Ч.ЗОТОЛ

Орон нутгийн сон­гуулийн үр дүн   ирэх дөрвөн жилд  аль аймгийг хэн  удирдах вэ гэдэг асуултад хариу өгч эхэллээ. Сон­гуулийн эцсийн дүн болон дахин санал хураалтын албан ёсны дүнг Сонгуулийн ерөнхий хороо эцэслэн зарлана. Түүгээр багагүй зүйлүүд тодорхой болох ч зарим аймгийн Засаг дарга нар тодорхой болж аль хэдийн тамгаа гардаад авчихсан байх жишээтэй.

 Тухайлбал, Өмнөговь, Дорнод аймагт Засаг дарга нар нь ажлаа хүлээж  авч иргэдтэйгээ уулзаж яваа мэдээ байна. Түүнээс гадна өмнөх дөрвөн жилд аймгаа хөгжүүлж, олон нийтээс нэмэх оноо цуглуулан нэг ёсондоо үнэмлэхүй олонхийн итгэлийг өвөртөлсөн Засаг дарга нар ажлаа үр­гэлжлүүлэх “виз”-ээ сон­гогчдоос аль эрт авчихсан гэнэ.

Тухайлбал, Сүхбаатар нутгаа жишиг аймаг бол­гохоор хөгжлийн гарааг амжилттай эхлүүлсэн Засаг дарга Ж.Батсуурь  болон Говь-Алтайн Ш.Ам­галанбаяр, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангайн Засаг дарга нар  суудалдаа хэвээр үлдэх нь тодорхой болжээ.

УИХ-ын 2008 оны сон­гуулиар өвдөг шороод­сон ч Завханы Засаг даргаас Их хуралд  дахин гарч ирсэн Я.Санж­мятавын туршлагаар зарим улстөрчийн  орон нутагт түр үүр засах гэсэн  оролдлогууд  энэ удаа бүтэхээсээ  бүтэлгүйтсэн нь олон. Л.Гүндалай, С.Ламбаа, Да.Ганболд  нарын олны танил, улстөрийн сунгаанд давхар уяатай “давхисан”  эрхмүүд бий. Тэднээс Төв аймагт олонхийн санал авч олон жил улаан байсан тойргийг цэнхэр­түүлсэн Да.Ганболдод энэ удаа хүрд эргүүлэх боломж олджээ. Хөдөө орон нутагт цас зуд их, зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөв­тэй тул Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн  аймаг, дүүргүүдийг ИТХ-аа хийж, Засаг даргаа тодруулах үүрэг өгсөн. Энэ сарын 9 гэхэд бүх асуудал тодорхой болно гэсэн хүлээлт байна.