Д.БОЛОРМАА

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна. Тэр дундаа Хууль зүйн яам болоод түүний харъяа агентлагуудын хийсэн өөрчлөлт шинэчлэл олны анхаарлын төвд аль хэдийнэ оржээ. Тухайлбал, шүүх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих, хорих ангиудыг нэгтгэх, дүүргүүдийн шүүхийг нэг дор байрлуулах, тэдгээрийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг олон зүйл яригдах болов. Харин Хил хамгаалах ерөнхий газрын хэмжээнд ямар өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бол. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хошууч генерал С.Гүржавтай ярилцлаа.
-Таныг цэргийн байгууллагад чанагдсан “яс”-ны офицер гэдгийг тань олон хүн мэднэ. Хилийн цэрэгт чамгүй бүтээн байгуулалт, өөрчлөлт оруулсан гэх эрхэм генерал та тэргүүн дэд даргаар хоёр дахь удаагаа томилогдоод удаагүй байх аа?
-Ажлаа аваад нэг сар болж байна. Залуу, халуун насаа энэ байгууллагын төлөө зориулж ирсэн хүний хувьд хийх ажил их байна даа.
-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэ хугацаанд Хил хамгаалах байгууллага ямар шинэчлэл хийв. Цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Манай хилчдийн хувьд Монгол Улсын дархан хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. 100 хоногт 22 удаагийн 37 хүн мал хулгайлах, ан агнах, аж ахуйн зорилгоор зөрчснийг илрүүлжээ. Бэлчээр болон байгалийн гамшгийн улмаас хилд тулсан 6000 гаруй малыг эздэд нь буцаасан, хилээр нэвтрэх эрхийг нь түтгэлзүүлсэн 100 гаруй иргэнийг саатуулсан, бусдын бичиг баримт ашиглан хил нэвтрэхийг завдсан 41 хүнийг илрүүлсэн байна. Мөн нэлээд их хэмжээний алт, самар зэргийг хилээр гаргах гэж завдсаныг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлж өглөө. Ер нь энэ дашрамд хэлэхэд өнөөдөр хилийн цагийн байдал 10-20 жилийн өмнөхтэй харьцуулахад өөр болсон. Хуучин цагт ганц, хоёр сэтгэцийн өвчтэй болон төөрч будилан хилээр ороод ирсэн хүнийг саатуулаад, “Хил зөрчигч барилаа” хэмээн дээд удирдлагадаа илтгэж, үүгээрээ ч их бахархадаг байлаа. Ингэснээрээ хилээ сайн хамгаалж байна гэж үзнэ. Тэгвэл одоо байдал өөр болсон. Санаатай, санамсаргүй хил зөрчсөн олон хүн саатуулагдаж байна. Эдүгээ тагнуул хийхийн тулд мэдрэл муутай болж жүжиглэн орж ирэх шаардлагагүй. Паспорт аваад л ороод ирэх бүрэн боломж байгаа. Гэхдээ 20-иод жилийн өмнө хилийн зөрчил огт гарч байгаагүй гэсэн үг бас биш. Хэцүүхэн цаг үе байсан уу гэвэл байсан. Тухайлбал, 1996-2000 онд намайг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга байх үед хойд хил, тэр дундаа Увс аймагт хил дамнасан малын хулгай гаарсан юмдаг. Тэр үед Тува, Монголын 200 гаруй хулгайчийг барьж байлаа шүү дээ. Тэднийгээ аймгийн шоронд багтаахаа болиод эрүүлжүүлэх байранд хүртэл хорьж байлаа. Тэр үед цагаан сар таарч, сум, багт золгох эрэгтэй хүн үлдэхгүй болтлоо баригдсан юм шүү дээ. Бас Говь-Алтайн спиртийн хэрэг, Дорнодын машины наймаа байна. Монголын хилээр спирт хил давуулахын тулд ойролцоох дов толгод дунд Шатахуун түгээгүүрийн станц байгуулчихсан байсан гээд бод доо. Мөн Дорнодын хилээр автомашин хил давуулахыг оролддог гээд хэцүү хүнд үе байсан. Ингээд тусгай ажиллагаа зохиосны үр дүнд энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоож байлаа. Гэхдээ өнөөдөр хилийн цагийн байдал эрс өөрчлөгджээ. Хилийн зөрчил ч тэр үеэс нэмэгдсэн байна. Хил зөрчих явдал үндсэндээ зохион байгуулалттай болж, улс гүрэн дамнасан бүлэглэлүүд мансууруулах бодис, хүний наймаа, түүхийн ховор нандин дурсгал, үнэт чулуу, их хэмжээний бараа таваарыг улсын хилээр хууль бус аргаар нэвтрүүлэхийг завдах болсон байна. Тэдний энэ үйлдлээ хийх арга хэлбэр улам нарийсч байна. Мөн энэ гэмт хэргээ үйлдэхдээ хамгийн орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж байна. Тиймээс бид хил хамгаалах арга тактикаа байнга өөрчлөх шаардлагатай болж. Хуучны аргаар буюу морь унаж буу үүрээд, нохойгоо дагуулан хилээ хамгаалах нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй байна. Хил хамгаалалтад шинэ техник технологи нэвтрүүлэх, техникийн хүчээр хамгаалахад онцгойлон анхаарах бодлогыг энэ Засгийн газар, Хууль зүйн яам баримталж байна. Хилийн зарим хэсэгт хамгийн орчин үеийн хяналтын системийг хэрэглээд эхэллээ. Эх орны эрх ашиг ч ингэхийг шаардаж байна.
-Тэгэхээр манай хил хамгаалалтын ирээдүй тун гэрэл гэгээтэй харагдаж байна хэмээн хэлж болох нь ээ?
-Шинэ текникийн тухайд улсын хилийг нисгэгчгүй нисдэг аппаратаар хамгаалдаг гадаадын орнуудын туршлага бий. Үүнийг авч хэрэгжүүлэх ёстой. Ер нь хяналтын янз бүрийн техник манайд нэвтэрч байгаа гэдгийг дээр хэлсэн. Эдгээрээс гадна хилчдээ сум үл нэвтрэх хантааз гэх мэт тусгай хэрэгслээр бүрэн хангах хэрэгцээ өөрийн эрхгүй гарч байна. Саяхан л гэхэд Завханы хил дээр Тувагийн хил зөрчигч манай хилчнийг буудаж шархдуулсан хэрэг гарлаа шүү дээ. Тэгэхээр манай хилчдийн амь нас тайван цагт ч гэсэн хутганы ирэн дээр байгаа нь эндээс харагдаж буй. Ер нь зөвхөн техник технологи гэлтгүй цэргийн сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулах, ахлагч офицеруудын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх зэрэг олон асуудал бий. Энэ бол цэргийн хөдөлмөр, бидний байнга хийх ёстой ажил. Бид энэ ажлаа хийх бие болоод сэтгэхүйн байнгын бэлэн байдалд байх ёстой хүмүүс. Би гүзээтэй залуу офицер Хил хамгаалах байгуулагад алба хаахгүй шүү гэдгээ хэлсэн. Гүзээтэй хүн гүйж чадахгүй. Гүйж чадахгүй байна гэдэг албаны бэлэн байдал хангагдаж чадахгүй гэсэн үг.
-Ер нь Хил хамгаалах албаны нэр хүнд өнөөдөр ямар төвшинд байна гэж та үздэг вэ?
-Юуны өмнө хилчид бие бялдар, оюун санааны хувьд дээд зэргийн бэлтгэгдсэн байх ёстой. Ийм ч шаардлагыг үеийн үед тавьж ирсэн. Одоо энэ шалгуур шат шатандаа улам нарийн болно. Үүнтэй холбогдох өөр нэг зүйл нь Хил хамгаалах байгууллагын нэр хүнд. Манай албыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хааяа шүүмжилдэг. Ялангуяа буу шийдэмтэй холбоотойгоор хүний амь нас хохирсон үед ийм мэдээллүүд их гардаг юм. Үүнийг буруушаахгүй байна. Гэхдээ биднийг бие биенээ бууддаг газар мэт олон нийтэд ойлгуулахыг хичээдэгт нь жаахан эмзэглэдэг. Миний мэдэхийн буутай холбоотой хэрэг манай байгууллагын түүхийн 80 жилийн хугацаанд таслан зогсоогдоогүй байдаг. Гэхдээ гарч байгаа асуудал болохоос биш гарах ёстой зүйл огт биш. Гаргахгүйн төлөө бүхий л хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Амьдрал баян учраас алдаж онох явдал гарах юм. Тиймээс иймэрхүү хэрэг зөрчлийг хэвлэлийн мэдээллийн хэрэгслээс нуугаад байх ч юм алга. Хэвлэлийнхэн бичсэнээр ч хилчдийн нэр хүнд унаад байдаг юм биш. Энэ сайхан эх орон, түүний тусгаар тогтнолыг хил хязгааргүйгээр ойлгох аргагүй юм. Бидний өвөг дээдсийн үлдээсэн энэ газар нутгийн төлөө хичнээн хилчин амь насаа өгснийг тэр бүр хүн мэддэггүй. Зөвхөн 1921 - 1950 оны хооронд л гэхэд эх орон, энэ газар шорооны төлөө 250 гаруй хилчин харийн хар санаатнуудын суманд өртөн амь насаа алдсан байдаг. Өнөөдөр тэдний булш аглаг зэлүүд нутагт хээрийн салхинд элэгдэн байна. Үүнийг манай ард түмэн мэддэг. Ялангуяа орон нутгийн ард иргэд. Тэд хэний төлөө, юуны тулд залуу сайхан насаа зориулсан бэ гэдгийг мэддэг юм. Наад зах нь нутгийн ард иргэдийн мал шуурганд уруудлаа гэхэд хил даваад сураггүй болно гэж айдаггүй юм. Хилчиддээ найддаг. Хил орчмын иргэд харь нутгийн дээрэмчид орж ирээд хамаг малыг хуу хамаад явчихна гэж эмээхээ больсон. Хилчид байдаг учраас тэр. Ер нь хариуцлагагүй ганцхан хүний үйлдлийн ард олон мянган хилчдийн хөдөлмөр, зүтгэл, нэр төр байдаг учраас манай сэтгүүлчид, хэвлэлийнхэн болгоомжтой хандаж байх хэрэгтэй болов уу гэж боддог. Хил хамгаалах байгууллага олон аавын хүү цугласан, хийморьлог эрчүүдийн цуглуулга. Чи бид хоёрыг одоо энэ дулаан өрөөнд ярилцаад сууж байхад Монгол нутгийн эргэн тойронд буу үүрч, нохойгоо дагуулсан хэдэн мянган хилчин хилээ манаад явж байгаа. Тэд цасан шуурга, хүйтэн жаврыг үл хайхран дархан хилээ манаж яваа. Өнөөдөр цастай шуургатай байна, хилээ манахаа больё доо гэдэг алба биш. Нэг онцлог нь энэ. Тиймээс эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилчдийн талаар бичихдээ юмны наад цаадахыг сайн эрэгцүүлдэг байгаасай гэж боддог. Иймэрхүү зүйлд манай хилчид ихээхэн эмзэглэдэг. Шувуу ч ховорхон үзэгддэг газар улс орныхоо аюулгүй байдал, иргэдийнхээ амар амгаланг хамгаалаад явж байгаа хилчдэд доромж үг биш урам хэрэгтэй.
-Хууль зүйн яамны шинэчлэлийн бодлогын хүрээнд Хил хамгаалах байгууллага ч гэсэн өөрийнхөө үйл ажиллагаанд нэлээд өөрчлөлт оруулаад байгаа гэсэн. Энэ талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу. Ер нь ямар асуудалд онцгой анхаарал хандуулах бол?
-Мэдээжийн хэрэг юуны өмнө улсын хил хамгаалалтад онцгой анхаарал хандуулахаас гадна хилчдийнхээ мэдлэг боловсролд анхаарна. Бэлтгэгдсэн, соёлтой хилчин улсын хилийг хамгаалах учиртай. Цэргийн хүн л гэхээр бүдүүн дуугарч, хэг ёг гэсэн харилцаатай байх ёсгүй. Иргэнлэг, хүнлэг байх ёстой. Ер нь цэргийн дүрэмдээ ч ийм байхыг заадаг. Цэргийн харилцаа цэргийнхээ хүрээнд л явагдана. Гэхдээ энэ хүрээнд бүдүүн хоолойгоор чанга дуугарна гэсэн үг бас биш. Ард иргэдтэйгээ бид хүн ёсоор харьцах ёстой. Бид тэднийхээ л нэг тасархай шүү дээ. Үүнээс гадна манай байгууллага дээр явагдаж байгаа шинэчлэлийн бас нэг гол асуудал нь хүний хүчин зүйл. Шинэчлэлийн манлайд хүн байх ёстой гэдэг утгаар хүний хүчин зүйлийг өндөрт тавина гэж онцолж хэлье. Монголын хилийг 30 жил манасан хилчин, гадаад дотоодод өндөр мэргэжил эзэмшээд нөхрөө даган мөн төдөн жил хилд амьдарсан бүсгүй, хүүхэд, ахмадууд гээд олон хүний асуудал бий. Өнөөдөр Монголдоо цор ганц гэж хэлэгддэг хамгийн ховор мэргэжил эзэмшсэн бүсгүй нөхрөө дагаад дуртай ажлаа хаян хил дээр амьдарч байна. Тиймээс эх орныхоо төлөө өөрийгөө бараг золиосолж яваа ийм олон мянган хилчин бүсгүйчүүддээ сэтгэлийн, санхүүгийн дэмжлэг үзүүлэх цаг болсон. Үүнд онцгой анхаарах ёстой. Нөгөө талаас Хил хамгаалах байгууллага нээлттэй болж байна. Ахмад, залуу гэлтгүй хилчидээ дуртай цагт нь хүлээн авч зовлон, жаргалыг нь сонсох, ард иргэдээ чөлөөтэй нэвтрүүлдэг боллоо. Зөвхөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга л даваа гарагийн 15.00-17.00 цагийн хооронд иргэдийг хүлээж авна. Бусад дарга нар, албан тушаалтнууд иргэдийг ажлын бүх цагаар хүлээж авна. Вэб сайт маань гэхэд л улс болоод цэргийн нууцад үл хамаарахаас бусад мэдээллийг нийтэд чөлөөтэй хүргэнэ. Мөн эргэх холбоотой болно. Үйлчилгээгээ хурдан шуурхай болгохын үүднээс өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч, мөн цахим хэлбэрээр хариуг нь өгөх болно. Дөрвөн ч утсыг нээлттэй ажиллуулж байна. Ажлын цагаар 266638, 267368 гэсэн утсаар санал хүсэлт авч байна. Хил хамгаалалт, хилийн зөрчлийн талаархи мэдээллийг 454143, 266711 гэсэн утсаар 24 цагийн турш авч байна. Мөн Засгийн газрын иргэдээ сонсох төвийн 1111 дугаарт манай талаархи мэдээллийг өгөх боломжтой. Одоогоор л гэхэд 10 санал, гомдол, хүсэлт ирээд байна. Бид энэ бүхнийг түргэн шуурхай шалгаад эздэд нь эргэж хариу өгнө. ХХЕГ дээр л гэхэд иргэдийг хүлээж авах тусгай өрөө гаргаж, ажилтан томиллоо. Ер нь иргэдийн гаргасан гомдол үнэн байвал түүнд нэр дурдагдсан албан тушаалтантай хатуу хариуцлага тооцох болно. Хил хамгаалах байгууллагад хүнд суртал байх ёсгүй. Энд дээд зэргийн соёлтой үйлчилгээ байх ёстой гэсэн шаардлагыг байгууллагын удирдлага тавьж байгаа. Мөн тэтгэврийнххнийг төр харах ёстой. Тэдний орон сууцны талаар ч анхаарал тавих нь зайлшгүй гэж бодож байна. Бид 20-30 жил хилээ манцуулчихаад эцэст нь орох орон ч үгүй хоцордог хилчнээ төөргөөрөө болог гээд хаях ёсгүй юм. Хилчид өнөөдөр 40 хүрээд цэргийн тэтгэвэрт гаран шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Насаараа цэргийн байгууллагаар явчихсан учраас энгийн байгууллагад эв дүйгээ олохгүй, сэтгэл зүйг нь ойлгохгүй гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Ийм ч учраас тэтгэвэртээ гарсан хилчид урт насалж чаддаггүй нь судалгаагаар гарсан байна билээ. Ний нуугүй хэлэхэд 50 дөнгөж гараад л ихэнх нь бурхны оронд одож байна. Ихэнхийн нь үлдэгсэд өөрийн гэсэн орон гэргүй байдаг. Хилээс ирэхдээ хэдэн хувцасаа тэврээд л ирдэг юм шүү дээ. Ийм байж таарахгүй. Тиймээс ийм цаг үед эх орныхоо төлөө зүтгэсэн гавьяаг нь үнэлж, тэтгэвэрт гарсан хойно нь ая тухтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх учиртай гэж бодож байна. Байг гэхэд л хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгчихвөл бас л нэг алхам шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд Хил хамгаалах байгууллага бусад ижил төрлийн байгууллагуудаа хилчдийнхэ нийгмийн баталгааг хангахад нэлээд анхаарал тавьсан гэж боддог. Тухайлбал, “Хилчин” хотхоныг барьж байгуулахаас эхлээд л...?
-Хилчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн тулд бололцоогоороо зүтгэцгээж байна. “Хилчин” хотхон аль хэдийнэ хилчдийн хотхон болсон байна. Удахгүй “Харуул Алтай” цогцолборын эхний ээлж ашиглалтад орно. Гэхдээ хилчдийн маань авах цалин бага учраас энэ байранд бүгдээрээ хамрагдаад орсон юм алга. Байранд орж байгаа хүний олонхи нь цалингийн зээл авчээ. Ер нь Монголын тусгаар тогтнолын баталгаа болсон хилээ манаж байгаа хилчдэд төр, засгаас яагаад үнэгүй байр өгч болохгүй гэж? Хэрэв тийм хууль эрх зүйн орчин нь бүрдчихвэл манай хилчид ирээдүй хойчдоо огтхон ч санаа зовохгүйгээр төрийнхөө өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт эргэлзэх юм алга.
-Таньтай уулзсаных гадуур яригдаад байгаа нэг зүйлийг асуумаар байна. Танай үйл ажиллагааг бүрэн өөрчилж Хилийн цагдаа гэсэн нэртэй болгохоор ярьж байгаа гэлцэх юм. Энэ нь нэрээ өөрчилж байгаа хэрэг үү, эсвэл танай байгууллагыг цагдаад нэгтгэж буй юм уу?
-Намайг энэ албан тушаалд томилогдоход Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүлээж авч уулзаад, Хил хамгаалах байгууллагыг бүх талаар дэмжинэ, бэхжүүлнэ гэж хариуцлагатайгаар хэлсэн. Харин нэрийн тухайд яваандаа хууль сахиулах чиглэл рүү өөрчлөх нь зүйтэй болов уу гэсэн санаагаа хэлж байсан.