Фото: Joe Raedle / Getty Images
Д.ЭНХЭЭ
Бостон дахь Бригамын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрдэмтэд урт наслах шинэ аргыг нэрлэв. Цусны даралтаа хянаснаар насаа гурван жилээр уртасгаж болох ажээ. EurekAlert-ын хэвлэлийн тоймд энэ тухай мэдээлжээ.
Судалгаанд чихрийн шижин өвчин нь газар авах магадлалтай 50-иас дээш насны есөн мянган хүн оролцжээ. Сайн дураар судалгаанд оролцсон тэдгээр хүний цусны даралт 130-180 миллиметр мөнгөн усны баганын үзүүлэлттэй байж л дээ. Тэднээс даралт нь 120 хүртэл хэмжээнд буусныг нэг бүлэгт, 140 хүртэл буусныг нөгөө бүлэгт хуваажээ. Оролцогчид зорилтот үзүүлэлтэд хүргэх зорилготой даралт буулгах үнэ төлбөргүй эмчилгээнд гурван жил хамрагджээ.
Цусны даралтаа 120 хүртэл буулгах зорилго тавьсан хүмүүс хэрвээ даралт буулгах эмчилгээг тасралтгүй хийлгэсээр байх аваас амьд явах насаа зургаан сараас гурван жилээр уртасгаж болдог гэдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ хугацаа тухайн хүний наснаас хамаарах бөгөөд даралт буулгах эмчилгээг хэдийчинээ эрт эхлэх тусам нас урт болдог байна.
Үүний зэрэгцээ бөөр гэмтэх, даралт багасах зэрэг өвчний эрсдлийг энэ судалгаанд тооцоогүй гэдгийг судлаачид онцолсон байна.
Эх сурвалж: Цахим Зууны мэдээ www.zms.mn