Ч.ЗОТОЛ

Хамтран ажиллах  санамж бичиг байгуулсан МАХН болон Ногоон намын бодлого,  байр суурь олон нийтийн сонирхлыг татаж байна.  Учир нь хоёр нам “Төр, засгийг хариуцлагатай болгохын төлөө ажиллана”, “Өнөөгийн гаж тогтолцоог засахын тулд улс төрийн аргаар “сонгуулийн хувьсгал” хийнэ” хэмээн мэдэгдсэн. Хамгийн гол нь үүгээрээ тэд “МАН, АН-аас бусад улс төрийн хүчин эвсэлд нэгдэх суурийг тавилаа” хэмээн зарласан юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарын  сэтгүүлдчийн асуултад хариулсныг хүргэе.

Д.Ганхуяг: МАНАН-гийн эсрэг тэмцэж чадах намыг сонгосон

-Ногоон нам  МАХН-тай ямар үндэслэлээр хамтран ажиллах болов?

-Монголын Ногоон нам бол  Дээд шүүхэд бүртгэлтэй гуравдагч хүчний нам юм. Бид   МАНАН-гийн эсрэг сонгуульд амжилттай оролцох бололцоотой улс төрийн хүчин МАХН-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсандаа баяртай байна.

-Ногоон нам ногоон хөгжлийн бодлогыг түлхүү тавьдаг.Хамтран ажиллах санамж бичигт  яаж тусгав? 

-Ногоон нам, МАХН хамтраад  улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг эрхэмлэн хүрээлэн буй орчинд ээлтэй, эх дэлхий байгаль орчноо хамгаалах үзэл санааг баримтална гэж санамж бичигтээ тусгасан байгаа.

Б.Тулга: Төр, засгийг хариуцлагатай болгохын төлөө хамтарч ажиллана

-Хоёр намын  хооронд байгуулсан санамж бичгийн зорилго юу вэ?

-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, эрх баригчдын, нэг талын нөлөөтэй Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, нийгэмд үүсээд байгаа хямралт байдлыг засахын тулд  төр, засгийн эрхийг барьж байгаа МАН,АН-аас бусад улс төрийн хүчнүүд хамтарч эвсэл болох нь зайлшгүй шаардлага юм. Энэ үүднээс МАХН, ардчилсан социал демократ  үзэл бүхий Ногоон нам 2020 оны сонгууль, цаашлаад улс төрийн үйл ажиллагааг эвсч явуулах шийдвэрт хүрсэн. Хуульд заасан хугацааны дагуу эвслийн гэрээ хэлцлийг хийх болно. Өнөөдөр ямартай ч МАН, АН-аас бусад улс төрийн хүчин нэгдэх бааз суурийг бид эхлүүллээ.

-Бусад намуудын зүгээс  эвсэлд нэгдэх талаар  хандсан уу?

-Хоёр намын эвсэл дээр бусад намууд нэгдэх асуудлаар бид Ногоон намтай зөвшилцөн ажиллахад бэлэн.

-  “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг эрхэмлэнэ гэсэн байна. 21 аймаг хариуцлагагүй  уул уурхайд дарлагдсан асуудлаар  судалгаа бий  юу?

-Бид судалгааг тодорхой хэмжээнд гаргасан. Монголын төр, засаг хариуцлагагүй байгаагийн нэг илрэл нь 21 аймагт Монгол Улсын байгалийн баялаг гадагшаа хяналтгүй гарч байгаа. Ард иргэд эвдэрч сүйрсэн газар нутагт амьдарч байгаа нь хөгжил зөв биш замаар явж байгаагийн илрэл. Үүнийг засахын тулд өнөөдөр бий болсон сүүлийн үеийн  технологиудыг  бий болгох, Монголдоо нутагшуулах, хамгийнм гол нь хариуцлагатай төр, засгийг бий болгохын төлөө улс төрийн хүчнүүд нэгдэж бодлогоо гаргаснаар энэ асуудлыг засна гэдэгт бид итгэлтэй байгаа. Монголын ард түмэн мэдэж байгаа. Бид баялгаа ашиглах ёстой. Ингэхдээ байгаль орчноо сүйрүүлж сөнөөж, ирээдүйдээ эвдэрсэн газар нутгийг хүлээлгэж өгдөг байдлаар биш байгаль орчноо  зөв зүйтэй ашиглаж чаддаг, ашигласан газраа нөхөн сэргээж бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгдөг зарчмаар ажиллах ёстой. Тийм ч учраас яг энэ байр суурь дээр хатуу зогсдог Монголын Ногоон намтай бид хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд санамж бичиг байгуулж гарын үсэг зурж байна.