Б.ОНОН

Орон нутгийн сонгууль болсноос хойш сар илүү хугацаа өнгөрөв. Сонгуульдсан түүхээс үзвэл засаг ноёдоо тохоон томилж чадалгүй өдий удаж байсан нь үгүй юм байна.
Он дуусч, шинэ нь эхлэх хариугүй дөхөөд байдаг. Харин хэд хэдэн аймаг, бас төдий тооны дүүрэг Засаг даргаа томилуулж чадаагүй сууж байна.
Аймгуудыг харъя. Дундговь гэхэд МАН ялсан байдаг юм билээ. Гэтэл АН-ынхан нь ламтай зураг авахуулсан гээд зарим төлөөлөгчийг нь шүүхэд өгчихсөн. Арайхийж С.Буджав гэдэг төлөөлөгчөө Засаг даргаар нэр дэвшүүлээд явуултал Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлахгүй гацаачихаж. Хуучин Засаг дарга А.Чандмань нь тамгаа бариад өдөр хоногийг өнгөрөөж сууна. Хуулиараа бол А.Чандманийг томилсон ИТХ аль эрт тараад явчихсан. Тэгэхээр энэ дарга хүчинтэй эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Сэлэнгэд Ардын нам ялалт байгуулж, ИТХ-аа давуу эрхтэйгээр бүрдүүлж чадсан. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүн болсноос хойш Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан С.Бүрэнбатыг ИТХ-аас нэр дэвшүүлжээ. Бас л Ерөнхий сайд дээр ирээд яасан нь мэдэгдэхээ больчихсон аж.
Дорнодын хуралд МАН-ынхан ялсан байдаг. Баахан хэл ам, хэрүүл зарга болж байж МАН гаралтай М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн ч дээрх хоёрын жишгээр Ерөнхий сайд батламжлахгүй гэдийчихээд байна.
Хөвсгөлд ялалт байгуулсан МАН өөрийн хүнээ нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд бас л батлаагүй, Говьсүмбэрийн МАН-ын дарга аймгийнхаа Засаг дарга болохоор ИТХ-аараа дэмжүүлсэн ч одоо хүртэл албан ёсны болж чадаагүй байна.
Говь-Алтайд МАН ялсан ч Засаг даргад нэр дэвшигчээ өнөө хэр нь тодруулж чадаагүй байгаа гэнэ.
Улаанбаатарын дүүргүүд бас л асуудалтай байна. МАН ялалт байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Р.Дагвыг нэр дэвшүүлэн, Э.Бат-Үүл даргад мэдүүлсэн ч тэр “Зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Налайх дүүрэгт хоёр ИТХ хуралдаж тус тусдаа Засаг дарга тодруулсан. АН-ынхан нь МАХН-ын хоёр төлөөлөгчийг хуралд оролцсон гээд хуурамч баримт бүрдүүлэн, нэр дэвшигчээ өргөн барьсныг Э.Бат-Үүл тэр дор нь баталчихсан гэх гомдол үргэлжилж байна. Багануурт бас л хоёр ИТХ хуралдаж Засаг дарга нарыг нэр дэвшүүлсэн нь маргааны үндэс болчихоод, таг гацчихсан. Э.Бат-Үүл байж байж өчигдөр намынхаа М.Гончигжав гэдэг эрхмийг энэ дүүргийн Засаг даргаар батламжлав. Уг нь Багануурт МАН ялсан юм билээ. Өдгөө Э.Бат-Үүл үлдсэн хэдийнх нь алийг ч батламжлалгүй үйл явдал хэрхэн өрнөхийг харж суугаа аж.
Ийн зургаан аймаг, хоёр дүүргийн Засаг дарга одоо болтол тодроогүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ дарга ирэхээр хурдхан шиг босоод явахад бэлэн Засаг даргын орлогч, эсвэл бүрэн эрх нь дуусгавар болсон хуучин Засаг дарга нар тамгаа барьчихсан яахаа мэдэхгүй сууж байна.
Уг нь аймаг, дүүргүүдийн төсөв мөнгөний хуваарилалт, дээрээс нь энэ жил цас зуд ихтэй цагийн байдал тааруу байгаа. Ийм нөхцөлд дээрх маягаар ажиллаж байгаа үүрэг гүйцэтгэгчид төрийн ажлыг чинээнд нь тултал амжуулж байгаа гэвэл эндүүрэл биз. Тэдэнд зохисон, зохиогүй буцах эхнэр үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг ардын цэцэн үг бий. Монгол хүнд “тохирдог” болоод л өвгөд минь ийн цэцэлсэн байж таарна.
Нөгөө талаас өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн дүнгээр олонхи болохоо шахсан АН-ынханд Орон нутгийн сонгуулийн дүнд таалагдахгүй байгаагийн илрэл энэ. Тэд бүх аймаг дүүргийн ИТХ-ыг АН авах ёстой гээд далд ухамсартаа суулгачихсан бололтой. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өөрийнхөө талд хүчээр шийдэхийн сэдлийг өгч байгаа аж.
Таалагдахгүй байна гэдэг санаагаа шалдир булдир шалтаг заасан үгээр илэрхийлж, Засаг дарга нарыг батламжлахаас татгалзаж буй нь тэдний яриад байдаг ардчиллаас тэс өөр зүйл болж хувирав. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т: ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно
...26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэж заажээ.
Хэдийгээр хуульд ингэж заасан ч батламжлахаас татгалзаж буй шалтгаан нь шууд утгаараа намын харьяалал харсанд хамаг учир оршиж байгаа. Тодруулбал, хуулийн дээрх заалтууд Ерөнхий сайд хийгээд Хотын даргад зөвхөн шалтаг л болж байна.Төрийн ажил тасралтгүй явах ёстой гэсэн алтан зарчим бий. Гэвч намынхаа нөхрийг л, намаа л орон нутгийн удирдлагад тавьж байвал энэ юу ч биш ажээ. Чухамдаа Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр Засаг дарга нарыг батламжлахгүй байгаа нь АН-ын гэх өөрсдийнх нь хувьд л том эрх ашиг харагдаж байж болох юм. Гэвч зургаан аймаг, хоёр дүүрэг гэдэг Монгол Улсын гуравны нэг гэсэн үг. Найман даргын асуудал биш, төсөв хөрөнгийн гачаал, зудын хэцүүг сая шахам иргэн үүрнэ гэсэн үг. Тэгэхээр АН гэдэг үзэл бодлын нэгдлээс хэд дахин том эрх ашиг хохирч үлдэж байна. Товчилж хэлбэл, Монголын засаг захиргааны нэгжийн хийгээд нийт иргэний гуравны нэг хувь нь АН-ыг сонгоогүйнхээ шийтгэлийг эдэлж буй нь энэ. Төрийн эрхийг атгаж буй АН-ын дарга нарын энэ үйлдлийг зарим судлаачид, улстөрчид эрх мэдлийн террор хэмээж байна. “Удирдаж чадахгүй хүн ямагт эрх булаагч болдог” гэж К.Бини хэлжээ. Хүн гэдгийг нам хэмээн “орчуулбал” одоогийн эрх баригчид буюу АН-ынханд яг тохирно.