Б.БЯМБАЖАРГАЛ

 

Прокурорын байгууллагын түүхт  90 жилийн ойн хүрээнд Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайвантай ярилцлаа.

 

- Прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Хамгийн анх байгуулагдсан прокурорын газрын нэг болох Төв аймгийн прокурорын газрын үүсэл хөгжлийн талаар товчхон танилцуулна уу?

-Энэ жил прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. 1930 оны наймдугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор прокурор ба прокурорын орон нутгийн байгууллагын дүрмийг баталсан. Ингэснээр таван аймгийн прокурор байгуулагдаж байсны нэг нь манай Төв аймгийн прокурорын газар юм. 1930 оны намар газар нутгийн хуваариараа одоогийн МУБИС-ийн баруун хойно айлын хашаанд хоёр гэрт  конторлож, Богдхан уулын аймгийн прокурорын газар гэсэн нэрээр байгуулагдсан. Анхны аймгийн прокурорын газар нь нэг прокурор, хоёр мөрдөн байцаагчтайгаар ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд  үүнээс хойш өнөөдрийг хүртэл 24 ерөнхий прокурор томилогдож ажилласан байдаг. Анх прокурор, шүүхийн байгууллага хоёр цуг ажиллаж байгаад 1940 оноос тус тусын бүрэлдэхүүнээр салж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн түүхтэй байдаг.

 

-Таны хувьд өмнө нь Ерөнхий прокурорын газарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэгвэл аймгийн прокурорын газрыг удирдан ажиллахад үндсэн чиг үүрэг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Миний хувьд энэ албан тушаалд ирэхээсээ өмнө УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааг хариуцан ажиллаж байсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар манай хэлтэс улс хооронд эрхзүйн даалгавар илгээх, харилцан мэдээлэл солилцох, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх асуудлыг хариуцаж, олон улсын прокурорын байгууллага хоорондын харилцааны асуудлыг хариуцан ажиллаж байсан. 
Аймгийн прокурорын газарт ажиллаж эхэлснээр Төв аймгийн нутаг дэвсгэрт эрүү, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах, хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих гэх мэт үндсэн үүргийн ажлаа хийж байна. Өнөөдрийн байдлаар манай газарт дээрх үйл ажиллагааг хариуцсан 15 прокурор, 15 захиргааны ажилчид ажилладаг. Миний хувьд эдгээр прокуроруудынхаа үндсэн чиг үүрэгт хяналт тавьж, зохицуулалт хийх, тэднийг удирдлагаар хангах, прокуроруудын гаргасан  шийдвэрийг биечлэн хянан ажилладаг.
Манай аймгийн хувьд дамжин өнгөрөх авто замын сүлжээ ихтэй учраас үүнийгээ дагаад авто ослын хэргүүд, хулгай, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг их үйлдэгддэг. Бид зөвхөн үйлдэгдсэн хэрэг дээр ажиллах биш, аймгийн хэмжээнд асуудалтай зүйл юу байна, гэмт хэрэг гаралтын шалтгаан нөхцөл, үүний хариуд үр нөлөөтэй ямар арга хэмжээ авах ёстой вэ, хариуцсан холбогдох албан тушаалтнууд ажлаа хэрхэн хийж байна гэх мэтийг харж хяналтаа тавьж ажиллаж байдаг. Ингэж байж л прокурорын байгууллага, прокурор гэсэн ажил, албан тушаалдаа эзэн болж чадна.


 

-Бүс нутаг бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Төв аймгийн хувьд онцлог зүйл нь юу вэ?

-Төв аймгийн хувьд бусад аймгуудаасаа хамгийн олон буюу 27 сумтай, 100 мянга гаруй оршин суугчид, үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүс ихтэй том аймаг. Бидний хувьд энэ жилийн эхний хагас жилийн байдлаар 15 мянга орчим  зөрчлийн шийдвэрлэлт, эрүүгийн хэрэг бүртгэлтийн 1500 орчим хэрэг, мөрдөн байцаалтын 600 орчим хэрэгт хяналт тавьж ажиллаад байна. Ажил үүргийн чиглэлээрээ дээрх хэргүүдийг хуваавал зөрчлийн хэрэг бүртгэл дээр хоёр л прокурор ажилладаг бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  2100 орчим хэрэг дээр найман прокурор, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хоёр прокурор ажилладаг. Хэдийгээр аймгийн хэмжээнд 15 прокурор ажиллаж байгаа ч гэсэн дээрх тоон мэдээллээс л ажлын ачааллыг харж болно.  

 

 

-УЕПГ-аас онцгойлон анхаарч байгаа ажлын чиглэл юу байна вэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байгаа нэг чиглэл нь төр нийтийн ашиг сонирхлыг иргэний шүүх дээр хамгаалах ажлыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. 
Өөрөөр хэлбэл иргэний хэргийн нэг тал нь төрийн байгууллага болсон тохиолдолд прокурорын байгууллага төрийг төлөөлж иргэний шүүх дээр нэхэмжлэх бичиж байна. Бид зөвхөн эрүүгийн хэрэг биш, иргэний хэргийн оролцогч  болж явдаг. Он гарснаас хойш төр, нийтийн эрх ашгийг хамгаалах тал дээр нилээн хичээж  ажилласан. 
Тухайлбал сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ эргэн төлөөгүй, хугацаа хэтэрсэн эсвэл улсад төлөх татвараа төлөөгүй төрийн эрх ашиг хохирсон нийт 27 асуудалд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийг бичиж иргэний шүүхэд хүргүүлснээр улсад 6,5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулаад байна. 
 Өмнө нь төрийн эрх ашиг хохирсон иргэний хэргийн араас санаа тавих асуудал сул байсан. Албан тушаалтнууд ямар хуулийн заалтаар иргэний шүүхэд хэрхэн өргөдөл өгөхөө мэдэхгүйгээс болоод төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэх гаргаад төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг сайн мэддэггүй байсан. Бид 27 сумынхаа төрийн албан хаагч, аймгийн төв дээр ажиллаж байгаа  агентлаг, салбарын алба хаагчдад зориулж, шүүхэд ийм тохиолдолд хандана, ийм бичиг баримтыг бүрдүүлнэ, шүүхийн шийдвэр гаргуулсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажилд ингэж хандах ёстой гэх мэт сургалтыг зохион байгуулж, зарим үед өмнөөс нь ажиллаж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эрүүгийн хэргүүд, хуулийн этгээд холбогдсон зарим эрүүгийн хэргүүд нь хуульд заасан үндэслэлээр хаагдсан ч төрд учирсан хохирол нь цуг хаагдах ёсгүй гэж үзэж, ийм төрлийн хэргүүд дээр хохирлыг төлүүлэх ажлыг хийж байна. Бид цаашдаа энэ ажлыг улам сайжруулах шаардлагатай байгаа.


 

-Прокурор хүний үнэт зүйл нь юу вэ?

- Нэн тэргүүнд прокурор хүний үйл ажиллагаа, шийдвэр шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай. Мөн мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж тэргүүндээ тавьж ажиллах ёстой. Бид хүний амьдралд тохиолддог олон төрлийн нөхцөл байдлаас бий болсон гэмт хэргүүдтэй нүүр тулдаг бөгөөд эдгээр хэргийн цаана маш олон шалтгаан нөхцөлүүд байдаг. Эдгээр нөхцөлүүдэд хувь хүний сэтгэхүйгээр биш мэргэжлийн ёс зүйгээр хандаж, аливаа асуудалд шударга, хуульд нийцсэн байдлаар хандаж ажиллах ёстой гэж боддог.


 

-Хуульч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Эцэг, эх минь сэхээтэн хүмүүс л дээ. Манай гэр бүлд хуульч хүн байхгүй. Миний аав Ш.Цэнд-Аюуш зохиолч , ээж маань монгол хэл, уран зохиолын багш хүн. Би сурагч байхдаа өөрөө мэргэжлээ сонгочихсон хүн, хуульч болохоо гэрийнхэндээ хэлэхэд дургүй байдаг байсан. Тэгэхдээ л өөртөө үнэнч байж хуульч болсон. Хуулийн сургуулийг хуульч  мэргэжлээр төгсөөд оюутны ширээнээс 2001 онд Дундговь аймгийн прокурорын газарт прокуророор томилогдож очиж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл прокурорын бүх шатанд, хот, орон нутаг гээд олон газарт прокуророор ажиллаж байна.
-Ямар ч хүн мэргэжилдээ эзэн болж явахад хамгийн гол зүйл нь суралцах гэж боддог. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Манай прокурорын байгууллага хүний нөөцөө чадавхижуулах чиглэлээр онцгой анхаарч ажилладаг. Гадаадад туршлага судлуулах, давтан сургалтад хамруулах, хэсэгчилсэн болон сэдэвчилсэн гэх мэт олон сургалтыг олгодог. Миний хувьд мэргэжлийн сургалтад хамрагдахаас гадна өөрийгөө хөгжүүлэхийг л хичээсэн. Хамгийн түрүүнд гадаад хэл сурахыг их хичээсэн. Англи, орос хэлийг бие дааж сурсан бөгөөд аав маань надад хэл сурах арга барилыг зааж, зөвлөдөг байсан. Гадаад хэлийг сурсан үед хүссэн мэдээллээ дурын хэлээрээ интернетээр хайгаад олж авч чаддаг нь ажлаа сайн хийхэд том давуу тал болдог.
Дашрамд хэлэхэд прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, тэдгээрийн гэр бүл болон нийт прокурорууддаа түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Танд баярлалаа. Танд ойн баярын мэнд хүргэе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.10 № 152 (6377)