-МАХН-ыг Засгийн газраас гаргахгүйн төлөө ажиллана-
М.ГАН

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын гишүүнээсээ татгалзаж, Ардчилсан намд элсэх өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын хувиар намын батлахыг нь өчигдөр гардуулан өглөө. Н.Алтанхуяг “Ардчиллын үйл хэргийн төлөө хамтарч зүтгэе, ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, шинэчилж өөрчилье, Монгол орноо улам хурдтай хамтарч хөгжүүлье гэж сонголтоо хийсэн Д.Арвин гишүүнд баяр хүргэе” хэмээн амжилт хүслээ. Шинэ сонголт хийх болсон тухайгаа Д.Арвин тайлбарлахдаа “Олон иргэд маань маш хүнд нөхцөлд амьдарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө шийдвэрлэх олон асуудал байна. Нийгэмд шинэчилж шийдэх асуудал маш олон байна. Миний сэтгэл олон жил зовниж ирсэн. Өмнөх жилүүдэд олон асуудлыг шийдвэрлэе гэж Монгол ардын нам болоод УИХ дахь намын бүлгийн гишүүддээ санал тавьж байсан боловч хүлээж аваагүй. Өөрчилье, шинэчилье, иргэдийнхээ төлөө ажиллая гэсэн бодол маань Ардчилсан намын бодлоготой нийцэж байгаа учраас ийм сонголт хийсэн” гэлээ. Тэрээр энэ үеэр Ардчилсан намын бодлого, шийдвэрийг дагаж, намын дүрмийг биелүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Арвиныг Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхэд нь дараа зарим зүйлийг тодруулав.
-Ардчилсан нам, МАН өөр үзэл баримтлалтай. Та Ардчилсан намын гишүүдтэй хэр зэрэг гар нийлэх бол?
-Нэг нь зүүний, нөгөө нь барууны үзэл баримтлалтай нам боловч өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажиллахдаа ямар ч үзэл баримтлалын зөрчил гаргаагүй. Монгол Улсад хэт барууны, хэт зүүний үзэл хэрэггүй гэдгийг амьдрал харуулсан учраас би энэ сонголтыг хийсэн. Намын ивээлд багтаж, нам дотор муур, хулгана болж тоглохыг хүсээгүй. Би МАН-ын шинэчлэлийн төлөө элсний 13-ын нэг болж, шөнө өдөргүй тэмцэж ажиллаж байсан боловч үр дүн ерөөсөө гараагүй. Тиймээс намын шинэчлэлийн төлөө явахаасаа илүүтэй сургууль, цэцэрлэггүй хүүхдүүд, ядуу амьдарч зовж байгаа иргэдийнхээ төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйгээр төрд орж ирж байна. Энэ бол урвалт биш сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Би нам дотроо зогсонги байхгүйн төлөө өнгөрсөн 12 жил намынхаа бүлэгт үг хэлж, сэтгэгч байлаа. Миний санаачилсан, хэлсэн бүхэн хэрэгжээгүйд би маш их гомдсон. Учир нь би Монголын парламентад гурван удаа сонгогдохдоо өөрийн санаачилсан, хэрэгжүүлэхийн төлөө боловсруулсан төслөө ажил болгож чадаагүйд харамсаж явдаг. Би ард түмнээсээ уучлал гуйдаг байлаа. Ардчилсан нам миний сонголтыг дэмжинэ гэсэн үүднээс би энэ сонголтыг хийсэн.
-Таны саналыг Ардын нам хүлээж авсан уу?
-Намын дүрмийн дагуу намын анхан шатны үүрт өргөдлөө өгсөн. Ингэснээр асуудал шийдвэрлэгддэг.
-Таныг сонгуульд оролцоход Ардчилсан нам дэмжсэн гэсэн мэдээлэл үнэн үү?
-Би УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. Би хүнд нөхцөлд сонгуульд орох нь. Нэг намын хоёр хүн өрсөлдөж байна. Манай дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс намын анхан шатны гишүүд намайг дэмжих боломжгүй боллоо. Иймээс та бүхэн намайг эмэгтэй хүний хувьд дэмжиж ажиллаач гэж учир байдлаа хэлсэн. УИХ-ын дарга “Энэ парламентад цуг сууж байсан эмэгтэй хүний хувьд шударга зөв явдгийн чинь хувьд өөрийнхөө гишүүдээр дамжуулан дэмжинэ” гэдгээ хэлсэн. Ийм хүнд үед, ийм том тойрогт Ардчилсан нам болон жирийн гишүүд л дэмжсэн. Мөн МАХН-ын гишүүд, С.Ганбаатар нарын бие даагчид, ИЗНН-ын С.Оюун даргыг дэмжигчид нь надад дэмжлэг үзүүлсэн. Иймээс л би энэ сонголтыг хийх нь зүйтэй гэж ялалтынхаа өдөр шийдсэн.
-Танд Ардчилсан нам сайдын суудал амласан гэх юм. Хамтарсан Засгийн газар задарч МАХН гараад явчихвал та сайд болох уу?
-Хамтарсан Засгийн газрыг битгий задраасай, Ардчилсан нам МАХН, МҮАН, ИЗНН энэ Засгийн газраа цаашаа авч яваасай гэж хүсч байна. Би МАХН-ыг Засгийн газраас гаргахгүйн төлөө ажиллана. Би гурван удаа сонгогдохдоо нэг ч удаа албан тушаалын төлөө явж байгаагүй. Тэгэхэд Т.Ганди хоёр удаа сайд болж байсан, Д.Туяа гишүүн нэг сонгогдоод сайд болж байсан. Би чадахгүйдээ сайд болоогүй биш, сайд болохыг хүсээгүйдээ энэ олон жилийг улс төрд өнгөрүүлсэн. Би сайд болохгүй ээ, харин сайдын дайтай ажиллана. Миний хувьд ядуу зүдүү амьдарч байгаа иргэддээ туслах нь сайдаас илүү албан тушаал. Би албан тушаалын төлөө явдаг хүн биш.