Д.БОЛОРМАА

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

 

-Та өнөөдөр /өчигдөр/ МАХН-ын дарга Н.Энх­баяртай Зайсан дахь дам­жин өнгөрүүлэх хорих ангид очиж уулзсан гэсэн. Биеийнх нь байдал ямар байна?

-Үйлчлүүлэгч маань өрөө нь их хүйтэн байгаа тухай хэлж байна лээ. Ая тухын талаар бол ярих ч юм байхгүй. Хамгийн гол нь Н.Энхбаяр даргын эм­чилгээ нь бүрэн зогссон байгаа. Өмнөх эмчилгээг нь Зайсангийн хорих ан­гийн­хан үргэлжлүүлэн хийх боломжгүй байна. Яагаад гэвэл тэдний эм­чил­гээ үнэн зөв гэ­х ямар ч баталгаа байх­гүй. Хүнийг албадан ав­чирч чадаж байгаа юм чинь ой ухааныг нь сааруулах, самууруулах тариа ч хийж мэднэ шүү дээ. Миний хувьд үйлчлүүлэгчээ эмчлүүлж чадахгүй өв­чинд шаналж байхыг нь хүсэхгүй байна.

Энэ утгаараа Зайсан­гийн хорих ангийн эмнэл­гийн удирдлагуудад “Н.Эн­х­баяр даргыг тө­рөлж­сөн нарийн мэргэж­лийн эмч нарын хяналтад байлгаач. Үүний тулд шин­жилгээ авч, үзлэг хий­гээч” гэж хүссэн. Хүсэл­тийг маань хүлээн авах боломжтой гэж байна лээ. Шинжилгээний  дүн­гээс хамаараад төрөлжсөн эмнэлэг рүү шилжүүлэх эсэх тухай ярих байх.

-Эмчилгээгүй байхад түүний амь насанд аюул учрахгүй гэж үү?

-Хамгийн гол нь ма­най үйлчлүүлэгч өөрөө эмчилгээ хийлгэхийг хүсэх­гүй байна. Амь нас нь хутганы ирэн дээр байна уу гэвэл байгаа. Гэвч нэгэнт эмчилгээ хийлгэхгүй байгаа учраас өмнөх эмчилгээний үр дүн унаж таарах байх. Хэрэв түүний амь насанд аюул учирвал хариуцах этгээд нь хорих ангийнхан байх болно.

-Нэгэнт албадаад хорьж чадаж байгаа юм чинь нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгт шил­жүүлнэ гэх баталгаа байна уу?

-Хорих ангийнх нь дарга надад ам алдана лээ. Юу гэхээр прокурор нь хэлэхдээ 2002 оны жур­маар Н.Энхбаярыг саа­туул­сан гэж. Тэр журманд онц хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгт эмчлүүлэхийг хориглоно гэж прокурор хэлсэн юм байх. Тэгвэл тэр журам нь Үндсэн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байгаа юм. “Онц хүнд болоод хүнд гэмт хэрэгт холбогдсон хэнбу­гай ч үх” гэж байгаа жу­рам юм уу. Нөгөө Үндсэн хуульд амьд явах, эмнэл­гийн тусламж авах эрхийг нь хааж байна. Нэгэнт хууль зөрчөөд гарсан жу­рам хүчингүй. Тэр утгаа­раа бид тухайн журмыг хэрэглэхгүй байх, хуулиа дагаж мөрдөх ёстой гэх шаардлагыг холбогдох хүмүүст нь хэлж байна.

-Н.Энхбаярын эрүүл мэндийг тогтоох шинжил­гээний дүгнэлт гарахад хэдий хугацаа зарцуулах вэ?

-Хэдий  хугацаа зар­цуу­лах нь хорих болоод эмнэлгийн байгуул­лага­тай шууд холбоотой. Хүний амь хутганы ирэн дээр байгаа энэ үед жу­рам, дүрмийн хуулийн хугацаа хүлээх шаардлагагүй. Аль болох хурдан хугацаанд чирэгдэлгүй шийдэх ёстой болов уу. Хэрэв хүнд өвч­тэй гэх эмнэлгийн дүгнэлт гарвал “Өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавъя гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Арга ч үгүй биз. Хэн халамжит ханиа өв­чинд шаналж хэвтэхийг хүсэх юм бэ. Харин өмгөө­лөгч нарын хувьд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхээ эдэлнэ. Гомдлыг маань хүлээж авах эсэ­хийг шүүхийн байгуулла­гынхан мэдэх байх. Хам­гийн гол нь анх өвчтэй хүн хоригдоогүй юм шүү.  Хүч хэрэглэж баривчлах үед буюу өнгөрсөн дөрөвдү­гээр сард цоо эрүүл байсан хүн. Зүгээр нэг эрүүл биш цоо эрүүл шүү. Цоо эрүүл гэсний учир шалтгаан юу гэхээр анх хорих байгуул­лагад очиход нь эмчийн үзлэгт оруулсан тодорхой­лолт нь бий. Тодорхойлол­тоор эрүүл мэндэд нь ямар ч асуудал байхгүй цоо эрүүл гэсэн байдаг. Гэтэл хоригдох хугацаандаа хүнд өвчтэй болсон. Үүний­гээ өөрөө ч гэсэн хэлдэг. “Би өвчтэй хүн байгаагүй. Ийм байтал яагаад өвчний учраас ялаас чөлөөлөгдөх ёстой гэж. Тэгээд ч би хэрэг хийгээгүй. Хэргийг ца­гаат­гаж хэрэгсэхгүй бол­гох ёстой. Хэрэг хийгээ­гүй хүнд ял өгөөд тэгснээ өвчний учир гэж ялаас чөлөөлнө гэж юу яриад байгаа юм бэ” гэдэг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Гэхдээ бодит нөхцөлд байдалдаа тохируулаад өмгөөлөгч нар нь хүнд өвчтэй ялтны эдэлдэг эрхийг нь эдлүүлэхийн төлөө ажиллана. Ер нь Улсын дээд шүүх нь нийт шүүхэд үлгэр дууриалал болж, шударга үнэний баталгаа болдог. Дээд шүүхэд ажиллаж байгаа шүүгч нар бол Монголын сор болсон хуульчид. Энэ утгаараа бидний гаргасан гомдлыг хүлээн авч бүх шүүгчдийн хуралдаанаар оруулна гэдэгт итгэж байна. Ялангуяа, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч бол хэний ч нөлөөнд үл автаж, шударга шийд­вэр гаргах ёстой хүн. Түү­нийг бидний гаргах гом­долд дүгнэлт бичнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хэрэв дүгнэлт бичихээс татгалз­вал  Монголын шүүх дам­пуурсан юм байна гэдгийг олон улсад зарлахаас өөр арга алга.

-Өнгөрсөн баасан га­ри­гийн албадан авч явсан үзэгдэл ямар хууль зөрч­сөн гэж дүгнэж байна?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхийн тогтоол захи­рамж нь түүнд гомдол гар­гах хугацаа дуусмагц бие­лэгдэнэ. Давж заалдах гомдол гаргах эрхгүй захи­рамж нь гармагцаа хүчин төгөлдөр биелэгдэнэ. Түүнч­лэн Эрүүгийн бай­цаан шийтгэх хуульд хянал­тын шатны шүүх хурлын тогтоолыг зөвшөө­рөхгүй тохиолдолд хэрэгт оролцогч болон өмгөөлөгч гомдол бичих эрхтэй. Гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл ерөнхий шүүгч дүг­нэлт бичиж нийт шүүгч­дийн хуралдаанаар хэлэл­цүүлнэ. Хэрэв Улсын дээд  шүүхийн хяналтын шат­ны шүүхийн шийдвэр эц­сийнх юм бол гомдол гаргах эрх байхгүй. Гэтэл Улсын дээд шүүхийн шийд­вэрийг үл зөвшөөр­вөл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал­даанд гомдол гаргах эрх­тэй гээд хуульдаа заачих­сан байдаг шүү дээ. Ийм байтал Улсын дээд шүү­хийн тогтоолыг эцсийнх нь үзэж болохгүй. Ер нь хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүдийн ба­талж байгаа хууль шаард­лага хангахгүй байна. Яа­гаад гэхээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 400 гаруй хууль нь дандаа өрөөл татанхай хүн шиг л. Төгс төгөлдөр нэг ч хууль байхгүй. Үндсэн  хуулиас эхлээд дандаа гажуудал­тай өрөөл татанхай, нэг заалт нь нөгөө заалтаа үгүйсгэж байна.

-Н.Энхбаяр дарга болоод танд Улсын дээд шүүхийн тогтоолыг танил­цуулсан  уу. Танилцуулал­гүйгээр албадан ачсан гэж ойлгосон?

-Ямар ч тушаал шийд­вэр үзүүлээгүй. Цагдаа­гийн байгууллагын тог­тоол, шүүхийн захирамж, прокурорын байгууллагын тогтоол зэрэг юу ч танил­цуулаагүй. Энэ нь Н.Энх­баяр гэх хүнийг ямар ч хамаагүй аргаар шоронд суулгая гэсэн улс төрийн зорилгыг бүрэн илэр­хийлж байгаа юм. Тухайл­бал, саяхан нэгэн теле­визэд УИХ-ын гишүүн байсан З.Алтай “Н.Энх­баяр гэх хүн төрийн өндөр албан тушаал хашсаныхаа төлөө харж үзээч гэж гуйх ёсгүй. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө шударга байх ёстой” гээд ярьж байна лээ.Тэгж ярих юм бол манай үйлчлүүлэгч өндөр дээд албан тушаал хашиж байсан ч “Харж үзээч” гэж гуйхгүй байгаа. Гуйх шаардлага ч байхгүй. Харин ийм албан тушаал хашсаных нь төлөө шу­дарга байгаач гэж хэлмээр байна. Дээрээс нь Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж иргэдтэй хийх уулзалт, телевизэд өгөх ярилцлага бүртээ “Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх ёстой. Хуулийн шүүхийн байгууллагыг дуудаад ирэхгүй бол албадан ачаад явдаг юм” гээд л шүлэг уншиж байгаа мэт хэлж байна. Энэ нь цаад ут­гаараа Н.Энхбаярт хандаж байгаа үг.  Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Түүний энэ үгийг сонссон хүн бүрийн зэвүүцэл төрж байна. Шударга байя гээд байгаа юм бол өөрийн томилсон шүүгч нартаа “Н.Энхбаярт хууль хэрэг­лэхдээ шударга бус байсан гэж байна. Түүнийг хэл­мэг­дүүлсэн эсэхээ дахин нягтлах ёстой. Баривч­лахдаа увайгүй загнасан юм уу. Та нар хүнлэг ёсоор хандаач” гэж шахалт үзүүлэх ёстой шүү дээ. Гэтэл бодит байдалд эсрэ­гээрээ байх шиг байна.