-Хууль хүчнийхнийг улс төрийн зорилгоор ашиглана гэдэг төрийн эргэлтийн чимээгүй илрэл-

Б.ДОРЖ

Н.Энхбаярт тулгаад байгаа хилс хэрэг, хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол Засгийн газраас гарах шийдвэрийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд гаргасан. Эвслийн Засгийн газарт багтаж байгаа МАХН-ын гаргасан энэхүү шийдвэрийн талаар улстөрчид, улс төр судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. МАХН-аас гаргасан шийдвэрийн талаар Улс төр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

 

-Н.Энхбаярт оногдуул­сан ял нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт мөн гэж МАХН-ынхан үзлээ. Мон­гол­чуудаас гадна дэлхийн улс орнуудад Дээд шүүхээс гарах шийдвэрийг анхааралтай хүлээж байх шиг байна?

-Монгол Улсын Дээд шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдуулж байгаа хилс хэргийг ший­дэх эцсийн хурал болох гэж байна. Ер нь Ардчилал ялсан 1990 оноос хойш гарч байгаа хамгийн том улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт яг одоо яваг­даж байна. Ардчилсан нийгэм гэдэг нь өөрөө ямар ч хүн өөрийн үзэл бодол, илэрхийлсэн байр суурь зэргээрээ илт хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй л бол хэлмэгдэх ёсгүй гэ­сэн зарчим дээр тогтдог. Гэтэл энэ зарчим нь то­моохон төрийн зүтгэлтэн хүн дээр алдагдаж байна. 1924 онд манай улс тусгаар тогтнолоо зарласан. Тус­гаар тогтносон Монгол Улсын хувьд энэ хэлмэг­дүүлэлт  хар толбо болж үлдэх гээд байна. Энэ асуудлыг хуульчид хан­галттай тайлбарлах байх. Харин би улс төр судлаач хүний хувьд нэг зүйлд анхаарлыг хандуулахыг хүссэн. Яагаад хэлмэгдэл гэж үзэх үндэслэл байна гэхээр хэлмэгдэлт гэдэг нь хуулийг уландаа гишгэсэн, тухайн хүнийг яллах, буруутгах үйл явц нь өөрөө хууль зөрчсөн, дураараа дургисан байдал дээр тогтдог. Хүмүүс мэ­дэхгүй байх л даа. Гэхдээ миний мэдэж байгаагаар Н.Энхбаярын 49-50 хуудас хавтаст хэргийн 70-80 хувь нь ам дамжсан яриа тө­дийгүй хов живнээс тогт­сон гэдгийг анхан шатны шүүх хурлын үеэр олон түмэн харсан. Гэхдээ нэг хэсэг хаалттай хуралдсан. Тэр хаалттай хурал дээр гаргасан нотлох баримтын хамгийн ноцтой нь хууль бусаар утас чагнасан, ца­хим шуудан руу нь орж мэдээллийг уншсан үйл­дэл байсан. Гэтэл ямар ч ардчилсан гэгдэх нийгэмд аливаа хүний хувийн хэ­рэгт халдаж утасыг чагнах, тагнах асуудал нь өөрөө хууль шүүхээр зохи­цуу­лагддаг асуудал. Өөрсдөө ийм хууль бус үйлдэл хий­чихээд үүн дээрээ үндэс­лэж хүнд ял тохоож байна гэдэг нь байж боломгүй зүйл төдийгүй цэвэр хэлмэгдүүлэлт юм.

-Ганц энэ хэлмэг­дүүлэлт ч биш ер нь АТГ хэн нэгний эрх ашгийн төлөө ажиллаад байгаа нь анзаарагдах юм?

-Үүнийг Монгол хүн бүр битгий хэл дэлхийн улс орнууд хүртэл анхаа­ралтай ажиглаж байгаа. Д.Нацагдорж гуайн зо­хиолд гардаг шиг Мон­голчууд хөмөрсөн тогоон дотор одоо хүртэл амьдарч байна гэж битгий бод.

Гадаад ертөнц гэж байна. Тэд энэ хоёрхон сая Монголчууд ер нь юу болоод, яаж алиалж байгаа вэ гэдгийг дотроо хөх инээд нь хүрээд харж суу­гаа. Ингэж дэлхийд шившгээ тарих хэрэггүй юм шүү дээ. Улс төрийн зүтгэлтэн хүнийг, хэдийгээр төрийн өндөр албан тушаал хашихаа больсон ч гэсэн өөрийн эрхийнхээ дагуу улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан хүнийг хууль бусаар тагнаж, чагнаж байсан гэхээр өөрөө хууль зөрчсөн асуудал. Сайн цаг хэзээ нэгэн үед ирж л таарна. Тэр үед хэн шийдвэр гар­гаж, хэн тагнаж, чагнаж байсан гэдэг нь босч ирэх  асуудлын нэг. Үүнд хариуцлага тооцох л ёстой. Ер нь энэ хэлмэгдүүлэлт бол хэтэрхий хавтгайрсан үзэгдэл. АТГ гэх дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, тодорхой улс­төрчдийн хүрээлэлд үйл­чилдэг заазуурын газар бий болсонд асар их харамсаж байна. Уг нь 1997 онд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун бид нар хамтдаа энэ бай­гууллагыг анх санаачилж, дэлхийн улс орнуудын туршлагыг судалж явсан. Гонконгийн ийм бай­гууллага юу хийдэг юм, ер нь ийм бие даасан байгууллага байгуулвал яасан юм бэ гээд явж байлаа. Гэтэл хүмүүсийн ийм санаачилгыг Монголын бохир улс төр эсрэгээр нь 180 градус эргүүлдэг болчихсон. Нэг сайхан санаа гаргаад түү­нийхээ төлөө зүтгээд эхэл­дэг гэтэл замын дундаас нөгөө улс төрийн цөөвөр чононууд гарч ирээд хувийн эрх ашиг, тоглолтондоо гуйвуулж утга санааг нь завхруулж явдаг практик тогтоод удаж байна. Үүнийг ил тод хэлэхгүй байхын аргагүй.

-Улс төрийн хэлмэг­дүү­лэлтээс үүдэн төрийн эргэлт гарч магадгүй гэсэн айдас хүн бүрт төрөөд байна?

-Ер нь аливаа хууль, хүчний байгууллагыг өөрийн хувийн улс төрийн зорилгоор ашиглаж, зо­рилгоо биелүүлэх хэрэг­сэл, зэвсэг болгож байгаа нь төрийн эргэлтийн хэл­бэр. Нэг ёсны чимээгүй, хүний анхаарал татаагүй төрийн эргэлт явагдаж байна. Нэг тодорхой эрх мэдэлтэн хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хууль хүчний байгууллагыг өөрийнхөө атганд авч байгаа гэдэг нь төрийн эргэлтийн хэлбэр. УИХ-д байгаа, Засгийн газарт байгаа арай сийрэг ухаантай хүмүүст би ан­хааруулж, сэрэмжлүүлж хэлэх гээд байна. Та нар өнөөдөр анзаараарай. Цаг­даа хүчний байгуул­лага, АТГ, шүүх гээд бүгд улс төрийн бүлэглэлүүдэд үйлчилж байна. Хуулиа нулимаад явж байгаа нь аймшигтай. Монгол хууль хүчний байгуул­лагын, АТГ гэдгийн атганд ороод байгааг харуулж байна. Ер нь АТГ-ын цаа­на одоо­гийн Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж байгаа юм уу гэсэн хардлага байгаа. Энэ утгаараа Н.Энх­бая­рыг хэл­мэгдүүлж байгаа то­моо­хон хэлмэгдүүлэлт­тэй үр дүнтэй тэмцэх арга замыг ганц “Шударга ёс” эвсэл, МАХН ч биш мон­голоо гэсэн сэтгэлтэй иргэд, ард түмэн хайж, хэрэгжүүлэх нь зүйн хэ­рэг. Тэгээсэй ч гэж хүсч байна.

-Тэгэхээр та МАХН-ын Засгаас гарна гэсэн шийдвэрийг дэмжиж бай­гаа гэсэн үг үү?

-Хэрэв Н.Энхбаярт ял тулгаж хэлмэгдүүлэх юм бол “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна. Уг нь энэ нь улс эх оронд их хохиролтой. Үүнийг АН-ынхан өөрсдөө илүү ойл­гох хэрэгтэй. Засгийн га­зарт олонхи болсон АН-ын дотор янз бүрийн л санаа бодолтой хүмүүс байгаа. Тиймээс энэ асуудалд эрүүл саруулаар дүгнэлт хийх хэрэгтэй. Эцсийн дүндээ тогтвортой Засгийн газар Монголд хэрэгтэй. Энэ царцмаг байгаа байдлаасаа гарч хөгжлийн төлөө нэг алхам ч гэсэн урагшлах хэрэг­тэй. Гэтэл үүний чөдөр тушаа нь “Шударга ёс” эвсэл биш улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байгаа энэ үзэгдэл болчи­хоод байна. Хэрвээ нэг хүн шоронд ороо л биз, бид Засагтаа байх ёстой гэсэн байр сууринаас хандах юм бол улс оронд ялгаагүй л хохиролтой. Бүх юм уялдаа холбоотой байдаг. Жишээ нь, Украйнд болсон Юлия Тимошенкотой холбоотой асуудал байна. Украйн бол баруун Европыг байга­лийн хийн транзитаар хангадаг их том, эдийн засгийн хувьд Европтой нягт холбоотой газар зүйн байршилтай улс орон. Гэтэл  Тимошенкод хилс хэрэг тохсоноор эдийн засгийн том хохирол амс­сан. Европын орнууд Украйнтай хийсэн гэрээ, тусламжаа цуцалж бай­сан. Тиймээс хэлмэгдүү­лэлт гаргаж өөрийн өшөө хорслыг тайлахын төлөө улс орныхоо хувь заяагаар тоглох хэрэг байна уу АН-ынхаан гэж хэлмээр бай­на. Хэрэв Засгийн газар огцорч, үүнийг хэн ч, юу гэж ч тайлбарлаж, хаш­гирч байсан хэлмэгдүү­лэлтийг таслан зогсоох зөв зүйтэй үйлдэл юм. Яаж ч мушгин гуйвуулсан гэсэн түүхэн үнэнээрээ гараад ирнэ. Үүнээс гарах тэр хор урш­гийг гарцаагүй олонхи бол­сон АН хүлээх болно. Өөрс­дөө үүнийг эрүүл ухаанаар тунгааж бодно биз дээ. 

-Хэдийгээр шударга ёсны төлөө гэж байгаа ч шинэхэн Засгийн газар байгуулагдаад удаагүй, хийх ажил их байхад МАХН ийм шийдвэр гаргаж байгааг буруутгах хүн олон байна?

-Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудын дагуу эвслийн Засгийн газар задарлаа гэхэд Үнд­сэн хуулийн маш ноцтой хямралыг дагуулна. Учир нь дахин шинээр Засгийн газар байгуулах хууль эрх зүйн үндэс нь Үндсэн хуульд байгаа.  Гэтэл шинэ эвсэл байгуулагдах нөхцөл бололцоо ямар байх вэ. “Шударга ёс” эвслийн хувьд ч гэсэн улс төрийн утгаараа яригдана. Бүр цаашилбал Засгийн газар байгуулагдах боломжгүй нөхцөл байдал үүсвэл УИХ тарах хүртэл асууд­лууд бий болох гэж байгаа юм. Ийм их хор хохирол­той байгаа ч гэсэн МАХН Засгийн газраас гарах шийдвэрийг хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр ший­дээгүй. Би дахиад хэлье. Юуны төлөө эвслийн шинэ Засгийн газар бай­гуулагдсан юм бэ. Тодор­хой гэрээ хэлэлцээрийн дагуу эх орноо хөгжүүлье, мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлье гэж Засгийн газраа байгуулсан. МАХН-ын баримталж байгаа нэгэн чухал үнэт зүйл бол улс төрийн хэлмэгдүүлэлт гар­гахгүй байх. Ганц Н.Энх­баярт хэлмэгдүүлэлт тохиол­доод байгаа юм биш. Саяхан гэхэд “Долдугаар сарын 1-ний” хэрэгтэй холбог­дуу­лан цагдаагийн удирд­лагуудыг мөн л хэлмэг­дүүлж ял өгсөн. Ер нь энэ улс төрийн сэдэлт бол долдугаар сарын 1-ний үнэн бодит байдал, Н.Энхбаяр даргын дэлгэн тавьсан протукол­той давхцаж бай­гааг са­нуу­лах хэрэг­тэй. Сүүлийн үеийн энэ АН-ын дураа­раа аашилж байгаа нь хэрээс хэтэрлээ. Хэдий­гээр би МАН-Д шүүмж­лэлтэй ханддаг ч гэсэн төрийн албан хаагч­дыг хоморго­лон халж, халаа сэлгээг “Хэн намайг хэлэ­хэв, нохойг хэн саахав” гэсэн шиг хийж байгаа АН-ынхны үйлдэл ирэх дөрвөн жилд эх орныг хөгжүүлэх үү, уруудуулах уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Ийм үед зөвхөн Засгийн газрын тогтвор­той байдал Үндэсний эрх ашигт нийцэж байгаа гэж ярьж болохгүй. Эцсийн эцэст Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт  давтагдах­гүй байх, шударга байх, хэн нэгэн өнөөдөр аж­лаасаа шалтгаангүйгээр халагдах вий, хэлмэгдэх вий, надтай хувийн өс хонзонгийн үүднээс хан­дах вий гэсэн айдасгүй байх нь Үндэсний эрх ашигт нийцэж байгаа юм. гэтэл энэ айдсыг улайм цайм гаргаад байгаа нөхцөлд ямар ч хамаагүй үнээр Засагт хамтарна гэдэн нь утгагүй асуудал. Нэгэнт АН өөрт хүлээсэн улс төрийн үүргээ бие­лүүлэхгүй байгаа нөхцөлд яаж Засагт хамтрах юм бэ. Тиймээс  энэ асуудлаас болж Үндсэн хуулийн хям­рал үүсэх юм бол дураараа авирлаж байгаа, хуулийг гууль болгож байгаа, улан­даа гишгэж байгаа, өөрс­дийнхөө эрх ашигт ний­цүүлэн ашиглаж байгаа АН, түүнээс нэр дэвшиж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хариуц­лагыг нь хүлээнэ гэж баттай хэлэх байна. Улс төр судлаач хүний хувьд үүнийг дараа дараагийн өдрүүдэд гаргаж тавина гэж бодож байгаа.

-Гэхдээ ганцхан Н.Энх­баярын төлөө МАХН  эх орны эрх аш­гийг гар­гуунд нь гаргаж байна гэж үзээд байгаа шүү дээ?

-Энд ганцхан Н.Энх­баяр даргын асуудал яриг­даад байгаа юм биш. Үүний цаана түрүүнд хэл­сэнчлэн монгол хүн бү­рийн айдасгүй, эрхээ бү­рэн эдлэх, үүргээ биелүү­лэх тэр асуудал агуулаг­даж байгаа. Нөхцөл бай­дал ийм байтал зарим хүн ганцхан Н.Энхбаяраас болж Засгийг тарах гэж байна гэж гуйвуулж бай­гаа. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидер улстөрч гэж бий. Тэгэхээр Монголын улс төрийн тогтвортой байдал нь нийгмийн томоохон манлайлагч болох Н.Энх­баяр гэдэг хүний хувь заяатай салшгүй холбоо­той гэдгийг Монголчууд ойлгох ёстой. Чингис хаанаас эхлээд бидний түүхэнд улс орны хувь заяа нэг хүнээс ха­маарч байсан үе олон бий. Тиймээс энэ асуудлыг жижигхэн болгох гээд, Н.Энхбаярыг шүүх нь шийднэ биз гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ямар ч улс төрийн боловс­рол алга. Эсвэл санаатай­гаар ингэж ярьж байна. Тэр хүн үнэхээр улс төрийн лидер болохоор тэд яаж ч хүсээд Н.Энхбая­раас улс төрийн хувь заяа шалтгаалах л болж таарна. Үүнийг тэр АН болон Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж ойлгох л хэрэгтэй.