Д.БОЛОР

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбог­дох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Гэвч Улсын дээд шүүхээс шүүгдэгч  болон тэдний өмгөөлөгч нар шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй байна. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлээс асууж тодрууллаа.

 

-Монгол Улсын Ерөн­хийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт холбог­дох хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд болох уу?

-Тиймэрхүү ажиг сур­гийг хүмүүс хоорондын ам дамжсан яриа болон хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээс  олж мэдээд гайхаш­ралаа бараад сууж байна.

-Танд Улсын дээд шүү­хээс хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй юм уу?

-Албан ёсоор мэдэг­дээ­гүй. Манай улсын Эрүү­гийн байцаан шийт­гэх хуулийн 346.3-т “Ху­рал­дааны товыг талуудад мэдэгдэнэ” гэж маш то­дор­хой заасан байгаа. Хя­налтын шатны шүүхэд зөв­хөн өмгөөлөгч эсвэл прокурор хоёр үндэслэ­лээр гомдол гаргадаг. Шүүх хурлын товыг мэдэг­дээгүй нь Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

-Талуудад мэдэгдэнэ гэснийг юу гэж ойлгох вэ?

-Энэ удаагийн хянал­тын шатны шүүх хурал­даанд прокурор гомдол гар­гаагүй. Зөвхөн өмгөө­лөг­чид гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ шүүх хуралдаан өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу явагдана гэсэн үг. Шүүх хуралдаанд хэрэгт холбог­дуул­сан хүмүүсийг орол­цуу­лахгүй зөвхөн проку­рор, өмгөөлөгчид орол­цоно. Талуудад мэдэгдэнэ гэдэг бол өмгөөлөгч буюу про­ку­рорт мэдэгдэхийг хэлнэ.  Мэдэгдэнэ гэдэг нь хэлнэ ч гэсэн үг бас биш. Мэ­дэгд­сэн тухай нотлох ба­римт­тай байх ёстой. Ми­ний ойлгож байгаагаар цаа­саар цаг хугацаагаа то­дорхой бичээд “Өмгөөлөгч таны гомдлоор шүүх хурал болно. Хүрэлцэн ирнэ үү” гэсэн мэдэгдэл байх ёстой. Гэвч  бичгээр мэдэгдэх нь битгий хэл Улсын дээд шүүхийн хэн нэг нь утсаар ч  хэлсэнгүй. Энэ бол дэндүү хариуцлагагүй, дэндүү хууль бус үйлдэл.

-Яагаад хууль бус, хариуцлагагүй гэж?

-Энэ байдал Монголд шударга шүүх байхгүй, шүүгчид шударга биш болж ялзралд орсныг ха­руулж байна. Нөгөө талаас өмгөөлөгчийн хүний эрх хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг хясан боог­дуулсан хэрэг. Өмгөө­лөгч төдийгүй шүүгдэгч нарын эрхийг ноцтой зөр­чиж байна. Дээр нь Улсын дээд шүүхийнхэн Хууль зүйн шинжлэх ухаан онол, боловсролыг үл тоомсор­лож, хайхрамжгүй байд­лаар хандлаа. Улсын дээд шүүхийн удирдлага улс төрийн захиалгыг шууд хэрэгжүүлэхээр бүх талын бэлтгэлээ базаасан нь энэ байдлаас харагдаж байна.

-Та шүүх хуралдаанд очих уу?

-Очихгүй. Очихгүй гэд­гээ Улсын дээд шүү­хийн Эрүүгийн танхимын ерөнхий шүүгч С.Ням­жавд албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Улс орон даяар шуугиан тарьсан, зохио­мол, дотоодод төдийгүй гадаадад бүх нийтийн ан­хаа­рал татсан хэргийг Ул­сын дээд шүүх маш нухац­тай хэлэлцэх байсан. Өм­гөөлөгч нар ч гэсэн үүнд асар их бэлтгэл хангах ёстой. Гэтэл  бэлтгэх хуга­цаа, боломж олгоогүй уч­раас энэ шүүх хуралдаа­ныг хойшлуулах хүсэл­тийг албан ёсоор хүргүүл­сэн. Тэгээд ч Улсын дээд шүүхээс хуралдааны то­выг албан ёсоор мэдэг­дээ­гүй учраас хурал болно гэдгийг мэдэхгүй байна. Энэ утгаараа шүүх  хуралд өмгөөлөгчийн хувиар очих шаардлагагүй. Яагаад гэ­вэл надад мэдэгдээгүй шүү дээ.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ. Түүнтэй тогтмол уулз­даг хүн нь та байх?

-Биеийнх нь байдал сайнгүй байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд Улсын дээд шүүхийн хурал­даа­ныг гэнэт зарласан, өм­гөө­лөгч бэлтгэлээ хангах боломж олгоогүй зэрэгт сэтгэл нь хямарсан.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ С.НЯМЖАВ ТАНАА

Өмгөөлөгчийн хүсэлт

Өмгөөлөгч миний бич­сэн гомдлыг хэлэлцэх Ул­сын дээд шүүхийн хя­нал­тын шатны шүүх ху­рал­даан 2012 оны 11 дүгээр сарын 30-нд болох тухай ажиг сургыг ам дамжсан ярианаас би саявтар олж мэдлээ. Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн 346 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх хуралдааны товыг шүүгч тогтоож, талуудад мэдэгдэнэ” гэж заажээ. Гэтэл өмгөөлөгч надад Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийн энэ заалтын дагуу Улсын дээд шүүхээс албан ёсны ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй болно. Ийнхүү Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Нөгөө талаар өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох бэлт­гэлээ хангах ямар ч бо­ломж олгосонгүй. Түүнч­лэн МАХН-ын дарга, Мон­гол Улсын Ерөнхий­лөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал муу байна. Эдгээр бодитой учир шалтгааныг харгал­зан үзэж Улсын дээд шүү­хийн хяналтын шатны шүүх хуралдааныг хойш­луулж өгөхийг хүсье. Н.Энх­баярт зохиомол хэ­рэг тулгаж хорих ял хал­даасан асуудалд Монгол Улсын шүүхийн эцсийн шат ийнхүү туйлын ха­риуц­лагагүй, ёс бус бөгөөд улс төрийн захиалга хэрэг­жүүлэхээр хандаж бай­гааг эсэргүүцэж байна. Тус шүүх хуралдаанд энэ удаад оролцох боломжгүй болсноо мэдэгдэж байна.

Хүсэлт гаргасан: Өмгөөлөгч С.НАРАНГЭРЭЛ

/Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн академич/

2012 оны 11 сарын 29