Ч.ҮЛ-ОЛДОХ

Түрүүч нь http://zms.mn/?p=77024

Дээр дурдсан хоёр  хууль /БНАТТ хууль, УТХТ хууль/ 2012.5.17 –нд УИХ-аар батлагдан хүчин төгөлдөр болсон хэдий ч түүнээс хойш бараг долоон жил өнгөрч байхад эдгээр хуулиудыг хэрэгжүүлж шонхорын төлбөр жишиг үнийн 80-90 хувь, хураамж 5-8 хувь гэж дээд, доод хязгаарыг нь зааж өгсөнийг тодорхой болгох, өөрөөр хэлбэл төлбөр, хураамжийн хувийг нэг тоо /хувь/ -гоор  илэрхийлэх талаар БОАЖЯ-наас  тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ.

Бас нэг хууль тогтоомж зөрчсөн ноцтой зөрчил гэвэл шонхор барихаар ирсэн арабуудад яамнаас олгодог шонхор бариулах зөвшөөрлийн бичигт хууль тогтоомжийн заалтыг зориуд буруу ашиглан төлбөр, хураамжийг гадаа­дад амьдаар нь гаргаж буй шонхорт огт хамааралгүй, өөрөөр хэлбэл дотооддоо ахуй, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан /буудаж амийг нь хороосон/ амьтанд хамаарах заалтыг баримт­лан төлүүлэхээр дурдсан байна.

Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад “Амьдаар барих нэг толгой идлэг шонхорын жишиг үнийг 12.000, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай”  гэж заасан байгаа бөгөөд энэ хэмжээ нь ч гэсэн БНАТТХуулийн 17.1.6 , УТХТХуулийн 21.1.35 –д заасан хувьтай тохирч байгаа юм.

БОАЖ-ын сайд, газрын дарга нар нь агнах, барих гэдэг хоёр  үгийг “ойлгохыг” хүсдэггүй нь харамсалтай. Гэхдээ энэ нь зөвхөн ойлголтын зөрүү биш, түрүүнд дурдсанчлан цаад  санаа нь өөрсдийгөө арабын аль нэг улсын ханхүү, эмир, шейх, хунтайж, султан, сайд эсвэл тэдний ах дүү, бие төлөөлөгч гэх араб ноёдуудад ая тал засах ашиг сонирхлын зөрчилтэй нь холбоотой гэж үзэж байна.

Монголчууд эрт дээр үеэс харцага, шонхор, бүргэдийг барьж гаршуулан ан авд хэрэглэж байсан боловч сүүлийн 100 гаруй жилийн туршид энэхүү уламжлал үндсэндээ алдагджээ.

Бүргэдээр ан хийх биет бус соёлын өв уламжлал манай улсын Баян-Өлгий аймгийн казах иргэдийн дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй, зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж өвлөгдөн үлдсэн билээ.

2010 онд ЮНЕСКО “Хүн төрлөхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл” –ийг батлан гаргаж түүндээ бүргэд, шонхор, харцага зэрэг зарим махчин шувуудыг ашиглан ан хийх шувуулахуйн соёлыг албан ёсоор бүртгэн авсны дотор Монгол Улс багтсан бөгөөд энэ дагуу Монголын шувуулахуйн холбоо үүсгэн байгуулагдаж Бельги улсын Брюссел хотод төвтэй одоогоор 86 орны 110 шувуулахуйн холбоог эгнээндээ нэгтгэсэн Олон улсын шувуулахуйн холбооны гишүүнээр элссэн байна.

Баян арабуудад БОАЖ-ын сайд, дарга нар ая тал засдгийн зарим жишээг дурдая.

Гадаадын анчид жуулчид, иргэдэд жил бүр агнуулдаг, бариулдаг олон төрлийн ан амьтдаас зөвхөн идлэг шонхор барих хугацааг хамгийн уртаар, тухайлбал, зургадугаар сарын 20-ноос арваннэгдүгээр 15-н хүртэл бараг бүтэн таван  сар байхаар Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.8.4-өөр хуульчилж өгсөн мөртлөө Баян-Өлгий аймгийн казах  иргэдийн амьдаар нь барьж гаршуулан тэжээж ашигладаг цармын бүргэдийг барих хугацааг нь болохоор Амьтны тухай хуулийн 9.8.5 –д аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын-1 хүртэл ердөө ганцхан сар байхаар ялгаварлан тогтоож өгсөн байна. Мөн тэрчлэн нутгийн казак иргэддээ бариулах цармын бүргэдийн хяналтын тоог ч Засгийн газрын тогтоол болон сайдын тушаал шийдвэрт огт тусгаж өгдөггүйгээс үзвэл нутгийн казах иргэддээ цармын бүргэд барьж тэжээж арчлан ан авд ашиглахыг хориглосон байна гэж үзэхээс өөр аргагүй юм.

“Зөвшөөрөл олгох тухай” БОАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханы 2019 оны наймдугаар сарын 1-ны 06/5326, 06/5327, 06/5385 тоот гурван  албан бичигт Засгийн газрын нууц тогтоол, БОАЖ-ын сайдын нууц тушаалын дагуу Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Шейх Хамдан Бин Мухаммед Бин Мактумд нэр бүхий 19 аймгийн нутгаас 30, мөн Дубай хотын бас нэг дэд захирагч Шейх Мухаммед Бин Рашид Ал Мактумд мөн л 19 аймгийн нутгаас 50 толгой, Катар улсын Эрхэмсэг Шейх Ахмед Абдулазиз Саал Танинд 12 аймгийн нутгаас 20 толгой идлэг шонхор барих зөвшөөрлийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын-2  хүртэл бүтэн гурван  сарын хугацаанд тус тус олгосон байна.

Дубай хотын хоёр  дэд захирагчийн шонхор барих зөвшөөрлийн бичигт шонхор барих үйл ажиллагаандаа тус бүр 17 жийп машин 35 хүн оролцоно гэсэн машины дугаар, хүмүүсийн нэр, паспорт, иргэний үнэмлэхний дугаар бүхий жагсаалтыг хавсаргасан байна.

Амьтны тухай хууль тогтоомжид ан амьтан, загас, шувуу агнах, барих газрын нэр буюу Агнуурын бүс нутгийг зөвшөөрлийн бичигт тодорхой зааж өгөхөөр тусгагдсан байдаг аж. Амьтны тухай хуулийн 28.1 –д ан сонирхогч, анчин, малчин зэрэг жирийн иргэдэд шувуу агнах хугацаа нь гурав  хүртэлх хоног байх, энэ хугацаанд агнах хөтүү, ятуу, ногтруу шувуу 10, ой хээр ус намгын бусад шувуу 5-аас илүүгүй байхаар тус тус тусгагдсан байна. Гэтэл шонхор барьж зугаацахаар ирсэн араб ноёдод болохоор Засгийн газрын тогтоол ёсоор Монгол Улсын үндэсний бахархалт шувуу гэж өргөмжлөгдсөн идлэг шонхор шувууг хэдэн арав, зуугаар нь бариулахдаа тодорхой газар, агнуурын бүс нутгийг зааж өгөхгүйгээр бараг бүх аймгийнхаа нэрийг дурдаж, барих хугацааг нь бүтэн гурван  сар байхаар яамны зөвшөөрлийн бичигт дурдсан байгаа нь ноцтой асуудал юм.

Манайд жил бүр угалз, тэх, буга зэрэг ан амьтдыг агнадаг гадаадын анчин, жуулчдад бол ан хийх газрыг нь зөвхөн 1 аймгийн нэг сумын тодорхой нэрийг нь заасан нэг газар /Агнуурын бүс нутаг/ -аас агнахаар зөвшөөрөлд нь дурдсан байдаг бөгөөд тэд ангаа тав, гурав хоногт хийгээд л буцдаг ажээ.

БОАЖЯ-ны  газрын даргын олгосон дээр дурдсан зөвшөөрлийн бичгүүдэд шонхорын төлбөр, хураамжийг холбогдох хуулиуд (БНАТТХ, УТХТХ) –ад  заасан хэмжээнээс их хэмжээгээр дутуу төлүүлэхээр зааж өгсөн нь улсыг их хэмжээгээр хохироосон бүр илүү гэмт хэргийн шинжтэй, ноцтой асуудал юм. Тухайлбал нэг шонхорын төлбөр, хураамж 2019 оны наймдугаар сарын ам.доллар төгрөгийн ханшаар 31.4 сая төгрөг байсан бол үүний дөнгөж 22.3 хувь буюу долоон  саяыг нь төлүүлж 24.3 саяыг нь төлөхгүй байх боломжийг 2019 онд шонхор барихаар ирсэн арабуудад БОАЖЯ-наас олгосон байна.

Мөн зөвшөөрлийн албан бичигт “Энэхүү зөвшөөрлийн дагуу идлэг шонхор барих үйл ажиллагааг ”Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам” –ын дагуу зохион байгуулахаар дурдсан нь бас л алдаатай болсон байна. Учир юу вэ гэвэл яамны энэ албан бичигт дурдсан журам нь 2012 оны наймдугаар сарын 10-нд БОАЖ-ын сайдын А/299 тоот тушаалаар батлагдсан бөгөөд энэ тушаал нь Амьтны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль /БНАТТХ/, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд 2012 оны тавдугаар сарын 17 –нд батлагдсанаас хойш гарсан ч уг журамд дурдсан шонхор шувууны төлбөр, хураамжийн хэмжээ нь дээр дурдсан хуулиудын заалтыг зөрчсөн болох нь тодорхой байна. Ийм ч учраас уг тушаал, журмыг ХЗДХЯ-аар хянуулж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй   бөгөөд энэхүү тушаал журам нь хүчин төгөлдөр эрхийн акт биш гэдгийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 3-2 /26 тоот лавлагааны хуудсанд дурдсан  байна.

Уг журам нь “мордохын хазгай” гэдэг шиг нэрнээсээ эхлээд учир дутагдалтай юм. Тухайлбал, уг журмаа “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам” гэж том  нэрлэсэн нь оновчтой болсонгүй.Монгол Улсын БОАЖ-ын сайдын тушаалаар батлагдсан журмыг Монголоос өөр улс оронд мөрдөхгүй нь ойлгомжтой байтал “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр” гэж тодотгох шаардлага энд алга.  Тэр бүү хэл уг журмын “төлбөр, хураамж, түүнийг төлөх, шилжүүлэх” гэсэн тавдугаар зүйлийн 5.3-т аливаа зориулалтаар шонхор барихад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээг баримтална. 5.4-т  гадаадад авч гарах зорилгоор шонхор барих гэрээ байгуулж үөвшөөрөл авсан тал шонхорын төлбөр, хураамжийг БОАЖЯ-ны дансанд шилжүүлсэн байна гэдэг нь Амьтны тухай хуулийн 32.2, БОХНХ-ийн 53 дугаар зүйлийн 53.2, БНААТТХ-ийн 12.1.6, 17.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.35 болон Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийн зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Энэхүү хууль тогтоомжид нийцээгүй том нэртэй журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу ХЗДХЯ хянаж Улсын нэгдсэн бүрт­гэлд бүртгэхгүй нь ойлгомжтой.

Яамны газрын дарга Дубай хотын хоёр  дэд захирагчид 2019 оны наймдугаар сарын 1-нд 06/5326, 06/5327 тоотоор 80   толгой шонхор барих зөвшөөрөл олгосон бол маргааш нь буюу 2019.8.2 -нд Катар улсын Эрхэмсэг Шейх Ахмед Абдулазиз Сал Танинд 06/5385 тоот албан бичгээр 20 толгой шонхор барих  зөвшөөрөл олгосон байгааг албан бичгүүдийнх нь дугаараар нь хөөж үзэхэд наймдугаар сарын 1 –нээс 2 –нд олон тоо /50 гаруй/ -ны  араб иргэдэд шонхорын зөвшөөрөл  олгосон байж болзошгүй гэж хардахад хүргэж байна.

БОАЖЯ-наас шонхор барихаар ирсэн арабуудад олгосон эдгээр зөвшөөрлийн бичгүүд нь тус бүр нэг ижил шахуу гурван  өгүүлбэрээс бүрдэж байгаа ч гурвуулаа хууль тогтоомж зөрчсөн байна.

Ийм их алдаатай, хуйвалдааны чанартай,  хууль зөрчсөн улсыг хохи­роо­сон олон зөв­шөөр­лүү­дийг 2019 онд томилогдсон  ганц П.Цогтсайхан дарга ч биш түүнээс өмнө байсан дарга нар ч 2015-2018 оныг дуустал олноор нь  олгосоор ирсэн нь тэдний гэм биш зан гэнэ.

БОАЖ-ын сайдын “Журам батлах тухай” 2012 оны 299 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журмын 5.3 –т <<шонхорын төлбөр, хураамжийг Экологи – Эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно>> гэж зааж өгсөн ч энэ нь хууль тогтоомжид нийцээгүй аж.

Тэгээд ч энэхүү журмаа БОАЖЯ Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-аар хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй учраас ХЗДХЯ-ны 2018.3.28-ны 3-2/26 тоот албан бичгээр уг журмыг хүчингүй эрхийн акт гэдгийг албан ёсоор тогтоосон байна.

Засгийн газрын нууц тогтоолоор халхавчилж төлбөр, хураамжийнх нь 75-иас доошгүй хувийг нь арабуудаар төлүүлэлгүй улсыг хохироож гадаадад гаргасан шонхорын тоо сүүлийн таван жил /2015-2019/ -д Гаалийн мэдээгээр 1469 -д хүрч улсад учирсан хохирлыг нь тооцож үзэх юм бол багаар бодоход 30 гаруй тэрбум төгрөг болсон байна. Багаар бодоход гэдгийн учир нь сүүлийн таван жилд Засгийн газрын “Нууц тогтоол”-ын халхавчин дор хэдэн толгой шонхор бэлэглэсэн нь тодорхой бус байгаатай холбоотой.

Уг нь БНАТТХ-ийн 12.1.6-д “...гадаад улсад аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцно” гэж заасан байдаг бөгөөд энэ заалтын “аливаа” гэдэг тодотгол нь манай томчуудын араб ноёдод өгсөн бэлгийн шонхорт ч нэгэн адил хамаарах ёстой.

Хэрэв ямар ч үнэ /төлбөр, хураамж/ -гүйгээр бэлэглэсэн шонхорын тоог он оноор нь тооцож нэмэх юм бол 2015-2019 онд  улсад учирсан 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол дээр бэлэглэсэн шонхор нэг бүрийн тоогоор хохирол нь 20.7 сая төгрөгөөр нэмэгдэх юм. Жишээ нь, төлбөр, хураамжгүйгээр 100 шонхор бэлэглэсэн гэж үзвэл төсөвт учирсан хохирлын хэмжээ даруй хоёр тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.

Тэгэхээр Монголын төр, хууль хяналтын байгууллагууд энэ байдалд дүгнэлт хийж  үндэсний бахархалт идлэг шонхор шувууг олон тоогоор экспортод гаргасны улмаас 2015-2019 онд  улсад, төсөвт учирсан хэдэн арван тэрбумаар тооцогдох төгрөгийн алдагдлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгох, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль тогтоомж зөрчиж буй сайд, дарга нарт зохих хариуцлага хүлээлгэх, аргаль угалз, буга, цагаан зээр, хар сүүлт зээр, ногтруу зэрэг ан амьтдыг хориотой үед нь хориглосон арга хэрэгслээр агнасан араб иргэдийг олж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, торгууль, нөхөн төлбөр ногдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Шонхорын экспорт, төлбөр, хураамжийн гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтийг бид 2017 онд Үндэсний аудитын газарт тавьсан боловч жилд хэдэн шонхор барьж гадаадад гаргахыг 2015 оноос эхлэн Засгийн газрын нууц тогтоолоор шийдвэрлэдэг болсон байна гээд сайд асан С.Оюуны үед буюу зөвхөн 2013-2014 онд барьж гадаадад гаргасан ердөө  55–хан толгой шонхортой холбогдох асуудалд Аудит хийж харин дээр дурдсан үндэслэл /нууц тогтоол/ -ээр 2015,2016 оныход нь Аудит хийх боломжгүй байна гэсэн хариуг өгч байсан билээ. Ийнхүү зөвхөн 2013, 2014 онд гадаадад гаргасан цөөн тооны шонхортой холбогдуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэд Аудит хийхэд долоон хуулийн 17, хоёр журмын 12 заалтын зөрчил дутагдал илэрсэн талаар Аудитын тайлан дүгнэлтэд тусгагдсан байсан бөгөөд тайлангаа Үндэсний аудитын газрын цахим хуудсанд бүрэн эхээр нь тавьж байсан.

Аудитын тайлан дүгнэлтийн мөрөөр Үндэсний аудитын газраас БОАЖЯ-нд шаардах хуудас өгч гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 26.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 2.4 дэх  заалтуудын дагуу Засгийн газрын тогтоолоор ил тод баталж байхын зэрэгцээ шонхорын төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлахыг Үндэсний аудитын газраас Засгийн газарт мэдэгдсэн байна. Гэвч Үндэсний аудитын газраас БОАЖЯ  дээр аудит хийж байсан 2017 онд болон Аудитын тайлан дүгнэлт гарсаны дараах 2018, 2019 онд ч адил гадаадад гаргах зорилгоор бариулах шонхорын тоог БОАЖЯ, Засгийн газар хоёр маань бас л нөгөө нууц тогтоол гэдгээрээ тогтоосон байна. Мөн түүнчлэн  тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад жил бүр агнуулдаг бүхий л төрлийн ан амьтан, загас, шувууны төлбөр, хураамжийн хэмжээг БОАЖЯ-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 23-нд Засгийн газраар шинэчлэн батлуулсан боловч түүндээ идлэг шонхорыг оруулаагүй юм. Энэ талаар “Тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 338, “Төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 339 дүгээр тогтоолуудаас үзэж болно.

Мөн “Журам батлах тухай” БОАЖ-ын сайдын 2012 оны наймдугаар сарын 10-ны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн батлуулахыг ҮАГазраас БОАЖЯаманд даалгасан боловч тэр журам нь одоо болтол шинэчлэн батлагдаагүй хэвээр байна. Энэ журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 –т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй учраас хүчинтэй эрхийн акт биш гэж ХЗДХЯамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн 2018 оны гуравдугаар сарын 23 -ны 3-2/26 тоот албан бичигт дурдсан байна.

Амьтны тухай хуульд зааснаар шонхор барих хугацаа зургадугаар сарын 20-ноос эхэлдэг бөгөөд энэ хугацаа ойртож байгаатай холбогдуулан шонхорын талаар 2015-2018 онд гарч байсан Засгийн газрын нууц тогтоолуудыг нууцын зэрэглэлээс гаргахын зэрэгцээ 2019 онд бариулж гадаадад гаргах шонхорын тоог БОХТХуулийн тавдугаар зүйлийн 2.4-т зааснаар Ил тод батлах асуудлыг 2019 оны тавдугаар  сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан боловч Мэргэжлийн анчдын холбооноос тавьсан асуудлыг хууль, тогтоомжийн дагуу судалж хариуг түүгээрээ хүргүүлнэ үү гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 2019.5.14-ны ХЭГ/1359 тоот албан бичгийг дахиад л БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад шилжүүлсэн байна. Уг нь Засгийн газрын аливаа тогтоолд нэгдүгээр гарын үсгийг Ерөнхий сайд өөрөө зурдгийн хувьд уг асуудлыг Ерөнхий сайд маань өөрөө шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой байсаар атал БОАЖ-ын сайдад шилжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол оо.

Цаашид арабуудын барьсан шонхоруудыг улсын хилээр гаргах тусгай зөвшөөрөл болох CITES-ын гэрчилгээ олгож эхлэхээс өмнө улс /төсөв/ -ад төвлөрүүлбэл зохих төлбөр хураамжийн орлогыг хууль тогтоомжид заасных нь дагуу төсөвт бүрэн төвлөрүүлэх нь хууль ёсны шаардлага, хойшлуулашгүй зорилт болж байгааг БОАЖЯам болон Засгийн газар онцгой анхаарч яаралтай, шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

Амьтны тухай хуулийн дагуу гадаадын анчид, иргэдэд ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг БОАЖЯ олгодог журамтай. Шонхорын зөв­шөөр­лийг ч яамны Хүрээ­лэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас албан бичгээр олгодог бөгөөд барьсан шонхорыг нь улсын хилээр гаргах гэрчилгээг Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль болон энэ талаархи CITES-ийн конвенцийн дагуу мөн л яамны энд дурдсан газрын дарга гарын үсэг зурж олгодог юм. Ийнхүү БОАЖЯ-наас гэрчилгээ олгосны дараа МХЕГазраас эрүүл мэндийн гэрчилгээ авч Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалиар орж тусгай рейсийн онгоцоор Араб руу зөөдөг юм.

Ийнхүү БОАЖ-ын Сайд, Газрын дарга шонхор барихаар ирсэн Араб ноёдын хуйвалдааны буруугаас жил бүр олон тоогоор гадаадад гарч байгаа Идлэг шонхор шувууны төлбөр, хураамжийн үнийн дүнгийн дөрөвний гурвыг нь төлүүлэхгүйгээр дөнгөж дөрөвний нэгийг нь төлүүлж улсыг хохироосоор ирсэн нь хөдлөшгүй үнэн, баримт нотолгоотой ноцтой асуудал мөн.

Ийнхүү 2015-2019 онд гадаадад гаргасан 1469 толгой шонхор шувууны төлбөр, хураамжаас манай улс 30 гаруй тэрбум төгрөгөөр хохироод байгаа нь нууц биш ээ.

“Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох” гэсэн БОХТХуулийн 32 дугаар зүйлийн 1.1 –д “Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, АТХуулийн “Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх үүргийг хэрэгжүүлэх” гэсэн 21.5 дахь заалтын 21.5.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль, тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, шаардлагтай тохиолдолд асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, 21.5.2-т “Амьтны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх саналаа холбогдох төрийн байгууллагад уламжлах”  гэсэн заалтуудыг үндэслэл болгон Монголын мэргэжлийн анчдын холбоо ТББ-аас 2019 онд АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Б.Бат-Олзвой гэгч шалгасан болоод багаар бодоход улсад 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан ноцтой асуудлыг “гэмт хэргийн шинжгүй”  гэсэн үндэслэлээр хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн байна.

АТГ-ын энэхүү саналыг Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ч.Мөнх-Эрдэнэ хянаж үзээд Монголын мэргэжлийн анчдын холбоо ТББ нь энэ хэргийн хохирогч нэхэмжлэгч, хариуцагч, оролцогчын аль нь ч биш учраас Нийслэлийн прокурорын газрын 2019 оны есдүгээр сарын 2-ны 455 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн 1.1 –т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн гэсэн хариуг НПГ-ын 2019.9.27 –ны 4/1859 тоот хариу мэдэгдэх хуудас гэсэн албан бичгээр Монголын мэргэжлийн анчдын холбоонд ирүүлсэн байна.

Идлэг шонхор шувууг гадаадад гаргаснаар төлбөр хураамжаас нь улсыг маш их хэмжээ /30 гаруй тэрбум/ - гээр хохироож байгаа асуудлыг шалгаж шийдвэрлэхийг АТГ, Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Улсын ерөн­хий прокурорын газар, Нийс­лэлийн проку­рорын газар, ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, БОХХАБХороонд удаа дараа тавьж байсан ч уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь нууц биш юм. Нэг үгээр хэлбэл энэ асуудлыг шалгуулахаар мэргэжлийн байгууллагын зүгээс  шат шатны байгууллагад нь  хандан өргөдөл, хүсэлт, албан тоотоор  хандсаар өнөө хүрэхэд шалгаж, шийдсэнгүй. Иймд одоо тус ТББ-д  ганцхан зам үлдсэн нь  “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийн адил Монгол Улсын  Ерөнхийлөгчид хандах ёстой болж таарч байх шиг.  

Түүнээс гадна үүсээд байгаа энэхүү  нөхцөл байдал нь  УИХ-ын ээлжит сонгууль дөхөж буй энэ үед ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.  Саяхан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол ардын нам 2020 оны сонгуульд ямар ч хандив авахгүйгээр оролцоно гэж мэдэгдсэн нь хардлагыг улам гүнзгийрүүлж байна. Энэ намын хоёр дахь 60 тэрбумын сүлжээ  нь арабуудад шонхор шувуу “бэлэглэдэг” бүлэглэл байгаа юм  биш биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.13  ПҮРЭВ  № 31 (6256)