-Н.Энхбаяр нарт хүчээр тулган ял оногдуулж буй хэргүүдийн талаар-

Н.Энхбаяртай холбоотой гэх хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон дахин дэлгэрэнгүй гарсан байдаг тул энд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, өмгөөлөгч нарын хэлсэн үг, өгсөн ярилцлага, хамгийн гол нь телевизээр шууд нэвтрүүлсэн шүүхийн хуралдаан дээр яригдсаныг үндэслэн энэхүү бүхэл бүтэн 50 хавтаст хэрэг гээчийг асуудал бүрээр нь товчлон тайлбарласныг хүргэж байна.

 

Сэтгүүлч Б.БОЛД


Н.Энхбаяртай холбоо­той гэх хэрэг нь олон түм­ний хамгийн их анхаарал татсан асуудал болсон нь нууц биш. Нэгэнт Н.Энх­баяртай холбоотой гэх хэр­гийн талаар хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр олон дахин дэлгэрэнгүй гарсан байдаг тул энд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, өмгөө­лөгч нарын хэлсэн үг, өгсөн ярилцлага, хамгийн гол нь телевизээр шууд нэвтрүүлсэн шүүхийн ху­ралдаан дээр яригдсаныг үндэслэн энэхүү бүхэл бүтэн 50 хавтаст хэрэг гээчийг асуудал бүрээр нь товчлон тайлбарлах нь зүйтэй гэж үзэв. Чингэх­дээ хамгийн бодитой мате­риал, мэдээлэлд тулгуур­лан тайлбарласныг тэм­дэг­лэн хэлэх нь зүйтэй.

Шударга ёсыг эрхэм­лэдэг манай иргэд жин­хэнэ үнэнийг мэдэх эрх­тэй. Тэд өөрсдөө дүгнэлтээ хийнэ биз ээ.

 

1. ТЕЛЕВИЗИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГЭХ АСУУДАЛ

 

Нэгд, Японы “Агон­шү” байгууллага телеви­зийн тоног төхөөрөмжийг Н.Энхбаярт бэлэглэсэн байдаг бөгөөд үүнийг тус байгууллагын албаны тол­гойтой цаасан дээр түүний Ерөнхийлөгч С.Кирияма гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж, 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Н.Энхбаярын нэр дээр ирүүлсэн албан захидал нотолдог. Энэхүү албан захидал нь С.Нарангэрэл өмгөөлөгчийн номонд эхээ­рээ орсон байна билээ.

Хоёрт, Японы “Агон­шү” байгууллагын Н.Энх­баярт бэлэглэсэн телеви­зийн тоног төхөөрөмж түү­ний нэр дээр ирсэн байдаг нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтаар нотлогд­дог.

Гуравт, Н.Энхбаяр нь Японы “Агоншү” байгуул­лага өөрт нь телевизийн тоног төхөөрөмжийг бэ­лэг­лэсэн тул тэдгээрийн гаалийн татварыг хөөцөл­дөж, “Таван Богд” компа­нийн захирал Ц.Баатар­сайханаар төлүүлсэн бай­на. Тэгээд Ц.Баатар­сайханд Буддын шашины нэвтрүүлэг хийдэг телевиз байгуулах санал тавьсан байдаг.

Дөрөвт, Ц.Баатарсай­хан нь телевиз байгуулж ажиллуулах сонирхолгүй, мөн телевиз ажиллуулах лицензгүй байсан зэрэг шалтгаанаар Буддын шаш­ны нэвтрүүлэг хий­дэг телевиз байгуулах ажилд оролцохоосоо татгалзаж, харин хожим байгуулагдах телевизээр “Таван Богд” компанийн сурталчилгааг үнэгүй болон хямдруулсан үнээр хийлгэж байхаар тохирч, телевизийн тоног төхөөрөмжийг Н.Энх­туяад шилжүүлэн өгсөн байдаг. Гэхдээ нэгэнт Буддын шашныг сурталчилдаг те­ле­виз байгуулахад орол­цож чадаагүйгээ цайруу­лахын тулд шинээр бай­гуу­лагдах телевизийг “Таван Богд” компанийн байранд ажиллуулахыг дэмжихээ илэрхийлсэн байдаг.

Тавд, Ц.Мөнх-Оргил те­левиз ажиллуулах ли­цензтэй байсан тул Н.Энх­туяа нартай хамт­ран “ТВ9” телевизийг бай­гуулан ажиллуулжээ. “ТВ9” телевиз Буддын шашныг сурталчлах нэвт­рүүлэг байнга явуулсаар ирсэн байдаг нь түүний нэвтрүүлгийн хөтөлбөрөөр нотлогддог. Хүмүүс ч ТВ9 телевизийг Бурханы теле­виз гэж нэрлэх нь цөөнгүй байдаг. Мөн ТВ9 телевиз нь Ц.Баатарсайхантай ярьж тохирсны дагуу үйл ажиллагаагаа “Таван Богд” компанийн байранд явуулж эхэлсэн байдаг.

Зургаад, Н.Энхбаяр нь телевизийн тоног төхөө­рөмжийг хөөцөлдөж, “Агон­шү” байгууллагаар бэлэглүүлэх ажлыг зохион байгуулсан профессор Пема Гялпогийн амаар хэлж, сүүлд бичгээр батал­гажуулсаны дагуу телеви­зийн тоног төхөөрөмжийг МАХН-д, эсхүл Гандан хийдэд бус, харин чухам­хүү Н.Энхбаяр, Д.Чой­жамц нарт хувьд нь бэлэг­лэснийг мэдэж байсан учир “ТВ9”-ийнхөнд хэлж, Японоос бэлэглэсэн телевизийн тоног төхөө­рөмжийн тал үнэтэй тэн­цэх хэмжээний мөнгийг “ТВ9” телевизийн орло­гоос гаргуулан Д.Чой­жамцад өгүүлсэн байдаг. Д.Чойжамц тэрхүү мөн­гийг Гандангийн дансаар дамжуулан аваад Н.Энх­баяр Ерөнхий сайдаар ажил­лаж байхдаа Энэтхэ­гийн Засгийн газартай ярьж хөөцөлдөж Монгол Улсын Засгийн газрын нэр дээр авсан, дараа нь Засгийн газрын хуралдаа­ны шийдвэрээр Гандан хийдийн нэр дээр шил­жүүлэн эзэмшүүлэхээр тогтсон, Энэтхэгийн Бод­гаяад байдаг газар дээр баригдаж эхэлсэн Монгол хийдийн барилгын ажилд хандивласан байдаг.

Долоод, Ц.Мөнх-Ор­гил нь телевизийн үйл ажиллагаа телевизээр гар­сан болон гараагүй хүмүүсийн хэл амыг араа­саа байнга дагуулж байдаг тул хэл амнаас залхаж, “ТВ9” телевизээс зарим тоног төхөөрөмжийг авч, телевизээс бүрмөсөн гарч, гэрээний дагуу Н.Энх­туяад хувьцаагаа шилжүүлж, Н.Энхтуяа нь “ТВ9” телевиз буюу “Ме­диа холдинг” компанийг 100 хувь эзэмшдэг болсон байдаг.

Наймд, АТГ, проку­рор, шүүх ЭБШХ-ийн 398, 79.4 зэрэг зүйлүүдийг зөрчиж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, түүнд тулгуурлан Н.Энхбаярт хүчээр ял тулган оног­дуулсан нь хууль ноцтой зөрчсөн ажиллагаа болсон байдаг. Тэд Японы Хууль зүйн яамаар дамжуулан байцаан шийтгэх ажил­лагаа явуулах, нотлох ба­римт цуглуулах ажил хийх ёстой байтал шууд “Агон­шү” байгууллага руу бичиг явуулж, “сертификат” хэ­мээх хуурамч бичиг “олж авсан” байдаг. Тэр “серти­фикат” нь хэнд хаяглагд­сан нь тодорхойгүй, албан ёсны бичиг баримт гэж тооцоход хэцүү “цаас” байдаг нь С.Нарангэрэл өмгөөлөгчийн бичсэн но­монд орсноос нь харагддаг. Тэрхүү хуурамч “сертификат” гэх бичигт хаягласан эзэн нь тодорхой биш, огноо нь 12 жилийн дараа буюу 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөр тавигдсан, утга санаа нь ойлгомжгүй, ямар телевизийн тоног төхөөрөмжийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар зорилгоор гардуулж байгаа нь тодорхой биш, гарын үсэг, тэмдэг, тамга нь дутуу зэргээс үзэхэд илт хуурамч бичиг болох нь ойлгомжтой байдаг. С.Нарангэрэл өмгөөлөгч манай АТГ-ынхан хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэж хөөцөлдөж явахдаа тэрхүү “сертификат”-ыг 2000 оны 2 сарын 20-ны өдрөөр буюу энэ тайлбарын эхэнд дурдагдсан “Агоншү” бай­гууллагын Ерөнхийлөгч С.Кириямагийн гарын үсэг, тамга тэмдэгтэй, 2000 оны 2 сарын 21-ний өдрийн огноотой албаны захидлаас нэг өдрийн өмнө үйлдэгдсэн баримт болгох гэж “сэтгэж”, хуурамч огноо зохиох гэж улайрч явахдаа андуураад 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөр бичиж, бүтэн 12 жилээр алдсан гэж үздэг юм. Энэ дүгнэлт нь үнэн байх магадлал өндөр. Ингээд энэхүү “сертификат” нь аль ч талаас авч үзэхэд хуурамч бичиг баримт байдаг бөгөөд түүнийг нотлох баримтад тооцож, түүнд тулгуурлан гэм зэмгүй хүнд ял тулган оногдуулж байгаа нь хууль зөрчсөн ажил мөн гэж үзэхээс өөр аргагүй.

Есөд, Японы “Агоншү” байгууллага телевизийн тоног төхөөрөмжийг Ганданд бэлэглэсэн гэх хууль ёсны бичиг баримт нэг ч байдаггүй, мөн тэдгээр телевизийн тоног төхөөрөмжийг “Агоншү” байгууллага, эсхүл Гандан хийдийн аль нэг нь Н.Энхбаярт итгэмжлэн хадгалуулж, хариуцуулсан гэж албан ёсоор үйлдсэн бичиг баримт нэг ч байдаггүй юм. Мөн Гандан хийдийн Д.Чойжамц хамба телевизийн тоног төхөөрөмжийг Японы “Агон шү” байгууллагаас Ганданд хандивласан тухай албан ёсны бичиг баримт байдаггүй, телевизийн тоног төхөөрөмжийн үнийн талтай нь тэнцэх хэмжээний мөнгийг ТВ9 телевизээс авчихсан учир Гандан хийд өөрийгөө хохирогч гэж үзэх нь зохисгүй бөгөөд боломжгүй хэмээн удаа дараа албан ёсоор илэрхийлсэн байдаг. Ингээд телевизийн тоног төхөөрөмжийг Н.Энх­баярт бэлэглэсэн нь дээр дурдагдсан бичиг баримт, хийгдсэн төлбөр тооцоогоор давхар нотлогддог.

Аравт, Н.Энхбаяр “Агон­шү” байгууллагаас хувьд нь бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжийг зориулалтаар нь буюу Буддын шашныг сур­талч­лах зорилгоор ашигласан байдаг бөгөөд үүнээс болж “Агоншү” байгууллага, Гандан хийд, эсхүл өөр хэн нэгэн этгээд хохироогүй байдаг.

 

2.“ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫН ГЭХ АСУУДАЛ

 

2007 онд НИТХурлын Тэргүүлэгчдийн хурлаас 188 тоот тогтоол, НЗДаргаас 555 тоот захирамж гарч, тэдгээрийн дагуу арав гаруй жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, элэгдэж хуучирсан барилга байшинтай “Өргөө” зочид буудлыг өөрчлөн байгуулж, өндөр зэрэглэлийн зочид буудал ресторан байгуулахаар шийджээ. Чингэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 57.1-ийг баримтлан хамтарсан компани байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгийг татан оруулах замаар тухайн аж ахуйн нэгжийн тодорхой хувийг хөрөнгө оруулсан хувийн хэвшилд шилжүүлэх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн байна. Ингэхэд дуудлага худалдаа хийх, төсөл сонгон шалгаруулалт хийх зэрэг нь шаардагддаггүй болно. Өмнө нь олон жилийн турш “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллаж байсан, тэр хугацаанд тус буудал нь байнга алдагдалтай ажиллаж байсан байдаг Ж.Энхжаргал нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 188 тоот тогтоолыг хучингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Захиргааны шүүх гурван шатны шүүх хурлаар авч хэлэлцээд хуульд нийцсэн байна гэж тогтоожээ.

Ингээд нэгэнт Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудаас хууль ёсны шийдвэр гаргасан, түүнийг нь шүүх хуулийн дагуу гарсан шийдвэр мөн хэмээн тогтоосон учир “Дун өргөө” хамтарсан компани байгуулагдаж, түүнд УБ хот нь 470 орчим сая төгрөгийн үнэ бүхий өмчөө 25 хувьд нь тооцон баталгаажуулж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан “Хар дун” компани нь хамтарсан компанийн 75 хувийг эзэмших болсон байна.

“Хар дун” компани нь 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсныг хөндлөнгийн үнэлгээчид шинжлэн судалж тогтоосон байдаг. Ер нь “Өргөө” зочид буудлын бүрэлдэхүүнд “Өргөө” буудал, “Дүнжингарав” буудал багтаж байдаг болно. “Өргөө” буудал нь 1959 онд ашиглалтанд орсон орон сууцны барилгын нэгэн орцонд байрладаг, уртаашаа 10 өрөөтэй, “Дүнжингарав” буудал нь 1961 онд ашиглалтанд орсон хуучин ясны сүрьеэгийн эмнэлгийн гал зуухны барилга мөн бөгөөд мөн л 10 орчим жижиг өрөөтэй болно. Аль аль барилга нь 50-60 жилийн өмнө ашиглалтанд орсон, ихээхэн хуучирсан, тэгээд ч анхнаасаа зочид буудал, ресторан ажиллуулах зориулалтын бус байсан учир өндөр зэрэглэлийн ресторан, зочид буудал байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай байсан байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө хот нь “Өргөө” зочид буудлыг “Ю Би Пропертис” үнэлгээний компаниар үнэлүүлсэн байдаг. Үнэлүүлэхээс өмнө 250 орчим сая төгрөгийн үнэтэй байсан “Өргөө” буудлыг “Ю Би Про­пертис” компани нь 2007 онд үнэлэхдээ нийт 470 орчим сая төгрөгөөр үнэлжээ. Чингэхдээ “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг БОЯ-наас олгоогүй байсан, газрын хэмжээ, нарийн координат гараагүй байсан, мөн тус буудлын барилгыг нурааж газрыг нь дуудлага худалдаанд оруулах зорилгогүй байсан зэргийг харгалзан үзэж “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийгээгүй байна.

Улаанбаатар хот нь 470 орчим сая төгрөгийн үнэ бүхий өмчөө “Дун өргөө” хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулж, үлдсэн 75 хувьд нь 1,4 тэрбум төгрөгийн буюу ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах “Хар дун” компанид эзэмшүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Үүнээс бага хөрөнгө оруулалт оруулвал өндөр зэрэглэлийн буудал, ресторан байгуулах боломжгүй, өндөр зэрэглэлийн буудал, ресторан байгуулж чадахгүй бол хотод олон ресторан, буудал байгуулагдсан, хүчтэй өрсөлдөөнтэй байдаг тул хамтарсан компанийг ашигтай ажиллуулах боломж муутай байсан байдаг.

Ингээд шүүхийн маргааныг шийдэгдтэл ихээхэн цаг хугацаа алдаж эхэлсэн төсөл амжилттай хэрэгжиж, өндөр зэрэглэлийн буудал, ресторан байгуулагдаж, арав гаруй жил ашиггүй ажиллаж байсан буудал, ресторан ашигтай ажилладаг болж, УБ хот нь 2011 оны ногдол ашгаа авсан байна. Төсөл хэрэгжсэнээр хот нь 470 сая төгрөгийн үнэ бүхий өмч хөрөнгөө “Дун өргөө” хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулж, “Хар дун” компани 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дагуу хамтарсан компанийн 75 хувийг эзэмших болсон байна. Гэтэл хууль, шүүхийнхэн хуулийн дагуу хийгдсэн ажлыг дараахь байдлаар мушгин гуйвуулж буруутгадаг. Үүнд:

1.       Тэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэсэнд хүчээр хамаатуулж, дуудлага худалдаа явуулаагүй хэмээн буруутгах гэж оролддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ “Өргөө” зочид буудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 57-р зүйл буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа:

2/төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах”

гэсний дагуу шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэ нь “Дун өргөө” хамтарсан компани байгуулсан, “Өргөө” зочид буудалд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсны дагуу хамтарсан компанийн нэг хэсэг болох 75 хувийг “Хар дун” компанид эзэмшүүлэх болсон, УБ хот нь 470 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчөө хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулсан ажиллагаа явагдсан байдгаар нотлогддог. Ийнхүү ажиллахад заавал дуудлага худалдаагаар оруулах шаардлага хуульд заагдаагүй байдаг.

УБ хотын бодлого нь байгаа объектоо зараад түүнээс салах биш, харин өөрийн объектод хувийн хэвшлээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, өндөр зэрэглэлийн үйлчилгээний газар байгуулж, түүзнээс тодорхой хэмжээний ногдол ашиг авч байхад оршиж байсан байдаг. Хэрэв үнэхээр Н.Энхбаяр нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, “Өргөө” зочид буудлыг авахыг санаархсан бол харин ч дуудлага худалдаанд оруулсан нэрийдлээр хамаагүй хямд үнээр авах байсан биз ээ. Гэтэл нэгэн бэсрэг буудлын 75 хувийг авахын тулд “Хар дун” компани нь бүхэл бүтэн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бодитойгоор оруулсныг аль ч талаас нь авч үзсэн яагаад ч Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, “Хар дун” компанид үнэгүйгээр өмч хөрөнгө авч өгсөн хэмээн тооцох боломжгүй болгож байгаа юм. Тэгээд ч “Хар дун” компани нь Н.Энхбаяртай холбоогүй компани байдаг.

2. Хууль, шүүхийнхэн Н.Энхбаярын хүү Э.Батшугар “Хар дун” компанийг өөрийн “Ремиф” компанийн охин компани болгон байгуулсан тул тус компани нь цаагуураа Н.Энхбаяртай холбоотой гэж хүчээр буруутгадаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ криминалис­тикийн шинжилгээний дүг­нэл­тээр “Хар дун” компанийн бичиг баримтан дээр Э.Бат­шугарын гарын үсэг байхгүй байна, мөн хилийн цэргийн тэмдэглэгээгээр тэр үед Э.Батшугар нь гадаадад сурч, ажиллаж, амьдарч байсан нь тус тус тогтоогдсон байдаг. Тийм учир “Хар дун” компани нь Э.Батшугарын “Ремиф” компанийн охин компани биш бөгөөд харин Б.Хуягийн өөрийнх нь бие даасан компани мөн болох нь бичиг баримтаар тогтоогддог. Хууль, шүүхийнхэн Н.Энхбаярын байгуулсан “Эскон” компани руу Э.Батшугарын “Ремиф” компанийг шилжүүлсэнийг “Хар дун” компанийг давхар шилжүүлсэн мэтээр мушгин гуйвуулж буруутгах гэж оролддог. Гэтэл нэгэнт “Хар дун” компани нь Э.Бат­шуга­рын “Ремиф” компанитай холбоогүй нь криминалисти­кийн шинжилгээ болон бусад бичиг баримтаар тогтоогдсон тул, мөн “Эскон” руу Э.Бат­шугарын “Ремиф” компанийг л шилжүүлсэн байдаг тул “Хар дун” компанийг давхар шилжүүлсэн гэх нь огт ор үндэсгүй таамаглал, гүтгэлэг болно.

3. Хууль, шүүхийнхэн “Өргөө” буудлын үнэлгээнд “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэших эрхийн үнэлгээг оруулаагүй байна, оруулсан бол нийт үнэ нь 470 сая төгрөг биш, харин 605 сая төгрөг болох ёстой байсан гэж буруутгадаг. Гэтэл энэ бол үндэслэлгүй тооцоо аж. Учир нь тухайн үед “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн бичгийг БОЯ-наас олгоогүй байсан байдаг бөгөөд хожим нь буюу 2008 онд Б.Хуяг “Дун өргөө” хамтарсан компанийн нэр дээр хөөцөлдөн гаргуулж авсан байдаг билээ. Нэгэнт барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан учир газрын хэмжээ нь тогтоогдоогүй, нарийвчилсан координат нь гараагүй байсан учир барилгын доорх газрын газар эзэмших эрхийг бодитойгоор үнэлэх бололцоогүй байсан байна. Нөгөө талаар УБ хот нь дээрээ барилгатай газрын болон барилгыг нь нурааж, газрыг нь дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөгүй бол тухайн газрын газар эзэмших эрхийг үнэлдэггүй журамтай байдаг. “Дүнжингарав” буудлын хувьд барилгыг нь нурааж, газрыг нь тусад нь дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөгүй байжээ. Ийм бодит нөхцөл байдал байсан учир “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийгээгүй байна. Гэтэл АТГ нь “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй компанийг хөлслөн авч дахин үнэлгээ хийлгэхэд энэ компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээ буюу бичиг баримт байхгүй, газрын хэмжээ нь гараагүй, нарийн координат нь тогтоогдоогүй, тэгээд ч УБ хотод дээрх барилгыг нь нурааж, газрыг тусад нь дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөө байхгүй байсныг мэдсээр байж “Дүнжингарав” буудлын барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийж нийт үнэлгээг 605 сая төгрөг болгон өсгөжээ. Энэ бол хийсвэр, зохиомол үнэлгээ мөн бөгөөд дээр нь тус компани өөрөө үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй компани байсан байдаг. Энэ нь 2010 онд “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль” батлагдаж, Сангийн сайдын 2010 оны тавдугаар сарын 13-ны өдөр 112 дугаар журам батлагдан гарч, тэрхүү журмаар урьд өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг тогтоож, үнэлгээний үйл ажиллагаа явуулдаг компаниуд шинээр тусгай зөвшөөрөл авах ёстойг журамласнаар нотлогддог. “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь 2007 онд авсан тусгай зөвшөөрөлтэй гэдгээ хавтаст хэрэгт авагдсан материалд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тийм учир нэгд, 605 сая төгрөг гэдэг нь үндэслэлгүйгээр гаргасан зохиомол тоо, хоёрт, “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь үнэлгээ хийх, шинжээчээр ажиллах эрхгүй компани байсан байдаг. Ийм нөхцөлд түүнийг шинжээчээр ажиллуулахгүй байх, гаргасан үнэлгээг нь бодитой тооцоо гэж үзэхгүй байх ёстой байсан юм.

4. Хууль, шүүхийнхэн 605 сая төгрөгийн зохиомол үнэлгээг үндэслэж, УБ хот түүний 25 хувийг буюу 151,2 сая төгрөгийг эзэмшиж, 75 хувийг нь буюу 453 сая төгрөгийг “Хар дун” компанид үнэгүй олгосон мэтээр улайм цайм мушгин гуйвуулж, илэрхий худлаа дүгнэсэн байдаг. Энэ бол цэвэр гүжирдлэгийн шинж чанартай, бодит байдлаас асар хол дүгнэлт юм. Үнэн хэрэг дээрээ УБ хот нь бодитой үнэлгээний дагуу гарсан өөрийн өмчийн үнэ бүхий 470 сая төгрөгийг “Дун өргөө” хамтарсан компанийн 25 хувьд тооцон баталгаажуулж, “Хар дун” компани 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулснаар хамтарсан компанийн 75 хувийг эзэмшихээр гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байдаг. Тийм учир энэ бол хэн ч хохироогүй, харин ч УБ хотын хувьд олон жилийн турш алдагдалтай ажиллаж байсан, хуучирч муудсан барилгатай зочид буудлыг өндөр зэрэглэлийн буудал, ресторан болгож, ашигтай ажилладаг болгож чадсан, ногдол ашиг авдаг болсон амжилттай төсөл болсон юм.

5. Хууль, шүүхийнхэн УБ хот “Өргөө” зочид буудлын төслийг хэрэгжүүлэхдээ давуу эрхээ авч үлдээгүй хэмээн буруутгах гэж оролддог. Давуу эрх гэдэг нь 51 хувь гэж хэлэх гэж байгаа бололтой. Гэтэл үнэн хэрэг дээрээ УБ хот нь өөрөө хамтарсан компанидаа хэдий чинээ их хэмжээний хувь авч үлдэнэ, хувийн хөрөнгө оруулагчид төдий чинээ бага хувь ноогдож, оруулах хөрөнгийн хэмжээ нь тэр хэмжээгээрээ бага болох нь ойлгомжтой. Ийм нөхцөлд ашигтай ажилладаг, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан байгуулах тухай бодлого хэрэгжихгүй байх нь бас тодорхой. Тэгэхлээр УБ хот нь өндөр зэрэглэлийн, ашигтай ажилладаг буудал, ресторан байгуулах бодлоготой уялдуулж, өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээ хуулийн дагуу тогтоосон байна. Ер нь төрийн болон орон нутгийн байгууллага уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн буюу үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой томоохон төслүүд дээр давуу эрхээ авч үлдэх тухай асуудал яригддаг болохоос биш тус тусдаа аравхан өрөөтэй, барилга нь 50-60 жилийн өмнө ашиглалтанд орсон бэсрэг буудлын давуу эрхийг авч үлдэх нь үндэсний аюулгүй байдалд ямар ч ач холбогдолгүй зүйл болно гэдэг нь дэндүү ойлгомжтой. Жишээ нь Оюу толгойн төсөл хэмээх дэлхийд эхний тавд ордог томоохон төсөлд Монгол Улс 34 хувьтай байхаар ХОГэрээ байгуулсан байдаг билээ. “Өргөө” зочид буудал нь Оюу толгойн дэргэд нийт оруулсан хөрөнгө оруулалтаар нь тооцон харьцуулвал “Өргөө” буудалд 1,4 тэрбум төгрөг буюу 1 сая ам.доллар, Оюу толгойд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус тус орсон байна. Энэ нь даруй 5 мянга гаруй дахин бага болж байна. Харин нийт үнэ цэнээр нь бодвол “Өргөө” зочид буудал нь 470 орчим сая төгрөг дээр нэмэх нь 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 1,9 орчим тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй болно. Харин “Оюу толгой” төсөл нь 30 сая тонн зэс, 1,5 мянган тонн алтны нөөцтэй гэж бодвол, зэсийн нэг тонн нь 6000 ам.доллар, алтны нэг унц нь 1500 ам.доллар гэж бодвол зэсийн нөөц нь 180 тэрбум ам.доллар, алтны нөөц нь 68 тэрбум ам.доллар, нийт 250 орчим тэрбум ам.доллар болж байна. “Өргөө” зочид буудлын үнэ цэнэ бүхий 2 орчим тэрбум төгрөг нь 2 сая ам.доллар, Оюу толгойн үнэ цэнэ нь 250 орчим тэрбум ам.доллар гэж бодвол “Өргөө” нь 125000 дахин бага байна. Энэ тооцооноос харахад нэгд, Өргөө” зочид буудал нь үндэсний аюулгүй байдалд ач холбогдолгүй бэсрэг буудал тул УБ хот түүнд давуу эрхээ авч үлдэх нь ач холбогдолгүй, хоёрт, хөрөнгө оруулалт ба үнэ цэнийн хоорондын харьцааг нь бодвол “Өргөө”-д хөрөнгө оруулсан “Хар дун” компани нь Оюу толгойд хөрөнгө оруулж буй “Рио тинто”-той харьцуулвал харин ч үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан нь тодорхой байна. Тэгээд ч Оюу толгойн төсөл дээр Монголын тал 51 хувиа авч үлдэж чадаагүйн дээр өөрт ногдох 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтаа зээлээр авснаар тооцоо хийгдсэн байдаг. Зээлээ төлж дуустал ногдол ашгаа авахгүй гэсэн үг. Гэтэл УБ хот нь “Дун өргөө” хамтарсан компани дахь өөрийн эзэмшлийн 25 хувийг зээлээр аваагүй байдаг. Хэрэв “Оюу толгой” төслийг УБ хо­тынхны туршлагаар шийдсэн бол Монгол Улс өөрийн баялгийн 51-нээс доошгүй хувийг авч үлдэх шаардлагагүй байсан гэхэд Оюу толгойн бүх хөрөнгө оруулалтыг “Рио тинто”-гоор хийлгэж, Монголын нутаг дэвсгэр дээр байгаа баялаг учир 34 хувийг нь үнэгүй авч, хамтарсан компанид Монголын талын хувь хэмээн тооцон баталгаажуулж, ногдол ашгийг эхний жилээс нь аваад явах бүрэн бололцоотой байжээ. Хэдийгээр “Өргөө” буудал болон “Оюу толгой” төсөл хоёр нь хоорондоо тэмээ, ямаа шиг ялгаатай ч гэрээнд тусгагдсан үндсэн зарчмаар нь тооцвол УБ хот нь үнэхээр ашигтай зарчмаар “Өргөө” зочид буудлын төслийг шийдвэрлэсэн байна.

6. Нийслэлийн шүүхийн­хэн улс төрийн зорилгоор дээ­рээс өгсөн даалгаврыг даган биелүүлэх гэж улайрахдаа эрхээ хэтрүүлж, НИТХТ-ийн хурлын 188 дугаар тогтоол, НЗДаргын 555 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосон байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн гэдэг нь Захиргааны шүүх гурван шатны шүүх хуралдаанаар “Өргөө” зочид буудлын асуудлыг авч хэлэлцээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 188 тоот тогтоол, НЗДаргын 555 тоот захирамж нь хууль зөрчөөгүй байна хэмээн тогтоосон байдгаар нотлогддог. Өөрөөр хэлвэл гурван шатны шүүх хурлаар авч хэлэлцэж тогтоосон гэдэг нь Дээд шүүхээс эцэслэн шийдвэр гарсан гэсэн үг. Доод шатны шүүх нь дээд шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй байдаг билээ. Тийм учир нийслэлийн шүүх НИТХ-ын Тэргүүлэгч­дийн 188 дугаар тогтоол, НЗДаргын 555 тоот захирамжийг хүчингүй болгосноороо эрхээ хэтрүүлж, хууль ноцтой зөрчсөн байна.

7. Нийслэлийн шүүх ямар ч байсан Н.Энхбаярыг бу­руут­гахын тулд ЭХ-ийн 150.3 хэ­мээх өөрт нь огт холбогдолгүй, зөвхөн бусдын “эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан эт­гээд”-д хамаатай зүйлээр хү­чээр тулган ял оногдуулах гэж улайрахдаа НИТХурал болон НЗдарга нар нь нийслэлийн өмчийг итгэмжлэгдэн хариуц­сан этгээдүүд мөн хэмээн дүгнэж, тэд хариуцлага хүлээх ёстой, тэр утгаараа тэдэнд нөлөөлсөн Н.Энхбаяр нь мөн адил бусдын “эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд”-д тооцогдож, ЭХ-ийн 150.3-аар шийтгэгдэнэ хэмээн илэрхий хууль зөрчсөн дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасан байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан байна. Энэ утгаараа НИТХурал, түүний Тэргүүлэгчид нь нийслэлийн өмчийн өмчлөгч нь учир түүнийг захиран зарцуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд гаргасан шийд­вэрийг нь НЗДарга хэрэг­жүүлэх үүрэгтэй юм. “Өргөө” компанийг өөрчлөн байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулж, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан байгуу­лахаар НИТХТ-ийн хурлаас гаргасан 188-р тогтоол, НЗДаргын 555 тоот захирамж нь хуулийн дагуу гарсан шийд­вэрүүд мөн бөгөөд энэхүү шийдвэрийг гаргаснаа­раа НИТХ-ын Тэргүүлэгчид, НЗДар­га, тэр тусмаа энэ бү­хэнд огт холбоогүй Н.Энхбаяр нар хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд тэдэнд ЭХ-ийн 150.3 дугаар зүйл огт холбогдолгүй юм. 

8. Энэ бүхнийг дүгнэн хэлбэл нэгд, “Өргөө” зочид буудлыг өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан болгож чаджээ. Хоёрт, тус буудал, ресторан ашигтай ажилладаг болсон бөгөөд УБ хот нь ногдол ашгаа эхний жилээс нь эхлээд авч эхэлсэн байна. Гуравт, бүх шийдвэр хуулийн дагуу гарсан байна, үүнийг шүүх гурван шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцээд тогтоожээ. Дөрөвт, УБ хот нь хохироогүй байна. Тавд, “Ю Би Пропертис” компанийн хийсэн үнэлгээ бодит баримт, мэдээлэлд тулгуурлан хийгдсэн байна. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь үнэлгээ хийх, шинжээчээр ажиллах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй компани байсан бөгөөд түүний хийсэн гэх үнэлгээ нь бодит баримт, мэдээлэлд тулгуурлаагүй хийсвэр тоо байжээ. Зургаад, “Өргөө” зочид буудлын төслийг хэрэгжүүлсэн хоёр тал буюу УБ хот ба “Хар дун” компани нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Долоод, “Хар дун” компани нь “Ремиф” компанийн охин компани биш, Б.Хуягийн хувийн, бие даасан компани мөн бөгөөд энэ бүхэн нь криминалис­тикийн шинжилгээний дүгнэлт болон “Хар дун” компани байгуулагдаж, “Өргөө” зочид буудлын төсөл хэрэгжиж байхад Э.Батшугар гадаадад байсан тухай хилийн байгууллагын гаргасан баримтаар тогтоогдож байна.

Наймд, Н.Энхбаярын бай­гуулсан “Эскон” компанид Б.Хуягийн “Хар дун” компа­нийг шилжүүлээгүй, харин Э.Батшугарын “Ремиф” ком­панийг шилжүүлсэн тул давхар “Өргөө” буудлыг шилжүүлсэн гэдэг дүгнэлт нь үндэслэлгүй болж байна. Есөд, “Өргөө” зочид буудал болон тус зочид буудлыг өндөр зэрэглэлийн буудал, ресторан болгосон төсөл нь Н.Энхбаярт холбоогүй нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тус төсөл хэрэгжсэнээр УБ хот хохироогүй, харин хожсон байна.

 

3. “УБ ТАЙМС” СОНИНЫ ГЭХ АСУУДАЛ

 

Анх Хэвлэлийн эрх чө­лөөний тухай хууль батлагдаж, уг хуулиар төр, засгийн аль ч шатны байгууллага дэргэдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэл­тэй байхыг хориглосон тул төр, засгийн байгууллагуудын мэ­дэлд болон дэргэд нь байсан хэвлэл, мэдээллийн байгуул­лагуудыг хувьчлах ажил хийгд­жээ. Тэр үед УБ хотын захир­гааны дэргэд “УБ телевиз”, “УБ таймс” сонин, “УБ радио” зэрэг хэвлэл, мэдээллийн бай­гууллага байсан байна. Хуу­лийн дагуу эдгээр хэвлэл мэ­дээллийн байгууллагуудыг хувьчилж эхэлсэн байдаг. Чингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хэмээх 8-р бүлгийн 651.4-р зүйлд заасны дагуу тухайн хэвлэл, мэдээл­лийн байгууллагын үйл ажил­лагааны чиглэл, хөрөнгийн зарцуулалтыг өөрчлөхгүй байх, үйлчилгээ, үйл ажил­лагааны хүрсэн түвшинг буу­руулахгүй байх, үйлчилгээнд хамрах хүрээг өртгөтгөх, ил тод, нээлттэй байх, ажил­лагчдад учрах эрсдэлийг буу­руулах бодлогод нийцүүлэн хувьчлах, тэгэхийн тулд хэв­лэл, мэдээллийн салбарт ажил­лаж, туршлага хуримтлуулсан менежментийн баг шалгаруу­лах замаар хувьчлах чиглэлийг баримталсан байна. Ингээд:

Нэг, 2003-2004 оны зааг дээр “УБ таймс” сониныг хувьчлах шийдвэр гарч, сон­гон шалгаруулалтанд Ж.Са­руулбуян ахлагчтай менеж­ментийн баг шалгарчээ. Тус баг УБ хоттой гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн байна. Тус сонин өөрийн барилгатай бай­сан учир байрны түрээсийн орлого нь сонины орлогын гол эх үүсвэр болж байсан байна.

Хоёр, Тухайн үед УБ хот нь “Ю Би Пропертис” үнэлгээ­ний компаниар “УБ таймс” сониныг үнэлүүлэхэд 370 сая төгрөгөөр үнэлсэн байдаг.

Гурав, 2004 онд Ж.Саруул­буян нь Т.Бадамжунайн ша­халтаар Л.Сэргэлэн хэмээх хэвлэл, мэдээллийн салбарт огт ажиллаж байгаагүй хүнийг менежментийн багт оруулах, Л.Сэргэлэн “УБ таймс” сонинд хөрөнгө оруулалт оруулах, ингэснээр тус сонины 40 ху­вийг эзэмших зэрэг утга санаа бүхий гэрээг хууль, журам зөрчиж, УБ хотоос зөвшөөрөл авалгүйгээр байгуулсан байна. Энэ үеэс эхлэн хэвийн ажил­лаж байсан “УБ таймс” сони­ны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг.

 Дөрөв, Тэр үед Л.Сэргэлэн нь “Хадгаламж” банкны хуу­рамч бичгийг үйлдэж, ОХУ-ын банкнаас 1,2 сая ам.доллар зээлсэн нэртэйгээр залилан авсан байдаг. 

Тав, 2004-2005 онд Л.Сэр­гэлэн нь УБ хотоос болон холбогдох байгууллагаас зөв­шөөрөл авалгүйгээр, зураг төсөл гаргалгүйгээр, төсөв хөрөнгөө тооцож бэлдэлгүй­гээр, “УБ таймс” сонины үйл ажиллагааны чиглэл, хөрөн­гийн зориулалтыг өөрчлөхгүй байх тухай гэрээний заалтыг зөрчиж, тус сонины барилгыг зочид буудал болгоно гэсэн нэртэйгээр нурааж эхэлсэн байна. Чингэхдээ хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг зөрчсөн тул барилга дээр ажил­лаж байсан хүн унаж нас баржээ.

Зургаа, Барилгыг нь ну­раа­сан тул “УБ таймс” сонин өөр, түрээсийн байр руу нүүж, өөрийнх нь барилгаас орж ирдэг байсан түрээсийн орлого хаагдаж, сонин алдагдалтай ажилладаг болж, үйл ажил­лагаа нь доголдож, ажиллагч­дад нь эрсдэл учирч, цалингаа тогтмол авч чадахаа больж, сонин нь татварын, НД-ын Шимтгэлийн гэх зэрэг өрөнд баригдаж эхэлжээ.

Долоо, Мэргэжлийн хянал­тын байгууллага “УБ таймс” сонины барилгын ажлыг шал­гаж, зураг төсөл байхгүй, төсөв хөрөнгөө зохиож, бэлдээгүй, холбогдох газраас зөвшөөрөл аваагүй, барилгыг өндөрсгөж болохгүй гэх зэрэг зөрчил илрүүлсэн тул барилгын ажлыг зогсоож, дээрх зөрчлийг арилгахыг шаарджээ.

Найм, Л.Сэргэлэн Мэр­гэж­лийн хяналтын байгуул­лагын шаардлагыг шалтаг болгон ашиглаж, зөрчлийг арилгаж хөрөнгөө оруулахын оронд хөрөнгө оруулалтыг зогсоожээ. Тэгээд ч өөрт нь оруулах бодитой хөрөнгө оруу­лалтын эх үүсвэр байхгүй байсан байдаг. Харин өөрөө сонины барилгыг нураахад болон зарим өдөр тутмын зард­лыг санхүүжүүлэхэд 500 орчим сая төгрөг зарцуулсан гэж хэлдэг боловч тэр нь аудитын байгууллагын шалтгалтаар ороогүй, нотлогдоогүй байдаг. Тэр хооронд сонины ажил улам доголдсоор, орлогын эх үүсвэр улам муудсаар, өр төл­бөр улам бүр өсөн нэмэгдсээр байжээ. Харин Л.Сэргэлэн өөрөө ОХУ-ын банкнаас зээл нэрийдлээр залилан авсан мөнгөнийхөө үлдсэн 700 орчим сая төгрөгийг Новосибирскт оросуудад алдсан гэж тайл­барладаг. Гэтэл гаалийн тэм­дэглэл, эсхүл банкны шил­жүүл­гийн баримтаар Л.Сэр­гэлэн Новосибирск руу 700 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө авч явсан, эсхүл шил­жүүлсэн нь нотлогддоггүй. Энэ бүхнийг хууль, шүүхийнхэн санаатайгаар шалгалгүй ор­хиг­дуулсан байдаг.

Ес, Ж.Саруулбуян, Л.Сэр­гэ­лэн нар “УБ таймс” сонин өөрсдийнх нь хууль, журам зөрчсөн ажиллагааны улмаас хүнд хэцүү байдалд орсны дараа тус сониноос зай барих болсон байдаг. Тухайлбал, Ж.Саруулбуян 2007 онд тус сонины эрхлэгчийн ажлаа Н.Ариунтуяад өгөөд өөрөө Үндэсний түүхийн мүзейн захирал болсон, Л.Сэргэлэн нь сониныхноос зугтах болсон байна. Энэ тухай гэрчийн мэдүүлгүүд, тэдгээрийг батал­гаажуулсан холбогдох нотлох баримтууд нотолдог.

Арав, Ж.Саруулбуян, Л.Сэр­гэлэн нар нь УБ хотод “УБ таймс” сонины жил жи­лийн тайлан бүрэн гүйцэд гаргаж өгөхгүй байсан, УБ хот ч өөрөө “УБ таймс” сонины байдал хүндэрснийг мэдсээр байж тайланг нь сонсох, дор­витой арга хэмжээ авах талаар санаачилга гаргаагүй байдаг. Өөрөөр хэлвэл хоёр тал хоёу­лаа гэрээнийхээ үүргийг хан­галтгүй биелүүлжээ. Харин УБ хот нь Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хоорондоо хууль, журам зөрчиж байгуул­сан гэрээг зөвшөөрөөгүй бай­даг бөгөөд Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонины менежмен­тийн багт орсныг ч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Энэ тухай хожим Ж.Саруулбуян, Н.Ариунтуяа нар бичгээр бо­лон амаар мэдүүлж, тэгээд ч гэрээнийхээ үүргийг биелүү­лээгүй Л.Сэргэлэн нь “УБ таймс” сонины менежмен­тийн багт гишүүнээр ороогүй болохыг баталсан байдаг.

Арван нэг, Нэгэнт “УБ таймс” сонин хүнд хэцүү байдалд орсон тул менеж­ментийн багийнхан сониноо хүнд хэцүү байдлаас гаргахын тулд менежментийн багийн удирдлагыг өөрчлөх санал санаачилга гаргаж, сэтгүүлч, зохиолч До.Чулуунбаатартай ярилцаж, тус сонины менеж­ментийн багийн гишүүн бо­лох, менежментийн багийн ахлагч болох, мөн сонины эрхлэгч болох талаар тохирч, менежментийн багийн хурал хийж, зохих шийдвэр гар­гажээ.

Арван хоёр, “УБ таймс” сонины менежментийн ба­гийн ахлагч, тус сонины эрх­лэгч болсон До.Чулуунбаатар тус сониныг хүнд хэцүү байд­лаас гаргахын тулд УБ хотын удирдлагатай уулзаж, сонины асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсчээ. Энэ нь нэг бол УБ хот сониныг буцаан өө­рийн мэдэлд авах, эсхүл “УБ таймс” сонины менежмен­тийн багт хувьчлах гэсэн саналыг тавьжээ. Энэ тухай Д.Чулуунбаатар, Г.Маналжав нарын мэдүүлэгт тодорхой гардаг.

Арван гурав, Нэгэнт нөх­цөл байдал ийм хүнд байдалд орсон тул УБ хот нь 2008 онд “УБ таймс” сонины асуудлыг хэрхэх талаар шийдвэр гаргах шаардлагатай болсон байдаг. Чингэхдээ дараах хүчин зүй­лүүдийг зайлшгүй харгалзаж, үндсэн хоёр саналын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болсон байдаг. Нэг бол “УБ таймс” сониныг өөрийн мэ­дэлд буцаан авч, үүссэн хүнд­рэлтэй асуудлыг өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж шийд­вэрлэх. Эсхүл “УБ таймс” сониныг менежментийн багт нь хувьчлах санал тавих, гэхдээ үүссэн хүндрэлтэй асуудлыг менежментийн багт өөрт нь үүрүүлж шийдвэр­лүүлэх.

Арван дөрөв, Нэгэнт Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр, засгийн бай­гууллага дэргэдээ хэвлэл, мэдээллийн байгууллагатай байж болохгүй байсан тул, мөн “УБ таймс” сонинтой холбоотой багагүй хэмжээний өр төлбөрийн асуудал үүссэн байсан учир, тэрхүү өр төлбө­рийн асуудлыг УБ хот өөрөө шийдэх хууль эрхзүйн болон хөрөнгө мөнгөний боломж бололцоо байхгүй байсан тул 2008 онд НӨХКомиссоос эрх мэдлийнхээ хүрээнд “УБ таймс” сониныг Д.Чулуун­баатар ахлагчтай менеж­мен­тийн багт 370 орчим сая төг­рөгөөр хувьчлах санал тави­хаар шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү санал гаргахдаа хэрэв менежментийн баг тэр сана­лыг нь хүлээж авахгүй бол гуравдах этгээдэд санал тавих хуулийн зохицуулалттай байс­ныг үндэслэсэн байдаг билээ. Мөн “УБ таймс” сонинтой холбоотой бий болсон өр төл­бөрийг барагдуулахыг менеж­ментийн багт хариуцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Сонир­холтой нь Ж.Саруулбуян, Л.Сэр­гэлэн нарын хууль бус ажиллагаа, түүнээс улбаалж сонины ажил доройтсон, өмч хөрөнгө нь нурж эвдэрсэн огт талаар авч хэлэлцээгүй, ха­риуцлага тооцох талаар огт ярилцаагүй байдаг. 

Арван тав, Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг УБ хотын НӨХКомиссоос тавь­сан саналыг хүлээн авч, шаар­дагдаж байсан 370 орчим сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээл авч хугацаанд нь багтаан төлсөн байдаг.

Арван зургаа, Д.Чулуун­баатар нь ахлагчийн хувьд менежментийн багаа төлөөлж НӨХКомиссоос “УБ таймс” сониныг хувьчлах тухай шийд­вэр гаргасны дараа хэвлэл, мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Ме­диа холдинг” компаниас 370 сая төгрөгийн зээл авч, “УБ таймс” сонины хувьчлалын төлбөрийг хугацаанд нь багтаан хийжээ. Мөн “УБ таймс” сони­ны өр төлбөрийг барагдуулахын тулд “Медиа холдинг” ком­паниас 500 сая төгрөгийн хө­рөнгө оруулалтын гэрээ бай­гуулж, энэхүү хөрөнгө оруулал­таар өмнө нь буй болсон өр төлбөрийг үе шаттайгаар бараг­дуулж эхэлсэн байдаг. Чингэх­дээ шүүхийн шийдвэрээр “УБ таймс” сониноос гарцаагүй төлөх ёстой хэмээн шийдвэр­лэсэн НДШимтгэл, татварын өр зэргийг барагдуулж, урсгал зардлыг төлж, сонины үйл ажил­лагаа доголдсон байсныг засч, цалинг тогтмол олгодог болсон байдаг. “УБ таймс” сонины менежментийн баг нь “Медиа холдинг” компанитай байгуулсан зээлийн болон хө­рөнгө оруулалтын гэрээгээр тус компаниас “УБ таймс” сонинд оруулсан нийт хөрөнгийнх нь дүнд “УБ таймс” сонины 49 хувийг эзэмшихээр бизнесийн тохиролцоо хийсэн байдаг.

Арван долоо, Д.Чулуун­баатар нь менежментийн ба­гийн ахлагчийн хувьд хувьчла­лын дараа “УБ таймс” сонины менежментийн багийн гишүүд­тэй уулзаж, тус сонин эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орсон тул нэмэлт хөрөнгө оруу­лалтын эх үүсвэр олох, эс чадваас хувиа зарж менежмен­тийн багаас гарах бизнесийн санал тавьсан байдаг. Ж.Са­руул­буян 50 сая төгрөг, Н.Ариун­туяа 30 сая төгрөг, Ш.Ундармаа 30 сая төгрөгийг тус тус Д.Чулуунбаатараас авч, өөр өөрийн хувийг түүнд зарж, менежментийн багаас гарсан байна. Д.Чулуунбаатар нэмж 110 сая төгрөгийг “Медиа холдинг” компаниас зээлж, Ж.Саруулбуян нарт дээрх мөнгийг төлсөн байдаг.

Арван найм, Л.Сэргэлэн улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу хохирсон хүн болж гомдол гаргасныг хууль, шүүхийнхэн ашиглаж, Н.Энх­баярын эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн байдаг. Чингэхдээ Л.Сэргэлэн нь анх “УБ таймс” сонинд хөрөнгө оруулагчаар орох талаар Т.Бадамжунайтай уулзахад тэрээр “УБ таймс” сонины төслийн ард Н.Энх­баяр, М.Энхболд, Сү.Батболд, Т.Бадамжунай нарын зэрэг хүмүүс байгаа хэмээн хэлж байсан гэж мэдүүлсэн байна. Үүнийг нь Т.Бадамжунай мэ­дүүлэгтээ няцаадаг. Хууль, шүүхийнхэн нэр нь дурдагдсан дээрх хүмүүсээс ганцхан Н.Энх­баярыг сугалан шалгаж, хүчээр зохиомол хэрэг үүсгэ­сэн байдаг.

Арван ес, хууль, шүүхийн­хэн Д.Чулуунбаатар “Медиа ходинг” компаниас 370 сая төгрөгийн хэмжээний мөнгө зээлж, хувьчлалын мөнгийг төлсөн, мөн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Медиа холдинг” компанийн оруулсан хөрөн­гөөр тус сонины өр төлбөрийг барагдуулж байсан, мөн “Ме­диа холдинг” компаниас 110 сая төгрөгийн хэмжээний мөн­гө зээлж, хөрөнгө оруулах чадваргүй Ж.Саруулбуян нарын зэрэг менежментийн багийн гишүүдтэй тохиролц­соны дагуу тэдний эзэмшлийн тодорхой хувийг 110 сая төг­рөгөөр худалдаж авсан зэргийн бизнесийн үйл ажиллагаа явуулс­ныг мушгин гуйвуул­сан байдаг.

Чингэхдээ дараахь байд­лаар санаатайгаар буруу дүг­нэлт гаргасан байдаг. Үүнд:

А. 2008 онд НӨХКомис­соос гагцхүү Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт “УБ таймс” сониныг хувьчлах санал тавих 75 тоот тогтоол гаргасныг Д.Чулуунбаатар болон “Медиа холдинг” компанийн Н.Энхтуяа нарын нэр дээр хувьчлах шийдвэр гаргасан мэтээр буруу дүгнэ­сэн байдаг. Тодруулвал “Ме­диа холдинг” компани нь “УБ таймс” компанийн Д.Чулуун­баатар ахлагчтай менеж­мен­тийн баг хүсэлт тавьсаны дагуу тус сонины хувьчлалын 370 сая төгрөгийг зээлээр олгос­ныг (Дашрамд хэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 63.1-р зүйлд “Хувьчилсан эд хөрөнгийн үнийг хувьчилж авсан этгээд өөрийн болон хууль ёсоор авсан до­тоод, гадаадын зээлийн мөнгөн хөрөнгөөр /үнэт цаасаар/ төлнө” гэж заасан байдаг) мушгин гуйвуулж, “УБ таймс” сонины хувьчлалын тухай шийдвэрийг “Медиа холдинг”-ийн Н.Энхтуяагийн нэр дээр гаргасан мэтээр,

Б. Д.Чулуунбаатар нь хувьч­лалын дараа “Медиа холдинг” компаниас мөнгө зээлж, менежментийн багийн ахлагчийн хувьд менежмен­тийн багийн зарим гишүүдээс хөрөнгө оруулах бололцоогүй бол хувиа зарж, багаас гарах тухай харилцан ярилцаж тохи­ролцоод нийт 110 сая төгрөгөөр багийн зарим гишүүдийн ху­вийг худалдаж авсныг хувьч­ла­лын өмнө тэднийг сонины менежментийн багаас шахаж гаргасан мэтээр,

В. Д.Чулуунбаатар ахлагч­тай менежментийн баг нь “Медиа холдинг” компаниас хөрөнгө ороуулсан 500 сая төгрөгөөр өмнө нь үүссэн байсан өр төлбөрийг үе шат­тай­гаар барагдуулж байсныг өр төлбөр барагдуулах ажлыг огт хийгээгүй мэтээр тус тус илэрхий буруу дүгнэсэн бай­даг.

Хорь, хууль, шүүхийнхэн Н.Энхбаяр нарын эсрэг зохио­мол хэрэг үүсгэж, хучээр тул­ган ял оногдуулах үндэслэлээ гаргахын тулд “УБ таймс” сонины үнэлгээг зохиомлоор хэт өсгөсөн дүгнэлтийг “Хө­рөнгийн үнэлгээний төв” ком­паниар гаргасан байдаг. Гэтэл энэхүү компани болон түүний гаргасан гэх үнэлгээ дараах байдлаар хууль зөрчсөн бөгөөд хууль бус болсон гэж тог­тоогддог. Үүнд:

А. 2010 онд УИХ-аас “Хөрөн­гийн үнэлгээний тухай” хууль баталж, Сангийн сайд мөн оны 5 сарын 13-ны өдөр 112-р тушаал гаргаж, “Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байдаг. Тэрхүү журмаар үнэлгээний компаниудад өмнө нь олгогдсон байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүйд тооцжээ. Мөн үнэлгээний компаниуд шинээр тусгай зөвшөөрөл авах ёстойг журамласан байна. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь бүхэл бүтэн гурван жилийн өмнө буюу 2007 онд Сангийн сайдын гаргасан 353–р тушаалаар олгосон тусгай зөвшөөрөлтэй байсан аж. Энэ нь шинэ журмаар хүчингүй болсон тусгай зөвшөөрөл байсан байдаг. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэлгээний компани үнэлгээ хийх, шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах нь хууль зөрчсөн ажиллагаа мөн гэж тооцогдоно.

Б. Хууль ёсны тусгай зөвшөөрөлгүй “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь хуулийнхны захиа даалгавраар зохиомол өндөр үнэ гаргахын тулд “УБ таймс” сонины барилгын доорх газрыг тусад нь үнэлж ихээхэн хэмжээний дүнтэй хиймэл тоо гаргасан байдаг. Тодруулвал:

-УБ хот нь “УБ таймс” сонины барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг менежментийн багт олгоогүй байсан,

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь байхгүй, дээр нь хэмжээ нь тодорхой биш, нарийвчилсан координат нь гараагүй газрын газар эзэмших эрхийг бодитойгоор үнэлэх боломж бололцоо байхгүй байсан,

-Бодит бичиг баримт, мэдээлэл байхгүй байсан учир “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь “УБ таймс” сонины барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийсэн нэртэйгээр хийсвэр тоо гаргахдаа хов живийн шинжтэй, ямар ч бичиг баримтаар нотлогдоогүй мэдээлэлд тулгуурласан байдаг. Тухайлбал, “Сэнтрал тауэр” байшингийн доорх газрыг “ЭмСиЭс”-ийн Оджаргал “Мон-Уран”-ы Наранхүүгээс 1 сая ам.доллараар худалдаж авсан гэсэн цуурхалын шинжтэй, ямар ч бичиг баримтаар баталгаажаагүй мэдээлэлд тулгуурласан байдаг. Энэ тухайгаа шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. Үнэхээр хууль, шүүхийнхэн шударга ажиллаж, шударга шийдвэр гаргах хүсэлтэй байсан бол үгүйдээ гэхэд энэхүү мэдээллийн үнэн эсэхийг олж тогтоож болох байсан бөгөөд хэрэв тэгсэн бол “Хөрөнгийн үнэлгээний төв” хэмээх компанийн үнэлгээ ч бодитой гарсан эсэхийг тогтоох боломжтой байсан юм.

-УБ хот нь дээрх барилгыг нь нурааж, газрыг нь цэвэрлэж, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бол тухайн газрын үнэлгээг хийдэг журамтай билээ. Гэтэл УБ хот нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хэмээх 8-р бүлгийн 651.4-р зүйлд заасны дагуу тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зарцуулалтыг өөрчлөхгүй байх, үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээнд хамрах хүрээг өртгөтгөх, ил тод, нээлттэй байх, ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах бодлогод нийцүүлэн хувьчлах зэрэг зарчмыг баримтлан “УБ таймс” сонины хувьчлалын асуудлыг шийдвэрлэж байхдаа тус сонины барилгыг нурааж, доорх газрыг нь тусад нь ашиглах ямар ч төлөвлөгөөгүй байсан учир барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийлгээгүй байсан байдаг. УБ хот ер нь ийм байр суурь баримталдаг нь “УБ таймс” сонинтой ижил төрлийн объектын хувьчлалыг шийдвэрлэхдээ барилгынх нь доорх газрын газар эзэмших эрхийг нь үнэлж байгаагүйгээр нотлогддог.

-Ийнхүү “Хөрөнгийн үнэлгээний төв” хэмээх тусгай зөвшөөрөлгүй компани бодитой бичиг баримт, мэдээлэлд биш, харин хов живийн шинжтэй мэдээлэлд тулгуурлаж, “УБ таймс” сонины барилгын доорх газрыг тусад нь ашиглах бодлого байхгүй байсан, тэгээд ч барилгынх нь доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг “УБ таймс” сонины нэр дээр олгоогүй байсныг мэдсээр байж тусад нь үнэлсэн нэртэйгээр 2 тэрбум төгрөгийн хийсвэр тооцоо гарган ирж, энэ хэмжээгээр улсад хохирол учирсан мэтээр илэрхий худлаа дүгнэлт гаргасан байдаг. Үнэхээр “УБ таймс” сонины асуудалд Н.Энхбаяр нь цаагуураа оролцсон байсан бол ядахнаа “УБ таймс” сонины барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус сонины нэр дээр олгуулах байсан бизээ. Гэтэл тэгээгүй байсан байдаг.

Хорин нэг, хууль, шүүхийнхэн “Хөрөнгийн үнэлгээний төв” компанийн хууль зөрчиж гаргасан илэрхий худлаа дүгнэлтийг үндэслэж, Н.Энхбаярыг “УБ таймс” сонины асуудалтай хүчээр холбогдуулан 2012 оны 8, 10 сард болсон шүүх хурлуудаар түүнийг ялгаварлан гадуурхаж, УБ хотод хохирол учруулсан мэтээр мушгин гуйвуулсан дүгнэлт гаргаж, хууль зөрчиж, ял тулган оногдуулсан байдаг.

Хорин хоёр, Гэтэл үнэн хэрэг дээрээ хуулийнхан тухайн үеийн УБ хотын удирдлагатай хуйвалдаж, шүүх эрх мэдэлд халдаж, хэн нэгний гэм буруутай эсэхийг шударга шүүхээр хуулийн дагуу тогтоохоос өмнө “УБ таймс” сонины хувьчлалыг буцаах талаар 2011 оны 5 сард НӨХКомиссын шийдвэр гаргуулж, Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг Л.Сэргэлэнгийн зарцуулсан гэх бохир мөнгийг олгоогүй байна гэсэн шалтгаар хувьчлалыг буцаалгаж, Д.Чулуунбаатар нарын хувийн өмчийг шууд утгаараа хууль бусаар дээрэмдүүлсэн байдаг. Үүнийгээ нийслэлийн Засаг дарга НИТХ-ын Тэрүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хийсэн гэж тайлбарладаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал энэ тухай асуудлыг нэг сарын дараа буюу 2011 тоны 6 сард хэлэлцсэн байдаг. Өөрөөр хэлбэл НЗДарга, НӨХКомисс нь хууль зөрчиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэр гарахаас нэг сарын өмнө дур мэдэн хууль бус шийдвэр гаргаж, Д.Чулуунбаатар нарын өмчинд хууль бусаар халдсан байдаг.

Хорин гурав, НЗДарга нь ийнхүү “УБ таймс” сонины хувьчлалыг хууль бусаар буцаасныхаа дараа “УБ таймс” сониныг “Таймс” компани болгон хувиргаж хувьчилсан байдаг. Чингэхдээ хувьчлалд шалгарсан гэх компани нь төлөх ёстой мөнгийг хугацаанд нь төлөлгүйгээр хууль зөрчсөн байхад зүтгэсээр байгаад түүний нэр дээр хувьчилсан байдаг. Мөн хувьчлалаар орж ирсэн мөнгийг улсын төсөвт бүхлээр нь тушаах ёстой байтал хууль зөрчиж, 500 сая төгрөгийн 30 хувийг нь буюу 150 сая төгрөгийг буцааж сонины ажлыг дэмжих нэрийдлээр тус сониныг хувьчилж авсан компанид өгсөн байдаг. Мөн “Таймс” компанийн мэдэлд Баянгол дүүрэгт байрладаг барилгыг өгөхдөө ямар үндэслэлээр тийнхүү шийдвэрлэсэн, тэрхүү барилгын доорх газрын газар эзэмших гэрчилгээг УБ хот нь “Таймс” сонины компанийн нэр дээр гаргасан эсэх, барилгын доорх газрын газар эзэмших эрхийн үнэлгээг хийлгэсэн эсэх зэрэг нь туйлын тодорхойгүй байдалтай үлдсэн байдаг.

Хорин дөрөв, хуулийнхан тухайн үеийн УБ хотын удирдлагатай хуйвалдаж, Л.Сэргэлэнгийн “УБ таймс” сонинд хөрөнгө оруулсан нэртэйгээр барилгыг нь нураахад зарцуулсан гэх, эх үүсвэр нь ОХУ-ын банкнаас зээл авсан нэртэйгээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилангийн аргаар авсан бохир мөнгөний нэг хэсэг болох 500 орчим сая төгрөгийн хэмжээний мөнгийг 2011 оны нийслэлийн төсөвт тусаагүй байсан ч хууль зөрчин дур мэдэн Л.Сэргэлэнд олгосон байдаг. Энэ нь мөнгө угаах гэмт үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй.

Хорин тав, Хууль, шүү­хийнхэн “УБ таймс” сонины асуудлыг Н.Энхбаяртай хү­чээр холбохдоо Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани нь Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт нийт 900 орчим сая төгрөгийн зээл олгож, хөрөнгө оруулалт хийсний хариуд “УБ таймс” сонины 49 хувийг эзэмших болсон, мөн Н.Энхбаяр Ерөн­хий­лөгчийн ажлыг өгснийхөө дараа хуулийн дагуу “Эскон” компани байгуулан ажил­луулж, ихээхэн хэмжээний зээл авахын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж, санал солилцсоны үндсэн дээр Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанийг “Эскон” компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх, дараа нь “Эскон” компанийг бүхэлд нь Н.Энхтуяагийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэх ажил хийснийг мушгин гуйвуулан үндэслэж, хууль зөрчин бусадтай бүлэглэн УБ хотод ихээхэн хэмжээний хохирол учруулсан мэтээр гүжирдэж, хүчээр ял тулган оногдуулсан байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ “УБ таймс” сонины хувьчлалын асуудлыг УБ хотын удирдлага, НӨХКомисс хууль, журмын дагуу шийдвэрлэж, харин Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нар дураараа ашилж, тус сонины барилгыг нурааж, өр төлбөрт унагаж, үйл ажиллагааг нь доголдуулж, хүнд хэцүү байдалд оруулж, Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нь УБ хотын удирдлага, НӨХК-оос гаргасан шийдвэр болон шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлж, хүнд хэцүү байдалд орсон сонины тулгамдсан асуудал, өр төлбөрийг үе шаттайгаар шийдэхийн төлөө ажиллаж, чингэхийн тулд “Медиа холдинг” компаниас хуулийн дагуу зээл, хөрөнгө оруулалтын хөрөнгө мөнгө авч байсан нь нэг тусдаа тооцогдох ёстой үйл явц мөн билээ. Энэ бүх ажилд Н.Энхбаяр оролцсон нь нотлогддоггүй бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн тооцоо зэргийн аль ч өнцгөөс нь харахад дандаа “УБ таймс” сонинд хүндхэн үүрэг хариуцлага ноогдож байсан байдаг. Үнэхээр Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж байсан бол нурчихсан байшинтай, өр төлбөрт баригдсан “УБ таймс” сониныг үгүйдээ гэхэд сүүлд УБ хотын удирдлага “Таймс” сонины хувьчлалын асуудлыг хууль зөрчин шийдсэний нэгэн адил хөнгөлөлттэйгээр хувьчлуулах, хувьчлахад төлсөн мөнгөний нэг хэсгийг сонинд тусламж өгч байгаа хэлбэрээр буцааж өгүүлэх, Л.Сэргэлэнгийн мөнгийг “УБ таймс” сониноос салгаж тусад нь УБ хотоор гаргуулан олгуулах зэргээр ажиллах байсан бизээ. Гэтэл огт тэгээгүй буюу өөрөөр хэлбэл Н.Энхбаяр нь “УБ таймс” сонины хувьчлалд оролцоогүй нь, тэр тусмаа “УБ таймс” сонины менежментийн багт элдэв хөнгөлөлт эдлүүлэх, “Медиа холдинг” компанийн нэр дээр үнэгүйгээр хөрөнгө мөнгө шийдүүлэх зэрэг ажил хийгээгүй нь нотлогдсоор байхад түүнийг хүчээр холбогдуулж, хүуль зөрчин ял тулган оногдуулж байгаа нь яахын аргагүй хэлмэгдүүлэлт мөн.

Мөн “Эскон” компанийг байгуулах, түүнийг “Медиа холдинг” компанитай нийлүүлж, гэр бүлийн гишүүд нэг нэгнийхээ нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэх нь огт өөр тусдаа асуудал мөн бөгөөд чингэх нь ямар ч хууль зөрчөөгүй үйлдэл мөн.

Хорин зургаа, “УБ таймс” сонины хувьчлалаас хэн ч хохироогүй, хувьчлалын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан, “УБ таймс” сонины үнэлгээг “Ю Би Пропертис” хэмээх үнэлгээний компани бодит баримт бичиг, мэдээлэлд үндэслэж, УБ хотын нийг­мийн салбарын объектыг хувьч­лахдаа хуулинд нийцүү­лэн баримталдаг зарчимд тулгуурлан бодитойгоор гаргасан, Д.Чулуунбаатар нар үүргээ үе шаттайгаар биелүүлж байсан, өөрсдийнх нь буруугаас биш харин бусдын буруу ажиллагаанаас болж хүнд хэцүү байдалд орсон “УБ таймс” сониныг хүнд хэцүү байдлаас гаргахын төлөө санаачилгатай ажиллаж байсан, “Медиа холдинг” компани Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт нийт 900 орчим сая төгрөгийн хэмжээний зээл олгож, мөн тус сонинд гэрээний дагуу хөрөнгө оруулснаар уг сонины 49 хувийг эзэмших болсон зэрэг нь бүгд хуулийн дагуу хийгдсэн ажил болно.

 

4. “ЭРДЭНЭТ”-ИЙН ГАН БӨМБӨЛӨГИЙН ГЭХ АСУУДАЛ

 

2005 оны 3 сарын 25-ны өдөр “Эрдэнэт” компани нь “Хэнлон” компанитай ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Хоёр тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байснаа ган бөм­бөлөгийн үнийн өөрчлөлтөөс болоод, мөн хоорондын тооцоогоо тухай бүр тулган нийлж байгаагүйгээс шалтгаалж өглөг, авлагын талаар маргалдсан, мөн ган бөмбөлөгийн жингийн зөрүү гарсан, мөн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхэд “Эрдэнэт металл” компани, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниуд нэмж орж ирснээр нэг нэгэндээ өгөх, нэг нэгнээсээ авах мөнгөний талаар маргаан гарсан гэх зэрэг шалтгаанаас болоод “Эрдэнэт” компани болон “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниудын хооронд өр төлбөрийн маргаан үүсчээ.

Ийнхүү хоёр аж ахуйн нэгжийн хооронд үүссэн өр төлбөрийн маргаантай холбоотой асуудлыг хууль, шүүхийнхэн хүчээр Н.Энхбаяртай холбогдуулж, түүнд хууль зөрчин ял оногдуулсан байдаг. Гэтэл бодит байдал дээр дараах нөхцөл байдал тогтоогддог. Үүнд:

Нэг, “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү нь гэрчийн гэх мэдүүлэгтээ 2005 онд тэр үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр өөр рүү нь утсаар ярьж Ж.Мягмар­жар­галын бизнесийг дэмжээд өгөө­рэй гэж хэлсэн гэдэг. Гэтэл тухайн хэрэгт өөрөө холбоотой хүн гэрчээр тооцогдох ёсгүй байдаг бөгөөд түүний гэрчийн гэх мэдүүлэг нь ч нотлох баримт болох ёсгүй байдаг юм.

Хоёр, “Эрдэнэт” үйлдвэр нь “Хэнлон” компанитай 2005 оны 3 сарын 25-нд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Харин тэр үед Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй байдаг. Тэгэхээр Х.Наранхүү нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөр рүү нь утасдсаны дагуу гэрээ байгуулсан гэж хэлсэн нь худал болж байна.

Гурав, Ер нь Н.Энхбаяр нь Х.Наранхүү рүү утасдсан нь нотлогддоггүй. Тэгэхээр Х.Наранхүү нь Н.Энхбаяр утасдсан тухай хэлсэн нь бас худал болж байна.

Дөрөв, “Эрдэнэт” үйлдвэр болон “Хэнлон” компани эх­лээд гэрээний хүлээсэн үүргээ хоёр талаасаа хэвийн бие­лүүлж байснаа дараах шалт­гаа­нуудаас болж маргалдаж эхэлсэн байдаг. Үүнд:

А. Дэлхийн зах зээл дээр ган бөмбөлөгийн үнэ өссөн учир гэрээнд тохирсон үнийг өөрчлөх.

Б. Ган бөмбөлөгийн үнэ өссөн ч үнийн өөрчлөлтийг гэрээнд тусгаж чадаагүйгээс болоод нийлүүлэлт саадахад “Эрдэнэт” үйлдвэр урьдчилгаа мөнгөө шилжүүлэхээ болих.

В. Хоёр тал өр төлбөрийн асуудлыг хоёр талаасаа хамтран сууж, тооцоогоо нийлүүлэх ажлыг дор дор нь хийж шийдээгүй учир хэн нь хэндээ өглөгтэй, хэн нь хэнээсээ авлагатай болсон талаар тохиролцоонд хүрээгүй байх.

Г. “Хэнлон” болон “Грэйт глобал интэрнэйшнл” компаниуд гэрээнийхээ дагуу ган бөмбөлөгийг Наушкид хүлээлгэн өгөх зарчмаар “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан, “Эрдэнэт” үйлдвэр нийлүүлсэн ган бөмбөлөгийг Наушкид хүлээн авах зарчмаар хүлээн авсныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэрт дахин жигнэж, хүлээж авахдаа тохирсон байсан жингээс бууруулсан нь өр төлбөрийг хоёр тал өөр өөрөөр тооцоход хүргэсэн гэж маргалдах.

Д. Олон улсын КэйПиЭмЖи компани аудитын шалгалт хийгээд 2007 оны 12 сарын 31-ний байдлаар “Хэнлон” компани нь ган бөмбөлөг нийлүүлсэний дагуу “Эрдэнэт” үйлдвэрээс 2,8 сая ам.долларын авлагатай гэж тооцсон хэмээн “Хэнлон” компани нотолдог.

Г. “Далай ван” аудитын компани аудитын шалгалт хийгээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниуд ган бөмбөлөг дутуу нийлүүлсэн учраас тэднээс нийт 3,3 сая ам.долларын авлагатай гэж тооцсон хэмээн “Эрдэнэт” үйлдвэр нотолдог.

Д. Аж ахуйн хоёр байгуул­лагын хооронд гарсан өр, ав­лагын тухай маргааныг иргэ­ний журмаар иргэний шүүхээр шийддэг. Гэтэл энэ удаад хуулийнхан асуудлыг зориуд эрүүгийн журмаар эрүүгийн шүүхээр шийдвэрлэх чигийг баримталж, тийм гомдол гаргахыг “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд чиглэл болгосны дагуу Ч.Ганзориг нь дээрх маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэхийг хүссэн гомдол гаргасныг үндэслэн Н.Энхбаярыг хүчээр холбогдуулж, түүний эсрэг зохиомол хэрэг үүсгэж, хууль зөрчин ял тулган оногдуулсан байдаг.

Тав, Хууль шүүхийнхэн Н.Энхбаяр нь “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниуд “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан ган бөмбөлөг нийлүүлэх тухай гэрээгээ удаа дараа дутуу биелүүлсэн, үүнийг нь Н.Энхбаяр мэдэж байсан, тийм учир Х.Наранхүү нарт дээрх компаниудтай дахин гэрээ байгуулахыг удаа дараа чиглэл өгч байсан гэж гүжирддэг. Гэтэл Х.Наранхүүгийн гэрчийн гэх мэдүүлэгт Х.Наранхүү нь Н.Энхбаяртай “Хэнлон” компанийн ган бөмбөлөгийн гэрээний талаар олон дахин ярьж байсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй бөгөөд тэр ч байтугай Х.Наранхүү өөрөө “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниуд нь “Эрдэнэт”-тэй байгуулсан гэрээнүүдийн үүргээ дутуу биелүүлсэн гэх тухай асуудлыг мэдээгүй байсан байдаг. Х.Наранхүү энэ тухай өөрөө мэдээгүй байсан байхад Н.Энхбаяр мэдээд Х.Наранхүүд гэрээ байгуулах тухай удаа дараа чиглэл өгсөн гэдэг нь бас л худал болно гэдэг нь ойлгомжтой.

Зургаа, Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид Х.Наран­хүү нарыг шүүх хуралдаанд оролцуулахыг албан ёсоор хүсэн шаардахад хууль, шүүхийнхэн хүсэлтийг нь хэрэгсээгүй нь бодит үнэнийг олж тогтоох сонирхолгүй байсныг нь нотолдог.

Долоо, Хууль, шүүхийнхэн УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр Х.Наранхүү нарын хэргийг тусгаарласан нь огт үндэслэлгүй бөгөөд ингэсэн нь Үндсэн хуулийн “иргэн шүүх, хуулийн өмнө эрх тэгш” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн ингэснээр хэргийн үнэнийг тогтооход санаатайгаар саад учруулсан байдаг бөгөөд энэ нь ЭБШХ-ийн 125.1-ийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон билээ. Харин ч энэхүү аж ахуйн шинжтэй маргаан нь Н.Энхбаярт огт холбогдолгүйг тогтоох боломж бололцоо гарах байсныг тийнхүү зориуд санаатайгаар хаасан байдаг.

Найм, Тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй, Х.Наранхүүтэй “Хэнлон”, “Грэйт глобал” интэрнэйшнл” компаниудын талаар утсаар яриагүй, “Эрдэнэт” үйлдвэр нь “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниудтай ган бөмбөлөгийн гэрээ байгуулсныг болон эдгээр компани гэрээгээ бүрэн биелүүлсэн эсэх, хэн нь хэнээсээ авлагатай талаар маргаан үүссэнийг огт мэдэж байгаагүй, “Хэнлон”, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниудтай “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх талаар гэрээ дахин дахин байгуулах чиглэлийг Х.Наранхүү нарт удаа дараа битгий хэл нэг ч удаа өгч байгаагүй Н.Энхбаярыг энэхүү асуудалтай өөрөө үйлдвэрийн захирлаар ажиллаж байсны хувьд холбоотой учир гэрчээр тооцогдож болохгүй Х.Наранхүүгийн гэрчийн гэх огт нотлогдоогүй мэдүүлгийг хууль зөрчин нотлох баримтаар тооцож, түүнийг мушгин гуйвуулж, байхгүй санаануудыг дур мэдэн нэмж, түүндээ үндэслэж, Н.Энхбаярт хүчээр ял тулган оногдуулсан нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, ЭБШХууль зэргийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон юм.

Ес, Шүүхээс шүүх хуралдаанд оролцоогүй, хэргийг нь тусгаарласан тул шүүхээр хэлэлцэгдээгүй Х.Наранхүү нарыг эчнээгээр гэм буруутайд тооцож, “Эрдэнэт” үйлдвэрт учирсан гэх хохирлын өөрсдөд нь ноогдох гэх хэмжээг төлүүлэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн 16.14-т заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зүйлийг ноцтой зөрчсөн байна.

Арав, Аж ахуйн хоёр бай­гуул­лагын хооронд үүссэн өр авлагын асуудлыг иргэний журмаар иргэний шүүхээр шийддэг зарчмын дагуу “Эр­дэнэт” үйлдвэр ба “Хэнлон, “Грэйт глобал интэрнэйшнл” компаниудын хоорондын өр, авлагын маргаантай асуудлыг иргэний шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, хэн нь хэндээ өглөгтэй, хэн нь хэнээсээ авлагатайг үндэслэлтэйгээр тогтоож, өр, авлагын дүн, түүнийг барагдуулах арга, хугацааны талаар тогтох нь хамгийн зөв бөгөөд шударга шийдвэр болно.

Эцэст нь тэмдэглэхэд хууль, шүүхийнхэн улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврыг үг дуугүй даган биелүүлэхийн тулд Н.Энхбаяр нарт хүчээр ял тулган оногдуулахдаа Үндсэн хууль, ЭХ, ЭБШХ болон бусад хуулийг зөрчөөд зогсохгүй ЭХ-ийг буруу хэрэглэсэн байдаг.

Тэд ЭХ-ийн 150.3 буюу зөвхөн “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд”-д хамаатай зүйлийг мушгин гуйвуулж, санааны зоргоороо тайлбарлаж, хэзээ ч бусдын “өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байгаагүй Н.Энхбаярыг хүчээр тийм байсан мэт болгож, ЭХ-ийн 150.3-аар ял оногдуулсан нь санаатайгаар хууль буруу хэрэглэсний тодорхой баримт юм.

Мөн ЭХ-ийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтан  албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас” гэсэн, өөрөөр хэлвэл тухайн албан тушаалтан өөрөө өргөн болон явцуу утгаараа хариуцсан асуудлаараа өөрөө ямар нэгэн шийдвэр гаргасны улмаас ямар нэгэн хохирол учирсан бол хариуцлага хүлээлгэдэг зүйлийг Н.Энхбаярын хэзээ ч хариуцаж байгаагүй “Өргөө”, “Улаанбаатар таймс”, “Эр­дэнэт” зэрэг байгууллагатай холбоотой асуудлаар, тэдгээрийн талаар болон тэдгээртэй холбоотойгоор хэзээ ч ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй байсаар байтал, мөн тийм шийдвэр гаргасан нь хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтаар огт нотлогдохгүй байсаар байтал хүчээр хамаатуулан ял тулган оногдуулсан нь бас л хууль буруу хэрэглэсний тодорхой баталгаа мөн.

Энэ нь хууль, шүүхийнхэн улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу Н.Энхбаярыг ямар нэгэн аргаар заавал гэм буруутай болгох гэж улайрахдаа алхам тутамдаа хууль зөрчиж, гэм буруугүй хүмүүсийг хүчээр гэм буруутай болгож, хилсээр хэлмэгдүүлж байгаагийн нотолгоо мөн билээ.

Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа хууль, шүүхийн ажилтнуудыг иргэд хараат байдалд орсон гэж дүгнэхээс өөр аргагүй. Тэд өөрсдийнхөө нэр хүндээс гадна хууль, шүүхийн системийн нэр хүндийг бүхэлд нь унагаж, хуулийг гууль болгож, иргэдийн шударга ёсонд итгэх итгэлийг хөсөрдүүлж, нийгэмд айдас хүйдэс буй болгож байна. Энэ нь ардчилал булшлагдаж, хэлмэгдүүлэлт толгойгоо өн­гийлгөж, дарангуйлал тогтож, туйлын ноцтой байдал буй болж байгаагийн нотолгоо юм.

Шудрага хүн бүр эр зориг гарган энэхүү аюулт үзэгдлийн эсрэг тууштай тэмцэж, хариуцаж буй ажил, байран дээрээ шударга ёсыг эрхэмлэж, луйвар булхайн сонгуулиар гарч ирсэн улс төрчдөд биш, харин хуулинд захирагдах, нийгэмд буй болсон айдас хүйдэсийг арилгах, ардчилалыг сэргээх, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох их үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна.

Ийм балмад ажиллагааг шүүгчид дангаараа явуулж байна гэж дүгнэвэл дэндүү гэнэн хэрэг болно. Харин тэдэнд ийм байдлаар хууль зөрчин ажиллах үүрэг даалгаврыг хэн нэгэн, эсхүл хэд хэдэн албан тушаал өгч байгаа нь тодорхой. Харин хэн бэ, эсхүл хэн хэн бэ? гэдгийг илчлэн гаргаж ирэх цаг болжээ.

Н.Энхбаярын “Таван толгой”-г нийт ард түмэндээ дундын өмч болгон өгөх ёстой, Оюу толгойн төслийн Монголд ашиггүй гэрээг өөрчлөх ёстой, хээл хахуулийг албан тушаалтнууд дундаас хайн олж, хариуцлага тооцох ёстой, шударга ёсыг тогтоох ёстой гэсэн байр сууринаас айсан, уул уурхайн салбарт орж ирж байгаа ихээхэн хэмжээний мөнгийг өөрсдөө янз бүрийн аргаар халаасандаа хийж байгаа, тэр утгаараа гадаад, дотоодын олигархуудын гар, хөл болсон, Н.Энхбаяр нь 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ард түмэн түүнийг дэмжинэ хэмээн айсан албан тушаалтан, эсхүл албан тушаалтнууд ийнхүү дээрээс нь даалгавар чиглэл өгсний дагуу хараат шүүгчид хууль зөрчин ажиллаж, гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж байна гэж олон түмэн үзэж байгаа нь нууц бишээ. Ганц­хан түүнийг ч биш, бодитой шийдвэр гаргаж байгаа дүр эсгэхийн тулд бусад гэм зэм­гүй бусад хүнийг хоморголон хэлмэгдүүлж байна. Гэхдээ “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг.

Шударга ёсыг бат бэх тогтоох тэмцэлд ганц хүн ч ганцдахгүй, нэг үйл хэрэг ч цөөдөхгүй. Шударга ёсыг эрхэмлэгч хүн өөрийгөө, өөрийнхөө үйл хэргийг голж, дутуу үнэлж болохгүй. Үнэн хэзээд ялна.