Ч.ҮЛ-ОЛДОХ

Хадны дурсгал олон­той Завхан аймаг тонуулч­дын гарт өртжээ. Тэнд бүтэн үлдсэн түүхийн дурс­гал алга. Бүгдийг ухаж, тоноод зогсохгүй эвдэж сүйтгэсэн харам­сал­­тай мэдээ байна. Соёлын өвийг санаатай­гаар устгах, хөдөө орон нутагт эртний булш, хир­ги­сүү­рийг ухаж, дур зор­гоо­роо сүйтгэх явдал газар авсны илрэл энэ. Ийм хэ­рэг өнгөрсөн зун Баянхон­горт гарсан бол хаяа залгаа аймаг, сумдын нутагт ийн­хүү давтагдах болжээ. Зав­хан аймгийн Эрдэнэ­хайр­­хан сумын нутгаас хад­ны оршуулга олдлоо гэсэн мэдээлэл МУИС-ийн НШУС-ийн архео­логи-антропологийн тэн­химд саяхан иржээ. Анхны сургийг МҮОНРТ-ийн “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу гаргасан гэнэ. Нутгийн иргэд  түүнд Эрдэнэхайр­хан сумын нут­гаас хадны бүтэн ор­шуул­га олдлоо хэмээн  мэдээлсэн байна. Тэр да­гуу МУИС-ийн НШУС-ийн археологи-антропо­ло­гийн тэнхимд хандаж, тус тэнхимийн багш нар Соёл, спорт, аялал, жуулч­лалын яам, холбогдох бай­гууллагуудтай ярьж, нут­гийн иргэдтэй холбогджээ. Тус газарт Монголд тө­дий­гүй дэлхийд ховорт тоо­цогддог хадны дурсгал, тэр дотроо XIII зуунаас өмнөх үеийнх байж болох монгол хатны занданшуул­сан бү­тэн шарил хадгалагдаж бай­сан ч харамсалтай нь тонуулчдын гарт өртөж, сүйд­сэн байна.


У.Эрдэнэбат:

ЭРТНИЙ БУЛШИЙГ ТОНОДОГ БҮЛЭГЛЭЛ БАЙНА

 

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаас олдсон олдворын талаар МУИС-ийн НШУС-ийн  археологи-антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор  У.Эрдэнэбатаас тодрууллаа.

 

-Завхан аймгийн Эр­дэнэ­хайрхан  суманд эрт­ний хүний хаданд нууж занданшуулсан бүтэн ша­рил олдлоо гэсэн мэдээл­лийн мөрөөр танай тэнхим тодруулж, судалсан гэсэн.  Тэр талаар сонирхож бо­лох уу?

-Эрдэнэхайрхан су­маас олдсон хадны булш  бортого малгай, дээл хув­цастай нь оршуулсан эмэг­тэй хүний занданш­сан  шарил байсан. То­нуулчид ухаж гаргаж ирээд бүх эд хэрэглэлийг эвдэж сүйтгээд орхисон. Одоогоор тэнд үлдсэн зүйлүүд гэвэл нэхий  гутал, бортго  малгайн оройд өд хатгадаг суурь, малгайн бүчин дээр байдаг ром хэлбэртэй сүйхэн чи­мэглэл хэлхээтэй чигээ­рээ олдсон. Энэ бол маш ховор олдвор. Эмэгтэй хүний сүйхэн чимэглэл өмнө нь хэлхээтэй хэлбэ­рээр олдож байгаагүй. Тэгэхээр энэ бол анхны тохиолдол.

-Өнгөрсөн хавар Баян­хонгор аймагт XIII зууны үеийн монгол хатан, нярай  хүүхдийн занданшуулсан шарилыг тонуулчид сүйт­гэсэн мэдээллийн мөрөөр  танай тэнхимийнхэн очиж судалсан.  Энэ удаагийнх юугаараа онцлог вэ?

-Булш бунхан тоносон үйлдэл Завхан аймагт  өмнө нь гарч байсан. Ту­хайлбал, манай сургуу­лийн археологийн ангийн оюутан өнгөрсөн зун ам­ралтаар явахдаа Яруу су­мын нутагт хоёр оршуулга тоногдсоныг  үзэж, зур­гийг нь авчирсан. Энэ байдлаас үзэхэд эртний булш бунхан, түүхийн дурс­галыг тонодог бүлэг­лэл бий болчихсон. Тэд ийм юм хийгээд  байна уу гэсэн бодол төрлөө. Ялан­гуяа Баянхонгор, Завхан аймгийн нутагт  ийм үйл­дэл хавтгайрсан байна. Сүүлийн үед соёлын өвийг хамгаалах асуудлаар хэ­лэлцүүлэг хийж, хурал зөвлөгөөн зохион бай­гуулж байгаа. Гэтэл газар дээр нь очоод үзэхэд, бодит байдалд соёлын өвийн хамгаалалт хүнд   байна. Цаашид орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагууд дорвитой анхаарахгүй бол   маш ноцтой байдал үүсч мэднэ.

-Хадны оршуулга өмнө нь ямар байдлаар судлаг­даж ирсэн бэ. Ямар учраас хадлагад илүү өртөөд бай­на?

-Хадны дурсгал дун­дад эртний үеийн оршуул­гын зан үйлийн өвөрмөц  хэлбэр. Судлагдсан байдал нь их төлөв мэдээллийн мөрөөр, санаатай, санам­саргүй, хүн малын хөлөөр илэрч олдсон байдаг. Эр­дэм шинжилгээний шуга­маар судлагдсан нь  1980 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошуу гэдэг газар Түүхийн хүрээлэнгийнхэн судалгаа хийсэн. Өмнө нь хадны дурсгалыг  хожуу үеийн зүйл гэж үл тоох хандлага байсан. 2000 оноос орчин үеийн  байгалийн шинж­лэх ухааны аргаар тог­тоож, нийтийн тооллын I зууны үед хамааруулан судалж эхэлсэн. Түүхийн урт хугацаанд байсан, тэр дотроо Монгол оронд ор­шин амьдарч  байсан  нүү­дэлчдийн үеийн дурсгал гэдэг нь тодорхой болж байгаа. 2000 оноос хойш судалгаа эрчимжиж, га­даад дотоодын судлаачдын анхаарлыг татаж байна. Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд маш сайн хадгалагдсан олдво­рууд олддог. Тэр үеийн хүний нүүр царай, дүр төрхийн тухай ойлголт авч болохуйц хатмал шари­лууд, хувцас хэрэглэл, дагалдуулсан эд өлгийн зүйлүүд хадгалагдсан бай­даг. Харамсалтай нь мөнгө цагаан нүд улаан гэгчээр эртний түүх, соёлын дурс­галыг наймаалах, олз ашиг олох явдал  газар авчээ. Жишээ нь, хувийн цуглуулагчид  байна. Тэд­ний цуглуулгаас харж байхад булшнаас ухаж авсан нь тодорхой байна. Түүнийгээ хүнээс худал­даж авсан гэж тайлбарлах жишээтэй. Үүнийг зохи­цуу­лах хууль эрхзүйн орчин одоогоор бүрдээгүй. Шулуухан хэлэхэд, хадны булшийг тонож, сүйтгэж байгаа нь хувийн цуглуу­лаг­чид энэ чиглэлийн зүй­лүүдийг худалдаж авдаг хүмүүс байгаатай холбоо­той.

-Бүрэн бүтэн үлдсэн, тэр байдлаар олдсон хадны дурсгал байхгүй гэж ойл­гож болох уу?

-Бараг байхгүй болж байна. Манай судлаачид дандаа ухсан, тоносон мэдээллийн мөрөөр очиж үлдэгдлүүдийг авч судалж байна. Түүх, соёлын дурс­гал нүдний өмнө  устаж сүйдэж байгаа нь харам­салтай.

-Мэргэжлийн хүний хувьд ямар арга хэмжээ аваасай гэж боддог вэ?

- Төр ,засгийн зүгээс  шаардлагатай, цогц арга хэмжээ авах хэрэгтэй бай­на. Сүүлийн үед түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах асуудлыг их ярьж байна.   Энэ асуудлыг  цогцоор нь хариуцдаг бай­гууллага байх хэрэгтэй. Тэнд мэргэжлийн архео­лог­чид болон хуульчид ажиллах шаардлагатай. Цаашид зөвхөн архео­лог­чид төдийгүй палентолог­чид, биет бус соёлын өв  хариуцсан хүмүүс ажил­лаж цогц судалгаа хийх нь чухал. Жишээлбэл, нэг булш, хиргисүүртэй уул, толгой байлаа гэхэд зөвхөн археологийн дурсгалуудыг судлаад өнгөрөх нэг хэрэг. Гэтэл тэр дурсгалыг су­далж, доор нь байгаа ашигт малтмалыг ашиг­лас­наар тэр уул алга боллоо гэхэд тэр уултай холбоо­той үлгэр домог, уул усны тухай хууч яриа, зан зан­шил, тахилга шүтлэг зэрэг  биет бус соёлын өв устаж байна. Тиймээс түүх, соёлын өвийг авран хам­гаа­лах судалгааны хүрээ­лэнг  цогцоор нь бий болгох, тэр нь орон нутагт салбар нэгжүүдтэй, бай­цаагч нартай байх  шаард­лагатай. Соёлын өвийг хамгаалах  байцаагч нарыг сургах,  сертификат олгох асуудлыг их сургууль нь хариуцаж, археологийн хүрээлэн нь шинжлэх ухааны төвшинд судалгаа хийх, музейн олдворуудыг олон нийтэд хүргэх, сур­талч­лах, жуулчдыг татах, соёлын өвийн төв нь олд­воруудыг сэргээн засвар­лах гээд тус тусдаа чиг үүрэгтэй. Дээр нь  энэ байгууллагад хууль эрх­зүйн талаас мэргэжлийн хуульч, соёлын өвийг чиг­лэлээр дагнасан мэргэл­жилтэн буюу эрхзүйчид   байх хэрэгтэй. Энэ бай­гуул­лагыг Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны  бүтцэд  оруулах нь зүйтэй юм. Монголд археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны байгууллагууд, ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, МУИС, Үндэсний музей зэрэг цөөн хэдэн байгууллга  бий. Тэд хоо­рон­доо нягт холбоотой  цогц байдлаар ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллахгүй бол бид  цаа­шаа явахгүй байдалд хүрс­нийг салбарын сайд анхаараасай гэж бодож байна.