Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ноён уулын түүх, соёлын дурсгал, уул уурхайн асуудлаар бид цуврал сурвалжлага, нийтлэлийг  уншигч танаа хүргэж байгаа билээ. Энэ удаа  археологич З.Батсайхантай  ярилцлаа.

 

-Ноён уул гэдэг Хүн­нү­гийн алдартай дурсгал бүхий газрыг хүмүүс ба­рим­жаагаар мэддэг бо­ловч, чухам хэдий үеэс  анх мэдэж  судлах болсон, мөн хэзээнээс алт олбор­лохоор ухаж төнхөж эхэл­­сэн бэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хүннүгийн дурсгал бүхий Ноён уул эртнээс их алттай гэж түүхэнд тэм­дэг­лэгдэж ирсэн. Тэр газрыг  дөнгөж өнөөдрөөс  ухаж байгаа юм биш. 1900 онд Монголын Засгийн газар алт ухах концесс гэгчийг байгуулсан бай­даг. Тэр дагуу Орос, Хятад, Аме­рик зэрэг орны хувь ний­лүүлсэн “Монголор” гэ­дэг алтны компани бай­гуу­лагдсан байдаг. Тэр үеэс Ноён уулыг ухаж, төнхөж эхэлсэн. Магадгүй түү­нээс өмнө Хятадууд алт ухаж ашиглаж байсан бай­­­хыг үгүйсгэхгүй.

Геологи, ашигт малт­малын түүхэнд хэрхэн туссан байдгийг  мэдэхгүй юм. “Монголор” компа­нийн бие төлөөлөгч нь монголчуудын сайн мэддэг Грот  ноён гэж алдаршсан Белгийн  иргэн  Фон Грот гэж хүн байсан. Фон Гротын алтны уурхай  одоо мэдэгдээд байгаа монгол орны нэлээд бая­лаг нөөц бүхий газруудад ажиллаж байсан мэдээ, баримтууд бий. Үүний нэг нь  таны асуугаад буй  Ноён уул юм. Ноён уул нь  геологийн тогтоцын хувьд  Бороогийн гүний хагаралыг дагасан алтны судал дээр оршдог. Түүнд ганц Ноён уул төдийгүй  хэд хэдэн баялаг орд бүхий газрууд хамаардаг юм билээ. Гротын компанид ажиллаж байсан Баллод гэдэг унгар хүн  1912 онд алтны судал хайж яваад Ноён уулан дахь нэг хонхорыг  өмнө нь алт ухаж байсан уурхайн цооног байж магадгүй гэж үзэн ухсан байдаг.  Гэтэл тэр цооногоос эртний эд өлгийн дурсгалууд гарч ирсэн. Түүний ихэнхийг өөрөө болон тэр хүрээнд байсан гаднын иргэд хадгалж байсан гэх дам мэдээ бий. Түүнээс гадна Баллод 1913 онд Оросын Цагаан хааны газарзүйн нийгэмлэгт энэ тухай захидал явуулсан. Захидлын утга нь Монголын Төв нутгийн Ноён уул гэдэг газарт эртний үл мэдэгдэх ард түмний дурсгалыг илрүү­лэн оллоо. Үүний ач холбогдлыг тогтоож өгнө үү гэсэн байдаг. Харамсалтай нь Баллодын захидалд ямар хариу өгсөн тухай мэдээ, баримт тэмдэглэгдээгүй. Гэхдээ захидал ямар ч гэсэн  зохих газраа хүрч,  тэр дагуу 1924 онд Оросын газарзүйн нийгэмлэгээс Козловын удирдсан Мон­гол-Төвдийн  экспедиц монголд ирж ажилласнаар  XX  зууны археологийн томоохон нээлтэд тоо­цогд­дог Ноён уулын булшнууд судалгааны хүрээнд орж  эхэлсэн. Оросын эрдэмтэн Козлов өмнө нь  монгол нутагт олонтаа ирж бай­сан, монголоор  дамжин Төвд хүртэл явж ажил­ласан аялагч, судлаач хүн. Тэрээр  хүрээнд ирээд Баллодын ухаж  гаргасан  зарим эд өлгийн зүйлүүд хүмүүсийн гар дээр байс­ныг худалдаж авч байсан тухай мэдээ байдаг.

-Бид Ноён уул гэж ерөнхийд нь нэрлэдэг  ч  Хүннү булш  бүхий газрууд  аль  хэсэгт нь  байдаг вэ?

-Ноён уулын Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван ам бий.  Тэнд том, жижиг нийлсэн 200 орчим  Хүннү булш байдаг. Тэр дотроо язгууртны гэж нэрлэдэг  үүдэвч бүхий том булшнуудын  дэвсгэр зургийг  Козлов болон түүний экспедицийн гишүүд хийсэн. Тэр  их сайн зураг болсон шиг байгаа юм.  Яагаад гэвэл, одоо болтол ашиглаж байгаа. Тухайлбал,  2006-2009 онд ажилласан Оросын экспедиц тэр зургийг баримтлан малталт судалгаа  хийсэн. Козловоос гадна 1925 онд тус экспедицийн бүрэлдэхүүнд шинээр ирж  ажилласан мэргэжлийн археологич  Бровка,  Букинич  нар дахин нэг булшийг нээсэн. Түүний дараа 1927 онд  анх удаа Монголын Засгийн газ­рын хөрөнгөөр Шар Дам­динсүрэн гэж алдаршсан Симуков хэдэн хятад ажилчны хүчээр дахин Ноён уулын орчим судалгаа хийсэн. Түүнээс хойш Ноён ууланд ямар нэгэн  археологийн судалгаа 1950-иад  оны дунд үеийг хүртэл хийг­дээгүй. 1950-иад  оны дунд үеэс  аль ч салбарт  анхны дээд боловсрол эзэмшсэн  мэргэжилтэй  боловсон хүчнүүд бий болж эхэл­сэнтэй холбогдуулж манай  анхны археологчдын нэг Ц.Доржсүрэн Ноён уул, Хануйн гол зэрэг газар төвлөрөн ажиллаж, “Умард Хүннү”  нэртэй Хүн­нүгийн  түүх, архео­логийн анхны  том бүтээ­лийг гаргасан. Түүнээс хойш Ноён уул хэсэг хугацаанд мартагдсан.  2006 онд Орос-Монголын хамтар­сан экспедицийн шуга­маар дахин судалгаа хийсэн. 2006, 2009 онд 20/31 дугаартай хоёр булшийг малтан судалсан. Тэр малталтууд болон мөн  түрүүнд дурьдсан бүх су­далгаагаар  Монгол нутагт амьдарч ирсэн Хүннүгийн түүх соёл, хэрэглэг­дэ­хүүнүүд гарч байсан түүхтэй.

-Археологийн судал­гаанд ямар учраас өндөр ач холбогдол өгдөг талаар манай уншигчдад тодорхой баримтуудыг хэлж өгөхгүй юу?

-Бичиг үсэггүй  байсан тухайн үеийн түүх, дурсгалуудыг  судлахад эд өлгийн зүйлүүд чухал ач холбогдолтой. Түүнээс гадна бичгийн сурвалжид тэмдэглэгдээгүй тухайн асуудлыг тодруулах, мөн үгүйсгэх, шинэ мэдээ баримт гаргаж авах гэх мэт өндөр ач холбогдолтой байдгийг хүмүүс тэр болгон зөв  ухаарч, ойлгож чаддаггүй  шиг байгаа юм.  Тэгэхээр би  үүгээр  юу хэлэх гээд байна гэвэл,  ганц Ноён уул ч биш эртний  янз бүрийн цаг үед холбогдох олон булш дурсгал бидний өвөг дээдсийн  түүхийг  сэргээж бичих эх сурвалж болдог учраас түүнд маш чухал ач холбогдол өгч хүндэтгэн хайрлаж, хамгаалж харьцах ёстой. Мөн төр, засаг ч гэсэн ихээхэн анхаарал тавьж хадгалж, хамгаалах талаар шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг бол­сон. Яагаад гэвэл, өнөөдөр  XXI  зуун, шинжлэх ухаан, техник техноло­гийн дэвшил асар өндөр төвшинд хүрлээ. Ийм цаг үед хүмүүсийн ёс зүйн харилцаа урд өмнөхөөс өндөр  төвшинд тулж ирээд байна. Хүн боловсрол мэд­лэгээс шалтгаалахгүйгээр аливаа эртний түүх, соёлын дурсгал, бусад хүмүүсийн хоорондын харилцааны  олон талт асуудалд өндөр ёс сурта­хуунтай байхыг шаарддаг  эрин үед бид амьдарч бай­гаа. Хуулиар зохицуу­лахаас гадна  хүмүүсийн харилцааны ёс зүй, хү­мүүжлээс олон зүйл шалт­гаална. Ингэж  байж бид байгаль орчин,  өвөг дээдсээс үлдээсэн баялаг дурсгалыг хадгалж хамгаалах тухай асуудлыг  ярих ёстой. Үүнийг зөвхөн сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс төдийгүй бүх хүн анхаарч, түүх соёлоо хайрлаж хамгаалах зан чанарыг төлөвшүүлэх  талаас  зорилготой, өргөн цар хүрээтэй  арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн үл мэдэгдэх зүйлд даатгаж орхиж болохгүй.

-Ноён ууланд уул уурхайн нэг бус  компани  ажиллаж  байгаа. Түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах судалгаа хэрхэн хийгдсэн байдаг бол?

-Монгол орон зах зээ­лийн харилцаанд орсноор   сүүлийн 20 гаруй жил ялангуяа уул уурхай голлосон үйл ажиллагаа монголд маш өргөн цар хүрээтэй явагдаж эхэлсэн. Энэ үйл явцыг дагалдаж, урд өмнө төдийлөн сонсогддоггүй байсан нинжа нар, амьдрахын эрхэнд гэж өөрсдийгөө зөвтгөж байгаа хэсэг бүлэг хүн булш бунхан тонохоос өөрөөр амьдарч болохгүй байгаа мэт ярьж, тайлбарлах зэрэг сөрөг хандлагууд ихээхэн гарах боллоо. Нэг нь мэдээж, зөвшөөрөл гэдэг нэрийн дор байгаль орчин, тэнд байгаа булш бунхан, хөшөө дурсгалыг устгах аюул гарч байгаа бол нөгөө хэсэг нь хувиараа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмал хайдаг, олдог, ухаж төнхдөг. Амьдралын боломж­гүйгээс гэх нэрээр  булш бунхныг  тонож байгаа үзэгдэл газар авсан.  Ноён уул ч гэсэн  энэ үйл явцад өртсөн. Миний олж дуулснаар Ноён уулыг өмнө нь Бороо гоулд гэдэг компани эзэмшиж байгаад дараа нь  монгол  компанид  шилжүүлсэн байдаг. Тус компани хүсэлт гаргасны дагуу  бид 2011  онд  ашигт малтмалын талбайд нь очиж археологийн хайгуул судалгаа хийсэн. Тэр компанийн  тусгай зөвшөөрөлтэй   талбай  Ноён уулын Сүжигтийн ам олон булш бүхий газарт байдаг. Гэхдээ тэр талбай  Бороо гоулдын мэдэлд байсан  гэх боловч тус орд газрыг социализмын үед Монгол-Германы хам­тарсан уурхай эзэмшиж байсан тухай геологичид ярьдаг. Магадгүй түүнээс бүр өмнө ХХ зууны эхэн үед дээрх талбайг Монголын Засгийн газар, түүнчлэн хувь нийлүүлсэн алт ухах “Монголор”  компани ашиглаж байсан байхыг үгүйсгэхгүй. Баялаг орд бүхий Сүжигтийн ордыг эрт дээр үеэс,өөрөөр хэлбэл  1924 оны Козлов нарын малталт судалгаа эхлэхээс өмнө  ашигладаг байсан байж болох үндэстэй.

-Сүжигтийн орд ямар ордод хамаардаг  юм бол?

-Үндсэн шороон орд буюу өөрөөр хэлбэл, газар доогуур  хонгил малтан  хүдэр олзворлож, түү­нийгээ гаргаж ашиглах маягаар зохион байгуу­лагд­сан. Бид тэнд хайгуул судалгаа хийсний  хувьд  хонгилд орж нөхцөл байдалтай та­нилцсан. Хуучин социа­лизмын үед ухаж байгаад орхисон хон­гилыг нинжа нар гэгддэг хувиараа алт олборлодог хүмүүс олон тийш нь салбарлуулан ухаж, асар их хэмжээний шороо чулууг гаргаж овоол­сон байсан юм би­лээ. Түүнийг тус компани өөрийн хө­рөнгөөр зай­луулж, кэмпээ байгуулсан юм байна. Би тү­рүүнд хэлсэн, бид  талбайн нөхцөл байдалтай  бүрэн танилцсан. Уурхайн цоо­ногийн ам булш  бүхий  газраас 500-700 метр зайтай оршдог. Хэд хэдэн талд нь харуул, хамгаа­лалтын “Эрдэнэ” компа­нийн ажилтнууд  хамгаа­лалтад гардаг. Тэндээс юу ажиглагдсан  бэ гэвэл, Ноён уулын Сүжигтийн амны   хэд хэдэн булшийг  ухаж тонох гэж оролдсон нь харагдсан. Чухам яа­гаад гүйцээж ухаагүйг бид хэлж мэдэхгүй. Тус ком­пани тэнд үйл ажиллагаа явуулахаас өмнө нинжа нар хөлхөлдсөн их хөлийн газар байсан бололтой дүр зураг дээрх булш бунхныг тонох гэсэн байдлаас ха­рагдаж байгаа юм. Гэхдээ одоогоор Сүжигтийн аманд ухаж, тоносон булш  байхгүй байгаа ч Хужирт, Жу­рамтын аманд байдал ямар байгааг мэдэхгүй. Ямар ч гэсэн замбараагүй хөл хөдөлгөөнийг  тэнд уул уурхайн компани ажиллах болсноор ямар нэгэн хэмжээгээр хязгаарлан зогсоосон сайн тал ажиглагдаж байгаа юм. Уурхайг ашиглах хугацаанд  тэнд  байгаа  булшнууд ямар нэгэн хэмжээгээр нинжа нарын хөлд үрэгдэхгүй юм байна гэсэн бодол төрсөн. Зөвхөн талбай төдийгүй, тэрхүү талбайн гадуур юу болж байгааг  харуул, хамгаа­лалтын ажилтнууд ажиг­лаж, харж байдаг юм билээ.

-Уурхайн орчим “Зуун модны зам”-ыг иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Мөн уул уурхайн компани ямар  байдлаар  үйл ажиллагаа явуулах бол гэсэн түгшүүр иргэдэд байна. Тэр талаар та юу хэдэх вэ?

-Тэр  шинээр  бий болсон зам биш. Эртнээс бий болсон, өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үед байсан зам харгуй гэдгийг хэн ч хэлэх байх. Ноён уулаас хойш Баруун, Зүүн Хараа гэх мэт газар руу чиглэсэн ойр дөт уулын зам байсан. Түүгээр нутгийн ардууд нааш, цааш зорчиж ирсэн. Одоо тэнд ажиллаж байгаа “Гүнбилэг”  компани ямар  арга, хэлбэрээр тус уурхайг ашиглах гэж байна гэхээр уурхайгаас гарсан хүдрийг өөр газарт машинаар зөөвөрлөн аваачиж боловсруулалт хийх  гэж байгаа юм шиг байна.  Энэ нь  юу гэсэн үг вэ гэвэл,  уурхайгаас дахин шороо, чулуу гэх мэт зүйл гарахгүй. Харин шинээр өрөмдлөг гаргах, шинэ ам, цооног нээх тохиолдолд мэргэжлийн археологчдод хандаж, тэдний дүгнэлтийг үндэслэн ажиллавал зохистой. Энд  зориуд хэлэхэд, уул уурхайн компаниуд   нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн лицензтэй талбайд ар­хеологийн хайгуул су­далгаа хийнэ гэдэг нь зөвшөөрөл өгөх, өгөхгүй тухай асуудал биш. Тэнд  зөвхөн археологийн дурсгал бий, эсэхийг  тогтооно гэсэн үг юм. Би түрүүнд хэлсэн,  аль 100 гаруй жилийн өмнө харийн хүн монгол нутагт   эртний гайхамшигтай түүх соёлын дурсгалт  зүйл байдаг гэдгийг мэдээд  зохих газарт нь хандаж байсан сайхан жишээ байна. Манай үндэсний компани, бизнесмэнүүд түүнээс суралцдаггүй юм гэхэд нэг их дордохгүй сэтгэлээр талбай дээрээ байгаа түүх, соёлын дурсгалд  хандаж байвал аль аль талдаа хүмүүст  сайхан сэтгэл төрүүлнэ. Өөрсдийнх нь ажил үйлс ч гэсэн урагштай, бүтэмжтэй  байхад зохих хэмжээгээр нөлөөлнө. Анхааруулах ёстой өөр нэг асуудал бол ялангуяа  шинээр  ашигт малтмалын зөвшөөрөл авах гэж байгаа, мөн бусдаас худалдаж авах гэж байгаа хүмүүс тухайн газарт археологийн хайгуул судалгаа хийсэн, эсэхийг урьдчилан лавлаж,  заавал тодруулж байх  шаард­лагатай. Яагаад гэвэл, хэрэв  таны худалдан авах гэж байгаа тухайн талбайд асар их хэмжээний архео­логийн дурсгал байгаа тохиолдолд тэр нь аль ч  талаасаа  ашиггүй бизнес болно гэдгийг юуны өмнө анхаарах  хэрэгтэй. Төр, засгийн зүгээс ч гэсэн  асар их хэмжээний дурс­гал бүхий зарим талбайг  цаашид ашиглуулах уу, үгүй юу гэдэгт  бодлого, үзэл баримтлалаа тодорхой болгох ёстой. “Гүнбилэг”  компанийн хувьд  шууд буюу шууд бусаар Сү­жигтийн амны  дурсга­луудад ямар нэгэн хортой нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна. Үүнийг би тайландаа гар­гаж өгсөн байгаа.  Харин ч газар шороотой зүй бусаар харьцаж  байгаа өнөө үед  хэсэгхэн хугацаанд ч гэсэн Сү­жигтийн амны  дурсгалуудыг хамгаалахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна.

-Эртний булш бунхан сүйдэж байгаа газарт нинжа нар олноор байна гэж та ярилаа. Энэ асуудлыг цаашид яах вэ. Та юу гэж үзэж байна?

 Эртний булш бунхан сүйдэж байгаа газруудыг харахад   орон  нутгийн болон энд тэндээс ирж очиж буй олон нинжа   цугласан хэсэгт асуудал их байна. Өнгөрсөн хав­раас өргөн цар хүрээтэй эхэлсэн  археологийн ав­ран хамгаалах судалгааны явцад Монголын олон га­зарт байгаа ашигт малт­малын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажилласан.  Түүгээр түүхийн дурсгал маш их сүйдсэн газар ч нэлээдгүй бүртгэгдлээ.  Булш бунхан хамгийн их сүйдсэн газар  нинжа нар их төвлөрсөн байх юм. Нинжа нар цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгийг  төр анхаарахгүй бол байгаль орчин төдийгүй ухаж бо­лох овгор шороо болгоныг  төнхөж, энэ нь цаашдаа бидний өвгөд дээдсийн  2000 жил, зарим нь 3000 жил, хэдэн зуун жил  амгалан тайван нойрсч байсан ариун даг­шин газар, сүнс сүлдийг онгичиж байгаа зохисгүй үзэгдэл юм. Энэ талаар  төр цэгцтэй бодлого гаргаж ажиллаасай.