Б.ЭРХЭС

 

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн нийслэлийн дүнг танилцууллаа. Өмнө нь аймгуудын сонгуулийн дүнг танилцуусан учир 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн эцэслэж гарлаа хэмээн үзэж болох юм.

Нийслэлийн зургаан дүүрэг болон зарим аймгийн цөөн хэдэн багт ирц хүрээгүй учраас дахин санал хураалт явуул­сан. Хачир­хал­тай нь дахин санал хураалтын ирцэд хувиар доод хязгаар тогтоогоогүй учир хэдэн ч хүн оролцсон хүчинтэй хэмээн үзэж байна.  Нийслэлийн таван дүүрэгт Ардчилсан нам, дөрөвт нь Ардын нам ялалт байгуулсныг Сон­гуу­лийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ал­бан ёсоор мэдэгдэв. Орон нутгийн сонгуулийн эц­сийн дүнгээр Ардчилсан нам 17, Ардын нам 13  тойрогт ялалт байгуулжээ.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содном­цэрэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Дахин санал хураал­тад хэчнээн сонгогч саналаа өгсөн бэ. Ирцийн дүнг гаргасан уу? 

-Хуульд дахин санал хураалтын ирцийг харгалзана гэж заагаагүй, ирцээр нь тооцно гэсэн заалттай тул албан ёсны ирцийн мэдээ гаргаагүй.

-Орон нутгийн сон­гуультай холбоотой мар­гаан, гомдол санал ямар байв? 

-Сүхбаатар дүүргээс нэг гомдол ирсэн. Автомат машины цагны батерей дууссан тул санал хураалтыг хүчингүй бол­госон гэсэн гомдол ирсэн. Сүхбаатар дүүр­гийн Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргасан юм билээ. Хуульд автомат машины цагны батерей дууссан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох тухай заалт байхгүй. Автомат машины дүн нь сонгуулийн дүн байна гэж заасан. Саналыг хүчингүйд тооцох хэд, хэдэн үндэслэл бий. Энэ нь сонгогчийн ирц хүрээгүй, хуурамч са­налын хуудсаар санал өгөх гэж оролдсон то­хиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог.

-Хөвсгөл аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт ардчилсан намынхан гом­дол гаргасан. Энэ тухай гомдол СЕХ-нд албан ёсоор ирсэн үү. Мар­гаантай байгаа энэ хоёр тойргийн дүнг яаж тооцсон бэ?

-Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүрэг дэх Ардчилсан намынхан аймаг болон дүүргийнхээ Сонгуулийн хороонд гом­дол гаргасан. Энэ гом­длыг эхлээд цагдаагаар шалгаад шүүх хянан шийдвэрлэх ёстой. Хэрэв цагдаа гомдлыг нь тогтоохгүй, шүүх шийдвэрлэхгүй бол тухайн шатны тойргийн хорооны тогтоол нь хүчин төгөлдөр болно.