Д.МЯГМАР

 

Улаанбаатарын хөг­жил, дэвшил, бүтээн бай­гуулалтын ажилд ирэх онд хэчнээн төгрөг хэрэгтэйг хэн ч таашгүй. Тэр бүх­ний задаргааг хэрхэн гар­гаж, хотод нүүрлэсэн олон асууд­лаас богино хуга­цаанд хэрхэн ангижирах вэ гэсэн  асуултаар төлөө­лөгчид мээрийн багийг өчигдөр өдөржин булав.

Ирэх онд зарцуулах төс­вийн задаргаа бүхий төс­лөө нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл НИТХ-ын ээлжит зургадугаар чуулганаар оруул­лаа. Хот хүрээгээ тэлж, эвдэрхий замаа засч, ши­нээр авто зам барина. Орон сууц, цэцэрлэг, сургууль сүн­дэрлүүлэх, дэд бүтцийг сайжруулах гэх мэтээр нийгмийн хэрэгцээ, шаардлагыг үн­дэслэсэн олон ажлыг хэрхэн мөнгө босгож хэрэгжүүлэх та­лаар холбог­дох албаны дарга нар тус бүрт нь ха­риулт өгч өнжлөө.

Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ирэх онд нийслэлийн төсвийн бодлого олон нийтэд ил тод болно гэж тэд төсөөлж байна. Нийслэл хэмээх их айлд шинэчлэл хийж, хариуцлагын тогтолцоо сайжрана хэмээн шинэ дарга нар найдаж буйгаа илэрхийлсэн. Төрийн за­хиргааны анхан шатны нэгж, байгууллага, дүүр­гүү­дийн эрх хэмжээг нэ­мэгдүүлж байгаа учраас төсвийн хувьд шинэчлэ­лийн жил болох гэнэ.

Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжих аж. Үлдсэн хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь Нийслэлийн хөгжлийн санд үлдэнэ. Иргэдийн саналыг үндэс­лэн энэ мөнгийг зарцуу­лахаар ярьж байна.

Олон оронтой тоо хэлж том мөнгө ярихаас илүүтэй төлөөлөгчид жижиг гэлтгүй ажлыг яаж хийх вэ, санхүүгийн эх үүсвэр бий юу гэлцэн нэлээд нухацтай ярилцаж байв.  Төсвийн шинэчлэлийн гол агуулга нь хотын төвлөр­лийг сааруулахад бий гэ­сэн. Өнөө л Улаанбаа­тарынхны хүсдэг иргэ­дийн амьдрах орчныг сайж­руулан G хорооллыг хэдийд хувийн орон сууц­жуулах вэ. Гэр хорооллын зарим айлд нөхөн олговор өгч зам тавих, нийтийн тээврийг саадгүй явуулах, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны мөнгийг яаж шийдэв гэх мэтээр төлөөлөгч бүр өөртөө хэрэгтэй мэдээлэл бүхий санхүүгийн зориулалт, зарцуулалтыг талаар дэл­гэрэнгүй мэдээлэл хүсч байв. МАН-ын бүлгийн зарим төлөөлөгч мээрийн ирэх оны төсвийн төсөл, газрын менежментийн бодлогод шүүмжлэлтэй хандаж харагдсан. Ту­хайл­бал, төлөөлөгч Г.Ган­баяр “Нийслэлийн Засаг дарга хотын бодлогыг бүхлээр нь авч явах ёстой. Гэтэл орлогч даргын хэмжээний зүйл ярьж, олон ажлыг орхиж байгаа нь зүйд нийцэхгүй. Замын трасс гаргаж, төлөвлөлт хийсний дараа иргэдэд газар олгох гэнэ. Энэ бол иргэн бүр газар өмчилж, эзэмших эрхийг нь зөрч­сөн хэргийн нэг жишээ. Нийслэлийнхэнд амласан ажлуудаа хий гэж шаард­лаа. Би зөвхөн амласан ажлаа хийнэ гэж солгойрч болохгүй шүү” хэмээн сануулна лээ.   

Мээрийн төсөлд орсон “Холбогдох хуулийн  заал­тууд, тодорхой эрхийн актаар тогтоосон хэм хэм­жээг зөрчиж газар эзэм­шүүлсэн нийслэл, дүүр­гийн Засаг даргын шийд­вэрүүдийг нягтлана. Шаард­лагатай бол хүчин­гүй болгох, түүнчлэн нийс­лэлийн нутаг дэвс­гэрийн бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгог­доогүй төрийн өмчийн газар болон хот, тосгон бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газ­рын тооллого хийж, байр­шил, хэмжээ, хил заагийг тогтоон тэмдэг­жүүлэн хам­гаалах, Улаан­баатар хо­тын гэр хороол­лыг тохи­лог амины барил­гаар “чи­мэх” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан.

Гэр хорооллыг инже­нерийн шугам сүлжээгээр хангах зураг төслүүд бо­ловс­руулан төсөлд  тусга­жээ. Энэ бол АН-ынхны амлаж гарч ирсэн амины орон сууцтай Улаанбаатар хэмээх хэсэг билээ. Улсын төсвийн хөрөнгөөр гэр хорооллыг барилгажуу­лах, орон сууцны шинэ хороолол бариын тулд ду­лааны цахилгааны стан­цуу­дыг шинэчлэх юм. Цахилгааны “Их тойруу”, “Сонгино”, “Их тойрог”, “Баянгол” хорооллын дэд станц, ЦДАШ-ыг барьж байгуулах ажлыг үргэлж­лүүлэх юм билээ. Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэч­лэнэ. Гэр хороололд бага оврын цэвэрлэх бай­гууламжуудыг барих аж­лыг эхлүүлэх гээд амлал­таа дагасан ажлаа түлхүү гаргажээ.  

Мөн орон сууцны хо­роо­­лол доторх төмөр болон тоосгон гаражуудыг хуульд заасны дагуу шал­ган газар ашиглалтыг сайж­руулна. Орчны тохи­жилт бүхий нэгдсэн гараж, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол бай­гуулах ажлыг оршин сууг­чид болон холбогдох аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэнэ. Хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон захуудыг хотоос нүүлгэхээр судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулж байна. Ингэснээр замын түгж­рэл, хотын бөөгнөрөл гэх мэтээр давхар олон асууд­лыг шийдэх гарц гэж тэд харжээ. Иргэнд гэр бү­лийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажлыг үргэл­жүүлэнэ. “Сансрын зурагт суурилсан Улаанбаатар хотын газрын мэдээллийн нэгдсэн систем”-ийг мэр­гэжлийн байгууллагын ажилд бүрэн нэвтрүүлэнэ. Иргэдэд газрын мэдээл­лийн лавлагаа, үйлчилгээг интернэт болон гар утсанд суурилсан “Цахим” тех­но­логийн системийг нэвт­рүүлэх гэх мэтээр цээ­жиндээ байгаа ажлуудаа шинэ дарга нар 2013 онд хийж амжуулна хэмээн маадгар сууна лээ.

Хэрүүлтэй эхэлсэн ху­рал­дааны төгсгөлд нийс­лэлийн нийгэм эдийн зас­гийн зорилт, төсвийг нэг их өөрч­лөлт­гүйгээр 100 хувь баталлаа. Үүний зэ­рэг­цээ өмчлөх газар зо­хион байгуулал­тын төлөв­лөгөө, өмч хувьчлал, нийс­лэлийн Аудитын газ­рын тайлан зэрэг асууд­лыг 100 хувь дэмжсэн юм. Э.Бат-Үүлийн хэлснээр, “Ирэх онд улсын төсвөөр хийх ажлын нийслэл ну­руун дээрээ үүрсэн. Цааш­даа улсын төсвөөр хийх аж­лын ачааллыг нийс­лэл нуруундаа үүрэхгүй” хэ­мээн сануулснаар чуулган өндөрлөлөө.