Д.болормаа

Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 27 албан хаагч “Энэ цагийн эгэл баатарт” нэр дэвшиж байна. Тэд дү­рэлзэн ассан улаан галаас нэгэн гэр бүлийнхнийг эсэн мэнд гаргасан баатарлаг үйл­сийн эзэд юм. Булган айм­гийн Хутаг-Өндөр сумын иргэн С.Мөнх-Эрдэнийн гэр бүлийг Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч И.Чин­батаар ахлуулсан албан хаагчид аварсан тухай сайн мэдээ өнгөр­сөн өдрүүдэд хэвлэлийн хуу­даснаа гарсан. Мэ­дээл­­лийн дагуу  Булганы Хутаг-Өндөр сумаас сур­валжлага бэлдлээ.

С.Мөнх-Эрдэнийнх сумын төвд амьдардаг айл аж. Бусад айлтай харь­цуулахад аж ахуйч болох нь гэрийх нь гадаа очсон даруйд анзаарагдаж байна. Цэмцийсэн хоёр давхар мансардан бай­шин, цэлгэр хашаа, хэрэг­лээндээ зарцуулах худаг хүртэл ухаад гаргачихаж. Сэтгүүлч миний төсөөлж байсанчлан галд өртөж харласан байшин энд бай­сангүй. Харин ч палкаар гаднахаа өрж, шинэ дээ­вэр аль хэдийнэ тавьжээ. Гэрийн эзэн галын аюул то­хиолдсны маргаашаас эхлээд байшингаа сэргээн засч биднийг очихоос өмнө төвхнүүлчихжээ. Гэрт ороход гэрийн эзэгтэй М.Мөнхтуяа нүд, хөмсөг, чих болсон шар охин тэврээд зогсож байна. Тортогны үнэр үнэртэхийг эс тооцвол галд нэрвэгдсэн айл гэж төсөөлөхөд бэрх юм.  Гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

 

-Танай гэр бүлийг галаас цагдаа нар галаас аварсан гэсэн. Энэ талаар яриач?

-Орон нутгийн сон­гуулиар Хөвсгөл аймагт хэв журам сахиулах үүр­гийг цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан 27 албан хаагч гүйцэтгэсэн юм билээ. Тэд сонгуулийн дүн гарсны дараа ажлаа гүйцэтгэж дууслаа гэж үзээд нийслэл рүү буцах замд манай гэрийг шатаж байгааг хараад ирсэн гэсэн. Тэд галыг тараах зорилгоор гэрийн цонхыг хагалан ороход эхнэр охин бид гурав угаартсан бай­дал­тай унтаж байгааг ха­раад сэрээсэн. Бид шатаж байгааг мэдээгүй. Хэдэн хүн гэрт ороод ирчихсэн “Сэрээрэй, танай гэр шатаж байна. Гэрээс гар” гээд учир зүггүй зулгаа­гаад л. Өндийгөөд харсан чинь үнэхээр гал гарч байсан. Эхнэр охин бид гурав угаартсан байх юу ч мэдэлгүй унтаж байсан. Хэрэв цагдаа нар ирээгүй байсан бол угаартаад ша­тах байсан биз. Хамгийн гол нь учирч болох эрсд­лээс урьдчилан сэргийлж чадсан нь тэдний гавъяа. Магадгүй тэд нийслэл рүү буцаагүй бол, магадгүй гал гарахыг хараагүй бол, магадгүй тэднийг аварч чадаагүй өнөөдөр Мон­голын нэгэн гэр бүлд уй гашуун тохиох байлаа.

-Галын шалтгаан юу байсан юм бол?

-Яндангийн очноос бол­сон гэх юм билээ. Ян­дангийн оч дээвэрт хураасан үртэс дээр унаж гал гарсан юм шиг байна. Галын шалтгааныг яриад яах вэ дээ. Хамгийн гол нь бид гурав эсэн мэнд байгаа нь чухал шүү дээ. Энэ дашрамд, “Монго­лын цагдаад дахин, дахин баярлалаа” гэж хэлмээр байна. Аварч чадаагүй байсан бол миний хоёр том охин өнчин үлдэхээс эх­лээд төсөөлөхөд бэрх нөх­цөлд хүрэх байлаа. Цагдаа­гийн хүмүүс гэсэндээ аврах ажиллагааг шуур­хай үзүүлсэн. Гэхдээ хо­тын цагдаа нар өөр байдаг. Орон нутагт байгаа цаг­даа­гийн нийгмийн баталгаа, хөдөлмөрийн багаж зэвсэг дутагдалтай юм шиг санагддаг. Харж байхад явган, гар хоосон шахуу цагдаа нар байна шүү дээ.  Ийм байтал “Гэмт хэрэгтэй тэмц. Буруутныг олж баривчил” гээд тушаагаад байх нь хэр зохимжтой бол.

-Та байшингаа маш хурдан сэргээн засчихжээ?

-Дүн өвлийн хүйтэнд эхнэр хүүхдээ дагуулаад айлаар хэсэлтэй биш дээ. Нутгийн сайхан сэтгэлт ах дүүс, ажлын хамт олны хүчинд долоон хоног засварлалаа. Одоо энэ өвлийг давахтайгаа болсон байх. 

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Эхнэрийг маань М.Мөнхтуяа гэдэг. Хутаг-Өндөр сум дахь “ХААН” банкны эрхлэгч. Том охин маань ШУТИС-д оюутан, дундах нь сурагч, бага нь ой найман сартай балчир юм бий. Миний хувьд су­мын төвийн нэгдүгээр багийн Засаг даргын алба­тай. Саяхан болсон орон нутгийн сонгуулиар ял­лагд­сан болохоор одоо хувийн бизнес эрхэлнэ дээ.

-Та морь уядаг уу. Гэрт тань хурдан морины бай шагнал их байна?

-Сонирхлоороо уяж байна. Хүүхэд байхаасаа эхлээд морь унаж өссөн учир сонирхолдоо хөтлөг­дөөд тэр. 2011 онд долоон түрүү, зургаан айргаар сумын аварга уяч болсон. Морь уях чинь эрийн хийморь сэргээх сайхан ажил. Миний морь уядаг эсэх нь чухал биш байх. Манай гэр бүлийг авсан явдалд ганцхан би биш сумаараа баярлаж яваа юм шүү. Ямар сайн даа, су­мын  иргэдээс Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын нэр дээр цахилгаан утас илгээсэн. Галын аюулаас иргэдийн­хээ амь насыг аварч, эд хөрөнгийг хам­гаалж төр, ард түмнийхээ төлөө амь насаа зориула­хаа танга­раг­ласан цагдаа­гийн албан хаагчид авхаалж самбаа, эр зориг, мэргэж­лийн өндөр ур чад­вар гарган түргэн шуурхай ажиллалаа. Танай албан хаагчид сайхан сэтгэл гаргаж бүх боломжоо дайчлан туслан, бага хохи­ролтой галыг унтраасанд талархъя гэж. Ер нь энэ хорвоод хамгийн амархан зүйл вэ гээч. Амлалт өгч ам гарах юм. Гал гарахгүй, ус үерлэхгүй, өвчин тусахгүй гэх үгийг хэн ч амнаасаа унагадаггүй. Энэ нь гай зовлон хэлж биш хийсч ирдэг учир тэр. Та биднийг дүрэлзэх гал, үерлэх ус, улалзан дайрах хүн төрх­тэй араатнаас хэн авардаг вэ. Эцсийн дүндээ цагдаа, онцгой байдал, эмч л байдаг шүү дээ. Бид эрийн муу нь цагдаа, эмийн муу нь сувилагч гэж егөөднө.  Магадгүй хэн хүний сэт­гэлд нь ойрхон хүмүүс учраас тусламж дэмжлэ­гээ цаг тухайд үзүүлсэн­гүй гэж гомдож байж мэдэх юм. Гэхдээ тэд ч гэсэн хүн. Чихэр нэхэн уйлагнах бяцхан үрс, өглөө сэрээх халамжит ханиа хүлээлгэн байж та бидний төлөө үүргээ гүй­цэтгэсээр байна. Таныг гэртээ дун нойрондоо унтаж байхад тэд амар амгалангийн төлөө өвлийн дүн хүйтэн, зуны аагим халуунд ч гудамжинд зогсч байдаг. Ийм баатар­лаг хүмүүст та “Баяр­ла­лаа” гэж хэлж үзсэн  үү. Би лав хэлээгүй байх. Хэрэв тийм бол та гудам­жинд эргүүл хийж яваа мөрдөстэй за­лууст энэ үгийг хэлээд нэг үзээрэй. Тэд лав баярлана. Ажил гүйцэтгэхэд нь урам болог” хэмээн бахархан­гуй ярилаа.  Биднийг ийн зуур хөөрөлдөх зуур аврах ажиллагааг удирдсан цаг­даагийн хошууч И.Чинбат орж ирсэн юм. Тэрээр Булганы Хутаг-Өндөр суманд гүйцэтгэх өөр ажил гарсан учраас дахин ирээд байгаа гэнэ. Энэ нь ч цагдаа нар тушаалаар хаа сайгүй үүргээ гүйцэт­гэж явдгийг илтгэх. И.Чин­бат даргыг орж ирэ­хийг харсан С.Мөнх-Эрдэ­нийн бага охин М.Энхмаа хоёр гараа өгөн байж тэмүүллээ. Үүнийг аав нь “Охин маань өөрс­дийг нь аварсан гэдгийг мэдээд байх шиг. Зөн совин­гоороо мэдрээд байна. Танихгүй хүн дээр очдоггүй байсан ч цагдаа хувцастай хүн харахаараа тэврүүлэх гээд тэмүүлээд байдаг болсон. Охины маань заяа түшиж бид эсэн мэнд гарсан юм шүү дээ” гэв. И.Чинбат хошуу­чийн тухайд удам дамжсан цагдаа хүн юм байна. Аав нь Тагнуулын ерөнхий газар насаараа ажилласан Н.Ичинноров агсан. Төрсөн ах нь хүртэл бас цагдаа. Ах И.Гүнсэн нь цагдаагийн байгуул­лагад удирдах албан тушаал хашиж буй бол авга ах Н.Нямдорж нь мөрдөстэй нэгэн ажээ. Аав, ах, авга ахынхаа замналаар яваа И.Чинбат хошууч цагдаагийн албанд хүчин зүтгээд 20 гаруй жил болж байгаа гэнэ.  Тэрээр аврах ажилла­гаа­ны талаар “Өө, миний байгуулсан сүйдтэй гавъяа гэж юу байх вэ. Удирдаж чиг­лүүлс­нээс өөр зүйлгүй. Харин манай албан хааг­чид л сайн ажилласан. Хөвсгөлөөс ирэх замд Хутаг-Өндөрийн сумуу­дын нэг айл шатаад байгаа нь холоос харагдсан. Ма­шиныхаа хамаг хурдаар давхиад ирэхэд байшин­гийн баруун тал шатаад эхэлчихсэн байсан. Хүн байж магадгүй гэж бодоод цонхыг нь хагалж ороод гэрт байсан гурван хүнийг гадагшаа гаргаж галыг лавшрахаас сэргийлсэн. Тэгээд ч бид ард иргэдээ аюул осол, гэмт хэргийн халдлагаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ үүргээ бүрэн дүүрэн бие­лүүлсэн гэж үзэж байна. Цагдаагийнхан олон аавын хүү цугласан, хийморьлог эрчүүдийн цуглуулга. Чи бид хоёрыг одоо энэ дулаан гэрт ярилцаад сууж байхад Монгол нутгийн эргэн тойронд хэдэн мянган цагдаа гадаа гудамжинд үүрэг гүйцэтгэж байна. Тэд цасан шуурга, хүйтэн жаврыг үл хайхран ажлаа хийж яваа. Ийм байтал би өөрийгөө болоод албан хаагчдаа магтах нь зохимжгүй биз. Гэхдээ заримдаа манай цагдаа нарт доромж биш урмын үг хэрэгтэй байдаг шүү” хэмээн даруухнаар хариулж байна.