Б.НЯМСҮРЭН

Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзоригтой ярилцлаа.

-Та Ерөнхийлөгчид захидал бичсэн гэсэн. Ямар утгатай захидал бичсэн юм бэ. Хариу нь ирсэн үү?

-Эрх мэдэлтэй,  мөнгө төгрөгтэй хүмүүс шүүгч­дийг өөрийн дураар хөдөл­гөөд, шүүх асуудлыг үнэн зөв шийдэхгүй, хэт нэг талыг бариад, талуудад тэгш хандахгүй, мэтгэл­цээ­ний зарчмаар асуудлаа  шийдэх Үндсэн хуульд заасан боломжуудыг ол­гох­гүй байгаа учраас Ерөн­­хийлөгчид хандсан. Хуулиар бол Ерөн­хийлөгч сон­гуулийн мар­гаантай холбоотой асууд­лыг ший­дэх­гүй л дээ. Гэх­дээ Ерөн­хийлөгч  Ц.Эл­бэгдорж шүү­хийн ши­нэт­гэлийг эр­чимжүүлэх талаар сүү­лийн хоёр жил ярьж бай­гаа. Мөн 2009 оны сонгуу­лиар ардчилсан Ерөнхий­лөгч­тэй болсон гэдэг. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох эрхийг шүүхийн шийдвэрээр өөрч­лөөд, та­луу­дад ялга­вартай хандаж, хуулийг буруу хэрэглээд байх юм бол цаашид Монголд  ард­чилал байх уу үгүй юу гэдэг асуудал ч хөндөг­дөнө.

Үнэндээ шүүх эрх мэ­дэлтнүүдийн гар хөл болж хялбаршуулсан журмаар  шийдэх ёсгүй асуудлыг  хялбаршуулсан журмаар шийдчихээд  Н.Төмөрхүү бид хоёрыг давж заалдах эрхийг хүр­тэл хаачихаад байна. Бид хоёрыг  буруут­гаад байгаа энэ шүүхийн шийдвэр бол зөвхөн анхан шатны л шүүхийн шийд­вэр. Давж заалдах шатны шүүхээр ороогүй,  дээд шүүхэд ч очоогүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр бүх юмыг хаачи­хаад байгаа юм. Хамгийн гол нь шүүх асуудлыг үнэн зөвөөр шийдэхгүй, хэт нэг талыг бариад, хуулийг буруу хэрэглээд байгаа юм.

-Та хоёрын давж заал­дах эрхийг яагаад хаасан гэж?

-Биднийг буруутай гэж үзсэн мөртлөө та хоёр хэр­гийн оролцогчид  биш уч­раас давж заалдах эрхгүй гээд хаачихаад байгаа юм.

-Та Ерөнхийлөгчид за­хидлаа хэзээ өгсөн юм бэ?

-Би өчигдөр /уржиг­дар/ захидлаа өгсөн. Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлэх болов уу гэж найдаж байна. Боломж байдаг бол өөртэй нь  биеэр уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шүүхийн шинэчлэлийг  хэрэгжүүлье гэж яриад байдаг, гэтэл эрх мэдэлтэй хүмүүс таны шүүхийн шинэчлэлийн асуудлыг үр дүнгүй болгоод, хараат бус үйл ажиллагаа  явуулах зарчмыг алдагдуулаад байгаа юм биш биз гэсэн үүднээс Ерөнхий­лөгчид хандаж байгаа. Ер нь би шүүхийн шийдвэрт хүн­дэт­гэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн.

-Хэт нэг талыг барьсан гэдгийг та хэд хэдэн удаа хэллээ. Жишээ нь ямар байдлаар нэг талд үйл­чилсэн гэж дүгнэж байна вэ?

-Г.Батхүү, Д.Зоригт нар  бас хууль зөрчсөн тухай маргаан гарсан. Тэр асуудлыг Н.Төмөрхүү бид хоёрыг шийдэж байгаатай адил иргэний журмаар шийдээд өгөөч гэж  өргө­дөл гаргахаар “Иргэний журмаар шийдэх асуудал биш” гээд буцаачихаад байгаа юм. Энэ бол талуудад  тэгш хандахгүй байгааг харуулж байгаа. Мөн Үндсэн хуульд заас­наар шүүх мэтгэлцээний зарчмыг үндэслэн асуу­далд хандах ёстой. Гэтэл олон удаа шүүх хурал болсон гэж ярьдаг боловч С.Чинзориг гэдэг хүнийг нэг ч удаа шүүх хуралд оролцуулаагүй. Би бу­руутай гэсэн яриа сон­согдоод байдаг мөртлөө нэг ч удаа  шүүх хуралд оролцоогүй. Энэ бол мэтгэлцээний  журмаар шийдэхгүй яваад байгааг харуулж байна.

-Таныг өөрийг чинь оролцуулахгүй байгаа мөртлөө шүүхээс таныг буруутай гэж тогтоогоод байна гэсэн үг үү?

-Тийм. Хан-Уул дүүр­гийн шүүх, Өвөрхангай аймгийн шүүх аль аль нь намайг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан. Тэгсэн мөртлөө С.Чинзориг бу­руу­­тай, эд бараа тараасан, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гээд байдаг.  Гэтэл надад эрүүгийн хэ­рэг үүсгээд шалгаж бай­гаа, сэжигтнээр татсан, гэрчийн мэдүүлэг авсан зүйл огт байхгүй.  Харин надтай хамт нэр дэвшсэн Н.Төмөрхүүгийн хувьд эд бараа тараасан асуудлыг нь шалгах шаардлагатай гээд эрүү үүсгээд шалгаж байгаа юм билээ. Өвөр­хангай аймгийн шүүх Н.Төмөрхүү бид хоёрыг сонгуулийн ажилдаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан байна гэсэн захирамжийг есдүгээр са­рын 27-нд гаргасан бай­даг. Гэхдээ ингэж гаргах­даа манай талд ерөөсөө мэдэгдээгүй, манай өм­гөөлөгчид ч хэлээгүй. Түү­ний дараа буюу арав­дугаар  сарын 20-нд сон­гуу­лийн хороонд ажил­ласан гэж яригдаад байгаа насанд хүрээгүй хоёр хүү­хэд “Биднийг ажиллаагүй байхад ажилласан, сон­гуу­лийн тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн мэтээр шүүх шийдвэр гаргасан байна. Бид үүнд гомдолтой бай­на” гэж гомдол гаргасан.  Тэр гомдлыг нь шүүх аваад шинэ нөхцөл байдал гэж үзээд дахин хэлэл­цэхдээ мөн л манай өмгөө­лөгчийг байхгүй хой­гуур шийдсэн. Гэтэл намайг давж заалдъя гэ­хээр та хэргийн оролцогч биш. Давж заалдах эрхгүй гээд байдаг.

-Тэгээд хэн давж заал­­дах эрхтэй юм бэ?

-Хэн ч эрхгүй бол­чихож байгаа юм. Би ха­риуцагч ч, оролцогч ч биш.

-Хэргийн оролцогч нь хэн юм бэ?

-Хан-Уул дүүргийн шүүх дээр хэргийн орол­цогч, хариуцагчгүй шүүх хурал хийсэн, Өвөрхангай аймгийн шүүх тойргийн хороог хэргийн оролцогч гэж үзсэн.

-Та цаашид яах бо­долтой байна. Өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгд­сэн...?

-Одоогоор би Ерөнхий прокурорт хандчихаад бай­гаа. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бай­гаа мэтээр зунжин, на­маржин ярьсан. Үнэхээр эрүүгийн хэрэгт шалгаж байгаа юм уу, үгүй юу гэдэг асуудлаар надад тодорхойлолт гаргаж өгөөч гэж прокурорт хандсан. Хоёрдугаарт, нэр төрөө сэргээлгэхээр шүү­хэд хандана. Одоохондоо Их хуралд болж байгаа үйл явц, АН-ын явуулах үйл ажиллагаануудыг харж байна. Үүний дараа нам­тайгаа ярьж байгаад улс төрийн арга хэм­жээ­нүүдээ шийднэ. Гэхдээ улс тө­рийн өрнөж байгаа нөхцөл байдлаас харахад өнөө маргаашдаа Их ху­ралд тангараг өргөх асуудал яригдаад шуурхай явчих­гүй байх. Би Үндсэн хуу­лийн цэцэд өмнө нь гомдол гаргасан. Цэцээс хариу ирсэн. “Шүүх дээр  асуудал эцэслэн шийд­вэр­лэгдээгүй байгаа юм байна. Тиймээс цэц хянаж маргаан үүсгэх боломжгүй байна.  Шүүх дээр маргаан эцэслэн шийдвэрлэгд­сэ­ний дараа та дахин цэ­цэд хандах эрхтэй” гэсэн ха­риу ирүүл­­сэн. Тиймээс шүүхийн  шийдвэр эцэс­лээд дуусвал цэцэд дахиж хандана.

-Ардчилсан намынхан шүүхийн шийдвэр манай талд гарсан. Хоёр гишүүний тангараг өргөхөд хууль зөрчихгүй боллоо гээд байгаа. Гэтэл та эцэслэгдээгүй гээд байх юм?

-Уг нь шүүхийн шийд­вэр эцэслээгүй. 10 дугаар сарын 16-нд анхан шатны шүүхийн шийдвэр гарч С.Чинзоригт олгосон түр үнэмлэхийг хүчингүй бол­госон. Үүнийгээ шүүхийн  шийдвэр бол эцсийнх бай­на гэдгээр тайлбарласан юм. Гэтэл маргааш нь на­санд хүрээгүй хоёр хүүхэд “Бид тойргийн сон­гуулийн хороонд ажиллаагүй” гэ­сэн гомдол гаргасан учир шүүх асуудлыг дахин авч үзэх болсон. Үүний дараа Хархорины шүүх шинээр үүссэн нөхцөл  байдлыг дахин авч үзэх нь зүйтэй гэсэн шийд гаргачихсан. Тэгэхээр цэцийн хариу хэлснээр шүүхийн эц­сийн шийдвэр гараагүй гэдэг нь үнэн байгаа биз. Хамгийн эмгэ­нэлтэй нь Сонгуу­лийн ерөнхий хороо шүү­хийн мараан эцэслэн ший­дэг­дээгүй байхад шийд­вэрээ гаргаад Их хуралд нэрсийг нь өргөн барьчихсан юм.  Үнд­сэндээ СЕХ  хууль зөрчөөд шийдвэрүүдээ гаргасан.

-Ардчилсан намынхан нэлээд яаравчилж, хэзээ мөдгүй хоёр гишүүнийхээ тангаргийг өргүүлнэ гэж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна?

-Ардчилсан намынхан энэ хоёр  суудлыг авахын төлөө үнэндээ улайрч бай­на. Яагаад гэвэл өөрсдөө олонхи болоогүй учраас Их хуралд байгаа тоог хууль зөрчөөд ч болов хоё­роор нэмэхээр зүтгэж байгаа. Олонхи болох со­нирхол байж болно, гэхдээ хуулийг уландаа гишгэж болохгүй. Ялангуяа ардчилсан хүчин засаг барьж байгаа үед Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг шүүхэд нөлөөлөх замаар булаан авч болохгүй.

-Орон нутгийн сонгуу­лиар Өвөрхангайд Ардын нам ялсан. Гэхдээ орон нутгийн  сонгуулийн өмнө Их хурлын дарга Өвөр­хангай аймагт ажилласан. Нэг талаар үүнийг Өвөр­хангайн тойрогт ардчилсан нам нэлээд анхаарал хан­дуулж байгаа, Их хурлын дарга З.Энхболд Г.Батхүү, Д.Зоригт нарыг дэмжиж байгаа учраас Өвөрхан­гайд ажиллалаа гэсэн хардлага дагуулж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Орон  нутгийн сонгуульд Өвөрхангайд Ардын нам ялсан. Энэ бол 2012 оны УИХ-ын сон­гуульд МАН-ыг, МАН-аас нэр дэвшсэн нэр дэв­шигчдийг дэмжсэн, сонго­сон гэдгээ баталгаа­жуулсан иргэдийн сонголт байсан гэж үзэж болно. Г.Батхүү бид хоёр хоёулаа Хужирт сумынх. Манай сумын 27 суудлын 21-ийг Ардын нам авсан. Энэ бүхэн аймгийн хэмжээнд, бидний овоглож явдаг суманд ч иргэд маань Монгол Ардын намыг сонгосон гэдгээ баталсан нотолгоо боллоо.

Их хурлын дарга Өвөр­хангай аймагт ажиллах нь бүрэн эрхийнх нь асуудал. Гэхдээ Өвөрхангай аймагт очиж ажиллаад орон нут­гийн сонгуульд нөлөөлнө, Ардчилсан намыг  ялал­танд хүргэнэ гэж бодож очсон байх. Харамсалтай нь Өвөрхангайн сонгогчид тийм таатай хүлээж аваа­гүй юм билээ. Их хурлын сонгуульд ялалт байгуул­сан хоёр нэр дэвшигчийнх нь эрхийг зөрчиж, тан­гараг өргүүлэхгүй байгаа учраас “Бидний сонголтыг баталгаажуулж өг” гэсэн шаардлага  тавьсан гэсэн. Иргэдтэй хийсэн уулзалт таагүй, талцсан, ширүүн уур амьсгалтай болсон байна лээ. Тийм учраас Орон нутгийн сонгуульд Ардчилсан намын дүнд эерэгээр нөлөөлж чадаагүй байх. Харин би нэг зүйлийг хэлж чадна. Г.Батхүү, Д.Зоригт нарыг Өвөрхангай аймгийн сон­гуульд унахад З.Энхболд нэлээн хүчтэй нөлөөлсөн шүү. 2012 оны сонгуулиас өмнө  Өвөрхангай аймгийн АН-ын дарга нь Г.Батхүүгийн хүн байсныг З.Энхболд өөрчилж өөрийн хүнээ тавьсан. Тэр хүн нь Их хурлын сонгуулийн өмнө мөн л сумдынхаа намын дарга нар буюу Г.Батхүүгийн хүмүүсийн оронд өөрийн талын хүнээ тавьсан юм билээ. Энэ нь тэдний зөрч­лийг нэлээд хурцатгасан. Нөгөө талаас Т.Хасбаатар Д.Зоригт, Г.Батхүү хоёрыг мөнгө тараасан гэж мэ­дэгд­сэнээрээ намынхаа нэр дэвшигчдийг унахад гол нөлөө үзүүлсэн.

-Та Их хурлын сонгуулиас хойш асуудлаа шударгаар шийдүүлэхийн төлөө нэлээд удаан явлаа. Энэ хугацаанд таныг да­рамт­лах ч юм уу, шахаанд оруулах, эсвэл тохиролцъё гэсэн санал ирж байв уу?

-Одоогоор өөрт мэд­рэгдэж байгаа зүйл алга. Гэхдээ эрх мэдэлтэй, мөн­гөтэй хүмүүс шүүхийг  өөрс­дийнхөө гараар хө­дөлгөж, дуртай үедээ хүс­сэн шийдвэрээ гаргуулж байгаа нь нэг талаасаа том дарамт. Нэг зүйлийг хэ­лэхэд, Г.Батхүү, Д.Зоригт нар Ерөнхийлөгчийн нэрийг бариад шүүгч нарыг ашиглаад байгаа юм. Өвөрхангай аймгийн  сум дундын шүүгч Куланда гэж хүн байсан. Тэр  шүүгч бидний сонгуулийн маргаантай холбоотой хоёр шийдвэр гаргасан юм. Нэгдүгээрт, Н.Төмөрхүү бид хоёрыг шүүх хуралд хариуцагчаар оролцуулж өгөөч гэсэн бидний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн хороог шүүхийн шийдвэр гартал ямар нэг шийдвэр гаргах эрхийг нь түдгэлзүүлсэн захирамж гаргасан. Гэтэл тэр шүүгч саяхан Баянгол дүүрэгт шүүгчээр томилогдож ир­сэн. Үүнийг тэдэнд үйл­чилснийх нь хариу ч гэж үзэж болно. Засаг барьж байгаа хүмүүс шүүгчдэд албан тушаал, амлаж өөрс­дөдөө ашигтай шийдвэр гаргуулдаг ийм явдал байна. Энэ бүхэн цаашид шүүхэд итгэх ард түмний ит­гэлийг ч сулруулж бай­на. Монголд шударга ёс байна уу, үнэний манаач болсон шүүгч нар үнэний талд ажиллаж чадаж байна уу гэдэгт ч эргэлзэж бай­на.

-Ингэхэд танай намын­хан энэ асуудалд хэр анхаарч байна. С.Чинзориг гэдэг хүн л яриад байх юм, нам нь хөдлөхгүй байна гэсэн яриа хүртэл гарсан байсан?

-Хүн болгоны мэдээ­лэл авч байгаа эх сурвалжаас л болж байгаа байх. Нам ажиллахгүй би ганцаараа дуугараад байгаа юм биш. Тэгээд ч энэ бол ганц С.Чинзориг гэдэг хүний асуудал биш.  Монгол Ардын намын их хурал дахь төлөөллийн асуудал. Олон түмний өг­сөн сонголтыг баталгаа­жуулах, нэг ч гэсэн суудлаа нэмье гэсэн бодол улс төрийн хүчинд байлгүй яах вэ. Манай намын­хан буйдантай суулт хүртэл хийж олны нүд, чихийг дэлдийлгэсэн шүү дээ.