Б.СОЛОНГО

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Цар тахлын улмаас дэлхий тэр чигтээ өөр хэмнэлд шилжчихлээ. Ард иргэдээ эрүүл байлгах, эдийн засгаа тогтвортой авч явах гээд төр засгийн удирд­лагуудад шийдвэрлэх олон асуудал  тулгарч байна. Манай улс энэ онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна гэж та харж байна вэ?

-Коронавирусын асуу­дал хоёр үр дагаврыг да­гуулж байгаа.

Тийм учир аливаа улсын төр засаг ерөнхий зургийг томоор харж хоёр асууд­лын аль алийг нь нэгэн зэрэг шийдвэрлэх шаардлага тавигдаж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал. Төр засгаас хүний амь насанд аюул занал учруулсан асуудлыг шийдвэрлэх аргуудыг аль болохоор цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад энэ чиглэлээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ ажиллагаа нэлээн урт хугацаанд явагдах ёстой учир эцэстээ үр дүн нь яаж гарахыг яг одоо баттай хэлэхэд эрт байна. Харин энэ асуудалтай холбоотой нэг чухал ажил сайн хийгдэхгүй байна уу даа гэж харагдаж байгаа. Юу гэвэл гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирье гэсэн хүслээ илэрхийлж байхад нь төр засгаас тэднийг авчрах ажлыг сайн зохион байгуулж чадахгүй байна. Янз янзын шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эх орондоо чөлөөтэй орж гарах эрхтэй гэж зааж өгсөн учир иргэдийнхээ энэ эрхийг хангах үүргийг төр засаг хүлээх ёстой. Зарим хүн тэдэн дунд өвчтэй хүн байвал Монголд ирүүлээд яах юм бэ гэж бодож магадгүй. “Монгол хүн монгол хүндээ хайртай байх” гэдэг та биднийг нэг үндэстэн болгож зангидаж байгаа сэтгэлийн холбоос хэвээрээ байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнд хэцүү үед нэг нэгэндээ туслах сэтгэлгүй, хүсэлгүй байгаа бол хараахан нэг үндэстэн болоогүй байна гэсэн үг. Тэгэхээр ядарсан зүдэрсэн, харийн нутагт хаягдсан, гацсан монголчуудаа эх орондоо буцаан авчрах асуудалд онцгой анхаарахыг төр засгаас шаардах хэрэгтэй.

Саяхан Москвад халимагууд, Улан-Үдэд буриадууд манай оюутнууд орох оронгүй, оочих аягагүй, идэх хоол, уух ундаагүй зүдэрч байхад нь та бид нэг язгууртай нэг үндэстэн гээд яаж туслав. Тэднээсээ сурах, үлгэр авах хэрэгтэй гэж хэлье. Нөгөө талаар яг өөрийн аав, ээж, эхнэр, хүүхэд, ах дүү, хамаатан садан тэгж зовж байгаа бол “та өвчтэй байж магадгүй учир таныг гэртээ оруулахгүй” гээд хаалга үүдээ онгойлгохгүй байгаад байх уу. Мэдээжийн хэрэг ёс суртахууны хувьд тэгтлээ дордчихсон хүн, хүн чанараа алдчихсан этгээд та бидний дунд байхгүй биз ээ.

Харин эх орондоо эргэж ирсэн хүмүүс дотор өвдсөн хүн байгаа бол тусгаарлаад эмчлэх арга хэмжээ авах, бусад нь халдчихгүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол төр засгийн үүрэг, бас иргэдийн ухамсарын асуудал. Харин хаа очиж манай иргэд их ухамсартай байна гэж бодож байгаа. Өвдсөн монголчууд маань хурдан эдгээсэй гэж хүсэн ерөөж байна. Энэ аймшигт өвчин битгий тархаасай.

-Хоёр дахь чухал асуудал нь мэдээж эдийн засаг. Энэ өвчин манай улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьдралд хэрхэн тусч байна вэ. Эдийн засгийг дэмжихээр гаргасан олон шийдвэрүүдийн талаар та ямар бодолтой байна?

-Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн зардлыг коронавирусын эдийн засгийн хямралыг давахад зарцуулна гэж мэдэгдсэн. Энэ бол манай улсын ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал. Тэгвэл Төсвийн тухай хуулинд ДНБ-ий 3-аас илүү хувьтай тэнцэх хэмжээний зардал гарах шаардлага бий болвол төсвийн тодотгол хийнэ гэж тодорхой заасан байгаа. Дээр нь коронавирусаас болоод эдийн засаг хямарсан учир төсвийн орлого нэг орчим их наяд төгрөгөөр тасарч байгаа. Коронавирусын сураг ажиг бараг сонсогдоогүй байсан 2019 оны арваннэгдүгээр сард төсвөө баталсан учир коронавирусын аюулыг давах тухай зардал огт тусаагүй. Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ УИХ-ын хууль, тогтоол болж гарч байж хэрэгжих эрх зүйн үндэс нь баталгаатай болно. Ерөнхийлөгч ч УИХ-д хандан төсвийн тодотгол хийхийг шаардсан. Энэ бүх нөхцөл байдлыг үндэслэн УИХ төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд нар төсвийн тодотгол хийхгүй гээд гөжөөд байгаа. Яагаад ингэж гөжөөд байгаа юм бэ гэж асуух нь зүйн хэрэг. Тэд МАН-ын 65 гишүүнтэйгээ хамтраад тэдний сонгон шалгаруулахад нь шууд болон шууд бус аргаар оролцсон компаниудад хөрөнгө оруулалтын 2 их наяд төгрөгийн зардлын эхнийхийг нь гаргаад өгчихсөн байгаа, ингэснээр УИХ-ын сонгуульд МАН-д ашигтай нөхцөл байдал бүрдэнэ, эндээс сонгуулийн зардлаа босгоно гэж бодож байгаа гэсэн таамаглалыг хүмүүс дэвшүүлж байна.  Ийм явцуу ашиг сонирхлоо хамгаалаад төсвийн тодотгол хийхгүй гээд гөжөөд байгаа гэсэн таамаглал байгаа нь үнэний ортой гэж үзэхээс өөр аргагүй.

Тэгэхээр корона­вирусын эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Засгийн газраас авах гэж байгаа арга хэмжээ нь хэрэгжих эрх зүйн баталгаагүй гэж үзэж болно. Хоёрт, авах гэж байгаа арга хэмжээ нь эдийн засгийн хямрал яг хамгийн хүнд туссан хүмүүс, аж ахуйн нэгжид хүрч байна уу үгүй юу гэдгийг судлах ёстой. Миний бодоход үгүй. Яагаад гэвэл Засгийн газар анхнаасаа арга хэмжээгээ зарлахдаа өөрийнх нь оролцоогүй болж байгаа үйл явдлыг өөрөө хийж байгаа юм шигээр зарласан нь коронавирусын эдийн засгийн хор хохиролыг даван туулахад биш харин өөрсдийгөө пиардахад илүү анхаарчээ гэсэн ойлголт өгсөн. Ард түмэн ч тэнэг биш юм болохоор тэгэж ойлгосон байх. Тухайлбал, эдийн засгийн хямрал болж байгаа учир хүмүүс, компаниуд НДШ төлөх ямар ч боломжгүй болсон. Гэтэл Засгийн газар харж үзэж төлбөрийг нь хойшлуулж байгаа мэтээр зарласан. За яахав. НДШ-ийн төлбөрийн хугацааг хойшлуулсан нь сайн гэж бодоё. Тэгвэл НДШ төлдөггүй хүн, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын шийдвэр яаж тусах вэ. Яаж ч тусахгүй. Тэдний байдал улам дордоно. Тэгэхээр энэ бол цөөн тооны хүн, компанийг хамарсан шийдвэр болсон байна.

Дэлхий дахинд нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом унаад нэлээн хугацаа өнгөрсөн байхад Засгийн газар өөрөө нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулж байгаа мэтээр зарласан. Уг нь ийм арга хэмжээг аль эрт авах ёстой байжээ.

Ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн хүмүүст тус бүр 200 мянган төгрөг өгнө гэв. За яахав зөв гэж бодъё. Тэгвэл харамсалтай нь ажлын байраа хадгалсан компаниудад нь ямар ч дэмжлэг урамшуулал байхгүй байгаа. Гадаадын улс орнуудад ажлын байрныхаа 90-ээс доошгүй хувийг хадгалсан компаниудад урт хугацааны буюу тав хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлж байна.Өөрсдөө ажлын байр бий болгож ахуй амьдралаа залгуулж байгаа хүмүүс ажилгүй, орлогогүй болж байгаа бол нэг хүнд 1200 ам.доллар, эхнэр нөхөр хоёрт 2400 ам.доллар, 17 нас хүрээгүй хүүхэд бүрт 500 ам.доллар тус тус олгож байна. Ингэж хүнээ, ялангуяа хүнд байдалд орсон хүнээ бодитой дэмжиж байна.

Дээрээс нь аялал жуулчлалтай холбоотой аж ахуйн нэгжүүд онцгой хямарч байгаа учир тэдэнд тусад нь бодлого гаргаж тусалж байна. Тэдэнд хөнгөлөлттэй зээл өгөх зэргээр харж үзэж байна. Гэтэл манай МИАТ, УБТЗ гэх мэт төрийн өмчийн болон тэдгээртэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн өмчийн компаниуд хямрахгүй байгаа юм уу.Хямарч байгаа бол тэдэнд яаж туслаж байгаа юм бэ. Дээр нь айл өрхийн орлого буурч байгаа учир тэдэнд хоол хүнсээр яаж туслаж байгаа вэ. Гадаадад айл өрхөд үнэгүй хоол хүнсний зүйл тараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манайх энэ чиглэлээр огт ажиллахгүй байна.

Энэ жилийн хөрөнгө оруулалтад хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөгдсөн байгаа. Одоо энэ их хэмжээний мөнгийг орлого нэмэгдүүлэх гэхээсээ илүү зардал нэмсэн, одоогийн УИХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хүмүүсийг дахин сонгуулахад зориулагдсан мөнгөний зориулалтыг өөрчилж коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад шаардагдах зардлын эх үүсвэр болж зарцуулах хэрэгтэй байна. Нөгөө банкны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг нь бууруулах, ажилгүй, орлогогүй болсон хүмүүст урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, эдийн засгийн хямралд хамгийн их нэрвэгдсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон туслах зэрэгт зориулвал хямралыг бага гарз хохиролтой даван туулах боломж байна.

Ерөнхийд нь дүгнэвэл Засгийн газраас зарласан арга хэмжээнүүд коронавирусаас болж хүндэрч хямарсан ард иргэд, аж ахуйн байгууллагуудад оновчтой, бодитой тус дэмжлэг болж чадахгүй байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Засгийн газар өөрийнхөөрөө муйхарлан зүтгэхийн оронд та бидний саналыг сонсож, гадаадын улс орнуудын туршлагыг судалж хүнд, аж ахуйн нэгжид бодит тус дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дахин анхааруулъя. Мөн 2021 оноос Монгол Улс бондуудын өр төлж эхэлнэ. Хүн төрөлхтөн энэ асуудлыг бас бодож байгаа. Тухайлбал, НҮБ-ын худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудлын ЮНКТАД хэмээх байгууллага коронавирусын сөрөг нөлөөнд хамгийн их өртөж болох орнууд бол хөгжиж байгаа улс орон, ялангуяа их хэмжээний өртэй орнууд хэмээн үзэж хөгжилтэй орнуудад хандан тийм улс орны өр зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах, хөнгөлөх, хүчингүй болгох арга хэмжээ авахыг уриалсан байна. Манай төр засаг ЮНКТАД-ын энэ уриалгын дагуу ирэх жил болон цааш төлөх өр зээлийн асуудлаараа хөгжилтэй орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай уулзаж өр зээлийн төлбөрийг хойшлуулах, гэхдээ хүүгүйгээр, хөнгөлөх, хүчингүй болгох хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Улс орнууд, түүний дотор хөгжилтэй орнууд коронавирусын сөрөг нөлөөг сайн ойлгож мэдэж байгаа тул төр засаг ийм хэлэлцээг ухаантай, бодлоготой хийвэл Монгол Улс их хэмжээний өр зээлийн дарамтнаас гарах боломж бололцоо байна гэж харагдаж байгаа. Энэ бүхнийг Засгийн газрынхан Монгол Улсаа, Монголын ард түмнийг бодсон зөвлөгөө хэмээн хүлээж авах хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Та дэмжиж байгаа байр суурьтай байна гэсэн. Сонгууль хойшлуулах нөхцөл байдал манайд бий болсон гэж бодож байна уу?

-Ерөнхийлөгч гаргасан уриалга болон хэлсэн үгэндээ хэд хэдэн үндэслэл, тайлбар гаргасантай санал нэг байгаа.Та бидний хувьд хамгийн гол асуудал юу вэ. Ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх, коронавирусаас болж эдийн засаг хүндэрч иргэдийн ахуй амьдрал хямарсныг хэвийн болгох уу. Эсхүл сонгууль нэртэй луйврын ажиллагаа дахин зохион байгуулж, нөгөө хэдийг өндөр сэнтийд нь буцаан залах уу. Байдлыг харьцангуй эрсдэлгүй болгочихоод сонгууль явуулвал сонгуулийн дүн илүү шударга гарна.

Засгийн газар саяхан сургуулиудын хөл хориог намар хүртэл сунгалаа. Эндээс харахад коронавирусын эрсдэл одоо ч байна, нэг хэсэг хугацаанд ч үргэлжлэн байх нь гэж ойлгогдож байгаа. Иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаа нөхцөлд намууд албан тушаалын төлөө дээр доороо оролцох, ард түмнийг хооронд нь талцуулах нь наад зах нь ёс зүйн хувьд муухай, хамгийн гол нь улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал сулрах бодитой аюул занал учирч байгааг тооцож УИХ-ын сонгуулийг хойшлуулан гэхдээ энэ жилдээ багтаан орон нутгийн сонгуультай хамтруулан зохион байгуулвал зөв болно. Олон сонгууль явуулах нь бас л зардалтай. Сонгуулиудыг хамтатгаж хэмнэсэн зардлыг коронавирусын аюулыг саармагжуулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг хэвийн болгоход нэмэрлэх хэрэгтэй. Дэлхий даяар коронавирусын тархалтыг дайнтай адилтгаж байна.  Тэгвэл Ерөнхий сайд өөрөө монголчууд үхэх үү, сэхэх үү гэдэгт тулж ирлээ гэж хэлчихээд юун сонгууль явуулах вэ.

Харин коронавирус та бидэнд эв нэгдэлтэй байх, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих, хямралаас богино хугацаанд гарахын тулд шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ ер нь энэ вирустай вирусгүй та бидний амьдарч байгаа нийгмийн гүн гүнзгий хямралын улс төр, нийгэм, эдийн учир шалтгааныг хамтын хүчээр олж тогтоох, засах шаардлагатай гэдгийг хэлж байна. Дэлхийн олон улс орон бий болсон хүнд нөхцөл байдалд тэгж хандаж байна. Энэ бүхнийг харах нүд, сонсох чих, бодох ухаан байх хэрэгтэй.

-Хэрхэн, ямар арга замаар даван туулах боломж байгаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Коронавирусын эрсдэл, үүнээс үүдэн бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг давахын тулд улсын хэмжээнд улс төрийн намууд, иргэний төлөөллийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг тэнцвэртэй оролцуулсан “Улс үндэснээ аврах хороо” байгуулж хамгийн эхлээд коронавирусын аюулыг багасган арилгах чиглэлийн шат дараалсан арга хэмжээ авах төлөвлөгөөг хэлэлцэн батлаж хэрэгжүүлэх, дараа нь сүүлийн олон арван жил Монгол Улс хямарч, хямрал улам гүнзгийрч байгаагийн учир шалтгааныг олж тогтоох, улмаар тэр шалтгаануудыг арилгах бодлогын томоохон дүгнэлтүүдийг гаргах, хэрэгжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Одоо нэг нам, нэг Засгийн газар, нэг Их хурлын хэмжээнд явцуу сэтгэхээ болих хэрэгтэй. Жишээ нь байгалийн баялгийн асуудал дээр дараах шийдэл байж болно. Байгалийн баялгийг цөөхөн хэдэн хүн, хоёр нам өмчилж баяжих эх сурвалж байлгасан хэвээр байх уу. Эсхүл ард түмэндээ өмчлүүлж, ядуурлыг арилгах, ажлын байр бий болгох, цалин орлого нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлд оруулах эх үүсвэр болгож богино хугацаанд ард түмнийхээ амьдралыг өөд нь татах, улс орноо хөгжүүлэхэд дайчлах уу гэдэг чухал шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд тулж ирлээ. Яагаад энэ асуудлыг эн тэргүүнд шийдэх ёстой вэ. МАН-ынхан Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх алсын бодлого гаргасныгаа их сурталчилж байна. Тэд энэ бодлогыг боловсруулж дуусаад хүмүүст гардуулсны дотор надад өгсөн. Тэгэхэд би тэднээс аливаа улс орны хөгжлийг хэмждэг гол шалгуур болох нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тухай асуусан. 2050 онд Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байна гэж зорьж байгаа вэ гэж. МАН-ынхан маань хариулахдаа 15 мянган ам.доллар байна гэж хэлж байна лээ. Би энэ зорилтыг нь сонсоод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. 2050 он гэхэд бүх дэлхий Монгол Улс хөгжихийг хүлээгээд өөрсдөө хөгжлөө царцаагаад байж байхгүй нь ойлгомжтой. Одоогоос 30 жилийн дараа гэхэд дэлхийн бүх улс орон хөгжихийг зорьж хоорондоо ширүүн өрсөлдөнө гэдгийг тооцох хэрэгтэй. Сүүлийн үед олон улсын байгууллагууд дэлхийн улс орнууд 2050 он гэхэд ямар болсон байх талаар судалж гаргасан төсөөллүүдээ нийтэлж байна. Төсөөллүүдээс нь үзэхэд дэлхийн улс орон асар хурдтай өсөх нь байна. Тэр тусмаа манай хөрш орнууд. Тэдний судалгаагаар тэр үед дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа Хятад эхний байранд, дараа нь АНУ, дараа нь Энэтхэг орно гэж тооцолсон байна. Бидний харьцангуй сайн мэдэх, олон мянган монголчууд амьдрал, боловсрол, ажил төрөл, бизнесээ холбосон Өмнөд Солонгосыг аваад үзье. 2050 он гэхэд Өмнөд Солонгосын эдийн засаг хурдтай өсч нэг хүнд оногдох ДНБ нь хамгийн багаар бодоход 86 мянган ам.доллар, ихээр бодвол 107 мянган ам.доллар болно гэжээ. Дунджаар 95 мянга орчим ам.доллар болно гэсэн үг. Тэгэхээр МАН-ынхны маань төсөөлөн төлөвлөснөөр Монгол Улсад 2050 он гэхэд нэг хүнд оногдох ДНБ нь ердөө 15 мянган ам.доллар болно гэж бодвол Солонгосоос зургаа дахин хоцрох нь байна. Тодруулбал, МАН-ынхан маань Монгол Улсыг хоцрогдсон орон хэвээр байлгахаар төлөвлөж байгаа юм байна.

За, тэдний сэтгэлгээний онцлог болсон иргэдийнхээ эрх ашигт сөрөг чиг хандлагатайг нь баталсан өөр нэг жишээ татая. Бодитой цалингийн тухай асуудал. МАН-ынхан 2050 он гэхэд сарын дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ гэж байгаа. 2050 оны таван сая төгрөг өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ. Одоогийн байдлаар нэг жилийн инфляци 7 орчим хувьтай байгаа. Та бидэнд 100 төгрөг байлаа гэж бодоход инфляци нэг жилд та бидний 100 төгрөгийн 7-оог нь аваад явчихаж байна.

Та бидний хармаанд 93 төгрөг үлдэж байна. Тэгвэл 30 жилд жил бүр дунджаар 6-7 хувийн инфляцитай байлаа гэж бодоход 30 жилд 200 орчим хувийн инфляцитай байна. Тэгэхээр 2050 оны таван сая төгрөг 200 хувийн инфляцид идэгдэнэ гэсэн үг. Ингээд бодоход тэр үеийн таван сая төгрөг чанараараа өнөөдрийн нэг сая 250 мянган төгрөгтэй тэнцэнэ. Өнөөдөр Статистикийн газрын албан ёсны мэдээгээр сарын дундаж цалин нэг сая 200 орчим мянган төгрөг байгаа. Ингээд үзэхэд МАН-ынхан 30 жилийн турш цалинг бодитой нэмэхгүй гэж байгаа юм байна. Тэгэхээр дээрх хоёр жишээг харахад МАН-ынхны маань боловсруулсан 2050 оны хөгжлийн стратеги гол гол үзүүлэлтээрээ Монгол Улсыг хөгжүүлэхгүй, монгол хүний орлогыг нэмэгдүүлэхгүй гэсэн бодлогын баримт бичиг болжээ гэж харагдаж байна. Тэд яагаад явцуу сэтгэж байна гэж хэлээд байгаа вэ гэсэн асуултад энгийнээр хариулья. Тэд байгалийн баялгийг цөөн тооны гадаад, дотоодын олигархиудын өмчлөл, эзэмшилд хэвээр нь байлгана гэж бодож байна. Тэгвэл одоо Монгол Улсыг хурдан хөгжлийн замд гаргах, ард иргэдээ ядуурлаас гаргах, харьцангуй чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлэхийн тулд юуны түрүүн байгалийн баялгийг нийт иргэдийн дундын өмч болгох түүхэн чухал шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг МАН, АН-ын аль нь ч гаргаж чадахгүй байгаа учраас бусад нам, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтын шийдвэр гаргах хэрэгтэй байна. Ингэхийн тулд “Улс үндэстнээ аврах хороо” байгуулах шаардлагатай байна. Энэ мэтээр гол гол том асуудлуудыг та бид шийдвэрлэвэл нөгөө “хямралыг боломж болгох” гэсэн мэргэн үг жинхэнэ ажил хэрэг болно.

-Байгалийн баялгаас бусад шийдлүүдийн та­лаар товчхон тайлбарлавал ?

-Зайлшгүй шийдвэрлэх ёстой том асуудлууд. Нэг, ардчиллын амин сүнс болсон сонгуулийг шударга болгох. Хоёр, төр, засгийн гаж тогтолцоог өөрчлөх замаар төр засгийн байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлагажуулж хээл хахуулийг устгах. Гурав, нэн даруй залуучуудынхаа боловсролыг дээшлүүлж, нарийн мэргэжилтэй болгох. Дөрөв, иргэдээ ажлын байраар хангаж орлогын байнгын эх үүсвэртэй болгох. Тав, улс орон, ард иргэд бүгдээрээ өр зээлийн сүлжээнд баригдсан байгаа байдлаас гарах. Зургаа, эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж ард түмэнд ээлтэй болгох. Долоо, улс орноо богино хугацаанд үйлдвэржүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх. Найм, Монгол Улсын зүүн болон баруун хязгаарыг холбосон хурдан галт тэрэгний зам тавьж та бидний эх орон эдийн засгийн утгаараа нэгдмэл улс болох. Ес, Монгол Улс өнөөгийнхтэй адил гадаадад түүхий эд гаргадаг, импортоор бараа бүтээгдэхүүн оруулан ирж амьдралаа залгуулж байдаг орон биш. Харин экспортын чиг баримжаатай, олон улсын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлдэг хөгжилтэй улс орон болж эрчимтэй хөгжих.

Ийм асуудлуудыг шийдэхийн тулд улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ бүтцэд шилжих хэрэгтэй байна. Энэ бүхнийг та бид хамтдаа хэлэлцэж хийх хэрэгтэй.   

-"Та бидний Эвсэл” мөрийн хөтөлбөртөө иргэдийн цалинг таван сая болгоно гэсэн. Ийм эдийн засгийн боломж манай улсад байгаа юу. Ямар судалгаа, үндэслэл дээр ингэж тогтоосон бэ?

-Эхлээд ерөнхийд нь яривал зах зээлийн эдийн засгийн онол гэж бий. Уг нь дотроо олон урсгал, олон үзэл бодол уралдсан онол юм шүү дээ. Гэтэл түүнийг хамгийн бүдүүлгээр ойлгох явдал манайд газар авсан байна. Тухайлбал, аливаа зах зээлийн эдийн засгийн харилцааны суурь философи нь хувь хүний шунал, амиа бодох чанар гэж. Амиа боддог хувь хүн зах зээлийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч гэж. Тийм хүнд эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилдэг гэж. Зах зээлийн эдийн засгийн харилцааг хэний ч олж хараагүй “нууц гар” зохицуулдаг гэж. Төр, засаг зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцохыг хориглох эсвэл түүний оролцоог аль болохоор бага байлгах ёстой гэж. Энэ завхруулсан ойлголтууд буруу гэдгийг та бидний туулж ирсэн олон арван жилийн түүх харууллаа. Ядуурал 30 гаруй хувьтай, ажилгүйдэл 10 гаруй хувьтай, баян хоосны ялгаа нэмэгдсэн байдалтай байгаа нь зах зээлийн эдийн засгийн хуулиуд гэх буруу ойлголтууд учир дутагдалтай гэдгийн баталгаа. Аливаа онол практик дээр муу үр дүнтэй байгаа бол тэр онол учир дутагдалтай байна гэсэн үг. АНУ-ын алдарт эдийн засагч Абба Лэрнэр гэж хүн байсан. Тэр хүн эдийн засаг, төр, засгийн тухай ингэж хэлсэн байдаг. Товчхон. Эдийн засаг бол цөөн хүнийг баяжуулахын тулд биш бүх хүний ахуй амьдралыг сайжруулахын тулд байх ёстой. Тэгж чадахгүй эдийн засгийг төр, засгийн оролцоотойгоор засах хэрэгтэй. Мөнгөний бодлогоос гадна Засгийн газрын санхүүгийн бодлого их чухал. Засгийн газрын төсвийн орлого, зарлага, татварын бодлого ажилгүйдлийг тэглэх, өсөлтийг хангах, инфляцийг удирдаж бага байлгахад чиглэх ёстой. Ийм үр дүнд хүрэхгүй байгаа Засгийн газрын бодлого буруу гэжээ.

Кэйнс, Острём байна. Орчин үеийн мөнгөний онол гэж байна. Энэ бүх онол, судалгаатай танилцахад зах зээлийн эдийн засагт төр, засгийн оролцоо заавал байх ёстой. Байгалийн баялаг дундын баялаг байх ёстой, төр засаг нэг нам, түүнийг тойрсон цөөн тооны хүмүүст биш нийт ард түмний сайн сайхан амьдралыг бүтээхийн тулд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайн орны эдийн засгийг онол гэхээс илүү зорилт хөгжүүлдэг. Зорилт тавиад түүндээ хүрэхийн тулд ажилладаг болохоос биш өнөөгийн байдалтайгаа эвлэрээд эдийн засгийн онолыг өөрсдөө юу ч хийх хүсэлгүй байгаа, эсвэл чадахгүй байгаагаа тайлбарлан зөвтгөхийн тулд ашиглаад сууж болохгүй гэж хэлсэн байх юм.

Тэгэхээр таван сая төгрөг өгч болохгүй, чадахгүй гээд сууж байхын оронд ийм зорилт дэвшүүлээд түүндээ хүрэхийн тулд зүтгэе. Нөгөө талаар таван сая бол зүгээр өгөх гэж байгаа мөнгө биш шүү дээ. Харин хүн хөдөлмөрлөөд авч байгаа цалин. Хүний хөдөлмөрийн хөлс, үнэлгээ.

Зах зээлийн эдийн засгийг буруу ойлгосон ойлголтын бас нэг жишээ. Капитал хамгийн чухал нь гэж. Капиталтай хүн бүх юмны эзэн гэсэн буруу ойлголт бий. Яагаад буруу гэж хэмээн асуугаад хариулъя. Капитал бол хүний хөдөлмөрийн ачаар бүтээгдэхүүн болно. Гар утас юм уу эсвэл зэсийн баяжмал. Тэгэхээр баялаг бүтээхэд капиталаас дутуугүй бүр илүү чухал гэж болох хүчин зүйл бол хүний хөдөлмөр. Хүний хөдөлмөрийг дутуу үнэлээд байвал капитал үржихгүй, баялаг бүтэхгүй, улс хөгжихгүй. Тэгэхээр цалин нэмэх асуудал яахын аргагүй улс орны хөгжилтэй ч, хүний ахуй амьдралтай ч шууд холбоотой асуудал. Тэгэхээр цалин нэмүүлэх зорилт дэвшүүлнэ гэдэг чинь капитал үржүүлье, үйлдвэрлэл хөгжүүлье, бүтээмж нэмэгдүүлье, баялаг бүтээе, хүний хөдөлмөрийн хөлсийг үнэлье гээд ар араасаа олон сайн үр дагавартай зорилт юм. Ингэж томоор нь харах хэрэгтэй.

Дундаж цалинг үе шаттайгаар таван сая төгрөгт хүргэх эх үүсвэр хаанаас гаргах вэ гэж асуугаад байгаа. Хамтдаа бодоё. Нэгд, олон улсын судалгааны аргачлалаар улс орнуудад ялангуяа, манайх шиг хээл хахууль ихтэй оронд хээл хахууль ДНБ-ий 5-10 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Монгол Улсын ДНБ 40 их наяд төгрөг гэж бодвол хээл хахууль ойролцоогоор гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ их хэмжээний мөнгийг цалин өсгөх эсвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, улмаар цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгож болно.

Хоёрт, МАН ба АН-ынхан төрийн албанд дор хаяхад 30 орчим мянган хүнийг шургалуулж тэд сонгуулийн “шархаа нөхнө” гээд их хэмжээний хээл хахууль аваад сууж байдгийг та бид мэднэ. Хээл хахуультай үнэхээр бодитой тэмцэхэд тэд төрийн албанд шударга ажиллахын тулд биш харин сонгуульд зарсан зардлаа нөхөхийн тулд шургалан орсон байгаа учир төрийн албанаас өөрсдөө гарна. Ингэснээр 600 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэж энэ эх үүсвэрээр эхний шатанд багш, эмч нарын цалинг нэмж болно. Багш эмч нарын нийт тоо 80 мянга гээд бодоё. Тэдний сарын дундаж цалин 800 орчим мянган төгрөг. Тэдний цалин дээр хээл хахуулиас ангид болсон цомхон, чадвартай төрийн албаны цалингийн зардлаас хэмнэгдсэн 600 гаруй тэрбум төгрөгийг нэмбэл хүн бүрийн цалин дээр 625 мянган төгрөг нэмэгдэх бололцоотой байна. Ингэснээр эхний шатанд багш, эмч нарын цалин нэг сая 400 гаруй мянган төгрөг болох бололцоотой байна.

Гуравт, өнөөгийн хөрөнгө оруулалтын бодлогыг үндсээр нь өөрчлөн засах буюу энд тэнд хөшөө, усан оргилуур барих, шав тавих зэргээр эргээд орлого биш харин зардал нэмж байгаа төс­лүүдийн хөрөнгө оруу­лалтыг зогсоож тийнхүү хэмнэгдсэн мөнгийг ажлын байр нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, цалин нэмэгдүүлэх чиглэл зорилготой шинэ техник технологийг нэвтрүүлсэн үйлдвэрийн газрууд барьж байгуулахад чиглүүлэх хэрэгтэй. Тодруулбал аж үйлдвэржүүлэлтийн хувьсгал хийх хэрэгтэй. Одоо улсын төсвөөр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Үр ашиг муутай, үйлдвэржүүлэлтийг дэмжээгүй хөрөнгө оруулалтын зардал. Энэ бол ажлын байр нэмэгдүүлэх, цалин нэмэгдүүлэх бас нэгэн томоохон эх үүсвэр.

Дөрөвт, бас нэг жишээ. “Эрдэнэт” үйлдвэрийн инженер дунджаар 2.3 сая төгрөгийн цалинтай. Тэгвэл Чилийн “Каделько” гэдэг төрийн өмчийн компанийн инженерийн цалин 10 орчим сая төгрөг. Энэ хоёр үйлдвэр хоёулаа зэс боловсруулдаг. Монгол зэс, Чили зэсийн үнэ адилхан. Харин инженерүүдийн авч байгаа цалин тэмээ ямаа шиг, тэнгэр газар шиг ялгаатай. Энэ жишээнээс харахад цалин нэмэх эх үүсвэр байна, бас шинэ эх үүсвэр бий болгож болно гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх. Монгол хүнээ, хүнийхээ хөдөлмөрийг сайн үнэлдэг болох зорилт дэвшүүлэх хэрэгтэй.

Тавд, өөр нэг жишээ. Оюутолгойн орд. Манай талд илэрхий ашиггүй гэрээ. Тэгвэл энэ муу гэрээг засъя. Тэгэж чадвал нийт хүн амын орлогыг нэмэгдүүлэх их хэмжээний эх үүсвэр бий болно. Тэнд 30-40 сая тонн зэс байгаа. Өнөөдөр зэсийн үнэ нэг тонн нь 5000 ам.доллар. Нийт зэсийн үнэ 175 тэрбум ам.доллар болно. Алт 2000 тонн. Нэг унци алтын үнэ 1600 ам.доллар. Нийт алтын үнэ 96 тэрбум ам.доллар болно. Мөнгө 6000 тонн. Нэг унцийнх нь үнэ 15 ам.доллар. Нийт мөнгөний үнэ гурав орчим тэрбум ам.доллар. Зөвхөн энэ гурван эрдэсийн үнэ нийлээд 300 орчим тэрбум ам.доллар болно. Энэ их мөнгө хөрөнгөний зөвхөн арван хувийг нь ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх үйлдвэр байгуулах, залуучуудын боловсролыг чанаржуулж нарийн мэргэжил эзэмшүүлэх зэрэгт зарцуулъя гэж бодоё. З0 тэрбум ам.доллар. Монгол Улс их өөр болно. Сайхан болно.

Ганцхан ордын тухай ярилаа шүү дээ. Өөр стратегийн олон орд байгаа. Тэдгээрийг яах ёстой вэ. Ард түмний дундын өмч болгох түүхэн шийдвэр гаргах хэрэгтэй. Харамсалтай нь УИХ өнгөрсөн намар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхдээ энэ чухал асуудлыг санаатайгаар шийдээгүй орхисон. Тэгэхээр МАН бол олигархиудын нам байна гэж ойлгогдож байгаа.

Энэ мэтээр цалин нэмэгдүүлэх өөр олон эх үүсвэр гаргах талаар бодож болно. Энд зөвхөн хамгийн наад захын тавынх нь тухай ярилаа.

Ингээд бодоход цалин таван сая төгрөгт хүргэнэ гэдэг нь бүтэмжгүй зүйл гэж шүүмжлэхийн оронд харин яагаад одоо болтол цалин таван сая төгрөг болоогүй байгаа юм бэ гэж эрх баригчдыг шахаж шаардах ёстой байхгүй юу.

-Танай мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө хэвлэх замаар эдийн засгийг дэмжих тухай агуулга байгаа. Инфляцийг улам  хөөрөгдөх юм биш үү гэсэн шүүмжлэл байна?

-Үгүй. Эдийн засгийн онол их хөгжжээ. Зах зээлийн эдийн засгийн онол гэж ойлгосон буруу ойлголтуудаасаа салах цаг болжээ. Хямралын үеийн эдийн засгийг сэргээх, хэвийн байдалд оруулахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхдээ татварын бодлоготой уялдуулж инфляцийг хөөрөгдүүлэхгүй байх боломжтой гэдгийг тогтоосон байна. Ер нь өөрийн мөнгөн тэмдэгттэй байна гэдэг их чухал. Нэгэнт өөрийн мөнгөн тэмдэгттэй юм бол тухайн улсад өөрт нь тэр мөнгөө хэвлэх эрх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна гэсэн үг. Жишээ нь Европын холбоонд орсон Швед мэтийн зарим улс орон өөрийн мөнгөн тэмдэгттэйгээ үлдэнэ гэж шийдсэн байдаг. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах, мөнгөний бодлогоор дамжуулан банк санхүүгийн салбар бол зөвхөн мөнгө хүүлэх зорилготой биш харин нийт ард түмнийхээ орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтад оруулахгүй байх, хөрөнгө оруулалтыг өсгөх, үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй салбар хэмээн үзэж зөв бодлогоор залвал нийгэм, эдийн засгийн олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Никсон ерөнхийлөгч ам.долларын алтны баталгааг хүчингүй болгосноос хойш аль ч улс орны мөнгө банкинд хадгалагдаж байгаа алтнаасаа хэдэн арав, хэдэн зуу, хэдэн мянга дахин илүү нийлүүлэгдэж байгаа. Тэглээ гээд инфляци тэнгэрт тултал хадчихсангүй. Харин ч мөнгөний эргэлт нэмэгдсэнээр эдийн засгийг хүнтэй зүйрлэвэл “цусны эргэлт” нь сай­жирч, бие бялдар нь томор­сон байна. Тэр тусмаа хямралын үед мөнгөний бодлогыг өөрчлөх, мөнгөний нийлүүлэлтийг татварын бодлоготой уялдуулан нэмэгдүүлж  инфляциа зохих түвшинд барих, бодлогын хүүг бууруулах, ингэснээр арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэх арга хэмжээг авч байж хямралаас гарна. Монгол Улс корона­вирустай вирус­гүй хямралд орчихсон удаж байгаа. Энэ хямралаас аль болохоор хурдан гарах шаардлагатай. Мөнгөний бодлогодоо зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй.

Харин ч зөв талаас нь харвал коронавирусын аюул та бидэнд ойрын болон алсын хугацаанд улс төр, нийгэм, эдийн засгийн ужгирсан хямралаас гарах боломж олгож байна. Үүний тулд өнөөгийн эрх баригчид маань бахь байдгаараа байгаад, өөрсдөө дахин сонгогдчихвол боллоо гэсэн явцуу бодлоосоо салах хэрэгтэй. Хамтдаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, эн тэргүүнд шийдэх томоохон асууд­луу­дыг гагцхүү ард түм­ний­хээ эрх ашигт нийцүү­лэн шийдвэрлэх эр зориг гаргах шаардлагатай байна. Бүх дэлхий өөрчлөг­дөж байна. Монгол ч өөрчлөгдөх ёстой. Байдгаараа байх нь амиа хорлохтой адил.

Би “Эвтэй бол хүчтэй” гэж хэлэх дуртай. Олон түмэн ч энэ үгийг хэлэх дуртай. Энэ үгийг илүү тодруулбал зөв болно гэж боддог юм. “Шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй”. Өнөөдөр хэн намынхаа эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг, ард түмний эрх ашгийг тавьж чадаж байна тэр шударга байна гэсэн үг. Шударга байна гэдэг нэг хоёр хүнтэй тэмцэх огт биш. Харин ужгирсан, гэхдээ шийдэхээс өөр аргагүй бодлогын том асуудлуудыг барьж авч шийдвэр гаргах явдал мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.17  БААСАН № 75 (6300)