Б.НАМУУНТАМИР

ТВ-9 телевизийн эрхлэн гаргадаг Монгол коммент нэвтрүүлгээр коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэрээ ил задгай хаяж орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар хөндсөн билээ.

Соёлжсон оронд хэн ч хийдэггүй үйлдэл. Гэвч манайд шүлс, нус, цэрээ гудамж талбайд ил задгай хаясан хүнд зуршил, харсан хүнд дасал болсоор удлаа. Харин шинэ төрлийн коронавирусын өвчлөлөөс сэргийлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн сарын 6-ны өдөр гарсан. Гудамжинд таарсан хэн нэгэн нусаа нийн, шүлсээ хаяж, хоолойд тээгэлсэн цэрээ бөөгнөрүүлж байгаад чулууддаг дүр зургийг хараагүй хүн байхгүй биз ээ.

 “Олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” заалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах шийдвэр гарсан. Тус  заалт 2017 онд анх гарсан байдаг.  Уг хуулийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих эрх бүхий байгууллага нь цагдаагийнхан. Тус байгууллагын албан хаагчид тоо томшгүй олон хэрэг, зөрчлийн араас өдөр, шөнөгүй зүтгэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үүн дээр нь нэмээд иргэдийн нус, цэрийг зохицуулах том даалгавар ногдсон. Мэдээж нус, цэрээ ч захирчихдаггүй иргэдийг ухамсар дорой үйлдэл гаргасных нь төлөө торгууль ногдуулахад тийм ч амархан биш гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчдад “Хаа сайгүй хаясан нус, цэр, шүлс байхад ганц намайг л торгох гэлээ” хэмээн гомдоллодог бол, “Мөнгө байхгүй” гээд хэнэг ч үгүй зогсдог нь ч олон аж. Зарим нь бүр энэ хуулийн тухай сонсоо ч үгүй байдаг гэнэ. Гэхдээ л хууль бол хууль. Зөрчсөн л бол зохих арга хэмжээг нь авах үүрэгтэй.

Ил задгай хаясан шүлс, нус, цэр олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй

Гудамж талбайд хаясан шүлс, нус, цэр хөрсөнд шингэж олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог  талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч  нь биологийн шингэнээс ялгардаг. Тиймээс ямар ч халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй.  Нянгаар үүсгэгддэг ямар ч өвчин халдаж болно. Тухайлбал, амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, одоо дэлхийн олон оронд гараад буй коронавирусын халдвар хүртэл халдах эрсдэлтэй. Хаврын улиралд ханиад томуу, халдварт өвчин ихэсдэг нь үүнтэй холбоотой. Ил задгай хаясан нус, шүлснээс эхлээд бохир ус, зориулалтын бус жорлонгоос халдварт өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Тиймээс амны хаалтыг хавар ч зүүх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Олон нийтийн газар нус, шүлсээ хаях нь элдэв өвчин тараах эрсдэлтэй. Ийм зөрчил гаргасан 4667 иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулжээ. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, цэрээ хаяж, бие зассан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож буй. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналтыг чангаруулж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ.

Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуульдаа оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, Япон улсад энэ төрлийн зөрчилд 1000-10000 иен, Сингапурт 5000 сингапур доллар, Солонгос улсад 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль ногдуулдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)