Б.ОД

УИХ-ын чуулган өчигдөр хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй учраас хойшиллоо. Чуулганы үеэр шинээр таван гишүүн тангараг өргөнө гэсэн мэдээлэл байсан. Харин Ардын намынхан Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөхийг эсэргүүцэж байгаа учир Их хурлын чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай эвслээс нэг гишүүн тангараг өргөх ёстой. Одоогоор эвслийн удирдах зөвлөлөөс СЕХ-нд албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотын хариу одоохондоо гараагүй байгаа. Тиймээс яаравчлан тангараг өргөх нь буруу гэж эвслийн гишүүд санал хэлсэн. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг хассан СЕХ-ны тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж олон хуульч тайлбарладаг. Тиймээс хуульчид шүүх, холбогдох байгууллагад хандсан байгаа юм. Заримд нь шүүхийн процесс явагдах бололцоотой гэж үзсэн. Тиймээс хууль зүйн талаас нь энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс гадна Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгох тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх байв.