А.ДОРЖХАНД

Монгол өв соёл бол шавхагдашгүй их билээ. Энэ соёлын нэгээхэн хэсгийг тээж яваа ховор зочинтой хөөрөлдөв. Түүнийг алдарт уртын дууч Н.Норовбанзад гуайд “Уяхан замбуу тивийн наран” хэмээх гайхамшигт уртын дууг зааснаар нь мөн мазаалайн бамбаруушийг олж байсан гэдгээр нь андахгүй аж. Мөн малын бэлчээр дээрээс гавьяат цолыг авсан хоёрхон хүний нэг юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дууч, сийлбэрч Г.Дадьсүрэнтэй ярилцлаа.

-Таныг мазаалайн бамбаруушийг олж байсан гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхэлбэл зүгээр юм болов уу ?

-Би  өсөхөөсөө өдийг хүртэл мал маллаж байгаа хүн. Энэ жил 78 нас хүрлээ. Одоо ч Дундговийн Дэрэн сумандаа амьдарч байна. Тиймээ тэр 1968 онд Сэгс цагаан богдын заставт алба хааж байхдаа хоёр цэргийн хамт мазаалайн бамбарууш барьж байлаа. Тухайн үед ховор амьтан мазаалайн бамбарууш гэдгийг мэдэхгүй шүү дээ. Үүнээс өмнө О.Уртнасан найруулагч нохойгоор хоргоож байж мазаалайн дүрсийг зурганд авч үлдсэн байдаг юм гэнэ лээ. Түүнээсээ болоод бид гурав сахилгад сууж байлаа. Тэр бамбаруушийг хил дээрээс хот руу циркэд авчирч байсан. Түүний чихмэл нь аль нэг музейд байдаг гэж дуулсан очиж үзээгүй. Хожим мэдэх нь мазаалай анх удаа хүний гарт баригдлаа гээд л улс орнууд их сүртэй авч байсан гэдэг.

-Таныг олон талын авъяас­тай гэж сонссон. Та кинонд хүртэл тоглоод амжжээ?

-Тиймээ би уртын дуу дуулдаг мөн сийлбэр хийдэг. Гадна дотнын хүмүүс миний уртын дуу дуулахыг сонирхон ирж уулздаг. “ Эрт нахиалсан сарнай”  киноны найруулагч надад санал тавьж  над руу ярисанаар богино хэмжээний дүр бүтээсэн. Мөн 1989 онд Ү.Чойдоржтой хамт морин хуур урлаачдын уралдаанд оролцож III байр эзлэж байсан.Харин энэ бүтээл маань Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг юм байна. Өнөөдөр үзэж сонирхлоо. 200-гаад морин хуур хийсэн. Сийлбэр хийдэг болсон минь миний бага настай салшгүй холбоотой.

-Таны бага насанд нааддаг байсан  тоглоо­мын чинь талаар сонирх­вол?

-Миний бага нас дайны жилүүдэд өнгөрсөн. Тиймээс тоглох тоглоом ховор, аав ээж хоёр маань салчихсан байсан. Бэлэн тоглоом байхгүй үед бид тоглох тоглоомоо өөрсдөө л сэтгэж олж тоглоно. Ихэвчлэн малынхаа ясаар тоглодог байлаа. Малын шийрний ясыг ялба чанаад мөлжихөөр 12 ширхэг жижигхэн үе гардаг. Үүгээр тоглохдоо хамгийн жижгийг нь хурга, төлөг болгоод томрох тусам нь малын насыг нэмж тоглоно. Бас үхэр, ямааны эвэр цуглуулаад тоглоно. Эврээ чулуун дээр цохиод тугал цагаан, тугал цагаан гэнэ. Мөн тугалтай үнээ болгоно. Яс, эврээс гадна адууны хомоол хамгийн гоё тоглоом болно. Адууны хомоол чинь улирлаараа өнгө нь өөрчлөгдөнө. Зуны хомоол ямар ч хэрэггүй байдаг. Намрын сөл тасрахаас эхлээд малын баас биелэнэ. Хамгийн сүүлд гарсан хэнз унаганы баас тоглоход хөөрхөн. Тэр хомоолыг халтар морь гэнэ. Хөх хомоолыг нь хөх бор морь, тас харыг нь хар морь, хоёр наалдсан хомоолоор азарга тавих жишээтэй. Бөгс нь тонтгор хомоолыг уургын морь гээд харин дэрсээр уургыг нь хийнэ. Мориныхоо зүсийг өөрчилж байна гээд хурга, тугалын зунгагаар будаж хар ногоон морь болгоно. Хуучин дээлийн өөдсөөр майхан хийгээд түүндээ таарсан эх малын дотрын арьсаар жаахан хөхүүр хийгээд мөн ховоо, бүлүүрийг ч нь хийнэ. Ингэж тоглохоор хүүхдийн сэтгэх чадвар илүү нэмэгддэг юм болов уу. Одооны хүүхдүүдийн тоглоом бэлэн сайхан юм. Би малын тархинд юу байдгийг андахгүй мэддэг болсон. Сийлбэрчин болсон маань үүнтэй холбоотой. Хэцүү жилүүдэд ээжтэйгээ амьдарч байхдаа морин хуур хийгээд ишиг, хурганаас арилждаг байлаа. Дутуухан амьдрал хүнийг тархи, гар хоёрыг зэрэг ажилладаг болгодог.

-Та сайн сийлбэрчнээс гадна уртын сайн дуучин. Малын бэлчээр дээр төрсөн цөөн гавьяатуудын нэг. Тиймээс уртын дууны утга учрын талаар сонирхолтой түүх ярих байх?

-Миний аав адуучин, уртын дууч хүн байлаа. Ээж маань ч уртын дуу мэднэ, бидэнд зааж өгнө. Манай говь нутаг найр наадам элбэгтэй. Боржигон найр гэдэг чинь хатуу дэгтэй. Найран дээр л уртын дууг бүрэн эхээр нь сурна. Хөгшчүүл  бидэнд дууны утгыг их хэлж өгдөг байлаа. Ая данг нь яаж тааруулахаас эхлээд, үгийн утгыг нь тайлбарлаж өгнө. Уртын дууны үг бол уйгаржин монгол бичгээр дуудагдаж дуулагддаг зүйл шүү дээ. Хүүхэд найран дээр гайгүй дуулбал атга ээзгий, ааруулаар шагнуулна. Дууг дутуу дуулж болохгүй. Дутуу дуулбал айргаар шахаад бөөлжүүлэх жишээтэй. Хэн ч олон бөөлжөөд байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгсээр би тэр хонхорынхоо уртын дуунуудыг бүтэн сурчихсан. Хээр хөдөө морьтой явахдаа хүн илүү  их сурдаг юм. Одоо дуулж байгаа дуучдыг сонсохоор ихэвчлэн дутуу дуулаад байдаг. Алдарт уртын дуучин Н.Норовбанзад гуайд “Уяхан замбуу тивийн наран “дууг зааж өгөхөд сайхан дуулсан. Тэгэхдээ тухайн үеийн намын үзэл бодолд таарахгүй үг хэллэг байсан учир заримыг нь өөрчилсөн байна лээ. Тухайлбал, “Зээ уяхан замбуу тивийн наран

Илхэн дэлхий даях­наа­раа Мөхдөлгүй л мандсаар байдаг л билүү дээ зээ, та мину зээ” гэж дуулж байна. Харин би бол “Зээ уяхан замбуу тивийн наран

Илхэн бүх дэлхийдээ мандсагаар байхыг чинь мэдсэгээр биш үү дээ” гэж сурч байсан.

Мөн “Өвгөн шувуу хоёр” дууны тухайд “Өвгөн шувуу” гэж буруу нэрлээд байна. Тэгэхээр хүмүүс хөгшин шувууны дуу гэж ойлгоод байна. Энэ бол огт тийм биш. Шувуу хүн хоёр ярилцана гэдэг боломжгүй л дээ.  Ерөнхий утга нь энэ хорвоод яагаад хүн ядардаг, бас үхдэг, жаргадаг юм гэдгийг шувуу хүн хоёр 40 бадаг дуунд хоорондоо хүүрнээд байгаа  юм. Тухайлбал, өвгөн өтлөе гэж өтөлсөнгүй. Өнгөт хорвоогийн жамаар өтөллөө гэдэг. Харин өвгөн шувуунаас яагаад дулаан орондоо байхгүй энд ирэв ээ гэхэд дасал болсон нутгийнхаа сэрүүнд нь болж зорьж ирлээ гэх жишээтэй харилцан хоёр аяаар дуулдаг. Уртын дууг бид гүйцэд сурах хэрэгтэй. Уртын дуу нь 5-6 бадаг дуутай тэнцэх хэмжээтэй цаг шаардаж байдаг учраас аргагүй юм.

-Уртын дууг дуулж сурахад заавал хөдөө өссөн байх хэрэгтэй юу. Учир нь эх нь голсон төлийг эхэд нь авахуулахдаа хүртэл бид дуулдаг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хөдөөний бид чинь цагт баригдахгүй тэр чинээгээрээ аливаад тайван хүмүүс шүү дээ. Хөдөө хээр дуулаад явлаа гэхэд морь, тэмээнээс өөр шоолох зүйлгүй. Тэр тал нутагт чинь дуулаад явахаар хоолой ч цээлхэн гарна. Айргаа бариад дуулахаар хоолой сайхан гарч өдөржин шөнөжин дуулчихна. Айраг гэдэг чинь хүнийг согтоодоггүй, дотрыг зэгсэн халаагаад дуулмаар, бас яриа дэлгэрмээр болоод ирдэг. Тийм орчинд дуулдаг болоод ч тэр үү студид ирээд өнгөрсөн намар “Өвгөн шувуу хоёр” дууныхаа өвгөнийг бичүүлэх гэсэн хоолой сайн гарч өгөхгүй байсан. Хэрэв айргаа саванд хийж ирээд уугаад дуулсан бол хоолой илүү гарах байсан болов уу.

Малчин хүн чинь малтайгаа үргэлж “Чааг, гүүг, хаа, хөөж ” гэх зэргээр дуу авиагаар харьцдаг учир энэ бол хоолойны том дасгал болж байгаа юм. Голсон малын эхээс гадна төл нь осолдсон малыг тэлүүлж авахуулдаг. Үүний тулд дуугаар уярааж авахуулна. Хонийг  тойг тойг гэдэг бол ямааг цийглэж, ингийг хөөслөж авахуулна. Ингэ их өрөвдмөөр уяхан амьтан нулимс нь амархан бөмбөрөөд л ирдэг. Ингэнд ботго авахуулахад үүрийн харанхуй өнгөрөөд холын юм үзэгдэх болоод ирэх үед аль эсвэл үдшийн шар гэгээгээр авахуулдаг. Үрээ алдсан эх амьтан гэдэг дэлэн хөх нь чинээд их ядардаг. Нэг шувуу ниссэн ч сэрвэс гээд ботгоо хайгаад байдаг. Адууг ч мөн гийнгоолж урмыг нь сэргээдэг. Хурдан морийг унаач хүүхдийг нь унуулаад гийнгоолуулахад морь баадаг. Энэ мэтчилэн монгол хүн мал хоёр хэзээнээсээ дуугаар ойлголцож ирсэн.

-Монголчууд бид  үүнээс гадна бид их билэгдэлтэй ард түмэн шүү дээ. Гүүгээ хавар барьж, намар тавихдаа нутгаас хамаарч өөрөөр ёсолдог?

-Тийм ээ. Гүүний үрс хийнэ гэдэг нэгэн том баяр юм. Ингэхдээ нутаг ойрхон хүмүүсээ гэртээ урьж хонины махыг гэдэс дотортой нь чанаад модон дээр тавьж ирсэн бүх хүндээ хүртээнэ. Энэ хишгээс хүртэх нь тухайн хүн өөрийгөө азтайд тооцдог. Алдуул малын эрэлд явж байгаа хүн таарвал азаар өнжөөнө гэж хэлэлцдэг. Айрганаасаа есөн нүдтэй цацлаганд хийж дөрвөн зүг, найман зовхист “Цөөн цад” гэж хэлээд өргөдөг. Энэ нь цэгээнд цад гэсэн үг юм. Намрын унага тамгалах, унаганыхаа ногтыг тавина гэдэг бас л нэг ёс юм. Хамгийн сайхан айргаараа айл саахалтаа дайлж унагаа уралдуулдаг. Хурдан адуу болох шинжтэй унага ингэж уралдуулахад илэрнэ ч гэдэг. Унаганы уралдаанд тавьсан унага нь түрүүлсэн эзэн тэр жилдээ азтай одтой байх нь гэж бэлэгшээдэг. Айраг сөгнөхөд хүртэл учиртай нударгаа эргүүлнэ. Хоёр гараараа өгөхдөө малгайгаа өмсөж, хүнд өгөхдөө малгайгаа авна. Айргаа нар зөв хутгаж аяганд хийнэ. Гэрийн баганын гадуур өгдөггүй ёс байдаг. Үүнээс гадна бид замыг хүртэл алтан шар зам гэж нэрлэдэг. Ийм билэгдэлтэй тэнгэр газартайгаа  үргэлж ярьж байдаг ард түмэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.14  БААСАН  № 32 (6257)