Ч.ОЛДОХ

 

МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гишүүдээ татахаа мэдэгдсэн нь улс төр дэх шуугиан болов. Энэ талаар тус намын  нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгээс тодрууллаа.

 

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо  гишүүддээ засгаас гарах үүрэг өгсөн гэсэн. Ямар үндэслэлүүд байгааг тодруулахгүй юу?

-Гүй­цэтгэх товчоо хуралдаж хэд хэдэн асуу­дал ярьсан. Хамгийн гол нь орон нут­гийн сонгуу­лийн дүн, на­мын даргын хууль бусаар хэлмэгдсэн тухай ярилаа. Бид Эвс­лийн Засгийн га­зарт орж  ажиллахдаа нэг­дү­гээрт нийгэмд шударга ёс тог­тоо­но, хоёрдугаарт хэл­мэгдүүлэлтийг таслан зог­соож энэ талаар тодор­хой арга хэмжээ авч ажил­лана гэсэн заалтыг гэрээндээ оруул­сан.

Гэтэл өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай намаас  гэрээнд оруулсан заалт хэрэг­жээгүй. Тиймээс Гүй­цэтгэх товчооны гишүүд хуралдаж, нөхцөл байд­лыг хэлэлцсэн. Гишүү­дийн олонхи нь цаашид ийм байдлаар явбал МАХН эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэн зорилгоо хэ­рэгжүүлж чадахгүй гэсэн ойлголтод хүрсэн. Иймд Засгийн газраас гарах нь зөв  гэдэгт санал нэгдэж, тэнд байгаа өөрийн намын гишүүдэд “Засгийн газ­раас гар” гэсэн чиглэл өгөөд байна. Өнөөдөр Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ихээхэн ярьж байна. Энэ асуудал бодитой боллоо, хэлмэгдүүлэлт байна гэж үзэж  Гүйцэтгэх товчоо  шийдвэрээ гаргалаа.

-Сонгуулийн үр дүн, намынхаа  мөрийн хөтөл­бөрийн тухайд  ямар дүгнэлт хийсэн бэ?

-Манай намын  УИХ болон Орон нутгийн сон­гуулийн мөрийн хөтөлбөр­төө тусгаж, хэрэгжүү­лэхээр зорьсон  тусгаар тогтнол, байгалийн баялгийн бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдралын төлөө,   нийгэмд шударга ёс тогтоохын төлөө  зорилго хэрэгжихэд  төвөгтэй байна. Тиймээс   зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ард түмэнтэйгээ хамт  тэм­цэнэ.  Манай нам хянал­тыг ард түмэнтэйгээ хамт гэсэн уриа дэвшүүлж, ийм зорилго чиглэлтэй сон­гуульд орсон. Гэтэл  Зас­гийн газарт орж ажиллаад нэмэр алга. Тиймээс ард түмэнтэйгээ  төр,  засгийн үйл ажил­лагаанд  хяналтаа бодитойгоор тавьж, үйл ажиллагаагаа хэрэг­жүүлье.  Түүнийхээ төлөө ажиллая гэсэн зорилгыг гол болгож шийдвэр гаргасан. Нөгөө талаас, жинхэнэ АТГ-т шалгуулж  хариуцлага хүлээх ёстой нэр бүхий хүмүүс өнөөдөр ч зүгээр байна. 2011 онд бид Бүх ард түмний хурилдай хийж 15 толгой олигархийг тод­руулж зар­ласан. Өнөөдөр монгол­чууд ямар хүмүүс эх орон, ард түмнийхээ эсрэг  ажиллаж байгалийн баялгаа үнэгүйдүүлснийг мэдэж байгаа. Гэтэл илэрхий бөгөөд  тодорхой энэ хүмүүст хариуцлага тооцож, шүүж ярихгүй атлаа ямар ч холбогдолгүй хэрэгт манай намын дар­гыг  холбогдуулан, хил­сээр шийтгэх гэж байгаа нь хэсэг бүлэг хүн өс хонзон санаж,  өөрс­дийн эрх ашгийн төлөө ийм зүйл сэдсэн гэж үзэж  байна. Нийгэмд болж буй шударга бус үйл явдлыг даамжруулж, гааруулж, үүнийх нь эсрэг үг хэлсэн манай намын даргыг  баривчилж  хэлмэгдүү­лэхээс гадна сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар манай өч төч­нөөн гишүүний  сонгох, сонгогдох эрхийг  зохиом­лоор хаслаа. Энэ бүхэнд бид дүгнэлт хийсэн.

-Орон нутгийн сонгуу­лиар   танай намын хэчнээн нэр дэвшигч хасагдсан бэ?

-Манай намыг  сон­гуульд нэр дэв­шүүлэхгүй байх, оролцуулахгүй байх гэсэн үйлдэл олон газар гарлаа. Манай нам 2700  орчим  хүний нэр дэвшүүлсэн. Түүнээс 280 гаруйнх нь нэрийг  татуулж сонгуульд оролцуулсан­гүй. Энэ бас л нөгөө хэл­мэгдүүлэлт улам даам­жирч, газар авч байгаагийн шинж. Ард түмэн, эх орон, шударга ёсны төлөө гэсэн чин хүслийг таслан зогсоох гэсэн ямар ч үнээр ха­маагүй манай намын зо­рилгыг тасалдуулах, хааж боохыг зорьсон үйлдэл  гэж МАХН-ын Гүйцэтгэх товчоо үзэж байгаа.

-Засгийн газарт байгаа танай намын гишүүд ямар байр суурьтай байна?

-Гүйцэтгэх товчооны   шийдвэрийг хүлээж авч өөрсдийн  алхмыг  хийх байх.