Б.ОНОН
Сонгуулиар амьдарч, сонгуулиар амьсгалах болсон бидэнд нэг том бэрхшээл байв. Байсхийгээд л болдог сонгуулийн саналын хуудсыг тоолох гэж үнэндээ зовлон болдог байлаа.
МАН-ыг засаглаж байхад АН-ынхан гомдоод л. “Муусайн МАН-ынхан Сонгуулийн хороодод хүмүүсээ шургуулчихаж. Тэд нь манай намд өгсөн саналыг өөрийнх дээрээ нэмж тоолоод байх юм” гэдэг байв. Тэр үед Сонгуулийн хорооны ажилтнууд сонгогчдын саналыг тоолдог байлаа. Энэ нь ч маапаантай байж мэдэх хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, санал тоолох энэ арга маш буруу байв.
Дараа нь нэг арга сонголоо. Эвслийн хэмээх өмнөх Засгийн газрын үед олон тэрбум төгрөг төсөвлөж байгаад Америкаас санал тоолдог автомат машин авчрав. Бүгд магтаж байлаа, тэр үед. Одоо л жинхэнэ шударга сонгууль болно гээд.
Тэгсэн чинь бас л болсонгүй. Автомат машины дүгнэснээр АН-ынхан илүү суудал авч өнөөгийн засгийг бүрдүүлэх эрхээ олж авсан. Гомдогсод төрд гарч ирэв. Өмнө нь олон жил “гомдоож” явсан МАН-ынхан автомат машиныг газар доогуур ортол мууллаа. Нарийн бичгийн дарга нь одоогийн УИХ-ын даргыг автомат машинаар луйвардлаа гэж мэдэгдээд балрахаа шахав. Хуулийнханд шалгуулж эрх барихын сүрийг үзэн, эцэстээ интернэтээр уучлалт гуйж байж хэргээс мултрав.
Энэ бас л манайханд тохирохгүй тоололт юм санж. Ялсанд нь ч, ялагдсанд нь ч зовлонтой. Хэл ам, хэрүүл тэмцэл дуусахгүй.
Тиймээс эрх баригчид нэгэн гаргалгаа олж харжээ. Тэр нь автомат машин, Ардын намын тоологч нараас хамаагүй дээр. Хуулийн хувьд ямар нэг асуудал байхгүй. Хэрүүл хийгээд нэмэргүй, заргалдах гэвэл баларна.
Тааламжгүй дүн үзүүлсэн сонгуулийг дахиулах, тэгээд болохгүй бол шүүхдэх аргыг хэрэглэж эхлэв.
УИХ-ын сонгуульд Өвөрхангайд итгэл тавин хүлээж байсан АН-ын хоёр нэр дэвшигч бөхөөр бол цэвэр даруулчихав. АН-ынхан боджээ. Ямар нэгэн арга сэдсэний дүнд, насанд хүрээгүй хүнийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан “хэргээр” эрхэм гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг буруутган, таван сарын турш “ноолсоор” сая нэг буулгаж авав. Ингэж шүүхийн хүч, ач буяныг нэгэнтээ мэдрэв.
Энэ практик Орон нутгийн сонгуулийн үер, түүний дараа үнэхээр хүчийг авав. Дундговийн 35 суудлын 19-ийг авчихсан МАН-ыг шүүхийн хүчээр нам дарж чадлаа. Тодруулж хэлбэл, МАН-ын дөрвөн нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа лам нарыг ашигласан гэх шалтгаанаар шүүхэд дуудан, эргүүлэн татахаар шийдүүлчихэж. Гайтай хөөтэй нөгөөх дөрвийн нэг нь Далай ламтай, нөгөө нь Бурханч лам Г.Пүрэвбаттай, бас нэг нь Дундговийн хутагтын хойд дүрээр тодорсон хүүтэй, үлдсэн нь хамаатныхаа ламтай авахуулсан зургаа сурталчилгааны сониндоо тавьчихсан байж. Шүүх энэ “хэргийг” тун богино хугацаанд шийдэж өгсөн тухай нутгийнхан ярьж байна.
Дорнодын ИТХ-ын 35 суудлын 18-ыг нь МАН авчихсан байна. Бас л дээрх аргаар АН олонхи болохоор зорьж буй тухай мэдээлэл бий.
Мөн Хөвсгөл аймгийн болон Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан иймэрхүү асуудлаар шүүхэд хандчихсан таатай хариу хүлээж суугаа гэх. Энэ тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлнэ лээ.
Иймэрхүү баримт, жишээ зөндөө л байна.
Угаасаа шүүх ялсан, засагласан талд ажилладаг “туршлага”-тай. Энэхүү уламжлал ч юм шиг, шинэчлэл ч юм шиг аргыг АН-ынхан тун сүрхий ашиглаж байгаа. Шүүх төрийн эрх барьж буй АН-д үйлчлээд байгаа нь олонд нэгэнт ил болсон. Ард түмэн ч ингэж харж байгаа.
Уг нь шүүх байгууллага АН-д биш Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид захирагдаж ажиллах учиртай санж. Гэвч энэ бол цаасан дээрх тогтоомж. Харин амьдрал арай өөр байдаг ажээ. Шүүхийнхнээр зовлонг яриулбал их юм хэлж өгч ч магадгүй.
Учир нь сүүлийн хэдэн сарын хугацаанд сонгуулийн хэмээх шинэ төрлийн хэрэгт дарагдан зогсоо зайгүй ажиллах болсон нь итгэл үнэмшлээрээ хэн нэгний гэм бурууг тогтоох учиртай тэдэнд таалагдахгүй нь тодорхой.
Гэвч дарга нар шийдээд, энэ чиглэлээр ажилла гэж шахаад байгаа болохоор гарах гарц үнэндээ байхгүй. Чухамдаа бол дам утгаараа саналын хуудас тоолох, тогтоох ажлыг хийж байгаагаа шүүгч нар мэдээд л байгаа аж.
Эрх баригчдыг долдойдон бөхөлзөх нь шударга үнэнийг тогтоогчдын ажил биш ч яаж ийгээд дагахаас өөр арга тэдэнд үгүй.
Намаа дагавал алзахгүй гэх хэлц үг шүүхийнхэн дунд ихэд дэлгэрч байгаа тухай ч яригдаж байна. Үнэн байж мэдэх л юм.
Юутай ч шүүх байгууллага ихээхэн шинэчлэгдэж байна. Тэдний хариуцсан ажил нэмэгдэнэ гэдэг, хамрах хүрээ нь томорсных биз.
Тэд энэ жил саналын хуудсыг дам аргаар тоолж, санал хураалтын дүн гаргахад гүн оролцоотой ажиллав. Ирэх жил илүү оролцоотой ажиллах нь дамжиггүй. Тэгэхээр “Саналын хуудсаа сайн тоолоорой, шүүгч ээ” гэж захья.