Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд ШШГЕГ хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын Захиргааны  удирдлагын  газрын дарга, дэд хурандаа Б.Сэр-Одтой ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлганасан. Энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  ямар бүтэц, зохион байгуулалттайгаар, хэрхэн  ажиллаж ирэв?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин наймдугаар сард ШШГЕГ болон түүний  харьяа  төвийн зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцах явцдаа тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. Тухайлбал, албан хаагчид, ялтан, хоригдогсод  болон тэдний  ар гэр, иргэдтэй зөв боловсон харилцах, үйлчилгээний стандартыг чанд мөрдөж, санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангах,  дотоод орлогоороо тухайн байгууллага үйлчилгээ, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Салбарын сайдыг өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж ирлээ.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”-ын баримт бичгийн  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн.  Тухайлбал: Иргэдэд шуурхай, хүртээмжтэй үйлчлэх үүднээс ШШГЕГ-ын конторын гадна талд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн зам талбайг ашиглалтад  оруулсан. Байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, тодорхой, чирэгдэлгүй хүргэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, уг үйлчилгээний цэгт шаардлагатай албан тушаалтныг тогтмол ажиллуулж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээс хойш нийт 122 иргэний гаргасан санал, өргөдөл, гомдлыг холбогдох албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлэн хариуг өгсөн. Мөн иргэдээс мэдээлэл авах 11-11 төвөөс ирүүлсэн  36 өргөдөл, санал хүсэлт хүлээж аван хариуг өгсөн. Байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс мэдээлэл авах “Электрон самбар”-ыг конторын 1 давхарын коридорт байршуулсан. Байгууллагын Вэб сайтын бүтэц, зохион байгуулалт, дизайныг иргэдэд ойлгомжтой байдлаар шинэчилж, зарим нэмэлт  цэснүүдийг шинээр үүсгэн байршуулаад байна. Санхүүгийн ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй байлгах үүднээс өөрийн байгууллагын вебсайт дээр санхүү гэсэн цэс үүсгэн батлагдсан төсөв, гүйцэтгэл, худалдан авах ажиллагаа, ялтны нэрийн данс, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тухай бүр нь байршуулж байна

-Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулж ямар зохион байгуулалт хийгдсэн бэ?

-Хууль Зүйн Сайдын тушаалаар  ШШГЕГ-ын  зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, мөрдөн ажиллаж байна. Өнөөгийн цаг үеийн зайлшгүй шаардлага, ажил үүргийн онцлогтой уялдан зарим хэлтэс, тасгийн үүрэг, зорилго өөрчлөгдөн Нийгэм, сэтгэл зүйн хэлтэс, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хуулийн тасаг гэж байгуулан ажиллуулж байна. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хуулийн тасгийн дарга,, ахлах аудитор, аудитор, шинжээчийн ажлын байранд  нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.  Сүүлийн жилүүдэд ажлын байрны  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй юм билээ. Тухайлбал, нийгэм, сэтгэлзүйн хэлтэс гэхэд л  дандаа мэргэжлийн бус хүмүүс байдаг. Түүнээс шалтгаалаад  хүмүүстээ   хүрч ажиллаж чаддаггүй. Иймд мэргэжлийн сэтгэл зүйчдийн багийг ажиллуулан мэргэжлийн удирдлагаар хангах бодлого баримталж байна.  Манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенци Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт иргэний болон улс төрийн эрхийн пакт зэрэг  олон улсын гэрээ, конвенцид нэгдэж  орсон. Энэ ажлын хүрээнд Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенци, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах үүднээс ШШГЕГ-т  хүний эрхийн гурван мэргэжилтэнтэй байхаар болсон.

-Та ШШГЕГ-ын боловсон хүчин, хүний нөөц, сургалтын чиглэлээр  ямар бодлого баримтлан ажиллаж  байгаа вэ?

-Ажил  хүлээж авснаас хойш багагүй ажил хийлээ. Тухайлбал, хүний нөөцийн баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар  ажил  эхлүүлээд байна. Ижил төстэй байгууллагуудтайгаа  харьцуулахад хүний нөөцийн бүртгэлээ цахимжуулсан байна. Цаг үеийн шаардлагаар  энэ  хэлбэр рүү шилжихээс аргагүй. Тиймээс  бид боловсон хүчний мэдээлэл, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг санаачлан хийж, үндсэндээ дуусах шатандаа ороод байна. Ингээд ирэх оны 1 дүгээр сараас цахим хэлбэрт бүрэн шилжинэ.    Ажилтан, албан хаагчдын овог, нэр, регистрийн дугаараар бүх мэдээлэл нь санд хадгалагдана. Энэ ажлыг шуурхай хийхгүй бол бэрхшээлтэй. Нэг ажилтан, албан хаагч хөдөө орон нутаг руу шилжлээ гэхэд тухайн хүний карт, хувийн болон албан ажлын  мэдээлэл араас нь  шуудангаар очдог. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байж ийм байдалтай байгаа нь үнэнийг хэлэхэд хоцрогдол. Албан хаагчдаа цахим бүртгэлд хамруулсны дараа хоригдогсод, ялтнуудыг мөн цахим бүртгэлтэй болгоно. Захиргааны удирдлагын газрын нэн тэргүүнд  хийх ажил энэ. Дараа нь боловсон хүчний  нөөц бүрдүүлэх, сургаж бэлтгэх,   хүний нөөцийн ойрын болон урт хугацааны төлөвлөлтийг оновчтой хийх зайлшгүй шаардлагатай. Мөн боловсон хүчний мэдлэг чадвар, боловсролын төвшнийг дээшлүүлэхэд анхаарах  нь чухал. Бүх боловсон хүчнийг хууль сахиулах их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуульд бэлтгэж байх нь зүйтэй гэсэн бодлого, чиглэл баримтлахаар шийдвэрлээд, сургуулийн удирдлага, эрдэмтэн, багш нартай санал солилцон, санамж бичиг гаргаад байна.  Өөрөөр хэлбэл, томилогдохоос өмнөх сургалт гэж ерөнхий газар дээр зохион байгуулдаг. Тэр нь 14 хоногийн хугацаатай байсан. Ний нуугүй хэлэхэд, тэр хүмүүс ажлын байранд очоод гологддог. Иймд 14 хоногийн  сургалтын хугацааг сунгаж чанаржуулъя, Хууль сахиулах сургуульд бэлтгэе, анги салбарт дадлагажуулъя. Ингэвэл анги салбарт  эцсийн бүтээгдэхүүн  болж очиж байгаа боловсон хүчний чанарт ахиц гарна гэсэн дүгнэлт хийсэн.

-Танай байгууллага олон ажиллагсадтай.  Боловсон хүчний насны байдал ямар байдаг вэ?

-Манай байгууллага нийтдээ 2800 гаруй алба хаагчтай л даа. Саяхан манай байгууллагад “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлд зааснаар 272  албан хаагчдад цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах болзол хангасан талаарх мэдэгдэл өгч, цаашид хууль тогтоомжийн дагуу сунган ажиллах, тэтгэврээ тогтоолгох талаар саналыг нь  авч, нэгтгэн дүгнэсэн. Тус байгууллагад олон жил амь амьдралаа зориулан идэвх санаачлагатай, үлгэр дууриалалтай ажилласан ахмад настнууддаа бид баярлан бахархаж, хүндэтгэлтэй хандаж байна. Тэдний халааг шинэ залуу боловсон хүчиндээ өвлүүлэн, тэднийг ажил албанд нь сургаж, өсч дэвжихэд нь туслан дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хэрэв  боловсон хүчний ойрын болон урт хугацааны төлөвлөлтийг хэтийнхтэй нь уялдуулаад  хийчихвэл  хэдийг нь нөөцөд оруулах вэ, хэчнээн хүнийг тэтгэвэрт гаргах вэ, Шийдвэр гүйцэтгэлийн дээд сургуульд хэдэн хүн бэлтгэгдэж байна, энэ бүгдийг балансжуулж болно. Дээр нь жендэрийн асуудал байна. Манайд  эмэгтэй ажилтнууд цөөнгүй бий. Гэтэл ажил, үүргийн онцлог гэж байна.  Эмэгтэй албан хаагчид маань эрэгтэй албан хаагчдын адил  хорих ангид харуул хамгаалалт, холбоо мэдээлэл, эмнэлэг зэрэг бүх л ажил албан тушаалд цаг наргүй хамт зүтгэж явна шүү дээ. Тиймээс жендэрийн асуудалд бодитой хандаж, цаашид нийт албан хаагчдын тодорхой хувьд барих бодлого баримтална.

-Албан хаагчдын дунд хүндрэл бэрхшээлтэй ч гэх юм уу? анхаарал татсан ямар асуудлууд байна вэ? Энэ талаар та  судалж үзсэн үү?

-Энэ бол маш чухал асуудал. Бид шинэ ажил авсанаас хойш харьяа хорих ангийн үйл ажиллагааг биечлэн танилцаж, тэнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын алба хаагчидтай уулзан санал хүсэлтийг нь сонсон ярилцаж, цаашид ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэх ажилд тусгах бодлого баримтлан ажиллаж ирлээ. Шинэчлэлийн хүрээнд захиргааны удирдлагын газраас анги, албадын ажилтай танилцахдаа  ямар нэгэн байдлаар бэлтгэсэн, жагссан, ёсолж ёслуулсан байдлаар очихыг урьтал болгохгүй байгаа. Албан хаагчид маань ямар түвшинд ажиллаж байна, юу хүлээж, хүсч мөрөөдөж байна вэ, ямар орчин нөхцөлд ажиллаж, амьдарч байна вэ, тэдэнд ямар саад бэрхшээл байна, эрх нь зөрчигдөж байна уу гэдэг асуудлыг  судалж, биечлэн танилцаж байна. Ингэхдээ аль болох хүмүүст төвөг чирэгдэл багатай байдлаар зохион байгуулж байгаа. Бодит байдлыг судалж мэдсэний дараа зорилго, зорилтоо ил тод болгож, тодорхойлж авч явах зайлшгүй шаардлага байна.

Өнгөрсөн  хугацаанд хэд  хэдэн хорих ангид очин танилцаж, ангиудын удирдлагуудад зохих үүрэг, чиглэл, зөвлөмж өгч байна. Албан хаагчдын хувцас хэрэглэлийн талаар  ихээхэн гомдол, санал  гарч байна. Үнэнийг хэлэхэд, хамгийн муу гутал, чанаргүй хувцсыг манай албан хаагчид хэрэглэж байна. Хувцас олголтын хугацаа хол зэрэг асуудлыг албан хаагчдын дийлэнх хувь нь хэлж байсан. Хувцас олголтын хугацаанд өөрчлөлт оруулсан. Цаашид хувцасны чанар, стандартад онцгой анхаарах хэрэгтэй юм. Учир нь  бид үйлдвэрлэл явуулж, ажилтан, албан хаагчдынхаа хувцас, хэрэглэлийг өөрсдөө хийж  дотоодын орлого бүрдүүлэх  бололцоотой. Тийм байтал өнөөдөр ажилчид, албан хаагчдын  хувцас гээд  тендер нэрээр чанар муутай бүтээгдэхүүн авч байна.Нөгөө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх албан хаагчдыг зөвхөн ШШГЕГ-ын даргын тушаалаар томилж, чөлөөлдөг журам үйлчилдэг учир хорих анги, орон нутгийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгжийн удирдлагуудын эрх хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж, тэр хэмжээгээр тэдний үүрэг, хариуцлага, ажлын ачаалал багасах, завсардах явдал түгээмэл болсон. Иймд цаашдаа хорих анги, алба, салбар нэгжийн дарга нарын зарим төрлийн эрхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн алба нэгжийг зөв,шуурхай удирдлагаар хангах ажлыг сайжруулах ёстой гэж бодож байна. “Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хууль батлагдаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Асуудал  нэгэнт хуульчлагдсан учраас  эрх мэдэл нь ч нэмэгдэнэ. Түүнийг дагаад  арга барил, хариуцлага ч  өндөрсөнө. Эцэст нь ангиа мэддэг, эрхээ эдэлдэг дарга нар ажлаа зөв зохион байгуулна, хариуцлагаа ч хүлээнэ.

-Нээлттэй бодлогын хүрээнд өөр ямар ажил хэрэгжүүлж байна. ШШГБ үйл ажиллагааныхаа мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хэрхэн, ямар байдлаар хүргэж байх вэ?

-Одоо төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэдэг болсон шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэж ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлд анхаарч ажиллах бодолтой байгаа. Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болгох тал дээр хийгдэж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухай бүрт нь мэдээлж, ялтныг нийгэмшүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хандсан тодорхой ажлуудыг зохион байгуулж  МҮОНТелевизийн “Эрхзүйн хөтөч”, Амьдралын үргэлжлэл нэвтрүүлгий уран бүтээлчидтэй хамтран  нэвтрүүлэг хийж, үзэгчдэд хүргээд байна.

-Нэгдсэн төвлөрсөн хорих  анги байгуулах бодлого хэрэгжээд эхэлсэн гэсэн.Тэр талаар  тодруулахгүй юу? 

-ШШГЕГ тусгай үүрэг гүйцэтгэдэг, тусгай обьект олонтой. Гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаараад манай байгууллагын ажилтан, албан хаагчдын ажил онцлогтой. Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд  ажиллаж байгаа албан хаагчид  цоожтой хаалганы цаана давхар хоригддог.  Үндсэндээ  бид ажилтнуудаа тэнд  “хоригдол” болгож байна. Энэ байдлаар олон жил явж ирсэн. Өмнө нь энэ талаар дорвитой арга хэмжээ авч байгаагүй.

Тийм учраас бид олон улсын жишгээр төвлөрсөн хорих анги барьж байгуулах зайлшгүй шаардлага гарч байна. Цаашид хорих ангийн тоог аль болох цөөлөх бодлогыг Хууль Зүйн Яам барьж байгаа. Нөгөөтэйгүүр хорих ангиудын санхүүжилтэд улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарцуулагдаж байгааг өөрчлөх, хэмнэх үүднээс төвлөрсөн хорих анги байгуулах нь зүйтэй. Ингэснээр ямар  үр дүнд хүрэх вэ гэвэл, хоригдогсод, хүмүүжигсдийн нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ. Тэр хүмүүс эрүүл орчинд, ажлын байрны шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэл явуулан, ялаа эдлэх  боломжтой болно.. Тухайлбал, 1500 хүнтэй төвлөрсөн хорих ангийг түшиглэж, үйлдвэрлэл бий болгох боломж бүрдэнэ.Мөн Авдарант, Мааньт, Мөнгөнморьт   гэхчлэн   төвөөс алслагдсан хорих ангид  алба хаагчдын нийгмийн асуудал шийдэгдэнэ.  Гэхдээ  хамгийн гол нь түүнээс илүү ажлын байр олноор  бий болно.  Түүнд  түшиглэж бид сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, ял эдэлж буй ялтнуудыг мэргэшүүлэн үйлдвэрлэл эрхлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах бололцоо бий болно. Үр  дүнд нь ялтнууд  хөдөлмөрийн хөлсөөрөө бусдад учруулсан хохирлоо  барагдуулах боломж нэмэгдэнэ.

-Шийдвэр гүйцэтгэгчийн танхимтай болсон гэж ярьж байсан. Энэ талаар тодруулаач.

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг түшиглэн “Шийдвэр гүйцэтгэгчийн танхим” байгуулж нээлтээ хийсэн. Ингэснээр шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах хуульчдын мэргэжил, мэдлэгийн түвшин, ажиллах чадварыг дээшлүүлэх, эрх зүйн онолын мэдлэгийг бататгах боломжтой боллоо. Мөн  Хууль сахиулах их сургуулийн сонсогчдыг энэ чиглэлд сургаж, дадлагажуулах зорилгоор байнгын сургалт зохион байгуулах нөхцөл  бүрдэж байна. Иргэд, байгууллагаас шийдвэр гүйцэтгэхтэй холбогдуулж гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, талуудын оролцоог хангахад ихээхэн анхаарч байгаа.  Энэ чиглэлд ..Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалт орж, түүгээр нэлээд таагүй зүйлүүд илэрсэн. Иргэдийн өргөдөл гомдлыг удааж, хугацааг нь хэтрүүлсэн дутагдал байна. Энэ дагуу  бидэнд зөвлөмж ирсэн. Шийдвэр гүйцэтгэлийн чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Энэ юуг  хэлж байна гэвэл, шийдвэр гүйцэтгэлийн ажлын арга барилыг шинэлэг түвшинд  гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Албан хаагчдын зан харилцаа, ёс зүйд  дутагдал  их байна. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэгч нараас үл хамаарах бусад олон шалтгаан нөхцөлийн улмаас шүүхийн шийдвэр жигд бүрэн биелэгдэхгүй байх явдал амьдралд ихээхэн байна шүү дээ. Төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй, тодорхой тогтсон ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нарын үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл тохиолдож байна. Тиймээс үүнийг шинэлэг түвшинд аваачиж, өөрчлөлтийг цаг алдалгүй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд залуу боловсон хүчнийг дэмжиж, ажиллах орчин нөхцөл, сурч дэвжих боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр тогтвор суурьшилтай, итгэл үнэмшилтэй, идэвх санаачлагатай ажиллах урам зоригийг төрүүлэх цогц арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно.