь  тэнхрэхгүй удаж байна.  

-Намын жирийн гишүүд, дэмжигчид МАХН-д хандаж байна гэж та хэлсэн. Их төлөв ямар асуудлууд дэвшүүлж байх юм?

-Монгол төрийн сүү­лийн 20 жилийн удир­дагчдаас Н.Энхбаяр шиг  түүхэнд үлдэх мөртэй, цаасанд үлдэх нэртэй хийсэн ажилтай, хэлэх үгтэй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч одоохондоо алга гэдгийг бүгд дуу нэгтэй хэлж байна. Монголчуу­дын  нуруун дээр данхайтал дарж байсан 70  жилийн түүхтэй Оросын хэмээх  их өрийг 250 -хан сая ам.доллароор тэглэж,  Монгол Улсыг дэлхий дахинд өргүй улс гэдгийг тунхаглан зарлаж, зээл тусламж, хөрөнгө оруу­лагчдын урсгалыг татаж, хөгжил далласан нэрт удирдагч бол Н.Энхбаяр.  Мянганы замыг санаа­чилж,” Мянгуужин”-гийн биш хөгжлийн зам бол­госноор  “Мянгуу­жин­гийн зам”  хэмээн гоочлогсод ичих ч үгүй тэр замаар нисэх мэт хурдлан цаг хугацааг хожиж явааг  хот, хөдөөгөөс олон хүн  хэлж, зарим нь захидал ирүүлсэн.  Тэдний дотор монгол цэргийг  НҮБ-ын энхийн үйл ажиллагаанд  оролцуулах болсноор нэ­гэн цагт дэлхийг донсол­гож явсан монголчууд, дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оролцож, түүхэн үүрэг гүйцэтгэж монгол цэргийн нэрийг дуурсгаж, гавъяаг мөн­хөлж яваа нь монголчууд бидний бахархал биш гэж үү гэж асуулт дэвшүүлж  байгаа олон хүн байна.  Н.Энх­баяр дарга Мян­ганы сорилтын сангийн 287 сая ам.долларыг оруулж ирснээр, хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж, ард түмэн үр шимийг нь хүртэж, хөгжил дэвшилд хүч нэмсэн. Газар хувьчлал, “Үдийн цай” хөтөлбөр   гээд түүний   санаачилсан хэрэг­жүүл­сэн бүхнийг тоочвол цаг цаас хүрэхгүй. Хийсэн бүтээсэн нь монголчуудад байтугай дэлхий дахины гарт баригдаж, нүдэнд  харагдаж, чихэнд сонсогдож, сэтгэлд хүрсэн  бүтээн байгуулалт буянтай үйл  хийснийх нь төлөө Монгол төр тэр  хүнийг  амьдад нь алтаар биш юм гэхэд мөнгөөр, мөнгөөр биш  гэхэд хүрлээр хөшөөг нь босгож алдаршуулах ёстойг ард түмэн хэлж байна. Гэтэл   хөшөө босгох  бүү хэл хилсээр ял тулгаж, 1000 шахам  цагдаагаар бүслүүлж байгаад “Тусгайгийнхан “ гэх нэртэй баг зүүж, нүүрээ нуусан гадаад нь ч мэдэгдэхгүй, дотоод нь ч танигдахгүй зэрлэг авир араншинтай хүмүүсээр хүмүүн бусаар баривчилсанд олон нийт ихээхэн зэвүүцэж бас бухимдаж  байна.  Зарим иргэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  Монголын улс төрд, улс төрийн хүчтэй өрсөлдөгчөө хилс хэрэгт яллан, замаасаа зайлуулдаг буруу жишиг оруулж ирлээ. Энэ үйлдлээрээ өөрийгөө шинэ зууны хэлмэгдүүлэлтийн “Загалмайлсан эцэг “  хэмээн өргөмжлүүлэхэд хүрлээ гэж дургүйцэж байсан.

-Дөрөвдүгээр сарын 13-ны баривчилгаа нийгэмд ихээхэн  айдас түгшүүр төрүүлсэн. Түүнд танай хяналт, ёс зүйн хороо ямар дүгнэлт хийсэн бэ?

-Тэр өдрийн барив­чилгааг далимдуулан  Н.Энхбаяр даргыг буудан хороох   байсныг үгүйсгэх­гүй. Болсон үйл явдал ийм дүгнэлтэнд хүргэдэг. Баривчлах ажиллагаанд гардан оролцсон  нүүрээ нуусан багтангууд дунд Н.Энхбаяр даргыг таних хүн байсан уу  гэдэг маш эргэлзээтэй. 18 нас  хүрсэн монгол хүн бүхэн Н.Энхбаяр гэдэг хүнийг нүүрэлдэж  хараагүй ч танина, учир нь түүнийг  зурагтаар үзээгүй  хүн гэж байхгүй. Гэтэл тэд огт өөр хүнийг нүцгэн шалдан шахуу баривчлан чирч гаргасныг юу гэж ойлгох вэ.  Түүний Таван толгой ард түмний дундын өмч байх ёстой гэдэг зарчмын  байр суур нь гадаад  дотоодын олигархиуд, тэдний гар хөл бологчдын дургүйг хүргэснээр энд тэндээс эрээвэр, хураавар хөлсний этгээдүүд хөлслөн авчирсан байхыг үгүйсгэх газаргүй. Энэ талаар эрэн сурвалжлах сэтгүүлчид  нэгийг санаж хоёрыг сэтгээсэй, анхаарлаа хандуулаасай гэж хүсэх байна. Тэр өдөр Н.Энхбаяр даргыг  хүмүүн бусаар баривчлаад гарахад оймстой хөл нь сул савчин гозолзож байсныг Мон­голын ард түмэн харсан, жигшсэн, зэвүүцсэн, өмөөрсөн. Хүн ухаантай байхдаа биеэ хамгаалах рефлексийн үүднээс бүх булчин нь  агшин чангардаг. Өөрөөр хэлбэл тэгж хөл нь сул гозол­зохгүй гэсэн үг. Ухаан алдуулсан учир хамаг бие нь  суларч хөл нь гозолзож байсан хэрэг. Ухаан алдсан үеийг ашиглан  захиалга гүйцэтгэгчид  ямар нэгэн  эм, тариа шахсан  байж  болзошгүй. Учир нь М.Зэнээ, О.Даш­балбар, О.Энхсайханыг хордуулж егүүтгэсэн гашуун баримтууд ингэж хардах үндэслэл төрүүлж байна.

Бид даргынхаа   амь нас,  эрүүл мэнд,  нэр төрийг Ням­доржтон­гуудаас нэхнэ. Тийм цаг удахгүй ирнэ гэдэгт Монголын ард түмэн итгэл төгс байна.

Хилс хэрэгт хэлмэгдэн шаналж яваа  Н.Энхбаяр гэдэг хүний төлөө  өнөөдөр олон хүн санаа зовниж байна. 400 гаруй мянган хүн суллуулахыг шаардаж гарын үсгээ зурж итгэл сэтгэлийн  энергээ илгээгээд  байна.  Шудар­га ёсыг хамтаар тэмцэж тогтоохгүй бол хэлмэг­дүүлэлт хаалга тогшин отож  байгааг хэлэх хэрэгтэй. Иймд “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай”  гэгчээр  шударга ёс, шударга үйлсийн төлөө хамтдаа тэмцье. Айх аюулгүй амгалан нийгмийн төлөө тэмцэцгээе гэж  уриалах  байна. 

-МАХН-ын гишүүд цаашид ямар шийдвэр гаргах бол?

-Намын олон нийтийн байгууллагууд шат шатандаа  хийхээр олон ажил төлөвлөж байна. Үүнд хэрэгжүүлж болохоос эхлээд төвөгтэй ажлууд ч байна. Бид эхний ээлжинд Олон улсын  хүний эрхийн байгууллагууд, дэлхийн нэр хүндтэй байгуул­ла­гууд, удирдагчдад хандана. Эхнээсээ ч хандаад эхэл­чихсэн. Асуудлыг олон улсын шугамаар шийд­вэр­лүүлэхэд анхаарч бай­на. Олон улсын байгуул­лагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон газраас би­дэнд хандсан. Ийм санал, хүсэлтүүд ч нэлээд ирсэн.

-Дээд шүүхийн бүгд хуралдаанаар асуудлыг авч үзнэ гэсэн мэдээлэл байгаа. Түүнээс шударга шийдвэр гарах болов уу. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс орны хувьд  асуудлыг дотроо үнэн шударгаар шийдчихэж чадахгүй олон улсын байгууллагуудад  хандах нь Монгол Улсын нэр хүндэд ямар байх бол?

-Энэ хилс  хэргийг анх санаачилж сэдсэн хүн нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гэж бид үздэг. Тэр энэ хэргийг санаа­чилж таван хавтаст хэрэг нээлгэж, материал бүр­дүүлж АТГ түүнийг нь өөгшүүлэн дэмжиж, хам­жин  туслагчаар оролцож  Н.Энхбаяр даргыг  таван зүйл ангиар ялласан. Анхан шатны шүүхээс таван зүйл ангиар ялласан бол Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нэгийг нь хэрэгсэхгүй болгож жилийг хассан. Дээд шүүхийн давж заал­дах шатны шүүх хурлаар хэлэлцээд хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн ялыг  хөнгөрүүлсэн. Шат шатны шүүхүүд ийнхүү хилс хэрэг гэдгийг ойлгож бас тогтоож, анхан шатны гаргасан алдааг засч шүүхийн нэр төрийг сэргээж эхэллээ. Одоо Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг  хараат бус шийдвэр гаргаж, бүх шүүгчдийн хурлыг хуралдуулбал Н.Энхбаяр даргад ногдуулсан хилс хэрэг цагаадах бүрэн боломжтой. Ийм хүлээлт  ч нийгэмд, бидэнд байгаа.