Д.БОЛОРМАА

Энх цагт эгэлгүй гавьяа байгуулсан баатруудыг тодруулах “Энэ цагийн эгэл баатар-2012” үргэлжилж байна. Эгэл баатарт нэр дэвшүүлэхээр гал, усны аюулаас хүний амь аварсан зоригтон, өвчин анагаагч, мод таригч гээд олон хүний тухай мэдээллийг албан байгууллага, иргэнээс ирүүлэв.
Үүний нэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жолооч-цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Гончигдагвын Мөнх-Эрдэнэ хэмээх эрхэм. Г.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Энхтайваны гүүрэн дээр шатаж байсан машинаас хоёр хүний амийг аварсан зоригтон. Тэрээр арын суудал дээр ухаангүй хэвтэх хоёр зорчигчийг гаргахын тулд шатаж улайссан машины хаалгыг хоёр гараа зумлан байн нээж залуусыг гаргасан. Харамсалтай нь, жолоочийг нь аврах боломж олдоогүйд тэр одоо ч харамсч байгаагаа илэрхийлж байна. Машины урд тал мөргөлдсний улмаас хаалга нээх боломжгүй байсан учраас идэр сайхан залуу хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэхдээ тухайн цаг үед Энхтайваны гүүрэн дээр орилолдон багшрах иргэдээс түүнээс өөр гал руу орох хүн байгаагүй. Тэр л ганцаараа хэзээ мөдгүй дэлбэрэх машин руу очсон. Тэр л ганцаараа зориглосон. Хэрэв эрхэм жолоочид дүрэлзэх гал руу орох зориг зүрх дутсан бол өнөөдөр Монголын хоёр айлд өнчрөл хагацал, уй гашуу тохиолдох байлаа. Ийм эгэлгүй сайхан сэтгэлтэй мөрдөстэй залууг “Энэ цагийн эгэл баатар”-т нэр дэвшүүллээ.
Г.Мөнх-Эрдэнийн хувьд ажил албандаа бусдыгаа хойшуучлан түүчээлж яваа нэгэн юм. 2007 онд “Осолгүй манлай жолооч”, 2010 онд “Онц тээвэрчин”, 2011 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн “Хөдөлмөрийн аварга” болж бусаддаа ажил мэргэжлээрээ үлгэрлэж байжээ. Түүний бусдын амь нас аварсан няцашгүй зоригийг үнэлж Монголын залуучуудын холбооноос “Цэргийн алдар алтан” медаль, Замын цагдаагийн газраас “Баярын бичиг”-ээр тус тус шагнаад байна.
“Түүнийг хувь хүн талаас нь тодорхойлооч” гэсэн асуултад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх хариуллаа. “Цагдаагийн албан хаагчид төр, түмний төлөө энэ биеэ ч үл хайрлах тангарагтай хүмүүс. Тангарагтаа үнэнч залуус гэдгээ манай жолооч нөхөр баталлаа шүү дээ. Ажил мэргэжлийнх нь хувьд ярих юм байхгүй. Хариуцлагатай, асуудалд нухацтай ханддаг мэргэшсэн жолооч хүн. Харин хувь хүн талаас гэвэл шударга гэхэд дэндүү шударга, ноён нуруутай залуу. Үг дуу цөөтэй боловч хаа нэг хэлэхдээ холыг харсан цар хүрээтэй зүйл ярина. Цагдаа хүн ард түмний итгэл, шударга үнэний илэрхийлэл байх үүргээ маш сайн гүйцэтгэж яваа” хэмээн тодорхойллоо.
Даарахад гал, ангахад ус аврал байдаг шиг үүрдийн амьдралд бусдын төлөөх тангарагтай Г.Мөнх-Эрдэнийн талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Уншигч авхай та түүнийг “Энэ цагийн эгэл баатар” мөн гэж дүгнэсэн бол 155050 тусгай дугаарт мессеж илгээж дэмжээрэй.