-У.Хүрэлсүхийн хүлээх хариуцлага МАН-ынхныг тайвшруулах уу-
Ө.БАТХҮҮ

Сонгуулийн шөнө хүчтэй цохилт авсан МАН-ын нокаут гараагүй байна. Омголон, бардам байсан эрх баригчдад энэ удаад сонгогчид хатуурхлаа. Тэдэнд ердөө л 30 орчим суудал өгсөн нь тус намынхны хувьд аянга ниргэхтэй адил байсан гэх. Ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарч, намаа олигархиудаар тойрон хүрээлүүлсний горыг тэд ийнхүү амсав. “Болох юм болдгоороо л боллоо. Нүгэл хэзээ нэгэн цагт нүдээрээ гардаг юм” гэж тавлах хүмүүс ч цөөнгүй байна. Ялагдчихаад түүндээ итгэхгүй гунихарч суух өдрүүдийн хамгийн гашуун нулимсыг намын дарга С.Батболд унагаж байгаа болов уу. Түүнтэй хамт “Хар толгойгоогоороо хариуцлагаа хүлээнэ” гээд мэдэгдчихсэн генсек У.Хүрэлсүх ацан шалаанд орчихсон сууж байгаа нь тодорхой. Тэр амнаасаа бултах элдэв арга хайж суугаа биз. Гэвч эр хүн нэгэнт амлачихсан хойно хариуцлагаа хүлээхээс өөр замгүй. Гэхдээ нарийн бичгийн даргаараа туг тахиад МАН-ынхан тайвширна гэвэл үгүй. С.Батболдыг намын даргаас нь буулгаж хаяад ч нэгэнт ирсэн ялагдлын нулимсын гашуун дарагдахгүй. Тэгэхээр одоо МАН-ын нүүдэл юу байх вэ.
ГАР ТООЛЛОГО АРДЫН НАМЫНХНЫГ АВРАХГҮЙ
Хэдийгээр улсын хэмжээний бүх тойрог, хэсгийн хороодод хяналтын тооллого явуулъя гэдэг хүсэлтийг МАН бусад намын хамт СЕХ-нд хаягласан ч хариу өгөөгүй байна. Хуульд дахин гараар тоолох тухай үг, өгүүлбэр байхгүй тул СЕХ-ноос ирэх хариу эерэг байх боломжгүй, дахин тоолсон ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнд л ашигтай байхаас МАН-д авралын оч асах боломж үгүй биз. Ардын намын УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин сонгуулийн шөнөөс эхлэн гараар тоолно хэмээн зүтгэж, түүгээр намын удирдлагууд нь сэтгэлээ зогоож буй боловч ирээдүй нэгэнт тодорхой болсон тул МАН-ынхан гашуун ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрч эхлэв. Одоо МАН-ынхан АН-ынхнаас хариугаа нэхэж хамтарсан засаг байгуулах тухай бага зэргийн башир үгтэй хадгийг барьж гүйхээс өөр мэргэн сонголт үнэндээ үлдээгүй аж. Нэгэн цагт хамтарч байсан АН МАН-ыг хаясныхаа дараа дахин хамтрахгүй өөр, өөрийн замаар явна гэж байсан ч улс төр нэгэнт бохир тул 100 хувь болохгүй юм гэж хаана ч байхгүй. Гэхдээ болгох зам нь тун хэцүү. Энэ тухай МАН-ын удирдлагууд сонгуулийн шөнөөс эхлэж бодсон нь ойлгомжтой байх. Гэхдээ АН-ынхан МАН-д нааштай хариу өгөхгүй л болов уу. Аль ч талаас нь бодсон АН МАН-тай биш МАХН-ын эвсэлтэй хамтарч засаг бүрдүүлэх нь ашигтай хувилбар гэдгийг улс төр судлаачид мэдэгдэж эхэлсэн. Хар ухаанаар бодоход л МАХН-ын эвслийнхэн АН-аас МАН-тай эвссэнээс хамаагүй бага албан тушаал эзэгнэх нь тодорхой юм. Эвслийнхэн ч АН-тай хамтарч засаг байгуулахад бэлэн гэдэг мессежээ илгээлээ.
АН ХААШАА ХАРАХААС МАН-ЫН “ГУДАМЖИНД ГАРАХ” ЭСЭХ ШИЙДЭГДЭНЭ
Асуудал нэгэнт иймдээ тулсан тул АН-ыг царай алдахаас өөр сонголт МАН-д үнэхээр үлдсэнгүй Хамтрахгүй, сөрөг хүчин шиг сөрөг хүчин болж үлдье гэхэд хэзээнээсээ албан тушаалгүй амьдралаар замнаж үзээгүй тус намынханд туйлын хүнд тусна. АН МАН-д “За” гэж хэлэхгүй бол яах вэ. Энэ нь тэднийг бүр ч хүнд байдалд оруулах болно. Ард түмний сонголт энэ удаад холимог байлаа. МАН АН-ыг гуйж, АН сонголт хийх парламентыг , Засгийн газрыг иргэд сонгосон нь МАН-ын олон жилийн ноёрхолд цэг тавьж орхив. Н.Алтанхуягт Ерөнхий сайдаа, Э.Бат-Үүлд нийслэл хэмээх саалийн үнээгээ алдах нь Ах намын хувьд дэндүү тодорхой болчихсон билээ. Нэгэнт ирсэн тавиланг туулж гарахаас өөр зам байхгүй. МАН-ын хувьд АН-д хадаг барихаас өөр сонголт үгүй. Энэ бол эцсийн арга. Хүлээж авахгүй бол МАН гудамжинд гарснаас ялгаа юу байна. Түүнээс биш У.Хүрэлсүхийн хариуцлага, С.Батболдын огцролт юуг ч аврахгүй.