С.САРУУЛ

Уншигчид санаж байгаа байх. Оны өмнөхөн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн талаарх мэдээлэл цацагдсаны дараа түүний хүү Б.Жавхлантөгсөд байраа зарсан ч мөнгийг нь авч чадахгүй байгаа талаар  “Эм Эс Пи Ди” компанийн хуульч нар мэдээлэл хийж байсан. Тэгвэл асуудал хэрхэн эхэлж, өнөөдөр юу болсон талаар тус компанийн захирал Б.Тогтохбаяртай ярилцлаа. 

-Танай компани Зайсан дахь 100 гаруй мкв орон сууцаа ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүүд зараад 4-5 жил өнгөрсөн ч мөнгөө олж авч чадаагүй гэсэн мэдээллийг өгсөн. Ер нь анх үйл явц хэрхэн эхэлсэн юм бэ?

-Манай дунд сургуулийн дээд ангийн Г.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр урагшаа сургуульд явж ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, манай ахын ангийн хүүхэд л дээ. Тэгээд ахын барьж байсан барилгаас хоёр айлын орон сууц худалдаж аваад хоёр жилийн дотор төлбөр хийх гэрээ хийгээд хугацаандаа ямар ч асуудалгүй төлбөрөө төлсөн байдаг. Дараа нь 2013 онд дахиад унаж байсан 570 автомашиныг нь зээлээр худалдаж авахдаа мөн л ямар ч асуудал гаргаагүй төлбөрөө өгч дууссан байдаг юм. Гэтэл 2014 онд Г.Бат-Эрдэнэ гурав дахь удаагаа ахтай ирж уулзаад манай барьж байсан барилгаас урьдын зарчмаараа долоон байр худалдаж авья. Гэрээ хийгээд хоёр жилийн дотор мөнгөө төлье гэсэн юм билээ. Тэр үед ах надад хэлэхээр нь нэг хүн долоон байраар яадаг юм бэ гэсэн чинь Г.Бат-Эрдэнэ өөрөө болон төрсөн эцэг Гэрэлт, төрсөн дүү Г.Баярхүү, хадам дүү Амарболд, эхнэрийнх нь нэр өгсөн аав Батбаярын хүү Жавхлантөгс, Бат-Эрдэнийн ажилтан Дашням, дүү Баярхүүгийнх нь найз гээд долоон хүнд орон сууц авахаар болсон. Мөнгийг нь байр авсан хүмүүс нь хувиасаа төлнө. Г.Бат-Эрдэнэ ч өөрөө том бизнестэй. “Ажнай” Бат-Эрдэнийн булгар бил үү шевроны үйлдвэрийг худалдаж авсан. Мөн зуур­магийн үйлдвэр, жоншны  ордтой юм билээ гэсэн.

Тухайн үед дээр дурдсан долоон хүн өөрсдөө ирээд тус тусдаа төлбөрөө хийнэ гээд 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэхдээ орон сууцанд нүүж орохдоо тодорхой хэмжээний төлбөр төлнө. Хоёр дахь шатны төлбөрийг 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор буюу айл тус бүр 50 сая төгрөг өгнө. Тэгээд 2016 оны есдүгээр сарын 25-ны дотор төлбөрөө бүрэн дуусгаж эзэмших гэрчилгээг нь шилжүүлж өгөхөөр тохирсон. Гэтэл байрандаа нүүж орчихоод мөнгө төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлсэн. Сүүлдээ хоёр жилийн дараа буюу 2016 оны сүүлчээр орон сууцнаас нь гаргах асуудлыг тавихад айлууд Г.Бат-Эрдэнэд мөнгөө өгсөн болж таарсан. Г.Бат-Эрдэнэтэй уулзсан чинь бизнес маань бүтэлгүйтээд айлуудаас мөнгийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны нэгдүгээр сард айлууд нь хүсэлт гаргаад Г.Бат-Эрдэнэ, түүний дүү Г.Баярхүү хоёр руу гэрээгээ шилжүүлэхээр болж, дахиад нэг жил сунгасан. Дөрвөн байрыг Г. Баярхүүгийн, гурвыг нь Г.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж шинээр гэрээ хийсэн юм. Тухайн үед манай компанид айлуудын нэрээр 175 сая орчим төгрөг төлсөн. Энэ мөнгөний 20 сая төгрөгийг Г.Бат-Эрдэнийн хадам аав Дашдорж компанийн данс руу хийсэн. Үлдсэн 150-иад сая төгрөгийг Г.Бат-Эрдэнэ, Г.Баярхүү нар цувуулаад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр айлууд мөнгөө компанид биш Г.Бат-Эрдэнэд өгсөн. Тиймээс бид манай компанид мөнгө төлөөгүй гэсэн болохоос байран дээр нэг ч төгрөг төлөөгүй гэж яриагүй шүү дээ.

2017 оны арван­хоёр­дугаар сард Г.Бат-Эрдэнэ, Г.Баярхүү хоёрыг би цагдаад өгсөн юм. Хэрэг үүсч яваад 2018 оны тавдугаар сард Г.Баярхүү надтай ирж уулзсан. Ингэхдээ дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд юм чинь цагдаа сэргийлэхгүйгээр учраа ольё. Би дөнгөж хөл дээрээ босч байгаа болохоор асуудлыг хурцатгахаа больё гэсэн. Тэгэхээр нь би манай долоон байрыг ахтайгаа ярьж байгаад буцаагаад өгчих. Өөр ямар ч асуудалгүй. Тэгвэл би өгсөн мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлээд тохироод гар бариад салсан. Үүнээс долоо хоногийн дараа Г.Баярхүү над руу байраа хүлээлгэж өгье гэж мессеж бичээд хоёр байрыг нь өгсөн. Үлдсэн таван байраа хэзээ өгөх вэ гэхэд ямар ч хариу өгөлгүй өнөөдрийг хүртэл холбоогүй таг болсон. Энэ хооронд миний гомдол цагдаа, шүүхээс буцаж Д.Оюунчимэгийн хүүхэд Б.Жавхлантөгс хохирогчоор очихоос татгалзсан. Шүүхээс арайхийж хохироогчоор тогтоосон чинь олдохоо болилоо гэсэн. Олоод авахаар хохирогчоор мэдүүлэг өгөхгүй эргэж буцаж сунжирсаар 2019 он гарчихсан. Өөрөөр хэлбэл, П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгсийг хайж олох гээд хэрэг жил хагас удааширсан байдаг. Хэн ч гэсэн асуудлаа нэг хоногийн өмнө шийдүүлэхийг хүснэ. Тиймээс П.Оюунчимэг төрийн өндөр албан тушаал хашдаг байж хэргийг удаашруулаад байна гэж манай хуулийн зөвлөх ярилцлага өгсөн. Түүнээс хэн нэгнийг буруутгаагүй. 

-Тэр айлууд яагаад Г.Бат-Эрдэнийн данс руу байрны мөнгөө төлсөн юм бол. Гэрээн дээрээ барилгын компанийн данс руу заавал шилжүүлнэ гэдэг ч юмуу тэгж заагаагүй юм уу?

-Гэрээн дээрээ бол манай компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу мөнгөө шилжүүлнэ гэж заасан. Гэтэл айлууд компанийн биш Г.Бат-Эрдэнийн данс руу мөнгөө шилжүүлсэн байдаг. Айлууд бүгд Г.Бат-Эрдэнийг таньдаг ойр дотно харилцаатай байсан учраас итгэлцлээр мөнгөө өгсөн юм билээ.

-П.Оюунчимэгийн хүүхэд хэдэн төгрөг төлсөн байдаг вэ?

-П.Оюунчимэгийн хүүхэд Б.Жавхлантөгсийн амьдарч байсан байран дээр Г.Баярхүүгийн нэр дээрээс гурван удаагийн гүйлгээгээр 59 сая төгрөг компанийн дансанд орж ирсэн байдаг. Уг нь бол 100 гаруй мкв талбайтай, граштайгаа 300 сая төгрөгийн байр л даа.

-Хоёр байрыг нь суллаж өгсөн юм байна.Таван байраа суллаж авсан юм уу? 

-2014 онд байр ашиглалтад ороход Зайсан тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг утгаараа гэрчилгээ гарахгүй байсан. Мөнгөө төлсөн цөөн айлуудын гэрчилгээ гарахгүй байсаар бага зэрэг асуудал үүссэн. Гэнэт гэрчилгээ гарахаар болоход үлдсэн байрныхаа ордерыг өөрийнхөө болон дүүгийнхээ нэр дээр гаргачихсан юм. Тэгэхгүй бол төр засаг ямар билээ. Нэг л өдөр дахиад гэрчилгээ гарахгүй болчихно шүү дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байр худалдаж авсан айлуудынхаа гэрчилгээг ямар ч асуудалгүй шилжүүлээд явж байгаа.

Дүү маань энэ барилгыг барихад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан учраас бидний хооронд өгөө, аваа бий. Энэ хооронд дүүд мөнгөний хэрэг болоод өөрийнхөө нэр дээр байсан таван байрыг Лувсандорж гэдэг хүнд 500 сая төгрөгийн барьцаанд тавиад мөнгөөр нь тоног төхөөрөмж ч бил үү аваад жаахан бүтэлгүйтээд хугацаандаа мөнгөө өгч чадаагүй юм билээ. Тэр үед гэр бүлийнх нь хүн гадаад руу эмчилгээнд яваад холбогдож чадахгүй байсаар Лувсандорж манай дүүг Хан-Уулын иргэний хэргийн шүүхэд өгчихсөн. Шүүхэд очоод хүний мөнгө авсан нь үнэн. Өгөх боломжгүй байгаа учраас барьцаанд байсан байраа үл маргах журмаар шилжүүлье. Мөнгө олоод буцааж авъя гэсэн бодолтой байсан ч мөнгөө хугацаандаа өгөөгүй учраас Лувсандорж үлдсэн таван байрыг барьцаандаа чөлөөлөөд авчихсан. Мэдээж дотор нь таван жил айл амьдарсан учраас нэлээдгүй хуучирсан. Дээр нь таван байранд таван жил амьдарсан айлууд мөнгөө төлөөгүй байсан учраас яах аргагүй барьцаандаа суллаад авчихсан байдаг.

-500 сая төгрөг зээлээд таван байрыг 700 сая төгрөгийн барьцаанд өгсөн юм бол?

-3-4 сарын хүү, алданги нийлээд 700 сая болсон юм билээ. Мэдээж хүн ашигтай байж л мөнгөө зээлнэ шүү дээ. Энэ хугацаанд долоон айлтай 2014 онд гэрээ байгуулж, 2016 онд гэрээний хугацаа дуусаад 2017 онд дахиад нэмэлт гэрээ байгуулж 2018 онд мөн хугацаа дууссан байсан учраас байрыг чөлөөлөхөд ямар нэг хууль эрхзүйн зөрчил үүсээгүй.

-Таван байраа барьцаанд алдаад суллаж авсан хэрнээ тэр хүмүүсийн мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа хэрэг үү?

-Анх долоон айл тус бүртээ ирж гэрээ хийсэн. Гэтэл мөнгө нь Г.Бат-Эрдэнэ, Г.Баярхүү гэдэг хоёр хүнээс шилжиж орж ирсэн. Хар ухаанаар бодоход би мөнгийг нь Г.Бат-Эрдэнэ, Г.Баярхүү нарын данс руу шилжүүлэх хэрэгтэй байх. Тэгэхгүй айлуудынх нь хэн нэгэнд өгчихдөг нөгөө хоёр нь надаас мөнгөө нэхвэл яах вэ. Товчхондоо ийм л байдалд орчихоод байгаа юм. Түүнээс биш манай компанид өгсөн 170 гаруй сая төгрөгийг нь 2018 оны тавдугаар сард буцааж өгье гэдэг байдлаар хандсан. Гэтэл асуудал хууль шүүхээр удааширч өнөөг хүртэл шийдэгдээгүй байхад хэнд нь өгөх нь ойлгомжгүй болчихсон.

-Г.Бат-Эрдэнэ, Г.Баярхүү нартай холбогдож байгаа юу?

-Сүүлд Г.Баярхүү надтай уулзсанаас хойш холбогдож чадаагүй.

-Хятадуудыг 42 тэрбум төгрөгөөр залилсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мөнгө хаанаас гарч ирэв. Мэдээж хууль шүүхээр явсан л байх?

-2010 онд таньдаг хятад маань Монголд бизнес хийх сонирхолтой хэмээн бас нэг хятад хүнийг танилцуулсан. Тухайн үед нэлээд хэдэн барилга барьсан учраас ойр зуурын эргэлтийн мөнгөтэй ч байлаа. Тиймээс 2010 онд Зайсангийн “Эм Эс Пи Ди” компанийн төслийг худалдаж авсны дараа хятадуудтай хамтарч ажлаа эхэлсэн. Гэтэл төсөл дөнгөж эхэлсэн жилдээ урд хөршид хямрал боллоо гээд хятадууд хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж, өөрсдийнхөө оруулсан мөнгийг өрөндөө суутгаж эхэлсэн. Ингэж сунжирч хүн нь солигдож явсаар 2013 онд хөрөнгө оруулалтгүй болж барилга зогсохдоо хүрсэн. Бидний хооронд бага зэрэг үл ойлголцол үүсч хятадууд нь намайг цагдаад өгч байсан. Тухайн үед би хятадуудын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, төсөл нь дуусаагүй, нэг ч орон сууц борлуулаагүй байсан учраас хуулийн байгууллагаас энэ бол залилан биш юм байна. Борлуулалт хийгдээгүй учраас залилж ч юмуу авах мөнгө алга гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Барилгыг борлуу­лаад мөнгийг нь хувьдаа авчихсан бол энэ залилан шүү дээ. Гэтэл барилга борлогдох нь битгий хэл баригдаж дуусаагүй байсан. Харин 2016 онд өгөө, аваагаа шүүхээр шийдүүлье гээд  би хятадуудыг иргэний шүүхэд өгсөн. 2017 онд шүүхээр эвлэрч 72 айлын орон сууцыг, гражтай нь маргаан хийсэн дөрвөн хятадын нэр дээр шилжүүлж өгөөд маргаанаа бүрэн дуусгасан байдаг.

Байр авсан хятадууд нь хоорондоо бас маргаантай. Нэгийгээ залилсан. Байр худалдаж авсан хүмүүс нь асуудлаас бултахын тулд байраа хямдхан зараад байгаа юм билээ. Үүнийг Лувсандорж гуай мэдчихээд нэг байрыг 150 сая төгрөгөөр үнэлж маргааныг шийдсэн. Гэтэл ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн нөхөр нь Лувсандорж, манай дүү Б.Өнөрбаяр хоёрыг цагдаад өгчихсөн. Гэвч асуудал шийдэгдэхгүй багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд нь Лувсандорж  бухимдаж  зурагтаар ярилцлага өгснөөс болж П.Оюунчимэгийн хүүхдийг дагавар гэж хэллээ гээд хоёр сая төгрөгөөр торгоод, нэвтрүүлэг хийсэн сэтгүүлчийг олигархи гэдэг үг хэллээ гээд хоёр сая төгрөгөөр торгож үл ойлголцол үүссэн юм билээ.

-Ер нь та бизнесийн гараагаа хэрхэн эхэлж, өнөөг хүртэл яаж ажиллав?

-Анх 2001 онд оёдлын цех байгуулснаа өргөжүүлж үйлдвэр болгосон. Тэгээд 2001-2005 онд Америк руу таван жил экспорт хийсэн. Улаанбаатар, Дарханд салбар нээж 300 гаруй ажилтантай овоо амжилттай болж байтал 2005 онд Хятадын олон улсын худалдааны хориг цуцлагдаж Хятадад оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Монголд энэ бизнес хумигдсан. Үүний дараа төмрийн үйлдвэр байгуулж хоёр жил ажиллаж үзлээ. Мөн хадгаламж зээлийн хоршоо маягийн зүйл ажиллуулж юм юм л хийх гэж оролдсон. Тэгээд 2006 оноос барилгын салбар руу орсон. Тухайн үед барилга барихад хүндхэн байлаа. Төрийн албанд ажиллаж байгаагүй. Газар авах ойлголтгүй. Тэгээд ч ихэнх газрыг компаниудын нэр дээр олгочихсон байсан  учраас компанийг нь газартай нь худалдаж шилжүүлж авахаас өөр аргагүй. Худалдаж авсан газар дээрээ зураг төсөл боловсруулж орон сууц барих хэлбэрээр л бизнесээ эрхэлж ирсэн. 2010 он хүртэл 5-6 барилга буюу ойролцоогоор 600-700 айлын орон сууц барьж бүрэн борлуулсан. Анх таван давхраас эхлээд 12  давхар орон сууц барьсан. Газрыг нь худалдаж авахдаа эхний барилгадаа мөнгийг нь бүрэн төлөх боломж байгаагүй болохоор газар дээр нь барилга бариад оронд нь орон сууц өгөх маягаар тохирдог байсан. Барилгаа эхлээд дөнгөж 3-4 давхрын карказ босч байхад л захиалга дуусчихдаг үе байлаа. Энэ маягаар өнгөрсөн хугацаанд 600-700 айлын орон сууц барьж ашиглалтад бүрэн өгсөн. Төрд ажиллаж албан тушаал, авлигын мөнгөөр бизнес эрхлээгүй. Бусдын адил ундаа зарж, зах дээр зогсч бизнесээ хийж эхэлсэн. 

-Орон сууцтай холбоо­той асуудлаас болж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг болон танай компанийн хооронд маргаан үүссэн гэж ойлгож болно. Гэтэл сүүлд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн шөнийн цэнгээний газартай холбоотой нэвтрүүлэг цацагдсан. Үүний ард таныг байгаа. Өөрөөр хэлбэл, П.Оюунчимэг гишүүн та хоёрын “тулаан” явж байна гэж ойлгогдож мэдэхээр байна?

-Надтай холбоотой янз бүрийн луйвар, залилан хийсэн гэсэн цуврал нэвтрүүлэг, нийтлэл гарч эхэллээ. Үнэндээ бол тэр шөнийн цэнгээний газрын тухай нэвтрүүлэг гээд байгаад би ямар ч хамаагүй л дээ. Захиалж хийлгэх нь битгий хэл сүүлд л хүмүүсийн ярианаас сонсч олж харсан. Бүхэл бүтэн телевиз миний үгэнд ороод нэг хүнийг онилж нэвтрүүлэг хийж байна ч гэж юу байхав. Надад зарим хүмүүсийн хардаж байгаа шиг мөнгө төгрөг зарсан зүйл байхгүй.

Миний хувьд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг танихгүй. Өс хонзон санаад ч юмуу маргаад байх зүйл байхгүй. Уг нь анх байрны захиалга өгсөн Г.Бат-Эрдэнэ гэдэг нөхрийн л асуудал байгаа юм. Харин Г.Бат-Эрдэнэ П.Оюунчимэг нар болоод байр захиалаад мөнгөө компанид биш Г.Бат-Эрдэнэд өгсөн айлуудын хооронд учраа олох л зүйл бий. Г.Бат-Эрдэнэ хоёр талдаа учраа олчихвол асуудалгүй болчих юм. Нэг ёсондоо Г.Бат-Эрдэнэ бид хоёр эсвэл П.Оюунчимэг Г.Бат-Эрдэнэ хоёр учраа олчихвол бүх асуудал шийдэгдчих юм. Гэтэл яагаад П.Оюунчимэг надтай муудалцах гээд байгааг би ойлгохгүй байна. Тийм шаардлага ч байхгүй.

Миний хувьд бол худалдах гэж байсан шинэ байрандаа дөрвөн таван жил айлуудыг амьдруулсан. Тооцоод яривал мэдээж хохиролтой. Зээл, бартераар барилгын янз бүрийн материал авсан. 2016 онд цаг тухайдаа мөнгө нь ороод ирсэн бол зээлээ төлөх, өөр олон зүйл хиймээр байлаа. Хохиролыг бол хэн ч тооцоод гаргаад ирж чадна. Гэхдээ хүн чанар, жудаг гэж байх ёстой.

Таван жил айлуудыг амьдруулсан байраа мөнгөний асуудлаас болж барьцаанд тавьж алдсан. Харин байр захиалаад 175 сая төгрөг шилжүүлсэн хүмүүсийн мөнгийг буцааж өгөх нь тодорхой. Харин тэр айлууд Г.Бат-Эрдэнэд өгсөн мөнгөө тэр хүнээсээ л олж авах ёстой шүү дээ. Мөнгөө компанийн данс руу биш Г.Бат-Эрдэнэд өгсөн. Г.Бат-Эрдэнэ удаа дараа худал ярьсаар байгаад шилжүүлж явсан гэсэн бүх баталгаа нь бий.

-Зарим сайтуудад таны удам судартай хол­боо­­той мэдээлэл гарсан байсан. Та мэдээж олж харсан л байх?

-Олж харсан. Ах дүү нараар минь эрлийз болгож бичсэн байна лээ. Тайлбар өгөхөд инээдтэй л юм даа. Гэхдээ яахав. Биднийг Монгол хүмүүс гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Би  Улаанбаатарт 1979 онд хоёрдугаар төрөхөд мэн­дэлсэн. Бусдын жиш­гээр дунд сургуулиа төгссөн.

Хятад мөн үү, биш үү гэдгийн нотолно. Архивын лавлагаа авч байгаад бүх мэдээллийг авч нэг тийш нь шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Манай өвөө их хөдөлмөрч, бүх төрлийн машины моторыг боодог  мундаг хүн байсан юм билээ. Би бол царайг нь харж байгаагүй л дээ. Миний аав Баяраа 1978 оноос насаараа тээврийн салбарт ажилласан. Социализмын үед хоёр ч удаа гавшгайч болж байсан эгэл жирийн жолооч хүн. Ийм л гэр бүлд өсч торнисон.

Хятадуудын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, төсөл нь дуусаагүй, нэг ч орон сууц борлуулаагүй байсан учраас хуулийн байгууллагаас энэ бол залилан биш юм байна. Борлуулалт хийгдээгүй учраас залилж ч юмуу авах мөнгө алга гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Тухайн үед дээр дурдсан долоон хүн өөрсдөө ирээд тус тусдаа төлбөрөө хийнэ гээд 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Сүүлдээ хоёр жилийн дараа буюу 2016 оны сүүлчээр орон сууцнаас нь гаргах асуудлыг тавихад айлууд Г.Бат-Эрдэнэд мөнгөө өгсөн болж таарсан. Г.Бат-Эрдэнэтэй уулзсан чинь бизнес маань бүтэлгүйтээд айлуудаас мөнгийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Мөнгөө компанийн данс руу биш Г.Бат-Эрдэнэд өгсөн. Г.Бат-Эрдэнэ удаа дараа худал ярьсаар байгаад шилжүүлж явсан гэсэн бүх баталгаа нь бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.10  ДАВАА  № 27, 28 (6252, 6253)