Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг хууль дүрмийг зөрчиж байна хэмээн  түүний өмгөөлөгчид  дээд шатны шүүхэд ханджээ.  Өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна. 

Энэ үеэр нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгч Д.Одонтунгалаг “Монгол Улсад  нэр дэвшигчийн бүрэн эрхийн баталгаа болон бүрэн эрх хэрэгжихгүй байна. Хэн нэгний нөлөөнд автаж, нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Өмгөөлөгчийн хувиар Сонгуулийн ерөнхий хороонд өөрийн биеэр хүсэлт, гомдлыг гаргасан  боловч СЕХ-оос гаргасан хариу хуулийг илт гуйвуулсан байсан. Бид хуулийг үндэслэн шийдвэр гаргах ёстой. Нэр дэвшигч сонгуульд нэр дэвших  үнэмлэхийг хүлээж авснаар мөрийн хөтөлбөрийн баталгаа хэрэгжинэ  гэдэг заалт бий. Нэр дэвшигчийн эрх нь  сонгуулийн сурталчилгаа эхэлсэн албан ёсны өдрөөс хойш баталгааждаг. Гэвч албан ёсны акт нь 26-ний өдөр гарсан. Тиймээс нэр дэвшигчийн эрхэнд халдаж байгаа баримтууд нь хуульд нийцэж байна уу. Сонгуулийн тухай хуулийн 35.2-д зааснаар  шүүх албан ёсоор зөвшөөрөл авсан байх ёстой атал энэ  журмыг шүүх зөрчсөн. Нэр дэвшигчийн бүрэн эрхийн баталгаа өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Нэр дэвшигч хоригдчихоод байхад СЕХ-оос одоог хүртэл албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Хуулийн байгууллага хүний эрхэд халдсан шийдвэр гаргахдаа заавал хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, сонгуулийн тухай хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа. Нэр дэвшигч Н.Номтойбаяр өмгөөлөгчийг дарамталж, утсаар ярьсан гэдэг үндэслэлээр цагдан хоригдсон. Өмгөөлөгчийн зүгээс энэ тухай нээлттэй хийсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг өгөхийг хүссэн. Гэвч шүүхээс энэ хүсэлтийг зөвшөөрөөгүй. Энэ нь шүүх нээлттэй байх үндэслэлийг хангаагүй. Мөн мэдээлэл гэх нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад шүүгч гаргаж ирсэн. Үүнийг шүүх хуралд оролцож байгаа талынханд зайлшгүй танилцуулах ёстой байдаг. Энэ нь мэтгэлцээний зарчмаар хүний эрхэнд халдах, таслан шийдвэрлэх ажиллагааг өөрчлөх үндэслэл болдог. Хэрвээ бидэнд шүүх хуралдааны тэмдэглэлийг өгсөн бол хэн, хэрхэн хууль зөрчсөнийг нийтэд ил тодоор харуулах боломжтой байсан” хэмээлээ.  

Эх сурвалж:www.polit.mn