Д.ОЮУН

Монгол Улсад анх удаа 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг зэрэг явуулж саналыг цахим машинаар тоолсон. Энэ аргыг хэрэгжүүлснээр үр дүн нь будлиантай болсон гэж үзэх дэндүү олон хүн байна. Сонгуулийн саналаа АН-д луйвардууллаа хэмээн бусад нам, эвслийнхэн үзэж сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж гомдол гаргаад байгаа билээ.
Энэ хардалтын буруутан нь АН-ын оруулж ирсэн автомат тоологч хар машин хэмээн олон хүн хэлж байна. Харин АН-ынхан санал тоологч хар машиныг өөр компани оруулж ирсэн мэтээр мэдээлж хэрэгт унахаас зайлсхийж эхэлсэн. Ийм машины системд цох суулгахад л хүссэн үр дүндээ хүрдэг жишээг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд үзсэн түүх дэндүү олон. Тиймдээ л манай дарга нарт гаднынхан “Наад луйврын хар машинаар танай улс яах гэсэн юм бэ. Хайран мөнгө. Танайх шиг хүн ам багатай улсад санлын хуудсыг гараар тоолж яагаад болохгүй гэж” хэмээн сануулж байсан удаатай.
УИХ-ын сонгуулийн өмнөхөн саналыг хэрхэн луйварддаг талаар нэгэн орчуулгын ном гарсныг хүмүүс анзаараагүй байдаг. Энэ бол “Санал луйвардах арга буюу Цахим сонгууль” хэмээх ном билээ. Уг номонд “Саналын цаасан хуудас дээр үзгээр тэмдэглэгээ хийсний дараа оптикийн скан төхөөрөмжид уншуулж мэдээллийг оруулах зарчмаар энэ систем ажиллана. Саналын цаасан хуудас байгаа тул ийм системийг луйвардаж чадахгүй гэж хүмүүс боддог. Харин 1980 онд сонгуулийн үеэр тохиолдож байсан онигоо гэмээр үйл явдал байдаг. 1980 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Рональд Рейганыг ил давуу байдлаар Жимми Картер ялсан тухай Калифорниагийн сонгуулийн ажилтан надад ярив. Гэтэл оптикийн сканнераас авсан компьютерийн мэдээгээр Картерын төлөө өгсөн саналыг Рейганд шилжүүлсэн байлаа. Маргааныг шийдвэрлэхийн тулд саналын хуудсыг гараар тоолсон” гэж бичжээ. Эл номд саяын сонгуулиар болсон үйл явдал хийгээд хүмүүсийн хардлагыг баримтаар нотлон харуулжээ. Он цаг, улс орон, хүмүүс нь өөр болохоос биш бусдаараа яг л ижил үйл явдал болжээ. Тэр номыг та заавал уншаарай. Үүний дараа саналын хуудсыг гараар тоолох ёстойг ойлгох байх. Бид нэгэнт сонгуулиа ингэж луйвардуулсан юм чинь тэдний зарчмаар саналын хуудсуудыг гараар тоолж яагаад болохгүй гэж.
Манай улсад энэ машиныг ашигласнаар сонгуулийн дүн дээр ажилласан гэж Улс төрийн намуудын холбооныхон үзэж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийлгэсэн. АН-ынхан ямар нэг “но” илрэх вий гэж айгаагүй бол сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж яагаад болохгүй байгаа юм бол. Хар машин санал тоолох үед олон “но” илэрсэн гэдэг. Тиймээс л сонгогчдын саналыг хар машин луйвардсан гэж олон ажиглагч үзэж байна. Тухайлбал, СЕХ-ноос сонгуулийн дараа санал тоолоод дүнг нь ажиглагч нарт флейшээр өгнө гэж хэлж байсан. Сонгууль болохоос хоёр хоногийн өмнө үүнийгээ өөрчилж “Машинд вирус орох магадлалтай. Тийм учраас ажиглагч нарт тооллогын дүнг CD-нд буулгаад өгнө. Гурав хувилсан дүнг СЕХ, хэсгийн хороонд өгнө. Үлдсэн нэг хувийг ажиглагч нарын дунд өгнө” гэж мэдэгдэж байсан. Харин сонгуулийн дараа МАН-ын хэд хэдэн ажиглагчид хоосон CD тараажээ. Зарим ажиглагчид шал өөр зүйл хуулсан CD өгсөн тохиолдол ч бий. Энэ байдлыг тэд “Чамд өгсөн CD муу, хужаа эд байна” гэж хэлээд АН-ын гишүүнээс CD авч хуулж өгсөн байх жишээтэй. Өнөөх нь зурган файлтай CD байсан гэдэг. Энэ мэтээр сонгуулийг угтаж гарсан хууль, дүрэм, журам анхнаасаа ард түмний эсрэг, аль нэг намын эрх ашиг, захиалгад нийцсэн, тэдний хүслийг биелүүлэх зорилготой гарчээ гэж үзэх үндэстэй юм. Үүнийг сонгуулийн дараа гарсан олон үйл явдлаар батлаж болох юм.
Хан-Уул дүүргийн хэсгийн хороон дээр МАН-ын сонгуулийн ажиглагч нар зөрчил илэрсэн талаар мэдээлж, “танай хүмүүс олон дахин гарч, орж байна, гадагшаа хүмүүстэй утсаар холбоо бариж мэдээлэл дамжуулаад байна” гэж анхааруулахад хэл ам хийлээ хэмээн шалтаглан сонгуулийн байрнаас хөөж гаргажээ. Энэ хооронд тэд ямар ч ажил амжуулж болно. Хан-Уул бол цэнхэр тойрог. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд АН-ынхан гэдэг нь ойлгомжтой. Саналын хуудсуудыг цонхоор гаргаж явуулсан талаар гомдол МАН-ын хороонд ирсэн байдаг. Нэг хэсгийн хороонд дээр 20.00 цагт хяналтын тооллого хийнэ хэмээн мэдэгдэж байснаа дараахан нь боличихлоо хэмээн цаасаа бушуухан хумиж хураажээ. Хан-Уул дүүргийн нэгэн хэсгийн хороон дээр “Нэг цагийн дараа тог таслана. Тиймээс наад цаасаа хурдан хумиж ав” хэмээн саналыг нарийвчлан тоолох манатай хуудсуудаа эмхлэн машинаар буцаагаад тоолчихсон гэнэ. Уг нь машинаар уншсан саналын дүн үнэн зөв гарсан эсэхийг нягтлахаар саналын хуудсуудыг гараар тоолох учиртай ч дахин машиндан дүнг нь гаргасан байна. Ийм заваан үйлдэл хаа сайгүй гарчээ. Сүхбаатар дүүрэгт гараар санал тоолох гэж байх үед үл таних хоёр хүн гаднаас орж ирж нэг бичиг өгсөн аж. Өнөөх бичгийг үзээд л манайхыг гараар тоолох ажлыг зогсоо гэж байна хэмээн гар тооллогыг зогсоосон гэх мэтээр сонгуулийн дүнг үнэн зөв гаргахгүй байх бүхий л үйдлийг тэд хийж чаджээ. Саналын хуудсыг гараар тоолоод олон зөрчил илрүүлэх боломжтой атал тэгэхийг хүсэхгүй байна АН-ынхан. МАН-ын арван хүнд саналаа өгөхөд л тэндээс нэг санал нь АН-ынх руу үсрэх боломжтой болгон яаж ч тэр машиныг тохируулсан байж мэдэх аж. Учир нь МАН энэ сонгуулиар хөдөө орон нутагт олонхийн суудал авсан байдаг. Харин ямар учраас МАН-ынхан хотод АН-д УИХ болон НИТХ-ын тойргийг тэр чигээр нь алдсан бэ. Улаанбаатар хотод ажиллаж байгаа санал тоолох машинуудад тусгай программ суулгасан байх магадлалтай хэмээн хардаж болох юм. Тэд олон хүн амтай, ялагдах магадлалтай тойрогт машинуудад тусгай программ буюу цох суулгасан байж болзошгүй гэнэ. Ажиглаад байхад тийм машинуудын дүн 100, 200, 300-гаар нэр дэвшигчээ ялсан байдлаар өөрсдийгөө илчилж байх жишээтэй. 100-300 хүн гэдэг бол автомат тохиргоо хийсэн машины “но”-г харуулж буй хэрэг.
Сонгууль өгсний дараа хүн бүрт дэлгүүрийн касснаас олгодог шиг талон өгсөн билээ. Тэр биллийг аваад үзэхээр авсан санал, хүчингүй хуудас гэх мэтээр нарийн тоо гарах ёстой. Гэтэл сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос хүчинтэй, хүчингүй хуудсыг тоолно гэх мэтээр нарийн заалтаа өөрчилсөн. Тэд зургадугаар сарын 26-ны орой хугацаа тулган тогтоол гаргаад хэсгийн хороодыг шодож хоёр хэсгийн хорооны саналын хуудсыг гараар тоолно хэмээн шийдвэр гаргасны цаана хэн нэгний эрх ашигт үйлчилсэн, саналын хуудсыг гараар тоолуулах сонирхол анхнаасаа байхгүйг харуулж байна.
Иргэд саналаа өгч дуусаад удаагүй байтал Баянгол дүүргийн хоёр ч хэсгийн хороон дээр З.Энхболд цагдаа, хамгаалагч нараар хүрээлүүлэн эрхэм гишүүний эрх дархаа хэтрүүлэн дайран орсон байдаг. Ямар учраас тэрээр ийн чичрэн тийшээ сандран очив гэдгийн цаана бас бодох зүйл гаргаж өгч байгаа биз, бидэнд. Улс төрийн намынхан дүнг нэгтгээгүй байхад саналын байр руу дайран орох эрх ганцхан түүнд олгогдсон гэж үү. З.Энхболд их чухал зүйлээ тэнд орхисон бололтой. Тиймээс л тайван сууж чадалгүй шөнө дөлөөр хэсгийн хороо руу нэвтэрсэн гэж ажиглагч нар үзэж байна. Цох суулгасан машин руугаа яарсан юм биш биз, тэр.
Санал тоолох машины серверийг удирдаж байгаа хүнд, тэр хэсэгт “но” байж мадгадгүй гэж хардах ч тал бий. Саналын хуудсууд одоо хаана хадгалагдаж байгаа бол. Уутанд хийсэн хэдэн цаасыг сольчих боломжтой. Бүхэл бүтэн автомат машинуудыг цохны тусламжтайгаар өөрчлөөд хүссэн үр дүндээ хүрээд байхад саналын хуудсуудын учрыг аль хэдийнэ олсон биз.