Ч.ОЛДОХ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, өөрийн гишүүдээ Засгийн газраас гарахыг даалгасан гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд өглөө. Тэрээр хэлэхдээ, МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа Монгол Улсад ардчилал шударга ёсыг бэхжүүлэхийг харилцан тохиролцож, зорилгоо болгон ажиллахаар гэрээ байгуулсан. Гэтэл улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал улам бүр гүнзгийрч, МАХН болон гишүүдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна.

Үүний нэг жишээ нь орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хууль бусаар хасах зэргээр хавчин гадуурхсан хэмээн онцлов. Тэрээр цааш хэлэхдээ “Орон нутгийн сонгуульд манай нам 8000 мандат авах эрхтэй байсан ч 2000 гаруй хүн нэр дэвшсэн. МАХН-ын гишүүдийг хууль бус шалтаг шалтгаан, зарим үед ямар ч шалтаггүйгээр хасч нийт гишүүдийн ердөө 30 хувь нь сонгуульд орох эрхтэй болсон. Мөн шүүхийн шийдвэр гарсаар байтал зарим газарт эрхийг нь олгохгүй байсаар ердөө гуравхан хоног сурталчилгаа хийх боломж олгосон. Энэ маягаар хавчин гадуурхаж байна” гэлээ.
Мөн сонгуулийн хороодод МАХН-ын олон саналын хуудас хүчингүй болсон. Ганц жишээ хэлэхэд Сонгинохайрхан дүүрэгт 9000 саналын хуудас хүчингүй болсон. Аймаг сум дүүргийн ИТХ-д манай намаас нэр дэвшигч 187 хүнийг бүртгэхийг хориглож, Говь-Алтай, Хөвсгөл, Багахангай, Дорнод аймагт МАХН-ыг бүртгэж авалгүй сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Мөн зарим газар үнэмлэхийг нь олгосон боловч саналын хуудас хэвлүүлэхдээ нэрийг нь мартсан тохиолдол гарсан. Харин санал хураах төхөөрөмжийн хувьд МАХН-ыг иргэд сонгоход өөр намын нэр гарч ирсэн. Санал авах машин нь тусгай, дугаар, нэр дэвшигчийг бүртгэдэг байх магадлалтай гэж үзэж байгаагаа тэрээр сэтгүүлчдэд дуулгав.
Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших Н.Энхбаяр, З.Ойдов, С.Авирмэд, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг хууль бусаар хасч байсан. Энэ нь улс орны төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллах туршлагатай, өндөр боловсролтой хүмүүсийг шахан зайлуулах арга байсан. Үүний адил орон нутагт ч бас дахин ийм явдал давтагдлаа. Бид ийм хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой. Иймээс бид МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудлуудыг хэлэлцэж Монголын ард түмэн, МАХН-ыг дэмжигчид, гишүүдийг сонгох сонгогдох эрхээ хамгаалах хэрэгтэй гэсэн байр суурьт хүрсэн. Тиймээс ч шударга нийгмийг цогцлоох гэж тохиролцсон мөртлөө энэ талаар юу ч хийхгүй байгаа Засгийн газраас МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва миний бие гарах ёстой юу гэдэг талаар эвслийн удирдлагуудтай ярилцах хэрэгтэй болсон гэдгээ тэрээр дурьдлаа.
Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй Засгийн газраас гарах талаар ярьж байгаа. Өнөөдөр энэ талаар хамтарсан мэдээлэл хийнэ гэлээ. Цаашид улс төрийн тогтворгүй байдал үүсэх юм бол МАХН, МҮАН хариуцлага хүлээхгүй. Харин шударга биш, хууль хяналтын байгууллагад нөлөөлж, хуулийг хараат болгож байгаа, эрх мэдлийг урвуулж байгаа энэ асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээх ёстой. Тиймээс ч бид хэлэлцээрийн ширээнд сууж байна. Биднийг Засгаас гарах шийдвэр гаргах үед үндэсний эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэж шүүмжлэх хүмүүс гарсан. Гэхдээ бид үндэсний эрх ашиг гэж хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх гэж бодож байна. Тиймээс бид иргэн хүний эрхээ эдлэх тэр үндсэн эрх ашгийн төлөө, хараат бус шүүхийн төлөө тэмцэж байна. Харин хувь хүн, намын эрх ашгийг хоёрдугаарт тавьж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун нартай хамтран ярилцана. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хандана гэж үзэж байгаагаа МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва мэдэгдлээ.