Б.НАМУУНТАМИР

Манай улсын 3.2 сая хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь уудам тал нутагтаа сарлаг, үхэр, адуу, хонь, ямаа болон тэмээн сүргээ маллаж уламжлалт гэртээ амьдарч байна. Энэ бол хэдэн зуун жилийн турш хадгалагдаж ирсэн энгийн амьдралын хэв маяг. Тэд саяхныг хүртэл цахилгаангүй амьдарч байсан билээ. Гэвч сүүлийн жилүүдэд цаг өөр болсон. Өнөө цагийн малчдыг цахилгаан бараагаар хангадаг “Малчин” дэлгүүрийг зорилоо. Тэнд том нарны зай хураагуураас эхлээд 12, 220 вольтын хөргөгч, угаалгын машин, зурагт, будаа агшаагч, ус буцалгагч хүртэл байна. Малчид нарны зайн технологийн сүүлийн үеийн загваруудаас сонголт хийн нутаг буцдаг ажээ.

Хамгийн их борлуулалт сайтай бараа бүтээгдэхүүн нь зурагт, хөргөгч, хөлдөөгч, мотор, мотоцикл, угаалгын машин гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэв. Зурагт инчээсээ хамаараад 800 мянгаас 1.5 сая төгрөг хүртэл байдаг бол хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин 420 мянгаас эхэлж байна. Мотоциклийн хувьд “Мустанг-5” ховордож, “Дайюун” зэрэг шинэ загварын мотоциклууд ихээр иржээ. Хамгийн сонирхол татахуйц тоног төхөөрөмж нь цахилгаан өвсний хадуур, цахилгаан ноосны машин, автомат гар угаагуурын машин байлаа.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Лхачинсүрэн “Мотоцикл, худгийн помп, нарны толь, аккумлятор авлаа. Манайд нарны зайгаар ажилладаг бүхий л төрлийн цахилгаан бараа бий. Хөдөө өнгөт зурагтгүй,  угаалгын машин, ус шүүгч, ус буцалгагчгүй айл ховор” гэсэн юм.

Малчин дэлгүүрийн худалдааны менежер м.Сайнжаргал “Манай компани 12 болон 220 вольтын цахилгаан бараа оруулж ирдэг. Хөдөө борлуулалтаар явахад 220 вольтын бүтээгдэхүүнийг асуудаг.   Манай улсын нийт малчин өрхийн 94.4 хувь нь сансрын антентай, 89.2 хувь нь авто машинтай, 72.8 хувь нь мотоциклтой байна. Нийт малчин өрхийн хэрэглээнд сүүлийн 10 жилд аккумулятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн. Манайх хөдөөгийн төв, суурин, малчид, хөдөлмөрчдийг эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Онцлох бараа бүтээгдэхүүн  гэвэл мэдээж сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох ноос хяргах машин нь 5-8 минутад нэг хонь жигдхэн бөгөөд цэвэрхэн хяргана. Хонины ноос хяргагч машинаар бүдүүн ноост хонийг хяргаж болох бөгөөд хяргах хурд нь өндөр байдаг. Үнийн хувьд 200 мянгаас эхэлж байв. Мөн цахилгаан өвс хадуур их эрэлттэй байдаг. 500 мянгаас эхэлж байгаа. Цахилгаан гар угаагуурын машины хувьд хөл пидал дээр гишгэхэд цоргоноос ус гардаг, толь нь гэрэлтэй. Одоо цагаан сар дөхөөд ирэхээр өргөн хэрэглэгддэг цахилгаан барааны борлуулалт нэмэгддэг. Өдөртөө л бараг 150-300 хүн манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Ер нь байнгын ачаалал ихтэй байдаг” гэсэн юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний тѳв ТӨҮГ газрын Ерѳнхий инженер, Судалгаа тѳсѳл хѳтѳлбѳрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баяржаргал “Сэргээгдэх эрчим хүч дэлхийн чиг хандлага болж байгаа энэ үед Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 7.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна. Монгол оронд жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг тул нарны эрчим хүчийг ашиглах боломжоороо дэлхийд дээгүүрт ордог. Манай улсад өрхийн хэмжээнд ашиглах эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж ашиглаж байгаа 200 мянган малчин өрх байгаа нь дэлхийд байхгүй жишиг. Одоо бол хөдөөд нарны тольгүй, салхин сэнсгүй малчин айл бараг үгүй бөгөөд зах худалдааны төвүүдээс худалдаж аваад ашиглах мэдлэг хэдийнэ бий болсон” гэлээ.

“Малчин” компани Монголд анх удаа хоногт 500 ширхэг байгальд ээлтэй “смарт батарей” үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулж, “Lithium iron phosphate” төрлийн батарейг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Малчид хоёр жил тутамд шинэ батарей худалдаж авдаг байсан бол одоо 10-13 жилд нэг удаа батарей худалдаж авах болж байгаа нь санхүүгийн хувьд маш том хэмнэлт гарч байгаа бөгөөд ам сайтай байгаа гэв.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Х.Отгонбаатар “Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчид бид лаа болон дэнлүү хэрэглэж байсан. Тэр үеийн амьдралыг  өнөөдөртэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна. Жил болгон шинэ бүтээгдэхүүн гарч ирсэн байх юм.  Уржигдар хөдөөнөөс ирлээ. Аккумулятор, автомат гар угаалтуур аваад буцна” хэмээгээд ачуулж байхтай нь таарсан юм.

Ийнхүү шинэ цагийн малчдын өргөө гэр суурин газрын биднээс ч тайван тохь тухтай амьдрах боломжтой болсон нь энэ дэлгүүрээр шагайхын төдийд л харагдаж, малчдын хэрэглээ технологийн өндөр түвшинд очсон байгаа нь олзуурхууштай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.17  баасан  № 11 (6236)