Б.СОЛОНГО

Өнөөдөр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ дугаа­рынхаа “Амьдралын той­рог”-ийн зочноо сонгоход эргэлзэх зүйл байсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгуул­лагуу­дын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатартай хол­богд­лоо. Тэрээр хэдийгээр эмнэлэгт өвчтэй эхнэрээ сахиж байсан ч бидний саналыг уриалгахан хү­лээж авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах энэ өд­рийн мэндийг хүргээд “Тэдний эрх жинхэнэ ут­гаараа хэрэгжих болту­гай” гэсэн ерөөлийг тавьс­наар бидний яриа эхэлсэн юм.

Ц.Оюунбаатар хөдөө аж ахуйн инженер мэр­гэжилтэй. Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр Сангийн аж ахуйн ерөнхий инженерээр ажил­­лаж байгаад хотод ирж цэргийн алба хаажээ. Дараа нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хү­рээлэнд ажилд орсон бай­на. Удалгүй манай улс зах зээлийн нийгэмд шилжих үед Хөдөө аж ахуйн бир­жид орж наймаанд явж эхэлжээ.  Тухайн үед тэ­рээр хөгж­лийн бэрхшээл­тэй иргэ­дийн талаар ма­руу­хан ойлголттой байж. 

Гэвч өөрийнх нь ирээдүй энэ хүмүүсийн амьдралтай нягт холбог­доно гэж огтхон ч санаагүй биз. Наймаанд явдаг болс­ны­хоо дараа Ц.Оюунбаа­тар осолд орж, хоёр жи­лийг гэртээ өнгөрүүлжээ. Суга таягтай, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэхээс өөр ажилгүй болж хувирсан үедээ хүн гэмтэж, бэртээд, өвчин тусч хэвтэхийн цагт ямар их ганцаардалд ордог болохыг мэдэрсэн гэлээ. Хүмүүсийн хайр, халамж, хамт олны уур амьсгалыг ямар их үгүйлж, эрэл­хийлж байснаа дурдсан юм. Тэр үед хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд үйл­чилдэг байгууллага байдаг болов уу гэсэн бодол анх удаа төрсөн гэнэ. Аливаа юмны учрыг олох гэдэг хүүхэд насныхаа сонир­холд инженер болж, хүрээ­лэнд ажиллахдаа ч түүнээ­сээ салаагүй. Тэрээр энэ зангаараа хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд тусалдаг байгууллагуудын талаар судалж эхэлжээ. Түүний анх очсон байгууллага нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн хол­боо” гэдэг байгууллага. Үйл ажиллагаатай нь та­нилцчихаад гарсны дараа дарга нь өөр лүү нь утас­даж, байгууллагадаа орж ажиллахыг санал болго­сон гэнэ.   Тэр үеэс хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд  зориулж социализмын үед гаргасан хуулиуд учир дутагдалтай байгааг, тэд­ний төлөө төр засаг ажил­лахгүй байгааг олж мэдсэн байна. Ц.Оюунбаатарыг энэ хүмүүсийн төлөө ажил­ладаг болгосон хоёр дахь шалтгаан нь түүний хүү. Тэрээр хоёр охин, нэг хүүтэй. Түүнийг хүрээ­лэн­гийн ажлаар хөдөө яв­чихаад ирэхэд нь дөнгөж төрсөн хүү нь хатгаа тусаад эмнэлэгт байж. Амьсгалж чадахгүй, инкубаторт ор­чи­хоод долоо хоночихсон хэрнээ сэхэл авахгүй бай­сан хүүгээ хараад өөр арга хайсан нь дээр гэж ший­дэж. Тэгээд л хүүгээ зу­заан өлгийнд ороож эм­нэл­гээс бараг л хулгайлж аваад өөр эмчид үзүүлсэн гэнэ. Тэр эмчийн бичиж өгсөн эмийн ургамлыг долоо хоног уулгасны эцэст хүү нь сэхжээ.  Гэвч хэлд ордоггүй. Дөнгөж төрснийх нь дараа хийсэн их антибиотик нь хорд­логонд оруулж, хожим нөлөөлсөн нь тэр аж. До­лоон нас хүрэхдээ дөнгөж “аав, ээж” гэж хэлдэг болж, аажмаар хэл яриа нь сайжирсан ч унаж, татдаг өвчтэй болчихож.

“Байнга унадаг хүүхэд оюуны хомсдолтой бол­чихдог. Миний ганц хүү ийм өвчтэй болчихсон бо­лохоор түүнийхээ төлөө үлдсэн амьдралаа зориу­лах хэрэгтэйг ойлгосон юм.  Би социализмын үед ажиллаж байсан шударга зангаа тавьдаггүй. Тий­мээс ч хурааж, хуримт­луул­сан хөрөнгөгүй зах зээлийн нийгэмд орсон. Удалгүй осолд орсон нь тэр. Тэгэхээр миний үл­дээж чадах зүйл бол миний хүү шиг хүүхдүүдэд үйл­чилдэг систем гэдгийг хатуу ойлгосон. Энэ сэт­гэ­лээр хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдтэй хол­богд­соноос хойш 17 жил болж байна” гэж Ц.Оюун­баатар ярилаа.

 

ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫН ЗАРЧМЫГ БИЙ БОЛГОНО ДОО

Осолд орсныхоо дараа ШУТИС, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол-Со­лонгосын коллежид  баг­шаар олон жил ажилла­жээ.  2004 онд тухайн үед Их хурлын гишүүн бай­сан Т.Ганди Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн бай­гууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөг­чийн ажлаа түүнд дам­жуу­лах санал гаргаж, улмаар удирдах зөвлөлийнх нь хурлаар дэмжигдсэн аж. Ингээд багшлахын ха­жуу­гаар холбооны ажлыг амжуулах үүргийг хүлээ­сэн нь тэр.

-Холбооныхоо тэргүү­нээр сонгогдчихоод өөрийн бодож явсан зүйлээ хэрэг­жүүлэх боломжтой бол­сон­доо баярлаж байв уу?

-Нэгэнт хүмүүсийн ит­гэлийг хүлээсэн болохоор их ч зүтгэсэн дээ. Хүний эрхийг хангах ажлыг төр засаг хариуцаж баталгаа гаргах ёстой. Тэр баталгааг гаргаж байгаа эсэхэд хя­налт тавих ёстой нь төрийн бус байгууллага. Цалин хөлсгүй ажил шүү дээ. Би багшийн цалингаараа хол­бооныхоо байрны тү­рээсийг төлж, анхны “Лоб­би” бүлгийг гаргах, санамж бичиг байгуулах, Их хуралд нэр дэвшигчид­тэй нэг бүрчлэн уулзах гээд олон ажлыг амжуул­сан. 2007 онд манай “Лоб­би” бүлгийн тусламжтай­гаар хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийн долоон хуульд өөрчлөлт орсон. Социалист нийгмийн үед эдгээр иргэдийг өвчтэй, халамж хүссэн гэсэн яв­цуухан ойлголтоор ханддаг байсан юм.  Тиймээс тэд­ний эрхзүйн орчинг нь зах зээлийн нийгмийн үед өөрчлөн сайжруулах шаард­лагатай байсан. Тий­мээс тэр үеийн Их хурлын гишүүд, олон бай­гууллага, хүмүүсийн дэмж­лэгээр Биеийн тамир спортын хууль, Хөдөл­мөрийн хууль, Барилгын тухай хууль гэх мэт долоон хуульд өөрчлөлт оруулсан.  Паралимпийн аварга, хө­дөлмөрийн баатар Д.Баа­тар­жав байна. Тэр 120 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ бол хуульд өөрчлөлт оруулсны ач гавьяа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд Дэлхийн аварга бол­вол зургаан сая, Олим­пийн аварга болоход 12 сая төгрөгөөр шагнах хуулийн заалттай байсан. Эрүүл тамирчин бол 120 сая төг­рөг авна. 10 дахин ялгаа­тай байгаа биз. Тэгэхээр адилхан хөлс, хүч зар­цуулж, Монголын далбааг олон улсад мандуулсан гэдэг утгаар адилхан үнэл­дэг болсон юм. Мөн энэ холбооны үе үеийн ерөн­хийлөгч нар хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эрхзүйн орчинг сайжруу­лах чиглэлээр олон ажил хийсэн байдаг. Ша.Бат­баяр Хөдөлмөрийн хуу­линд 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын гурваас доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах талаар нэмж тусгахыг санаачилж байлаа. Т.Ганди эдгээр иргэдийн хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих зорилгоор маш том төсөл хэрэг­жүүлж байсан. Мэдээж эдгээрийг хийснээр бүрэн шинэчилчих юм биш л дээ. Цаашдаа олон хуулийг судалж, өөрчлөх шаардла­га байна. Өвчтэй, тахир дутуу гэсэн хандлага тө­дийлөн өөрчлөгдөхгүй бай­на. Тэр хүн эрхтэн дутуу байж болно. Адилхан л нийгмийн амьтан шүү дээ. Тиймээс миний бод­сон, төлөвлөсөн ажил дуу­саагүй. Хийх зүйл ч их байна.

-Нэг хэсэг таныг хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийг ашиглаж, хувь­даа мөнгө завшсан гэж хэвлэлээр шуугисан. Энэ асуудал юу болсон бэ?

-Өнгөрсөн оны сүү­лээр шүүхээс намайг ца­гаатгасан. Буруу зүйл хий­гээгүй учраас цагаадалгүй ч яахав. 1996 онд манай улсад анх халамжийн бай­гууллага үүссэн. Зургаа­хан хүний бүрэлдэхүүнтэй тэр байгууллагын дүрмийг бичилцэхэд би оролцож байсан юм. Тэр газар нь бол нийгмийн ялгарлаас доош уначих гээд байгаа, эсвэл уначихсан хүмүү­сийг дэмжих, туслах үү­рэг­тэй байгууллага. Гэтэл халамж гэдгийг бүх ний­тийг хавтгайруулан ойл­годог болчихсон. Халамж нэрээр зарим хүмүүсийг баяжуулдаг байгууллага болж хувирсан. Би үүний эсрэг байр суурьтай байдаг юм.  Хятадаас 235 юань буюу 67 мянган төгрөгөөр авсан тэргэнцрээ санхүү­гийн тайландаа 150 мянган төгрөгөөр хаадаг, зөрүүг нь хармаалдаг хэсэг хүмүүс бий.  Би тэднийг шүүм­жилснийхээ төлөө эргэж ороогдсон болов уу гэж боддог. Миний холбогдсон хэргийг уншвал их инээд­тэй. Гэвч манай нийгэмд шударга ёс байна. Би ца­гаадсан. Гэхдээ гурван жил гэдэг урт хугацаа. Үргэлж шүүх, цагдаад дуудагдана. Байнгын сэт­гэл санааны дарамттай. Тэр бүрт миний хань л надтай явдаг. Тэгж байгаад өвчин тусчихсан байх гэж боддог. Өнөөдөр бид хоёр 50 дахь өдрөө эмнэлгээр явж байна. Энэ хүнийг сахих нь миний үүрэг шүү дээ.

-Хэдийгээр шүүхээс цагаадсан ч нэр төр сэвтэх хэцүү шүү дээ?

-Үнэн мөнийг олон нийтэд мэдээлнэ гэж бо­дож байгаа. Би өөрийн хүүхдүүдийн идэх хоол­ноос хумслан байж бай­гууллагынхаа төлөө зүтгэж байсан. Гэтэл намайг ин­гэж гүтгэх гэж дээ гэж уйлж явсан үе бий. Гэхдээ хүний хийсэн ажлыг бусад нь үнэлдэг юм билээ. Сая­хан НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө юм хийсэн 17 хүнийг шалгаруулсан. Намайг ирэх арван жилийн ажлыг хянах, шалгаруулах хү­нээр томилсон. Хүн хүнээ битгий гомдоож байгаа­сай, битгий гүтгэж байгаа­сай, хүний сайхан сэтгэл рүү битгий ус цацаж бай­гаасай гэж л хэлмээр са­нагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм бол бухимдал их­тэй. Гэхдээ би тэдэнд гомд­доггүй. Тэр хүмүүсийн хоолыг булааж иддэг хэд­хэн хүн л намайг гүтгэсэн. Тэр хүмүүсийг илчилнэ гэж бодож байгаа. 

-Ер нь хөгжлийн бэрх­шээлтэй гэлтгүй нийгмийн эмзэг бүлгийнхнийг ашиг­лаж бизнес хийдэг нь олон болж?

-Байгаа. Их хурлын гишүүд ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж мөнгө олдог байгууллагууд ч байна. Говь-Алтайд явж байхад нэг хүний амнаас 40 шүд гарч ирсэн. Шүд хийж өгсөн гээд мөнгө авдаг байхгүй юу. Гэтэл мөнгө унагах гээд 32 байх ёстой хүний шүдийг 40 хүргэж чадсан байгаа юм.  Гадаа­дын тусламж бол өөр хэ­рэг. Гэтэл төсвөөс зориул­сан мөнгийг завшиж бай­на шүү дээ. Тэргэнцрээр хуурна, эсвэл сонсголын аппарат гардуулаад л . Гэтэл тэр хүнийг яагаад бодохгүй байна вэ. Тэр хүн сонголт хийх хэрэгтэй биз дээ. Хятадад хүн чихний­хээ сонсголыг шалгуулчи­хаад  аппарат авах мөнгөө авдаг. Гэтэл манайд ямар ч сонголт алга. Тэр хүнд таарч байгаа эсэх нь мэ­дэгдэхгүй тэргэнцэр та­рааж, ажилладаг, ажил­ладаггүй аппарат өгдөг. Бид дэлгүүрээс костюм авах гэж бөөн юм болдог биз дээ.  Тухайн иргэнд тэргэнцрээ ав гээд мөн­гийг нь өгч болж байна. Даанч манайд протезийн дэлгүүр байхгүй шүү дээ. Ингээд бодохоор энэ сис­темийг бүхэлд нь өөрчлөх, засах шаардлагатай бай­гаа юм.

Ах нь үүний төлөө л явсаар байгаад дуусах байх. Миний ганц хүү энэ хүмүүсийн нэг болохоор шударга хуваарилалтын зарчмыг нь бий болгож өгөөд л явья гэж бодож байна гэж Ц.Оюунбаатар дарга ярилаа. 

 

МАНЖИЙН СҮЙРСЭН ТҮҮХИЙГ МЭДЭХ ҮҮ?

 

Хүний амьдрал боги­нохон. Энэ амьдралдаа нэг нэгнийгээ хайрлаж амьд­рах хэрэгтэй. Нийгмээс ихийг хүртэж байгаа бол заавал буцааж өгдөг жам­тай. Энэ бол түүний хүүхдүүддээ захидаг үг нь.

-Та түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм бол бухимдалтай гэж хэлсэн. Надад бол их сэтгэлийн тэвчээртэй хү­мүүс шиг санагддаг?

-Уулын мод урттай, богинотой гэдэг шиг. Янз бүр л дээ. Энэ бол нийг­мийн доторх бас нэг ний­гэм шүү дээ. Боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэн­дийн асуудал гээд олон зүйлийг ярьж болно. Гэх­дээ энэ хүмүүсийг хүн гэдэг утгаар нь зөвлөж, тусалдаг байгууллага алга байна. Намайг Шанхайд байхад хятадууд ийм хү­мүүсийнхээ сэтгэл са­наанд их анхаардаг гэж байсан. Хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн хувьд нийгмээсээ тусгаарлагд­даг. Эхнэр, нөхөр нь хаяад явчихна. Гэр бүл сална. Ийм тохиолдолд тэр хү­мүү­сийн физиологийн хэ­рэгцээ дутагдана. Түү­нээсээ болж стресстэй болно. Эргээд нийгмийн эсрэг хашгична, уурлана. Манай хүү ч ижил. Би ямар сайндаа хүүгээ найз­тай болгох гээд Хөвсгөл рүү сар явуулчихаад ир­лээ. Даанч учраа олохгүй юм. Одоо 24 хүрч байгаа залуу шүү дээ. Ийм хү­мүүст зөвлөгөө өгдөг бай­гуулллага өнөөдөр алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг төрөөс юм аваад суудаг хүмүүс биш. Ма­найд тийм дайчин иргэд зөндөө бий. Олимпийн аваргатай болсноос хойш тэд маань спортоор хи­чээл­лэх дуртай болж байна.

-Хийж бүтээх хүсэл­тэй нь олон байх гэж бодох юм?

-Хүн өөрөө байнга бо­дож сэтгэж байдаг. Түү­ний­гээ хийхгүй болохоор хүн ганцаардалд ордог. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч тэд үргэлж хийж бүтээхийн төлөө байдаг.  Гэтэл төр засгийн буруу бодлого байна. Халамжаар тэтгэх. Манжийн сүйрсэн түүхийг мэдэх үү.  Ман­жууд тэнгэрийн улсууд учраас зүгээр суух ёстой гэсээр сүйрсэн юм. Хэ­дий­гээр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд хийх хүсэл нь байсан ч түүнийг нь хангах механизм алга. Би Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлд байдаг юм. Тэр зөвлөлд Оюунбаатар гэдэг хүн бай­гаадаа биш хөгжлийн бэрхшээлтэй иргэний тө­лөөлөл байгаа учраас сан­гийн төслөөр баригдсан бүх барилга налуу замтай байгаа. Тэгэхээр ач хол­богдолтой байгаа биз. Хөгж­лийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд сурахыг хүсээд яах юм. Тэдэнд зориулсан сургууль, арга барил, арга зүй, хичээ­лийн программ алга. Гэ­рээсээ гараад автобусанд сууя гэсэн ч туслах хүнгүй л бол чадахгүй.  Тэр хүүхэд хэчнээн хүссэн ч сур­гуульдаа явж чадахгүй болж байгаа юм. Хүний хүсэл тэмүүллийг боосон зүйлсийг бид арилгах ёстой. Үүнийг төр засгаас шаардах ёстой.

-Танай холбоо хэр олон хүнийг хамарч чаддаг юм бэ?

-Уг нь 21 аймаг, есөн дүүрэгт зөвлөлтэй үндэс­ний хэмжээний байгуул­лага. Гэхдээ намайг хэрэгт гүтгэсний дараа  зарим байгууллага нь дайжсан. Аймгийнхан маань байгаа л даа. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийг гурав хувааж болно. Нэг хэсэг нь юу ч мэддэггүй. Нөгөө хэсэг нь харьцангуй бие даачихсан. Эрүүл хүнтэй харилцаад сурчихсан. Үлд­сэн хэсэг нь энд тэнд юу байгааг олоод мэдчих­дэг. Төрийн бус байгуул­лагуудаар яваад сурчих­сан. Төрийн нүд тэр хү­мүүсээр хаагдчихаад бай­гаа юм. Гэтэл тэдний цаа­на үнэхээр тусламж хэрэг­тэй хүмүүс олон байна. Тэр бүрийг хардаг меха­низм хэрэгтэй байна.

Ц.Оюунбаатар даргын ярианаас түүнийг автома­шинд сонирхолтой хүн юм гэж дүгнэлээ. Автомаши­ны зохион байгуулалтаар хичээл заадаг байсан. Жолооны багш байсан. Судалгаа хийдэг байсан гээд л . Тэрээр машин өөрийгөө нөхөн сэргээх чадвартай гэдгийг судал­гаагаараа харуулсан гэ­сэн. Хүн ч гэсэн өөрөө өөрийгөө сэргээх, хөг­жүүлэх чадвартай. Тий­мээс байнга өөрийгөө дайчилж, тэмцэж байх хэрэгтэй гэж хэлэх дуртай юм билээ.