О.ЯЛГУУН

Налайх дүүргийн МАХН-ын гишүүд дэмжигчид өчигдөр Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж жагслаа. Орон нутгийн сонгуулиар МАХН-ынхан Налайх дүүрэгт санал өгсөн нийт сонгогчдын 24.2 хувийн санал авч намын жагсаалтаар хоёр төлөөлөгчтэй болох болзол хангажээ. Гэтэл тус дүүргийн сонгуулийн хороо жагсаалтын нэг, хоёрт бичигдсэн Д.Цогоо, Ц.Хатанбаатар нарт түр үнэмлэхийг олгохгүй харин тойрогт нэр дэвшээд ялагдсан Ё.Бямбатогтох, Ц.Минжинхүү нарт түр үнэмлэхийг гардуулж санаатайгаар хууль зөрчсөн хэмээн МАХН-ын гишүүд үзэж байгаа юм байна. Энэ тухай Налайх дүүргийн МАХН-ын хуулийн зөвлөх М.Ганбаатараас тодруулахад “2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо биднээс танай намын нэрийн жагсаалтаар Д.Цогоо, Ц.Хатанбаатар нар орох нь зөв биз дээ гэж утсаар асуусан. Бид үүний хариуд 59 тоот албан бичгийг явуулсан. Албан бичигтээ “Бага хурлын шийдвэрээр жагсаалтад орсон дарааллаар Д.Цогоо нэгд, Ц.Хатанбаатар хоёрт бичигдсэн. Иймд энэ хоёр нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдсон нь зүйтэй гэж үзээд түр үнэмлэхийг олгохыг хүссэн. Сонгуулийн хороо албан бичгийг хүлээж авсан даруйдаа мөн өдрийн 16:00 цагаас ирж түр үнэмлэхээ аваарай гэсэн. Гэтэл тэд гэнэтхэн түр үнэмлэхийг ирэх даваа гаригт нэгдсэн журмаар олгохоор боллоо гээд хагас сайн өдөр хуралдаад жагсаалтад нэр нь бичигдээгүй, тойрогт нэр дэвшээд ялагдсан Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарт түр үнэмлэх олгох тогтоолыг гаргасан. Сонгуулийн хороо мэдэн будилсан алдаатай шийдвэр гаргасанд бид гайхаж байгаа. Иймээс энэ бүх алдаагаа засахыг шаардаж хэд хэдэн удаа хандсаны зэрэгцээ тус сонгуулийн хороог шүүхэд өгөөд байгаа” гэв. Дашрамд дурьдахад Налайх дүүргийн МАХН-ын Мянгатын зөвлөлийн 2012 оны аравдугаар сарын 08-ны өдөр хуралдсан Vы Бага хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуульд намын жагсаалтаар найм, тойрогт 17 нийт 25 нэр дэвшигчийг тодруулахдаа “Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6.5 дахь заалтаар гулсах заалт байгаа ч МАХН-аас нэр дэвшигчид нь V Бага хуралдаанаар гулсаж орохгүй байхаар тогтсон юм байна. Түүнчлэн Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарыг намын бодлого шийдвэрийг зөрчсөн, дүүргийн МАН-ын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалд шунасан гэж үзэж МАХН-ын ёс зүйн хорооноос гишүүнчлэлээс хасах тогтоол гаргасан аж. Налайх дүүргийн МАХН-ын хороо намын гишүүнчлэлээс хасагдсан хүмүүс намын нэрийн жагсаалтаар ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна.