М.ЦЭЦЭГ

 

МҮОНТ-ИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ЗӨРСӨН ШУУД ЯРИЛЦЛАГА

Үндэсний телевизийн өнгөрсөн баасан гаригийн нэвтрүүлэг долоо хоно­гийн өмнөөс гаргасан хөтөлбөрөөсөө зөрлөө. “Эргэх дөрвөн цаг” нэвт­рүүлгийн цаг дээр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж шууд ярилцлагад оров. МҮОНТВ-ийн 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний хөтөлбөрт Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Цаг үе-үзэл бодол” нэвт­рүүлэгт орох тухай нэг ч үг, өгүүлбэр алга. Энэ өдөр дэлхий сөнөөгүйд олон хүн баярлаж, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг клиникийн нэгдсэн II эмнэлгээс ШШГЕГ-ын харъяа дам­жин өнгөрүүлэх 401 дүгээр хорих анги руу шилжүүл­сэн дуулиан давхацсан байв. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой дуулиан болохоор л одоо­гийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ам нээдэг уламжлал баасан гаригт  давтагдсан нь энэ. Ерөн­хийлөгч цааз, өршөөлийн сэдвээр голчлон ярив. Сурвалжлагч цагдаагийн экс дарга нар, хуучин Ерөнхийлөгчийн тухай тодотгон, энд хэлмэгдүү­лэлт явж байгаа эсэхийг асуув.  Ерөнхийлөгч хууль, шүүхийн хүрээнд асуудал өрнөж буй хэмээгээд “Тэ­гэхээр ямар нэг асуудал байлаа гэхэд хувь хүн та­лаас нь, хувь өөрийн са­нал бодлоо хэлж байгаа. Хүн ч бас өөрийгөө хам­гаа­лах эрхтэй” гэсээр тойм­той хариу хэлсэнгүй. Харин Н.Энхбаярыг хорих анги руу хүчээр авч явсан нь хууль бус гэж өмгөө­лөгч болон хуульчид өнгөр­сөн хоёр өдөр үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 

Д.АРВИН УРВАГЧ БИШ СОНГОГЧ

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарч АН-д элсэн гомдлоо тай­лав. Тэрээр МАН-ын нэ­рээр сонгуульд өрсөлдөн дахин санал хураалтаар ялалт байгуулсан. Харин УИХ-д орж ирэнгүүтээ АН-д элсэн тус намын шинэ батлах авлаа. Д.Арвин гишүүний энэ үйлдлийг улс төрийн хү­рээнийхэн янз бүрээр тайл­барлаж байлаа. Нэг гишүүнээ алдсан МАН-ынхан “урвалт” гэж үзэн сонгогчдоосоо уучлалт гуй­сан бол эрхэм гишүүн Д.Арвин өөрөө “сонголт” гэж тайлбарлав. Тэрээр дахин санал хураалт бо­ло­хоос өмнө АН-ыг сонго­хоор төлөвлөсөн тухайгаа хэвлэлд ярьсан. Баянзүрх дүүргийн намын үүр нь түүнийг сонгуулиар дэмжих боломж­гүй гэсэн утга бүхий тог­тоол гаргасан нь Д.Арвины эгдүүцлийг хүргэж МАН-аас бусад намаас дэмжлэг гуйхад хүргэжээ. Түүний  өнгөрсөн хэдэн жил бодож санаж явсан зүйлийг нь Засгийн газар, намын мө­рийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлээгүйд гомдож тунирхаж явдаг нь шинэ сонголт хийхэд нөлөөлсөн гэнэ. Гэхдээ энэ нь пар­ламентад болж буй шинэ зүйл биш. УИХ-д орж ирс­нийхээ дараа өөр нам сон­госон ганц, хоёр гишүүн бий. Одоогийн парла­ментад ийм жишээ байгаа. Тэр нь Ц.Цолмон гишүүн. Тэрээр МҮАН-ын ги­шүүнч­лэлээсээ татгалзан МАХН-д элссэн. Гэхдээ Д.Арвин, Ц.Цолмон хоёрын сонголтыг харь­цуулж болохгүй. Д.Арвин МАН-ын нэрээр сон­гуульд өрсөлдөн ялж, дараа нь АН-д элссэн. Ц.Цолмон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрийн жагсаал­таар сонгогдсон. Тэрээр сонгуульд хамтарч оролц­сон эвслийнхээ нэг на­маас нөгөөд шилжсэн учир Д.Арвиныхаас огт өөр  юм.

 

НЭГ МАНДАТААР НАЙМААЛЦСАН БҮЛЭГ

Таван сар тэвчиж, тэмц­сэний эцэст МАН өнгөрсөн баасан гаригт УИХ-д бүлэгтэй боллоо. Гэхдээ УИХ-д авсан нэг суудлаараа наймаалцаж бүлэг байгуулах эрх авсан гэхэд болно. МАН Өвөр­хан­гай аймгаас сонгогд­сон гэх Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүү­лэх­гүй хэмээн эсэргүүцэж УИХ-ын ажлыг хоёр өдөр гацаасан. Улс төрийн энэ нөхцөл байдлыг Төрийн тэргүүн анхааралдаа авч Ардын намын дарга нар­тай уулзсан. Уг уулзалтын маргааш МАН-ынхан тэмц­лээ зогсоож, нөгөө­дөр нь  Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барь­сан билээ. Ерөнхийлөгч, МАН-ын дарга нар ямар нэгэн зүйл тохирсон нь илт байв. Хэд хоногийн дараа үйл явц улам тодорхой болж АН-ын нэг гишүүн тангараг өргөн, харин Ардын нам УИХ-д бүлэг байгуулав. Өвөрхангайд үнэмлэхүй ялалт байгуул­сан гэх хоёр нэр дэвшиг­чийнхээ нэг мандатыг АН-д өгч хариуд нь бүлэг­тэй болох улс төрийн най­маа ийн ил боллоо.

МАН-ын бүлэг одоо­гоор 25 гишүүнтэй, ахлагч нь Н.Энхболд. Өвөрхан­гайгаас С.Чинзориг орж ир­вэл 26 болох юм. Гэхдээ Д.Арвины дараагийнх нь хэн байх бол гэсэн айдас тус намд байгаа. Өнгөрсөн хавраас гишүүдээ нэг, нэгээр нь алдаж буй Ардын нам цаашид бэлт­гэлтэй байхыг зарим хүн сануулсан билээ. Өөрт тохиолдсон зүйлээ ил гар­га­сан нь Д.Арвин болохоос биш цаана нь хэнд ямар асуудал тулгарч буйг тааш­гүй. Тэгэхээр МАН бэлт­гэл­тэй байхад илүүдэхгүй биз.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЗУРГАДУГААР САРД БОЛНО

УИХ-аар өнгөрсөн баа­сан гаригт Ерөнхийлөг­чийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлав. Шинэ хуулийн дагуу ирэх оны Ерөнхийлөгчийн сон­гууль зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэ­гэн ажлын өдөр болно. Санал хураах өдөр бүх нийтээр амрах юм. Ерөн­хийлөгчийн сонгуулийг УИХ болон орон нут­гийнх­тай адил автомат системээр явуулна. Га­даа­дад амьдарч буй монгол­чууд саналаа өгнө. Тэдний санал өгөх өдрийг гурав хүртэл байхаар заав. Ерөнхийлөгчид нэр дэв­шигчид өгөх хандивын хэмжээг хуулийн этгээ­дээс 50 сая төгрөгөөс илүү­гүй байхаар боллоо. Өмнөх сонгуулийн үеэр ханди­вын дээд хэмжээ 10 сая байсан юм.

Мөн сонгуу­лийн сур­талчилгаа 35 хо­ног үр­гэлжилнэ. Сонгогч­дын нэрийн жагсаалтад бүрт­гэгдсэн нийт сонгог­чийн 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол ирц хү­рээгүй гэж тооцно. Гэхдээ улс орон даяар сонгуулийг хүчингүйд тооцохгүй, ирц хүрээгүй  тухайн хэсэгт нэмэлт санал хураалт явуу­лах юм байна.

Өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явц ийм байна. МАН бүлэгтэй болж, АН бүл нэмсэн, Ерөнхийгчийн сонгуу­лийн шинэ хуультай болж, эмнэлэгт эмчлүүлж буй гурав дахь Ерөнхийлөг­чийг хорих анги руу шил­жүүлж, дэлхий сөнөөгүй тул дөрөв дэх Ерөнхийлөгч үндэсний телевизид шууд ярилцлагад оров.