С.УЯНГА
Монголд коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийгэмд өрнөж буй үйл явдал, арга хэмжээг тоймлон хүргэж байна.
Нийслэлээс орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлав
УОК-ын шийдвэрээр өнөөдөр 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл нийслэлээс галт тэрэг, тээврийн хэрэгслээр орж, гарах хөдөлгөөнийг хаалаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Орж, гарах боломжгүй ч ачаа тээврийн ажиллагаа хэвийн явагдана. Мөн шийдвэр гарахаас өмнө хөдөө орон нутгийг зорьсон бол тухайн аймагтаа очоод тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл буюу 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлагдана. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтэрнэ. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 150 мянган нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай” гэлээ.
Франц улс иргэндээ санаа зовж буйгаа илэрхийллээ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцсон байна. Уулзалтын үеэр Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг хүссэн байна.
ШӨХТГ: Үнэ нэмбэл 20 хүртэлх сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална
Коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд зах худалдааны төвийн ачааллыг нэмж хүнс ихээр базааж зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл үүсгээд байна. Иймд иргэдийг сандарч тэвдэн зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг санууллаа. Мөн энэ үеийг тохиолдуулан хиймлээр үнэ хөөргөдөж байгаа ААН, иргэдийг холбогдох байгууллагаас тогтоон хариуцлага тооцно гэдгийг албаныхан мэдэгдлээ.Энэ талаар ШӨХТГ-аас “Өнөөдрийн |өчигдөр| байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, маск, ариутгагч бодистой холбоотой мэдээлэл ирлээ. Бид дөрвөн зах, худалдааны төвд шалгалт хийж байна. Аж ахуйн нэгжүүд хиймэл хомсдол үүсгэх, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Иргэд тайван байж төр, засгийн шийдвэрийг дагаж, хэрэглээгээ зохицуулах нь чухал. Янз бүрийн байдлаар үнэ нэмсэн байгууллага байвал аж ахуйн нэгжид 5-20 сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаас гадна аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн 18001284 утсаар хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч байна. Энгийн утасны тарифаар үйчилдэг” гэж мэдэгдлээ.
Нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчилнэ
Улсын онцгой комисс өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Өчигдөр өглөөний байдлаар нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байсан онцгой комисс хуралдсаны дараагаас энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулахаар болов. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллах юм. Энэ үеэр олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авахыг санал гаргалаа.
Шүүх хуралдаануудыг цуцаллаа
Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг албан бичигт дурджээ.Шүүх хуралдааныг энэ сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлосон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв. Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргахыг Тамгын газруудад даалгалаа.
Агаарын тээврийн салбар 113 тэрбум долларын алдагдал хүлээнэ гэж IATA тооцоолжээ
Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Тагнуулын ерөнхий газраас олон улсын мэдээллийг тоймлосон байна. ДЭМБ-аас “Covid-19” вирусын нас баралтын түвшин 3.4 хувь хэмээн мэдэгдлээ. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) “Covid-19” халдварын улмаас агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. ЮНЕСКО дэлхий даяар 300 сая орчим оюутан, сурагчдын хичээл зогссон талаар мэдэгдэв. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор зарим хотод орон гэргүй иргэдэд зориулсан төвүүдийг шинээр нээж, тэдний халдвар авах эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. Их Британи улс эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан ажилтанд дөрөв дэх өдрөөс нь эхэлж долоо хоногийн 92.05 фунт стерлинг олгож байгааг эхний өдрөөс олгодог болгож өөрчлөх аж. Бельгийн Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг “Covid-19”-тэй холбоотой аливаа хүндрэлийг даван туулахад зориулж тусгай тасгийг Эдийн засгийн яамны дэргэд байгуулан ажиллуулж байна.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19” вирус төв мэдрэлийн системийг гэмтээдгийг тогтоосон байна. Мөн эрдэмтэд вирусын халдвар авсан өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа тухай судалгааны дүнг “Social science research network” мэдээллийн хэрэгсэлд тавьсан байна. Хятадын Засгийн газраас учирч буй хор хохирлыг арилгах чиглэлээр компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хугацааг хойшлуулах, компанийн тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн ослын даатгалын төлбөр, хураамжийг үе шаттайгаар бууруулах буюу чөлөөлөхөөр болжээ. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн торгууль төлөхгүй. Цагаан будааны хамгийн бага үнийг тогтвортой хэвээр барих, шувууны аж ахуй эрхлэгчдэд олгох зээлийн хугацааг сунгах, зээлийн баталгааг хөнгөвчилж, фермерийн аж ахуй эрхэлж буй малчид, тариаланчдад хүүгийн татаас олгох зэрэг арга хэмжээ авч байна.
Бага насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Улсын онцгой комисс өчигдөр үдээс хойш дахин хуралдаж шийдвэрээ танилцуулав. УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон. Онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай шийдвэрүүд гаргасан” гэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлж жирэмсэн болон 0-12 настай хүүхэдтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл гэрээсээ ажлаа хийх, хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох боломж бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагад УОК-оос даалгалаа” гэлээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой.Шатахууны үнэ буурна” гэлээ.
Эх сурвалж Зууны мэдээ сонин