Б.ОНОН


Саяхан даа, Хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхнийг цуглуулан хууль бусаар олгосон 40 газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар сүртэй гэгч нь зарласан. Зөв, бас зоригтой шийдвэр гэх магтаалын үгст булуулж байсан Хотын дарга Э.Бат-Үүлийн дээрх шийдвэр цаас болон үлдэж магадгүй нь.
Э.Бат-Үүлийн захирамж гарсны дараахан буюу энэ сарын 23-нд цуцлах жагсаалтын нэлээд дээгүүр “давхиж” байсан “Дүнжингарав” худалдааны төв нээлтээ хийчихэв. Нээлтэд нь УИХ-ын дарга З.Энхболд “ангийнхаа хүүхдүүд”-ийг дагуулан очиж сүрийг үзүүллээ. Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл гээд эмэгтэй голдуу гишүүд даргаа дагаж очжээ. Тэд “Дүнжингарав” шинэлэг хийгээд сайхныг магтангаа эздийн тараасан гарын бэлгийг халааслан гэртээ харьцгаажээ.
Мөн энэ үеэр “1000 сэтгүүлчийг урьж байна. Гарын бэлэгтэй, гадаадад аялах хонжвортой” гэх сэтгүүлчдийн хувьд доромж зарыг түгээгээд байсан юм.
Гэнэт зохион байгуулсан “Нээлт” хэмээх арга хэмжээ нь Хотын даргын шийдвэртэй холбоотой тухай “Дүнжингарав”-т ойр эх сурвалж хэлж байна.
“Дүнжингарав” худалдааны төвийн ТУЗ-ийн дарга, “Мон Уран”-ы захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нээлтийнхээ үеэр нэгэн мэдэгдлийг хийж. Тэрээр “Э.Бат-Үүлийг гадаа ганц цаг зогсооход л бүгдийг ойлгоно” гэжээ. Чухамдаа Б.Наранхүүгийн үг уг арга хэмжээний зорилго, хэлэх гэсэн санаа байсан гэх.
Хүмүүсийг уриад л, гарын бэлэг өгөөд л, сугалаа зохиогоод л. Яахын аргагүй “Дүнжингарав”-ын эзнээс л гарах санаа.
Харин УИХ-ын дарга З.Энхболд ангийнхнаа дагуулчихсан тэнд тууж явсан нь анхаарахгүй байхын аргагүй явдал. З.Энхболд зүгээр явж байгаад тэр нээлттэй таарчихсан гэвэл худлаа.
Хамгаалалтын албаныхан, замын цагдаа нар, за тэгээд хотын хөдөлгөөнийг хаалган барин тийшээ зүглэхдээ УИХ-ын дарга ямар нэгэн “татгалзахын аргагүй санал”-ын дагуу явсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тэр угаасаа “Дүнжингарав”-аас юм горьдох “жижиг гар” биш. Өнөөгийн төрд байгаа цөөхөн зангарагуудын нэг.
“Дүнжингарав”-ын эзнээс өмнөх журмын нөхрийнхөө гаргасан шийдвэрийг тас цохин тэр арга хэмжээн дээр очих болсон шалтаг нь огт өөр шалтгаантай байх магадлал өндөр.
Уг нь хууль бус гэдгийг яг таг тогтоосон Хотын дарга, АН-ын нэгэн лидер “Дүнжингарав”-ын газрыг хүчингүй болгосон. Гэтэл хуулийг мөрд, хуулиа баримтална, хуулийн дагуу... гэдэг үгийг байнга шахам хэрэглэж, мөрдлөг болгодог УИХ-ын дарга нээлтийн арга хэмжээн дээр нь “тоост” хэлээд зогсч байдаг.
Хаанаас нь ч харсан Э.Бат-Үүлийн шийдвэрийн эсрэг З.Энхболд босч буй нь илт бөгөөд энэ хоёр эрхмийн тэмцэл ил боллоо гэвэл буруудахааргүй боллоо.
Харин зудны нохой зоолохын үлгэрээр “Дүнжингарав”-ын эзэн Б.Наранхүү УИХ-ын дарга З.Энхболдын нөмөрт захынхаа нээлтийг хийж, Хотын даргыг хорон үгээр булаад авав.
Ингэхээр эрх мэдлийнхээ хүрээнд хууль журамласан Э.Бат-Үүл захирамжаа хамгаалж энэ захыг татан буулгах уу, эс бөгөөс илүү том албан тушаалтай З.Энхболд захирамжийг хүчингүй болгуулж, захыг хамгаалж үлдэх үү гэдгийг харах үлдлээ.