Ч.ЗОТОЛ

МАХН-аас  коронавирусын онцгой дэглэмийн үед намынхаа мөрийн хөтөлбөрийг онлайнаар хэлэлцүүлж, олон нийтээс цахи хуудсаар дамжуулан санал авах санаачилга гаргажээ. Нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг  хязгаарласан энэ үед тус намын санаачилга нь зөв жишигт  тооцогдож байна.  МАХН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг Sonin.mn пэйж хуудсаар дамжуулан  онлайн хэлэлцүүлгээ өнөөдрөөс эхлүүлсэн юм. Ингэснээр тус пэйж хуудаст нэгдсэн хүн бүр дэлхийн өнцөг булан бүрээс тус намын мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэж, асуулт асууж  оролцох боломжтой.

Өнөөдрөөс эхлэн нийт зургаан удаа буюу долоо хоногийн 1, 2, 3 дахь өдрийн өглөө  МАХН-аас  мөрийн хөтөлбөрийн онлайн хэлэлцүүлгээ  Sonin.mn пэйж хуудсаар дамжуулан шууд  хүргэнэ. Иргэдийн зүгээс улс төрийн нам, улс төрийн сонгууль, тухайн нам, гишүүдэд хэлэх үг, дайх санал, байр сууриа коммент, цахим шуудангаар хүргүүлж болох юм байна. Өнөөдөр тус намаас хийсэн анхны онлайн хэлэлцүүлэгт намын удирдах бүрэлдэхүүн, тэр дотроо мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн МАХН-ын дарга, ХЗДХ-ийн дэд сайд асан, хуульч Э.Эрдэнэжамъян,Баянгол дүүргийн МАХН-ын дарга,  философийн ухааны доктор П.Цолмон, Хөвсгөл аймгийн МАХН-ын дарга, хуульч, эдийн засагч Э.Магнайбаяр, Баянгол дүүргийн МАХН-ын дарга, хууль зүйн ухааны доктор Ё.Бямбатогтох, Хэнтий аймгийн МАХН-ын дарга, эдийн засагч,  бизнесийн ухааны магистр С.Ононбаяр, Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга, хуульч Р.Өсөхбаяр нар оролцлоо.

МАХН-ын дээрх санаачилга нь цаг үеэ мэдэрсэн, Онцгой байдлын комиссоос гаргасан хязгаарлалтын горимд нийцсэн зөв шийдэл, бусад улс төрийн намууд  үлгэр жишээ авах сайн  жишиг болжээ.

Эх сурвалж: www.polit.mn