Д.МЯГМАР

Олны “нүд унасан” хотын төвийн газруудыг өмнөх Засаг дарга нар хууль зөрчин олгосон талаар хэвлэлээр олонтаа бичиж ирсэн. Ийм шийдвэрүүдийг эргэн харж цэгцэлж буй болон газар олголтын талаар нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхантай ярилцлаа.
-Албан тушаалтнуудын газрын наймаа гаарч хотод амбаар босгох ч зай үлдээгүй гэлцдэг. Газар олголтод шалгалт хийхэд ямар дүн гарч байх юм бэ?
-Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн газарт төлөвлөлтгүйгээр барилга барьж байна гэсэн гомдол, шүүмжлэл сүүлийн үед нэлээд гарч байгаа. Энэ бол хотын иргэн бүрийн хэлдэг, мэддэг болсон гомдлын нэг юм. Тухайлбал, энд орон сууцны байрны өмнө нүх ухлаа, хүүхдийн тоглоомын талбайг булааж авлаа, явган хүний замыг хааж барилга босголоо, ногоон байгууламжийг сүйтгэн барилга барилаа гэх гомдол их гардаг юм байна.
Харамсалтай нь өмнө нь иргэдийн энэ мэт гомдол, мэдээллийг харгалзаж иргэдийн эрх ашгийг дээдэлж асуудлыг шийдвэрлэх нь бага байсан.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны есдүгээр сарын 27-ны өдрийн тогтоол мөн Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох талаар тодорхой ажил зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч, газар олголтын талаар судалгаа хийсэн. Ажлын хэсэг нийслэлийн 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га газрыг хамруулж, хууль зөрчин олгосон газруудыг шалгалаа. Эдгээр газрыг есөн төрлийн зөрчлийн дагуу шалгасан. Тухайлбал, улсын чанартай автозамын дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа. СӨХ, нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд олгосон байна уу. Хоёр жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй, дэд бүтэц дулааны шугам дээр олгосон газар гэх мэтээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар хуулийн дагуу газар олгож байсан эсэхийг нарийвчлан гаргах маягаар шалгаж нэлээд зөрчил илрүүллээ. Эдгээр зөрчилтэй газраас эхний ээлжид 40 газрын эрхийг хүчингүй болгох Засаг даргын захирамжууд гарсан.
-Газрын эрхээ цуцлуулсан иргэд, байгууллагууд гомдол, санал гаргаж байна уу?
-Одоогоор гомдол, санал гараагүй байна. Цаашид гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан. Тийм учраас шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэн ч гэсэн Үндсэн хуульд зааснаар шүүхэд гомдол гаргаж болно.
-Зөрчилтэй гэж үзсэн газруудыг харж байхад нийтийн эзэмшлийн талбай руу нэлээн орсон байсан. Тухайлбал, Төв шуудан, “Цамбагарав” үйлчилгээний төвийн өмнөх талбайд барилга барих эрх олгосон байсан нь хачирхалтай шийдвэр бус уу?
-Мэдээж улс орноо, хотоо гэсэн бодолтой ямар ч иргэн ийм шийдвэрийг эсэргүүцнэ шүү дээ. Эхний ээлжид 40 газрын захирамжийг хүчингүй болголоо. Энэ бол бидний ажлын дөнгөж эхлэл юм. Хууль бус ямар ч ажлыг бид зогсооно. Бид хуулийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах ёстой. Ямар ч мундаг дарга байсан хуулийн хүрээнд л шийдвэр гаргасан байх ёстой. Сонсоод хүн гайхахаар шийдвэр олон байсан.
-Танил талтай, мөнгөтэй хүн хүссэн газраа авдаг гэсэн яриа бий. Газрыг ямар тохиолдолд бусдад олгох ёстой юм бэ?
-Газрын хуулийн дагуу аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар газар авах бол нийслэлээс зарласан төсөл шалгаруулалт юм уу эсвэл дуудлага худалдаанд оролцох ёстой. Энэ бол 2003 оноос хэрэгжүүлэх ёстой байсан зарчим. Хуульд үүнийг тодорхой заасаар байтал ихэнх газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж олгосон байсан.
-Хотын дарга нарын газрын наймааг та бүхэн хөндөж эхэлсэн гэж хэлж болох уу?
-Судалгаа хийгээд шалгахаар хууль зөрчиж олгосон газрууд ил болж байна. Эндээс зарим газар олголтыг цаашид хуулийн байгууллагаар шалгуулахыг үгүйсгэхгүй. Хэн гэдэг Засаг дарга хэдэн онд, ямар хэмжээний газрыг хаана, хэнд хууль бусаар олгох захирамж гаргасан гэх мэтээр бүх мэдээлэл нь ил, тодорхой байгаа.
-Дулаан дамжуулах төв барьж, танай сууцны халаалтыг сайжруулна гэх мэтээр молигодож орон сууцны өмнөх газарт хаус, орон сууц, үйчилгээний төв барьчихсан тохиолдол нийслэлд олон бий. Ийм хэргийг сэргээж шалгах уу?
-Иймэрхүү газрууд нэлээд бий. Манай судалгаанд ч хамрагдсан. Ийм хууль бус тохиолдлыг ажлын хэсэг дээр ярилцаж, төрийг хохиролгүй болгохын төлөө бид ажиллана.
-Иргэнд эзэмшүүлж, өмчлүүлсэн хоосон газруудыг Э.Бат-Үүл дарга буцааж авна гэсэн яриа гарсан байна. Таны хувьд ийм заавар, чиглэл авсан уу?
-Бид эхлээд нарийн судалгаа хийлээ. Хууль зөрчиж олгосон газруудыг нийслэлийн мэдэлд эргүүлж авах ажил хийж байгаа. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн 0,07 га газар болон хуулийн дагуу шударгаар авсан газруудыг бид огтхон ч хөндөхгүй. Иргэдэд өмчлүүлснээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж, эзэмшиж байгаа газар төрийн өмч байдаг. Тийм тул ийм газарт төр хяналтаа тавьсаар байна.
-Зуслангийн газруудыг буцааж авна гэсэн яриа дуулдсан. Уул, ус, модоор хүрээлэгдсэн дарга нарыг том газруудыг бусдад хувааж өгөх үү?
-Бид энэ судалгааны ажлаа дуусгаад зуслангийн газар руу орно. Ундны усны эх үүсвэр, голын ай сав, ойн сан гэх мэтээр хуулиар хориглосон газрыг хэнд ч олгох ёсгүй гэдийг хууль мэддэг хүмүүс андахгүй байх. Гэтэл эдгээр газарт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй байшингууд зөндөө баригдсан гэдгийг бид харж байна. Зуслангийн газрыг өмчлүүлэх асуудал яригдаж байгаа. Хэрвээ хууль зөрчиж зусланд газар эзэмшиж байгаа бол газраа өмчилж авч чадахгүйд хүрнэ л гэсэн үг.
-Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталтал газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ажлыг зогсоосон. Гэтэл иргэд энд, тэнд дураараа газар хатгаж байгаа. Түүнийгээ авна гэсэн үг үү?
-Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг нээлттэй шийдвэрлэж байгаа. Шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох ажлыг түр хугацаагаар зогсоосон. Та одоо эзэмшиж буй газраа өмчлөх гэж байгаа бол манай хаалга нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг манай газрын цахим хуудсаас үзэж болно.
-Хуулийн дагуу газар авсан зарим иргэнийг улс төрийн өнцгөөс харж хохироох асуудал гарах вий. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуулийн хүрээнд газар авсан хүмүүстэй бид ямар ч асуудал ярихгүй. Харин хууль бус шийдвэртэй хэнээс ч айхгүй тууштай тэмцэнэ. Ямар нэг зөрчилтэй газрын асуудлыг бид хөндөж л таарна. Ном журмынхаа дагуу газраа өмчилсөн, эзэмшиж буй зөндөө иргэн, аж ахуйн нэгж хотод бий. Тэднийг ер оролдохгүй.
-Газар шинээр олгохыг хотын дарга түр зогсоосон. Ийм мэдээ тарангуут л газрын үнэ нийслэлд өслөө, хууль бус наймаа гаарлаа гэж дуулдсан?
-Хууль бусаар олгосон зөрчилтэй газрууд нийслэлд нэлээд байгаа. Энэ бол бизнесийн шинжтэй болчихсныг нуугаад хэрэггүй байх. Гэхдээ хотын хаана, ямар газрыг хууль бусаар зарж буйг бид мэдэхгүй. Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд бусдаас газар худалдан авах, худалдах нь хууль бус учраас үүнээс болж хохирсон тохиолдолд төр ямар нэг хариуцлага хүлээхгүй.
-Амины сууцтай Улаанбаатар болохын тулд гэр хорооллын иргэдийн газрыг дахин төлөвлөх юм гэсэн. Танай ажлын ачаалал нэмэгдэх байх даа?
-Гэр хороолын газрын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийх ажил 2013 оноос эхэлнэ. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ оруулах, зам талбай гаргах гэх мэтээр дахин төлөвлөлт хийж байж амины сууцтай тохилог хороолол бий болно. Наана нь хэрэгцээний судалгаа хийнэ. Ажил их байна. Тохилог сууцтай хорооллыг бий болгоход төрийн байгууллага бидний төлөө юу хийх вэ гэж иргэд маань хараад суух биш өөрсдөө гар бие оролцож байж урагшаа явах ажил шүү.