Ч.ҮЛ-ОЛДОХ

Гуравхан настайгаасаа эхлэн бурхны ном сурч, шашин номын үйл хэрэг, соён гэгээрүүлэх их үйлсэд 80 гаруй жил зүтгэж яваа Гандантэгчинлэн хийдийн цорж лам Г.Диваасамбууг эгэл олны зүгээс Энэ цагийн эгэл баатарт нэр дэвшүүллээ.
Тэрээр шашны үйл хэрэг, буян номын ажилд хар багаасаа зүтгэж, цаг үе янз бүрээр солигдсон ч лам дээлээ тайлаагүй, өөрийн зорилгоос ухарч няцаагүй нэгэн. Нөгөөтэйгүүр Гандантэгчинлэн хийд 1944 онд анх байгуулагдахаас эхлэн өнөө хүртэл бурхны шашныг сурталчлан дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийгөө зориулж яваа цорын ганц хүн, мөн түүхийн гэрч гэж болно. Улаанбаатар хотод бурхан шашны том төв Гандантэгчилэн хийдийг 200-гаад ламтайгаар байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг жишээ нь тэрээр нутгаасаа таван тэрэг ном, судар авчирснаа өргөл болгожээ. Түүнээс гадна бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан зүтгэсэн байдаг. Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийг мөргөлийн дугантай болгоход гардан зохион байгуулж, шашны дээд сургуулийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, 1970 оноос хойш тус сургуулийн хичээлийн болон лам нарын байрыг удирдаж бариулжээ. 1960 онд бүх аймгийн сүм хийдэд очиж газар дээр нь танилцаж сүм хийдтэй болох их ажлыг эхлүүлсэн. 1961 онд Эрдэнэзуу хийдийн 108 суварга, Лаврин дуганыг засахад Гандантэгчинлэн хийдээс 300 орчим мянган төгрөг гарган засварын ажлыг эхлүүлэхэд нярваар тохоон томилогдож бүтээн байгуулалтын ажлыг зохицуулсан байдаг. Мөн Эрдэнэзуугийн хийдийн орой дахь нацагдорж оройт ганжирыг алтдах ажлыг бие даан хийжээ.
1994-1996 онд Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэх ажлыг зохион байгуулжээ. Энд нэг зүйлийг онцлоход 1937 оноос хойш Монголд төвд хэлээр ном бүтээсэн хүн байхгүй. Тэгвэл Мэгжид Жанрайсиг бурхны шүншигт юу орсныг төвдөөр бичсэн ганц хүн нь Г.Диваасамбуу ламтан юм. Мөн Далай лам болон Гармаба урсгалын нэрт зүтгэлтэн Гарма Гаржүдийн солдивыг бичжээ. Баргийн хүн төгс сурахад хэцүү төвд хэлийг нэвтэрхий судалж, гаргуун эзэмшсэн түүний эрдэм чадлыг тухайн үед Далай лам онцолсон байдаг. 1979 онд Далай лам Монголд анх удаа заларсан цагаас эхлэн бүхий л үед энэ ажилд санаа тавьж, гадаад харилцааг зохицуулж, гадаадын зочид төлөөлөгчдийг урих, Монголд зочлох ажпыг зохион байгуулах ачааг цорж ламтан үүрч иржээ.
Гандантэгчинлэн хийд дэх улааны урсгалын ганц хийдийг бүхий л дэг жаягийнх нь дагуу сэргээн босгож, төрхөнд нь оруулсан хүн бол тэр. Зүүн хүрээ дацанг сэргээн босголцож, “Мамба дацан”-гийн хурлын зохион байгуулалт, бүхий л дэг жаягийг бий болгосон, 750 гаруй жилийн түүхтэй Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн ном судрыг таслалгүй авчирсан. Мөн хийдийг нь дэг жаягаар нь бүтээн босгосон, Сүхбаатар аймгийн төв дэх Эрдэнэ Мандалын хийдийг сэргээн босгоход хувь нэмрээ оруулсан гээд олон ажилд түүний нэр байнга дурьдагддаг билээ.
Г.Диваасамбуу ламтан хийдийн нярваас өгсүүлээд цорж лам хүртэл ийнхүү буян номын ажилд зүтгэхдээ Гандантэгчинлэн хийдийн бүхий л гол ажлыг нугалалцаж иржээ. Хийдийн төсөв санхүүтэй холбоотой асуудал, нэг, хоёрдугаар гарын үсэг зөвхөн түүний гараар дамждаг байснаас үзэхэд чин шударга, хичээнгүй зүтгэлтэн байсны илрэл. Ашиг хонжоо харсан шунахай нэгэн байсан бол яахан ийнхүү итгэл үзүүлэх билээ.
Бусдыг энэрэх буян номын ажилд өөрийгөө зориулан шамдсан тэрээр найман өнчин хүүхдийн эцэг. 1960 онд ханиа өөд болсноос хойш хүүхдүүдээ хүний гар харуулалгүй өсгөж өндийлгөсөн нэгэн. Мөн Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах үйлсэд зүтгэж, Азийн буддистуудын Энхтайванчдын их хуралд хэд хэдэн удаа төлөөлөгчөөр оролцож тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн гавьяатай билээ. Түүнээс нэг жишээг дурьдвал Бээжинд болсон буддистуудын их хуралд төлөөлөгчөөр оролцож, “Итгэл” гэдэг номыг дөрвөн хэлээр уншиж, дэлхий дахиныг гайхшруулж байсныг олон хүн мэдэх биз ээ. Бурхны номд нэвтэрсэн цорж ламтан өдгөө хүний хойтохыг дааж, бодийг хөтлөгч номыг гайхамшигтай сурсан. Түүнээс өөр төгс сурсан хүн үгүй гэлцдэг юм билээ. Гүр Даваа Ренбүүчи ламтан Монголд ирсэн ч цорж ламтан түүний зэрэгцээ тэрхүү номыг авч ажлыг нь хөнгөвчилж байсныг хэлэх хэрэгтэй.
Одоо Гандантэгчинлэн хийдийн хурал, бясалгалуудыг дааж, голлон зохион байгуулж, хурал номын ажлыг хооронд нь зангидаж буй гол хүн Г.Диваасамбуу цорж гэдгийг олон хүн хэлэх болов уу. Хурал уншлагыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс янз бүрээр хардаг байх. Үнэндээ бол олон түмний амьдралыг амаржуулах, амгалан тайван байлгах, амьдрал ахуйг нь өөдрөг, бие эрүүл ухаан саруул байлгах үүднээс сайн сайхны төлөө хурал номын ажил зориулагдаж байдаг.
Нөгөө талаар буян номын ажил монголчуудын уламжлал, ёс заншлыг шингээснээрээ онцлог, үр өгөөжтэй, ач холбогдолтой. Хүн ард, хүүхэд залуустаа энэ талаас нь тайлбарлан таниулах нь тэдний үүрэг. Бурхан, номын ажил гэж юу болох, юунд зориулагддаг хийгээд, ёс заншлын олон талт зориулалтыг өөрийн биеэр мэдэрсэн, бурхны шашин хэрхэн дэлгэрсэн болон Гандантэгчинлэн хийд үүссэнийг мэдэх амьд түүхийн хувьд цорж ламтан арав гаруй ном бүтээсэн нь уншигчдын гар дээр бүгд очсон. Шашин түүх, соёл, ёс уламжлалаа хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бүхий л ажилд Г.Диваасамбуу ламтан ийнхүү зүтгэж, бүтээж яваа Энэ цагийн эгэл баатар ажээ.
Д.Тайвансайхан:
ААВ МИНЬ ЕГҮЗЭР ХУТАГТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ГАРМАБА УРСГАЛЫГ ДЭЛГЭРҮҮЛСЭН
Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн Д.Тайвансайхан аавынхаа тухай ийнхүү ярьж байна.
-Миний аав 1932 онд зургаан настайгаасаа лам дээл өмссөнөөс хойш өнөөг хүртэл 80 орчим жил шашны үйл хэрэгт зүтгэж яваа гавьяатай, буянтай буурал. Надад бурхны ном заасан анхны багш бол аав минь юм. Тиймээс аавыгаа хайрлаад зогсохгүй номын багшаа гэж хүндэтгэдэг. Аав минь Егүзэр хутагтын үүсгэн байгуулсан Гармаба шашны урсгалыг таслалгүй өнөө хүртэл авчирсан гавьяатай. Мөн Гандантэгчинлэн хийд анх байгуулагдахад нутгаасаа тээж ирсэн таван тэрэг ном, судраа хандивлаж, шашны сургуулийг үүсгэн байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гээд бүхий л гол ажлыг нь нугалалцаж ирснийг олон хүн мэднэ.