Т.САЙХАН
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Усны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төслийг өнгөрсөн есдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлжээ. Гол өөрчлөлт нь хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж өөрчлөх, мөн гуравдугаар зүйлийн “байгууллага” гэсний өмнө “төв” гэж нэмэх тухай асуудал байв. Мөн “улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах” гэсэн заалт нэмэх, усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох гэж өөрчлөн найруулахаар оруулж ирлээ. Байнгын хорооны гишүүд хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн дэмжлээ.
Үүний дараа “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. Мөн Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг томилсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.15 ЛХАГВА № 9 (6234)