Ч.ҮЛ-ОЛДОХ
“Энэ цагийн эгэл баатар-2012” санал асуулгад оролцогчдын олонхи Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайг дуу нэгтэй нэр дэвшүүлсэн байна. Иргэдийн энэхүү тодорхойлолтод олон үзүүлэлтийг дурьджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн түүнийг Чингис хааны үеэс эх түүхээ судалж таньсан, монголчуудын эрхэмлэж, дээдэлж явах үндэслэлийг зөв гарган тавьж, үндэсний үзлийн тухай зөв ойлголтыг бий болгосон гэсэн байна. Ингээд түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас “Бид Монголынхоо тухай ярихдаа зөвхөн түүхээрээ бахархаад зогсох биш, тэр түүхийнхээ эрч хүч, зориг золбоогоор ирээдүйгээ харах чадалтай байх ёстой” гэснийг иш татсанаа ирүүлсэн байв.
Монголчуудын ирээдүй хойч, улс орны эдийн засагтай шууд холбоотой Оюутолгойн гэрээний тухайд хамгийн үнэн зөв, алсыг харсан дүгнэлтийг хийсэн хэмээн Дорнод аймгийн иргэн Г.Наранцэцэг бичжээ. Тэрээр Д.Бямбасүрэн гуай “...Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. УИХ-аас комисс гарч “30 жилийн дараа өртэй үлдэх юм байна” гэж тооцоог нь хийгээ биз дээ. Тэр гэрээг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ гэрээг өөрчилнө гэдэг одоо байгаа хөрөнгө оруулагчаа хөөж гаргаснаар асуудал шийднэ гэсэн үг биш. Оюутолгойн төслийг цааш нь улам томруулж, зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр, түүний зэрэгцээ эрчим хүчний үйлдвэрүүдээ барихад хөрөнгө оруулж, түүнээс Монголын талын авах ашгийн хувь хэмжээг бодож болно. Олон арга бий. Гэхдээ зайлшгүй залруулах ёстой зүйл бий. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиас хөнгөлөлт эдлэх эрхийг Оюутолгойд өгсөн” хэмээн нэгэн телевизэд өгсөн ярилцлагын бичлэгээс бидэнд ирүүлжээ. Хан-Уул дүүргийн иргэн Ж.Баярмөнх Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх үеэр сэтгүүлчийн асуултад “Олигархиуд гэж нэрлэдэг баячуудаа хазаарлахгүй бол тэд Монголоо худалдаж байна шүү дээ. Түүнийг зогсоох хэрэгтэй” хэмээн хэлж байсныг дурьдаад түүнийг улс орон, ард түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдрал, оюун санааг зориулсан хүн хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин И.Очирбат манай редакцийн утсаар хандаж “Төрд өндөр алба хашиж байсан хүмүүс уул уурхайтай холбогдож, зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдаас өндөр цалин хүртэж, том машин унаж, хаусанд амьдарч байхад Д.Бямбасүрэн гуай жирийн олныхоо дотор эгэл амьдарч яваа. Зарим хүн улс орон, ард түмнийхээ төлөө гудамжинд жагсч, тэмцэж байгаа бол тэр үгээ хэлж, үзэл бодлоо тууштай илэрхийлж байгаа оюун санааны тэмцэгч” хэмээн тодорхойлов.
Санал асуулгад оролцогчдын санал, хүсэлтийг бүгдийг энэ мэтээр түүвэл цаг хугацаа шаардах мэдээж. Манай сонины нүүр, талбай ч багадна. Харин саналаа ирүүлсэн оролцогчдын байр суурийг нэгтгэж, тэр дотроос Монголчуудын язгуур эрх ашгийн төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн хэмээн тэмдэглэснийг “Энэ цагийн эгэл баатар-2012” онцолж байна.