Д.МЯГМАР

Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэхэд олон даргын гарын үсэг цуглуулж цаг ихээхэн алддаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ тоог бууруулсан болон 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Төрийн байгууллагын хүнд суртлыг арилгаж, шат дамжлагыг багасгахаар барилгын салбарынхныг цуглуулах гарын үсэг, зөвшөөрлийн хугацааг яаж хөнгөлөв?
-Барилгын үйл ажиллагаа эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2003 оноос эхлээд Дэд бүтцийн сайд, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтарсан тушаал, шийдвэрээр зохицуулж ирсэн байна. Тиймээс холбогдох тогтоолыг өөрчиллөө. Барилгыг гурав ангилж үзнэ. Нэгдүгээрт, Дулаан цахилгаан станцын томоохон эх үүсвэрийн барилгууд, 17 давхраас дээш барилгууд, стадион, төмөр замын буудал зэрэг том байгууламж багтана. Хоёрдугаарт, 16 давхар хүртэлх бүх төрлийн барилга, түгээх шугам, цахилгаан хангамжийн салбар шугам, инженерийн зарим барилга, үтрэм, зоорь агуулах байх юм. Гуравдугаарт, хувийн орон сууц, их засвар, урсгал засвар хийх байгууламжууд багтана. Өмнө нь барилгын үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл авахад 100 гаруй хүний гарын үсэг цуглуулж, 200 гаруй хоног зарцуулдаг байж. Үүнийг өөрчлөөд 80 гаруй гарын үсэгтэй болгож, 120 хоногт багтаасан байсан. Бид үүнийг өөрчиллөө. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар ангиллын барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэл, аймагт “Нэг цонх”-ны үйлчилгээгээр авах боломжтой боллоо. Ингэснээр барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэхэд олгодог зөвшөөрлийг 30-35 өдөрт шийдвэрлэхээр боллоо. Мөн гарын үсгийн тоог ч гурав дахин бууруулсан.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлаар шинэ яам хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Засгийн газраас 2010 онд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарласан. Засгийн хөтөлбөрт багтах орон сууцны хорооллуудыг зарласан. Нийслэлд 158, орон нутагт 91 барилга багтсан. Энэ үеэр Засгийн газар зургаан хувийн хүүтэй зээл олгож 4083 иргэн хүсэлт гаргасан байна лээ. Үүнээс 3965 иргэний хүсэлтийг Төрийн банкинд хүргүүлж тэднийх 1081 иргэнд 47.3 тэрбум төгрөгийн зээл олгосон мэдээ бий. Зээл олгох боломжтой 705 иргэний 30 орчим тэрбум төгрөг хүлээгдэж байна. Тэдний асуудлыг шийдэх ёстой.
-Иргэдэд зээлийг нь олгох боломж байна уу?
-Энэ зээл эхнээсээ тооцоо үндэслэл муутай, сонгуулийн өмнө зарласан шоу байсан. Цаашдаа энэ тогтолцоогоор явахад хүндрэлтэй Хөгжлийн банкны эх үүсвэр таван жилийн хугацаатай ам.доллараар 5.75 хувийн хүүтэй зээл байгаа юм. Бид үүнийг таван жилийн дараа төлөх ёстой. Гэтэл олгож байгаа зээл маань зургаан хувийн хүүтэй, 20-иос доошгүй жилийн хугацаатай. Тиймээс зээлийн зөрүү нь эдийн засагт нөлөөлнө.
- Зээлд хүрч чадаагүй иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
- 705 иргэнд 30 орчим тэрбум төгрөг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар зэхэж байна.
-Засгийн газар орон сууцны бодлогыг шинэчлэх үү?
-Бидэнд орон сууцжуулах өөр бодлого хэрэгтэй. Засгийн газраас орон сууцны зээлийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулж Ерөнхий сайд ахалж байгаа. Иргэдийг орон сууцаар хангах үндэсний хороо нэртэй юм. Дотроо гурван ажлын хэсэгтэй. Нэгдүгээрт орон сууцны шинэ хотхон хороолол барих, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх үүрэгтэй ажлын хэсэг. Хоёрдугаарт, орон сууцны санхүүжилтийн механизм, зээлийн тогтолцоог сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг Хотын дарга Э.Бат-Үүл хариуцаж байна.
-Орон сууцны үнийг бууруулах боломж байгаа юу?
-Үнийг тогтворжуулах эрхзүйн тогтолцоотой улсууд байдаг юм билээ. Засгийн газраас барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогворжуулах арга хэмжээг авна. Үүнтэй холбогдох саналууд ч оруулж байна.
Барилгын материалын үйлдвэрлэл рүү түлхүү анхаарахгүй бол болохгүй нь. Импортоор их хэмжээний цемент, арматур авчирдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангаж яагаад болохгүй гэж. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөж байна. Жилд гурван сая тонн гаргах боломжтой цементийн үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулна. Хоёр жилийн дараа бид цементийн гачаалаас гарна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж байгаа.
Орон сууцны үнийг газрын наймаа хөөрөгдсөн. Газрын үнийг нь орон сууцны үнэд шингээдэг. Усан хангамж, ариутгах татуургын инженерийн байгууламж, шугам сүлжээг төр хөрөнгөөрөө хийх ёстой. Энэ гурван зүйлд бодлогоо чиглүүлбэл орон сууцны үнэ буурах боломжтой.