Амжилт

Хямдхан олдоогүй таван медаль

Манай тамирчид “Лондон-2012” олимпоос таван медаль хүртсэн нь өмнөх олимпоос хоёр аваргатай ирсэн амжилтыг давтаж чадаагүй ч Монголын спортын түүхэнд бас нэг шинэ хуудас нээсэн юм. “Бээжин-2008” олимпийн аварга, гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдоч Н.Түвшинбаяр, боксын шигшээ багийн тамирчин Н.Төгсцогт нар мөнгөн медаль хүртсэн бол чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, боксын төрөлд У.Мөнх-Эрдэнэ, Жүдоч С.Ням-Очир нар хүрэл медалийн тавцанд зогссон юм. Үүгээрээ Монголын тамирчид олимпод оролцсон 40 гаруй жилийн түүхэнд цоо шинэ амжилт хэмээн үнэлэгдэж байна. Таваас олон медаль авах боломж байсан гэж олимпод очсон эрхмүүд хэлдэг юм билээ.

 

Захиалгат “жүжиг”

С.Соёмбо-Эрдэнэ “Сагсайдав”

Гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт бүх шатны шүүхээс ял ног­дуулсан нь энэ оны хамгийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг хүч хэрэглэн барив­чилснаас хойш албан тушаа­лаа ашигласан гэх таван хэр­гээр буруутгасан. Гэвч  хэдэн сараар зөвхөн Н.Энхбаяртай зууралдаж ажилласан АТГ болон прокурорын буруутга­сан хэргүүдийн гурвыг нь Улсын дээд шатны шүүхэд хэрэгсэх­гүй болгосон юм. Энэ нь Н.Энх­баярыг улс төрийн зо­рил­гоор зохиомол хэрэгт бу­руутган ялласан гэдгийг илт­гэж буйг олон хүн онцолдог. Нөгөө талаас бүх шатны шүүгч нар “Н.Энхбаярыг өөрт нь хамааралгүй зүйчлэлээр бу­руут­гасан байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй юм биш үү” гэцгээж байсан ч шүүхийн шийдвэр гарах аг­шинд ногдуулсан ялаа хэвээр баталж байв. Түүний адил улс төрийн захиалгаар буруутан болсон хүн гэвэл хошууч гене­рал Ч.Амарболд нарыг нэрлэж болох юм.

 

Луйвар

Саналаа машинаар тоолуулсан ч...

Энэ онд хоёр ч сонгуулийг шинэ хуулийн дагуу явуулж, монголчууд анх удаа саналаа автомат машинд уншуулж, тоолууллаа. Харамсалтай нь шинэ дэвшилтэд технологид итгэсэн хүн цөөхөн. Харин эргэлзэж буй улс төрийн нам, иргэд сонгогчид хамаагүй  олон байлаа. Тэд сонгуулийн санал хураалт будилаантай болж иргэдийн саналыг луйвардсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Иймд энэ оны онцлох луйвраар УИХ болон аймаг, сум, дүүргийн сонгуульд ашигласан автомат машиныг нэрлэж байна. Мөн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд автомат машин ашиглахаар хуульчилсан. Тэгэхээр 2013 онд ч автомат машины луйвар үргэлжлэх үү, яах бол.

 

Дуулиан

Нэг хүний эсрэг зэвсэглэсэн 600 цагдаа

2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 6.04 цаг. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэрийг шөнөжин бүсэлж, хүчээ хуримтлуулсан АТГ, ЦЕГ-ынхан сүх, лантуу, бороохой, буугаар зэвсэглэсэн 600 албан хаагч нэгэн зэрэг дайрав. Тэд орц болон гэрийнх нь хаалгыг сүх, лантуугаар цөм цохин эвдэж, гэрт нь дайрч орсон юм. Тухайн үед Экс Ерөнхийлөгчийн гэрт байсан УИХ-ын гишүүд болон гэр бүлийнхнийх нь биед халдаж, тавилга сэлтийг нь нурааж эвдсэн дүр зургийг монголчууд одоо ч мартаагүй байна. Н.Энхбаярын гутал хувцсыг ч өмсгөлгүй хүч хэрэглэн авч явсан нь олны дургүйцлийг төрүүлсэн дуулиан тарьсан юм. Энэ талаар гадаадын хэвлэ­лүү­дэд, “Төрөө дээдэлдэг мон­голчууд экс Ерөнхийлөгчдөө ингэж хандсан нь ард иргэдийг нь цочролд орууллаа” гэж бичиж байв.

 

Эмгэнэл

Энх цагийн дайн

Дөрвөн ханатыг босгохдоо дүрэм, журам  баримтлалгүй олон  хүний  аминд  хүрсэн явдал  үнэхээр  өнгөрч буй оны эмгэнэл яах аргагүй мөн бай­лаа. Зуурмаг  шахагч машинд даруулан амиа алдсан бяцхан охин, Тэнгист кино үзэхээр яваад бэхлэгч трубанд цохиулж амиа алдсан хорьхон настай залуугийн хэрэг  нийслэ­лийнх­нийг үнэхээр айдаст  автуулсан юм. Үүний дагуу хотын захиргаа ч онц байдал зарлаж, зөвшөөрөлгүй барил­гуудын үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь цуцлаж байлаа. Дамлагчдын  сүлжээгээр олж  авсан газраа ямар ч хяналтгүй, стандарт дүрмээ баримтлалгүй барилга барьдаг компаниудын балаг ийнхүү нийслэлийг хот төлөвлөлтгүй болгоод зогсох­гүй, хэдэн арваар  тоологдох хүний аминд  хүрсэн нь энх цагийн эмгэнэл мөн билээ. Барилгын салбартай холбоотой  асуудал  одоог хүртэл  цэгцрээ­гүй л байгаа. Мэргэжлийн хяналт, хотын захиргаа үүнд ирэх  онуудад ч онцгой анхаа­рал хандуулж дахин ийм эмгэ­нэлт хэргүүд гарахгүй байхад онцгой анхаарах  хэрэгтэй байгаа  юм.

 

Эргэлзээ

“Чингис” бонд

Оны онцлох эргэлзээгээр Шинэчлэлийн Засгийн газрын олон улсад худалдсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг нэрлэж байна. Манай улсын түүхэнд анх удаагаа их хэмжээний мөнгө босгосон үйл явдал болсон хэдий ч ямар төсөлд зарцуулж, хэр их ашиг хүртэх вэ гэдэгт өдийг хүртэл олон нийт эргэлзсээр байна. Өнөөдрийн байдлаар тус бондын хүүгийн өр 6 тэрбум 317 сая төгрөгт хүрээд байна. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ гэснээс өөр тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл алга. Тэгэхээр олон улсаас босгосон 1.5 тэрбум ам.доллар хөгжлийн хөрөнгө оруулалт болж чадах уу, эсвэл их өрийн торонд унагах уу гэдэг нь 2012 оны онцлох эргэлзээ болов.

 

Шийдэл

Автомашинаа нэг өдөр үлдээхээр болов

Зам дээр хэдэн цагаар таг гацдаг нийслэлийнхний асууд­лыг цэгцэлж, журамла­сан шийдвэрийг оны шийд­лээр нэрлэж байна. Зөв шийд­лийг гаргаж, замын түгжрэл, бөөгнөрөл, гацаанаас гарах оновчтой гаргалгаа хийсэн баатар Үүлд иргэд алга ташин баяр хүргэх болсон. Зам дээр нам түгжирч, хэдэн цагаар гацдаг нийслэлийнхний хөгж­лийн гажуудлыг тэрбээр оновчтой бөгөөд зоригтойгоор шийдэж олон хүний ажил, амьдралд дэм болсон юм. Хэмхэрхий, сэтэрхий зам дээр төмөр хүлэг нь олширч тоос, шороо тамтаггүй болж байсныг хүн бүр хэлдэг. Одоо бид маши­ны дугаараар журамлуулаад ч гэсэн ажлаа амжуулдаг болсноос биш импортоор авдаг балга шатахуунаа үрээд утаа үйлдвэрлэж нам зогсохоо больсон.

 

Туйлшрал

Дэлхий сөнөсөнгүй

Монголчууд аливаад дэн­дүү туйлшралтай ханддаг. Түү­ний нэг илрэл нь Арванхоёр­дугаар сарын 21-нд “Дэлхий сөнөнө” гэсэн худал цуурхал үгэнд зарим хүмүүс харанхуй­гаар итгэж багагүй сандарсан явдал. Эртний маяачуудын зурхайгаар бол нэг эринээс нөгөө эринд шилжинэ гэсэн тухай мэдээлэл багагүй гарсан ч энэ нь дэлхий сүйрнэ гэдэг цуурхлыг дарж чадсангүй. 21-нийг угтаж лаа, шүдэнз бэлд­сэн, гэр барьсан, хотоос гадаг­шаа явсан хүн олон байсныг энэ өдрийн Улаанбаатарын замын хөдөлгөөн харуулсан билээ. Дэлхий сөнөхөд бэлт­гэж, архи ууж эрүүлжүүлэгд­сэн хүний тоо ч олон байсныг цагдаагийн газраас мэдээллээ.